Цагдаа иргэдээ баян ядуугаар нь ялгаварлан, ядуусыг нь зоргоороо дээрэлхдэг тод жишээ энэ бичлэг боллоо

Гуравдугаар сарын 28-ны өдрийн 15.28 цагт “Нарантуул”-ын урд зам дээр нэгэн замын цагдааг улсын харцага цолтой бөх Г.Намсрайжав машинаасаа гарч ирэн барьж авч буй видео бичлэгийг Замын цагдаагийн ерөнхий газраас сайтуудад өргөн дэлгэрээр тараалаа. Бичлэгийн доорх комментууд нь тэр бөхийг амаараа алж, цагдааг маш ихээр хайрлажээ. Монголчуудын сэтгэхүй ялагдаж яваагийнх нь талд ордог болохоор цагдааг маш ихээр өрөвдсөн байна. Долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор шүүгдэж байгаа генерал хурандаа нараа хамгаалж, шүүхийн     ажлыг саатуулж, өөрсдийн муу муухайгаа дэлгэсэн Монголын цагдааг зүхэж байсан Монголын ард түмэн анх удаа цагдаад эерэгээр хандаж эхлэв. Монголын цагдаа сайн пиар хийлээ. Ямар ч баримт, ялангуяа хэрэг   явдал   болсон    газрын бичлэгийг өгдөггүй цагдаагийнхан энэ өдрөөс эхлэн саяын бичлэгийг тараасан шигээ ард түмэнд хэрэгтэй баримтуудыг хууль номынх нь дагуу нийгэмд хүргэж байгаарай. Болдог л юм байна шүү дээ. Ер нь бол иймэрхүү бичлэг, гэрэл      зургууд цагдаагийн байгууллагад өдөр бүхэн орж ирж л байдаг. Хав л дардаг. Харин энэ удаад бодлогоор тарааснаараа шоронд суугаа хэдэн хурандаадаа өнөөдөр  ажлаа  хийж  байгаа хурандаа нар нь их нэмэр боллоо. Интернэтэд  буй бичлэгт цагдаатай зууралдаж буй бүдүүн хүн бол улсын      харцага Г.Намсрайжав мөн бололтой.

Тэднийг салгах гээд дундуур нь орж байгаа улаан куртиктай залуу бол түүний хүү, өнөөдөр сайн барилдаж буй, жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, аймгийн заан Н.Батсуурь юм байна. Бас нэг залуухан бүсгүй харцагыг хашиж хорих гэж оролдож байгаа нь бэр нь юм шиг байна. Дүрэм зөрчсөн гэж үзсэн цагдаа тэднийг зогсоожээ. Машины арын суудалд явсан харцага бууж очин хэдэн үг солив.

Өнөөдөр авсан мэдээллээр бол Г.Намсрайжав “Та намайг хямдхан машинтай яваа болохоор зогсоож байна уу, миний өмнө явсан жип машин ч дүрэм зөрчсөн шүү дээ. Та нар “Ланд 200″ машин зогсоож үзсэн үү, зогсоодоггүй шүү дээ, ядарсан ард түмнээ битгий ингэж алагчилж үзээч” гэж хэлээд хавсарч унагаах гэж оролджээ. Залгуулаад “Ард түмнээ алагчилж үздэг та нарыг яасан ч яадаг юм” гээд цагдаагийн зүүн шанаа руу нь цохисон байна. Харцагын хүү цагдаагийн  малгайг   авахаар тонгойх зуурт харцага цагдаагийн нүүр рүү нь цохив, залгуулаад хашлага  давуулж  шидэх  гэж оролдсоныг  интернэтээр  бид хангалттай хэдэн өдөр харж байна.

Хамгийн сонин нь хэдий хуулиар олгогдсон  эрхтэй  цагдаагийн ажилтан ч гэлээ илэрхий өөрөөс нь илүү тарын бүлтэй, хэн ч харсан бөх гэх хүний өөдөес “Намайг зодоодох” гэж байгаа юм шиг очиж цохиулаад байгаа нь хачирхалтай.

Тэр цагдаа бичлэг хийгдэж байгааг мэдэж байна лээ л дээ. Г.Намсрайжавыг машиндаа суух гэхэд нь л өдөж очоод цохиулаад байна лээ. Энэ асуудал бол жижигхэн гудамжны маргаан биш юм. “Цагдаа санаа” гэсэн хэллэг байна. Долдугаар сарын 1-нээр хүмүүсийг буудаж хороосон, энэ хэрэгтээ удирдлагууд нь шоронд хоригдож байгаа, сүүлдээ ажил хаях юм ярьж онигоотсон гээд нэр хүнд нь навсайтал унаж хурандаагийн засаглалтай улс орон болох шахсаныг ард түмэн нийтээрээ мэдэж, бухимдаж буй энэ цаг үед “Цагдаа санаа”-гаа гаргаж ийм “юм” хийж байгааг нь ард түмэн анзаарахгүй байх шиг. “Цагдаа санаа” гэж энэ. Иргэн хүн болохоор үхэх гэж байсан ч хамаагүй шорон руу ачиж байдаг, цагдаагийн хурандаа нар болохоор эмнэлэгт хэвтэж байдагт үнэхээр их бухимдаж аргаа барсан ард түмний зарим нь болох гартай бүлтэй нэг нь гарч очоод цагдааг цохиж байна. Ер нь яагаад жирийн ард цагдааг очоод цохиод авахдаа тултал эдний нэр хүнд унаад байна вэ гэж та бодож үзэв үү. Ерөөсөө л улаан нүдэн дээр ард түмэнд ялгавартай хандаад байхлаар хүмүүсийн зэвүү хүрдэг юм байгаа биз дээ. Хаашаа л харна цагдаад танилтай хүн энэ Монголд эзэн юм шиг явж байна шүү дээ. Танилтай хүн ингэж байгаа юм чинь цагдаа нь өөрөө энэ жижиг орны бүрэн эрхт эзэн нь байгаа байхгүй юу. Энэ зодогчийн хэлсэн үгийг та эргээд бод доо. “Ланд 200-тай хүнийг зогсоож үзсэн үү та нар” гэж. Өнгө мөнгө, алдар нэр, албан тушаалаар илэрхий ялгавартай хандаад байхлаар ард түмэн дургүй байхгүй тэгээд өөр яах юм бэ. Энгийн иргэнийг бол адгуус мал мэт доромжилдог, албан тушаалтныг бол яаж ч байсан хараагүй юм шиг өнгөрдөг энэ үйл явдал манай цагдаад хэрээс хэтрээд удсаныг энэ бичлэг харуулж байна. Хамгийн энгийн жишээг та бод доо. Хоёр “дурак” хоорондоо шүргэлцчихээд хамаг зам бөглөж орхиод хоёр тийшээ хараад утасдаад унадаг шүү дээ. Танил цагдаадаа хэлж байгаа нь тэр. Нөгөө танил цагдаа нь юу ч байсан аргалдаг болоод л тэр. Энд хууль журам ямар ч хамаагүй. Ердөө л танил цагдаатай байх хэрэгтэй. Хүн юунд хамгийн их дургүй хүрдэг вэ. Шударга бус зүйлд дургүй нь хүрдэг юм. Ялангуяа социализмаар хүмүүжсэн манай Ммонголын иргэд шударга бус зүйл нүдэн дээр нь болоод байхад тэсч чаддаггүй муу зантай болж хүмүүжсэн байдаг. Хууль баримтлах, хуулийг дагахыг иргэдэд шаардах ёстой цагдаа нар илэрхий хуулиа уландаа гишгээд байхаар цагдаагийн нэр хүнд шороон дээр унаад удлаа. Бид ийм л бусармаг нэгэн том давхаргыг татварын мөнгөөрөө угжин бий болгож байна.

Ер нь долдугаар сарын 1-нтэй холбоотой асуудлаар шүүгдэж буй генерал, хурандаа нарын асуудал шийдэгдтэл Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газар, өөр бүтцэд нь байдаг ямар байгууллагууд байдаг билээ. Тэдний зүгээс иймэрхүү нийгмийн сэтгэл зүйгээс цагдаад эерэг хандлага авчрах пиарыг нэлээн хийх байх. Интернэтэд харцага цагдаа хоёрын хэрэг явдлын бичлэгийн сэтгэгдлүүдийн 99 хувь нь цагдааг өмөөрсөн, өмгөөлсөн байгаа. Одоо Замын цагдаагийн газрын пиарчдын дараагийн алхам, энэхүү бичлэгийг залгуулан хийх пиар нь сайн байгаасай. Залгаасыг нь сайн хийж чадвал замын цагдаад хайртай хүн надаас эхлэн нэмэгдэнэ. Та бүхэн барьцаа бүр чангаруулж пиараа эцэст нь хүргэж чадвал “Намайг хамгаалдаг цагдааг яана гэнэ ээ, та нар” гээд ард түмэн нийтээрээ босч “Ганц худаг”-ийн гадаа жагсаж өнөөдөр хоригдож буй генерал, хурандаа нарыг суллахыг шаардаж мэднэ.

Ингэхэд ер нь Цагдаа, хүчний байгууллагууд нь дэргэдээ пиарын багтай байдаг өөр улс орон байдаг юм болов уу. Монголын Цагдаагийн ерөнхий газар нь ийм сайн пиарын багтай байгаа юм чинь манай улсын бусад хүчний байгууллагынхан, Тагнуул, Онцгой, Цэрэг армийнхан бүгдээрээ ийм пиарын хэлтэстэй байдаг байх даа. Тэд ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдчихээд ийм байдлаар пиар хийж ард түмний тархийг угаагаад байвал одоо яана аа.


URL:

Сэтгэгдэл бичих