АН партизануудаа жагсааж, МАН мөнгөний машинуудаа тойрогт илгээнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Сонгуулийн хуулийг дахин хэлэлцэх ёстойг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар тодруулж өгөв. Хоёрхон сарын дараа болох УИХ-ын сонгуулийг явуулах шинэ хуулийн зарим заалтын тухай, жижиг намуудын төлөөлөгчдийн гаргасан гомдлыг ундэслэлтэй хэмээн Цэц үзжээ.

Мажоритараар явуулах 48 тойрогт ялалт байгуулаагуй боловч пропорционалиар буюу намын нэрээр жагсах 28 мандат уруу шилжиж УИХ-д сонгогдох боломж нь юуны өмнө жижиг намууд болон цөөн мандаттай жижиг тойргуудад ашигтай байсан боловч ийнхүү тэдний гомдлоор хэрэгсэхгүй болгож орхив. Эрх баригч намууд удахгүй эхлэх хаврын чуулганаар Цэц дээр унасан энэ зүйл заалтаа засаад сонгуулийн шинэ хуулиараа ээлжит сонгуульдаа явж орох сонирхолтой байгаа гэнэ. Учир нь 2008 оны хуучин хуулиар явах юм бол дахиад л сонгуулийн луйвар, ахиад л долдугаар сарын 1 давтагдах магадлалтай учир дээрх намууд ингэж шийджээ.

Тиймээс 28 мандатын жагсаалтад хэний нэрийг  зоох, хэн гэдэг нэр дэвшигчдээ тойрог руу илгээх талаар бодож эхэлсэн. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол намууд Үндсэн хуулийн Цэцээс ямар дүгнэлт гарахыг таамаглаж байсан гэлтэй пропорциональ 28-д ямар хүмүүсээ зоох талаар удирдлагууд нь тооцоо хийж, гишүүдээ дуудаж санал авч эхэлсэн байжээ.

Парламентын сонгуулийн хуулинд пропорциональ систем орсон нь улс төрийн намууд сонгуулийн менежментээ шинээр боловсруулахаас өөр аргагуй болж байгаа. Тиймээс тэд энэ өвөл, хаврын турш төрөл бүрийн судалгаануудыг хийж нэгд намынхаа рейтинг, хоёрт тухайн тойрогт намаас ямар нэр дэвшигч тавибал илүү ялах магадлалтай байх талаар танджээ.

АН-ын хувьд бүхий л судалгаагаар нийт улс орны хэмжээнд нэр хүндийн рейтингээрээ намуудыг тэргүүлж байгаа. Ойролцоогоор 28 хувийн дэмжлэгтэй байгаа тул тэд намын нэр хүнд, сонгогчдын итгэл өндөр байгааг ашиглан пропорциональ 28 дээрээ хамгийн нэр хүндтэй гишүүдээ байрлуулж сонгуульд орвол ялах магадлал өндөр гэж үзжээ. Ингээд гишүүдээ байрлуулж үзэхэд намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар албан тушаалаараа автоматаар эхний хоёрт жагсаж араас нь Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, З.Энхболд, Х.Баттулга, Х.Тэмүүжин, Л.Гүндалай нарын гишүүдийг бичжээ. Мөн сонгогчдын сайн танил гэх утгаар нь Да.Ганболд, нийслэлийн намын дарга болохоор нь Ш.Түвдэндорж нар жагсаалтын эхний аравт орж байгаа юм байна. Эдгээр нэр дэвшигчдийн хувьд өөрийн нэр хүнд, сонгогчдод таалагддаг давуу талаа ашиглан улс орны хэмжээнд намынхаа сурталчилгааг хийж явуулах бөгөөд аль ч намыг дэмжихгүй байгаа хөвөгч сонгогчдыг өөртөө татаж чадна хэмээн тооцжээ.

Харин МАН-ын хувьд өөрийнх нь судалгааны байгууллага болон хөндлөнгийн судалгааны байгууллагууд рейтингээрээ хоёрт явж байгааг нотлоод байгаа. Тэд ч далдуураа үүнийг хүлээн зөвшөөрч буй учир намын нэр хүндээр биш тухайн тойрогт ялах магадлалтай гэж үзэж байгаа хүчтэй нэр дэвшигчдэдээ илүү анхаарал хандуулах аж. Өөрөөр хэлбэл хувийн тоглолт хийвэл илүү ашигтай гэж тэд үзэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр хамаг л сайн гэх лидерүүдээ тойрог уруугаа илгээхээр дуудаж уулзаж байгаа гэх бөгөөд бүр ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хүртэл Сүхбаатар аймгаас нэр дэвшихээр РR-аа эхлүүлсэн боловч нам эзэнгүй болно гэсэн шалтгаанаар үлдэж Ч.Улааныгаа илгээх болсон байна.

Ер нь МАН-ын хамгийн өндөр санал авдаг Төв, Увс, Хэнтий, Говь-Алтай, Баян-Өлгий, Сүхбаатар зэрэг аймгууд дахь мандатын тоо багассан тул одоогийн байгаа гишүүдийн дотор нэг нэгнийгээ тойргоосоо жийх гэсэн дотоод дайн явагдаж буй. Ийм нөхцөлд намын удирдлага нь зохицуулж чадахгүйд хүрч зарим нь МАХН руу зугтахад бэлэн болсон гэх. Ямартай ч Ерөнхий сайд Сү.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, шадар сайд М.Энхболд, сайд Д.Зоригт, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр, дэд сайд “Хас”-ын Ч.Ганхуяг, “МАК”-ын Н.Номтойбаяр, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, С.Бямбацогт, Х.Бадамсүрэн, О.Содбилэг зэрэг “Мөнгөний машин”-уудаа тойргууд руу илгээх ажээ. Харин пропорционал 28 дээрээ “хөгшчүүл” болох С.Баяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, О.Чулуунбат нарыгаа үлдээж Ардчилсан намынхантай хийх их тэмцэлд явуулахаар тооцсон гэнэ.

Эцэст нь жижиг намуудын нэгдэл болох МАХН, МҮАН-аар толгойлуулсан эвслийн барьж буй стратеги нь хүн ам ихтэй Улаанбаатар, Эрдэнэт, Дархан зэрэг төв суурингууд дээр намын нэрээр өндөр санал авч 28 мандатаас авах, Н.Энхбаяр, М.Энхсайхан гэх хоёр лидерээ сул тойрогт тавьж ялуулаад үлдсэн тойргуудаа нөгөө хоёр намтай “тохирч” санхүүжилт авахыг сонирхож байгаа мэдээлэл байна. Ирэх сонгуулиар пропорциональ элемент орох болсонтой холбогдуулан намуудын жижиг хүрээнд ийм л сонгуулийн стратегийг хэлэлцээд эхэллээ. Мэдээж цаашид намуудын сонгуулийн стратеги яаж өрнөх, дээрх хувилбар хэр зэрэг өөрчлөгдөх нь намуудын удирдлагууд бүлэг фракцуудтайгаа хэрхэн тохирч чадах эсэхээс л шалтгаална.

О.ЧУЛУУНБИЛЭГ


URL:

Сэтгэгдэл бичих