Говь-Алтайнхан зочид буудалд улстөржиж зодоон хийснээс нэг нь хүнд гэмтжээ

-АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Ш.ЭРДЭНЭБАТ СУМЫНХАА УДИРДЛАГУУДАД МАН-ЫН СУРТАЛЧИЛГААГ ХИЙЖ ДАЙЛСНААС АСУУДАЛ ҮҮСЧЭЭ-

“Хоршоологчдыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалтад аймаг, сумдын Засаг дарга нар оролцсон. Тус уулзалтад ирсэн Говь-Алтай аймгийн сумдын Засаг дарга нар “Цэцэг” зочид буудалд байрлаж байгаад хоорондоо муудалцаж, Тонхил сумын Засаг дарга хүнд гэмтжээ. Маргаан болж байх үед “Цэцэг” зочид буудалд байрлаж байсан иргэнээс болсон явдлын талаар тодрууллаа.

-Говь-Алтай аймгийн сумдын Засаг дарга нар юунаас болж маргасан юм бэ?

-”Хоршоологчдыг хөгжүүлэх нь” уулзалтад ирсэн сумын удирдлагууд “Цэцэг” зочид буудалд байрлацгааж байсан юм. Гэтэл өнгөрсөн баасан гаригт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Эрдэнэбат намынхаа сонгуулийн сурталчилгааг хийх гэж ирснээс асуудал үүссэн.

-Сонгуулийн сурталчилгаа хийснийг нь та яаж мэдэж байгаа юм бэ?

-Амарч байсан хүмүүс дээр архи авчирч МАН-ыг дэмжээрэй гэх зэргээр дайлж эхэлсэн юм. Улмаар тэнд байсан хүмүүс нам, намаараа ялгарч маргалдаж зодоон цохиондоо тулсан. Ш.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгаа хийх гэж иргэдийг хооронд нь маргалдуулж байгаад дургүйцсэн Тонхил сумын Засаг дарга Н.Цэдэнбал гарах гэж байтал нэг нь шатнаас түлхсэн юм уу даа, унаж хүнд гэмтсэн.

-Тонхил сумын Засаг даргын юу нь гэмтсэн юм бол. Хэн түлхсэнийг мэдэж байна уу?

-Гурван хавирга нь хугарсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа. Бие нь нэлээд хүнд байгаа гэсэн. Ерөөсөө л Ш.Эрдэнэбат сонгуулийнхаа ажлыг хийх гэж тэнд байсан хүмүүсийг муудалцуулснаас болж эмх замбараагүй байдал үүссэн хэрэг.

-Ш.Эрдэнэбат, Н.Цэдэнбал нар хэд орчим насны хүмүүс вэ?

-Хоёулаа нас намба суусан хүмүүс. Ш.Эрдэнэбат 52 настай., Харин Н.Цэдэнбал 57 орчим настай. Ш.Эрдэнэбат харанхуй шөнөөр ирж сонгуулийн сурталчилгаа хийж, хүмүүсийг архидуулж, маргаан, цохиондоо тулаад байхаар Н.Цэдэнбал дургүйцсэн юм билээ. Угаасаа манай аймгийнхан Ш.Эрдэнэбат даргын гаргасан авирт маш их дургүйцэж байгаа.

-Танай аймгийнхан бие нь хүнд байгаа хүнээ эргэж тойрч байгаа юу?

-Эргэж байгаа. Харин Ш.Эрдэнэбат хамаг будлианыг эхлүүлчихээд нутаг руугаа буцчихсан.

Ц.ӨРНӨХ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих