Үгэн доторх үг…
Монголчуудын ерөөл хэлэх учир шалтаг, төрөл зүйл үнэхээр баялаг. Хараалын үгийг ч донж маягийг нь олж, тухайн нөхцөл байдалд тохируулан тойруу битүү утгаар хэлэлцэж иржээ. Тэр болгон ярьдаггүй, амьдралд хэрэглэгддэггүй ч өнөө үеийнхэн бид өвөг дээдсийнхээ хэл ярианы өв соёлоос өчүүхнийг ч болов мэдэж байх нь зүйтгэй санагдана. Ядаж л хараал ерөөлийг хооронд нь ялгаж салган, ямар үед хэрэглэх хэрэглэхгүйг мэдэж авах нь уншигч танд илүүдэхгүй учир далд утгатай хараалын үгсээс түүвэрлэв. Тухайлбал орчин үеийнхэнд:
“Нар сарыг гэртээ мандуулж Навч цэцгийг хотондоо ургуул ” хэмээвэл учрыг нь олж, ухаж тунгаалгүй хэлбэр талаас нь сонсоод тоолгүй толгой дохиод өнгөрч болох юм. Зарим нь бүр мундаг хүн болох гэж “Тэр ерөөл бат оршиг ээ” хэмээн хариулахвий. Гэтэл энэ нь нэлээд хахир хатуу хараал аж.
“Нар сарыг гэртээ мандуул” гэдэг нь үгээгүй хоосорч ядууран, үйлээ үзэж, үсээ үгтээн, нар cap нэвт гэрэлтсэн навсархай хар овоохойд насыг бар гэсэн үг гэнэ. “Навч цэцгийг хотондоо ургуул” гэдэг нь хонь малаа барж, хоосорч үгүйрэн, хогийн ургамлаар хот нь дүүр гэсэн утгатай юм байна.
Түүнчлэн:
“Явган нүүж
Нүцгэн жаргаарай” гэвэл байдгаа баран, хөл нүцгэн таваргаж, мөр нүцгэн жиндэхийг хэлж буй аж.
Тэр ч бүү хэл:
“Мөнхийн хутгийг амьддаа олж Мөргөлийн дээдийг буяндаа үлдээг” гэдгийг нэлээд дургүй хүргэсэн хүндээ өширхөж хэлдэг байжээ. Амьддаа мөнх наслах хутаг олсон хүн жам ёсоороо хорвоогоос хальж чадахгүй, үр хүүхэд, ач гучдаа адлагдах, зөнөглөж жилцэхийн ёр гэж үздэг байна. “Мөргөлийн дээдийг буяндаа үлдээг” гэхээр духаа цоортол мөргөвч ач гавьяа нь амьдралд нь биш хойд насанд нь буян болж үлдэг гэсэн далд санааг илэрхийлжээ.
Дээхнэ үед бурхан болоочдыг ил тавьдаг байсантай холбоотойгоор дургүйг нь хүргэсэн нэгнийг:
“Торгонд боолгож Тосоор гоож” хэмээн өнгөц харахад ерөөгөөд байгаа мэт боловч цаад утгаараа “үхээсэй” гэж хараадаг байж. Мөн
“Монголоо алдаж Модоо баримар” хэмээхийн шилжсэн утга нь ёс заншлаа гээж, үгүйрч хоосрохыг хэлдэг аж.
“Эрүүгээ авч Нуруугаа маажмар Элгээ aвч Сэмжээрээ ороомоор”
Арай орчин үеийн зүс хувиргасан мэдүүштэй үгнээс дурдвал:
“Дөрөө нь дээшээ Дөрвөлжин нь доошоо” гэсэн битүү утгатай ерөөд ч юм шиг хараал байна. Учрыг ухаж үзвээс унаатай хүн уурлахаар аж. Дөрвөн дугуй нь дээшээ харж, дөрвөлжин кабин нь доошоо харах буюу бүтэн эргэж онхолдож унахыг хараасан байна.
“Уудагтаа ус хийж Унадагтаа чулуу тохмор” гэсэн тойруу утгатай хараалын үгийг ч бас дурдмаар санагдлаа. Цай, цагаа, сархад уудаг аягандаа vc vvx нь мөн л үгүйрч ядуурахын шинж. Харин эмээл тохом тохохын оронд чулуу нидрэх нь буянт малаа шүтэж амьдардаг монголчуудад тэвчишгүй хараал болох юм.
“Үс чинь үргэлж хар Шүд чинь дандаа цагаан Нуруу чинь байнга тэнэгэр байг” гэдгийг өнгөц сонсоод “Баярлалаа” гээд өнгөрмөөр байгаа биз. Гэтэл үнэндээ “нас залуу, цус шингэн, зүс идэр үедээ хорвоог орхи” гэсэн утгатай хараал гэнэ.
Энэ мэт хэнд ч хэрэггүй юм шиг боловч анзаараад үзвэл анхаарал татах үгс бишгүй л байдаг бололтой. Ер нь үг гээч нь хамар доорхи хагархайнаас хамаагүй урсдаг эд биш, утга агуулга, нөхцөл байдлыг өөртөө шингээдэг харилцааны хамгийн чухал хэрэглүүр гэдгийг хэн бүхэн мэддэг боловч өдөр тутмын амьдралдаа тэр бүр ойшоож үздэггүй. “Ам алдвал барьж болдоггүй” ч гэдэг.
Одоогийн бидэн шиг орос, англи үг хольж чамирхан, хараалын утгыг ч, ерөөлийн бэлгэдлийг ч үл хайхарч явдаг улс үгэн дотор үг багтдагийг үргэлж санаж явууштай.
Эх сурвалж: “Дорнод” сонин
URL: