Улстөрчид дотроо эрүүгийнх, эрүүгийнхний дотроо улстөрч
Хэтрэнэ хэтрэнэ гэхэд арай л дэндэж байна. Энэ долоо хоногт Х.Баттулгын гарын үсэг зурсан хоёрдахь нууц гэрээ илэрлээ. Хятадын төмөр замын компанитай 2009 оны 4 дүгээр сард гарын үсэг зурсан байх юм. Гэрээнд юу гэсэн байгаа гэхээр Таван толгой-Сайшандын төмөр замыг барих эрхийг энэ компанид өгчээ. Хятадын төмөр замын компани нь ТЭЗҮ-г хийж, төмөр зам барих мөнгийг нь гаргах юм байна. Үүний төлөө Х.Баттулга Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс Таван толгойн ордыг ашиглах олборлох онцгой эрхийг энэ комданид өгчээ. Ерөөсөө л хоёр хуудас цаасаар монголчууд нийтээрээ хэдэн жил яриад байгаа асуудлыг Х.Баттулга 2009 оны 4 сард нэг гарын үсэг зураад шийдсэн байна.
УИХ-аар Таван толгойн асуудлыг 2010 онд хавар хэлэлцэж шийдсэн. Тэр тогтоолд Таван толгойн нэг хэсгийг нь Эрдэнэс таван толгой төрийн өмчийн аж ахуйн нэгж өөрөө олборлож өөрөө ашиглах үүрэг өгсөн. Үүний хажуугаар гадны хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж урьдчилгаа төлбөр ав, транзит тээврээ шийд, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүдээ Монголд бариулж байж Таван толгойд оруул. Гэхдээ яаж шийдэх болсноо эргээд УИХ-д танилцуул гэдэг үүргийг бас давхар өгсөн. Эхлээд хэлэлцээ яаж хийх зарчимыг нь шийдээд дараа гэрээний заалтаа нэг бүрчлэн хэлэлцэж гэрээ байгуулах эрхийг өгөх байсан. Одоо ч гэсэн гадны хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ яаж явааг Их хурал ч, ард иргэд ч хүлээгээд сууж байгаа.
Гэтэл Таван толгойн асуудлыг яахараа Засгийн газрын нэг гишүүн ганцаараа толгой мэдэж шийддэг билээ? Өмнө зурсан гэрээгээ Х.Баттулга эхлээд огт тийм юм байхгүй гэж байснаа яах аргагүй гэрээ нь гараад ирэхээр хачин зөв юм байгуулсан гэж гүрийсэн. Одоо юу гэж гүрийх бол?
Өөрийгөө зөвтгөж болно. Гэхдээ юманд хэмжээ хязгаар гэж бас бий. Таван толгойн асуудлыг дангаараа шийдэх гээд их оролдож, солонгосчуудтай нэг гэрээнд зурж, одоо хятадуудтай зурсан бас нэг гэрээ гарч ирлээ. Төрийн компаниудтай зурж, хувийнхантай ч зурж үзсэн байна. Өөр ямарч гэрээ гарч ирэх юм бол? Ер нь Х.Баттулга гэж энэ хүн ямар зорилготойгоор яагаад Таван толгойн асуудлаар ингэж ихээр улайрч заавал нэг хуруугаа дүрэх гээд байгаа нь ойлгомжтой. Бодвол бас нэг өөртэй нь хамаагүй нэг зөвлөх нь цаагуураа бас л нэг хувь авах, төлбөр авах гэрээ хийсэн байхыг үгүйсгэхгүй. 100 мянган орон сууцны хөтөлбөрийг хийхэд нэг зөвлөх, төмөр замыг шийдэхэд нөгөө зөвлөх нь мөнгө авсан гэдгийг өөрөө юу ч болоогүй юм шиг хүлээн зөвшөөрсөн. Би аваагүй ээ, эд нар авсан гээд. Харин ч бараг л мөнгө авсан нь зөв ш дээ, яам нь ажлаа хийхгүй байгаа юм чинь гэх маягийн юм яриад бүх телевизээр гарлаа. Өмнө нь спирт зөөсөн хэрэгт яг л бас “би хийгээгүй, дүү хийсэн” гэсээр хэн ял авсныг нь хүмүүс санаж л байгаа. Одоо болохоор “намайг шүүх цагдаад өгөөчдээ” гээд өөрөө даналзаад байгаа, дахиад л өмнөөс нэг хүн, энэ удаа хэдэн зөвлөхүүд нь юм дуулаад өнгөрөх нь л дээ.
Энэ удаа асуудал бас хүндэрч байгаа нэг шалтгаантай. Оросуудтай ил далдаар уулзаж явсаар байгаад тэднийгээ Таван толгойн төмөр зам бариулахад оролцуулна гэж Х.Баттулга ам өгөөд харин оронд нь Таван толгойн олборлолтод оролцуулна гэж тохирсон гэж Ц.Нямдорж сайд яриад байгаа. Шууд тэгэж тохироогүй ч нэг тийм ойлголт оросууддаа өгсөн байх гэж улстөрийнхэн гадарлаад байгаа.
Тэгээд бодохоор УИХ, Засгийн газраа хуурахаас гадна хойд хөршүүдийгээ бас л чулуу хөөлөгсөн бололтой. Нэг гараараа оросуудыгаа уриад нөгөө гараараа хятадуудтай гэрээнд зурж байсан байна. Тийм байдал аль дээр ажиглагдаад байсан. Хятадын Төмөр замын орлогч сайд Монголд ирэхэд нь орлогч сайд Гансүх нь бас нэг санамж бичигт гарын үсэг зурж, Таван толгой-Сайшанд, Таван толгой-Ухаа худаг төмөр замыг бас хятадуудтай хамт барина гэсэн санамж бичигт зарсан байсныг Засгийн газар нь олж мэдээд тэр дор нь болиулж байсан. Тэр үеэр зурж байсан баримтыг нэг хэсэг нь Хятадын төмөр замтай зурсан энэ санамж бичиг байхыг үгүйсгэхгүй. Мэдээж хэрэг төрийн ажилд угаасаа нууц юм гэж байхгүй болохоор ийм санамж бичгүүд нь зүгээр л цаас болж үлдсэн нь ойлгомжтой.
Хятад, Оростой харилцааг гацааж эвгүй байдалд оруулаад байгаа гэж Ц.Нямдорж хэлээд байсан нь ийм учиртай юм байна. Аль алийг нь бид хуурчээ. Хоёр хөрш маань Х.Баттулга энэ гэрээнүүд, санамж бичгүүдийг дураараа гүйж очиод зурсан гэж бодохгүй. Төрийн хүн засгаа төлөөлж хийсэн албан ёсны гэрээ гэж хүлээж авна. Тэгэх нь ч зөв. Одоо харин энэ байдлаас Дашдорж сайд ямар ухаан гаргаж эвтэйхэн зохицуулах нь чухал. Оросууд ч тэр, хятадууд ч тэр аль алийг нь оруулахаас өөр аргагүй. Зурсан
Ер нь хараад байхад Х.Баттулга хулгайчийн аргаар ажиллаад байгаа нь харагдаж байна. Засгаасаа нуугаад гэрээ байгуулна, байгуулсныхаа дараа байгуулаагүй гэж бултана, гэрээ нь гараад ирэхээр тэрийгээ гавъяа хийсэн мэтээр тайлбарлана, яг хариуцлага хүлээх болохоор мөнгийг би аваагүй нэг зөвлөх авсан гэж зайлана. Ардчилсан нам дотроо тэрнийг дарж чадах хүн бараг үгүй болсон бололтой. Эрүүгийн аргаар бусдыгаа дарамталж, худалдаж авахдаа авч, цэвэр бохир бүх аргаар тэр нам дотроо байраа бэхжүүлсэн байна. Харин эрүүгийн далд ертөнцийг ч бас хэрхэн ажиллуулж чаддаг нь 2008 оны 7 сарын 1-ний өдөр харагдсан. Энэ л хүн эрүүгийнхнийг зохион байгуулж, ардаас удирдаж байсан гэдгийг дараа нь нэг бус хүн ярьж байсан, сонингоор бичиж байсан. Тэр Буянгийн Жагаа, Батзандан, Магнай нар бол зүгээр л нэг ил гарсан царай нь болж, хурууны үзүүрийн тоглоом болж дууссан. Элбэгдорж ч ер нь тийм л үүрэг гүйцэтгэсэн. Харин Х.Баттулга бол ард нь цэв цэвэрхэн үлдэж уснаас хуурай гарсан. Яг л эрүүгийнхний арга шүү дээ, бусдыг явуулж хүн зодуулаад өрөө ард нь үлддэг. Энэ хүн улстөрчид дотроо эрүүгийнх, эрүүгийнх дотроо улстөрч болж тодорчээ.
URL: