Эдийн засагчдын тооцоо зөв байдаг уу?
Эдийн засгийн бараг бүх тооцоо ямар нэгэн талаараа байдаг. Гагцхүү цаг үетэйгээ тохирч байна уу гэдгээс бүх зүйл шалтгаална.
Ялангуяа буурай хөгжилтэй орнуудын эдийн засгийн урьдчилсан төлөв хоногт өрдөө хоёр удаа зөв заадаг эвдэрхий цаг шиг. Гэвч эдийн засагчид өсөлтийг сааруулагч саад бэрхшээлийг ямраар ч болов олж харж, хямрал айсуйг анхааруулж амждаг хэмээн уулзалтад оролцсон “Найман зууны санхүүгийн хямралын түүх” номын зохиогч, Мэрилэндийн их сургуулийн профессор Кармен Райнхарт салбарынхныгаа “хамгаалжээ”. “Хямралын үеийг мэдрэх чадвар л бүхнээс чухал” гэж тэрбээр онцолсон байна.
Харин Олон улсын валютын сангийн судалгааны төвийн тэргүүнээр ажиллаж байсан, өдгөө Чикагогийн “Бүүт” бизнесийн сургуулийг тэргүүлж байгаа Рагурам Ражан эдийн засгийн эргэлт, гэнэтийн хөдөлгөөнийг мэдрэх, урьдчилан тооцоолох эдийн засагчдын чадвар дутмаг хэвээр байгаа гэв. “Жишээ нь бид Африкийн эдийн засгийг буруу тооцоолсоор ирсэн. Одоо тус тивийн ирээдүй хэрхэн гэрэлтэж эхэлснийг хар” гэж тэрбээр ярьжээ.
Цаг агаарыг шинжих хамаагүй амархан
Эдийн засгийг шинжлэх ухаан гэж үзвэл тун тодорхойгүй зүйл болох нь мэдэгдэнэ. Цаг агаарыг урьдчилан таамаглахад амаргүй байдгийг санахад л энэ нь тодорхой. Гэхдээ цаг уурчид өрөнхийдөө давгүй сайн ажилладаг нь тэд хязгаараа мэддэг, төлөв таамаг нь 4-5 хоногоос хэтэрдэггүйтэй холбоотой. Харин эдийн засагчид бүтэн жил, заримдаа бүр хэдэн жилийн төлөв байдлыг урьдчилан тооцоолох хэрэг гардаг. Мөн яг л цаг уурчид шиг тооны ухаанд захирагдахаас аргагүй, Уулзалтыг зохион байгуулсан гол таван хүний нэг Йелийн их сургуулийн эдийн засгийн профессор Роберт Шиллөрийн хэлснээр үүнд л эдийн засгийн шинжээчдийн гол алдаа гардаг байна.
Цаг уурчид өөрсдийн туршлага, мэдлэг болон уур амьсгалын түүхээс улбаалан дүгнэлтээ гаргадаг бол эдийн засагчид үргэлж болж өнгөрсөн зүйлсийг загвар болгодог. Харин хүний хүч, байгалийн нөөц, дайн самуун, байгалийн гамшиг, технологи зэрэг эдийн засгийг бүрдүүлэгч “орц, найрлага” зогсолтгүй өөрчлөгдөн хувьсаж байдаг. “Тооны аргад хэт шүтэх нь эдийн засагч хэмээх нарийн мэргэжлийг сүйтгэж байна” гэж Р.Шиллөр ярьжээ. Хөгжиж буй орнууд өдгөө хөрөнгө оруулагчдыг олноор нь татах болсон нь дэлхийн эдийн засгийн тогтолцоонд өөрчлөлт орсных.
Мөн АНУ-ын зээлийн хүү буурсан, хөрөнгө оруулагчид эргэн төлөгдөх ашгаас ихийг хүртэхийг эорих болсон ээрэг нь үүнд нөлөөлсөн байна. Р.Шиллөрийн онцолсноор тооны ухаанд суурилсан тооцооны аргыг голлон ашигладаг шинжээчид үүнийг хэдэн жилийн өмнө огт хараагүй аж. Мөн хүнээс хамаатай хүчин зүйл эдийн засгийн төлөвт нөлөөлдөг хэвээр. 1990-ээд оны эхээр Мексикт болсон хямралын үеэр азиуд “Тиймэрхүү зүйл зөвхөн Латин Америкт л болдог байх” гэлцэж байв. Харин хэдхэн жилийн дараа Азид санхүүгийн хямрал нүүрлэсэн билээ.
Эдийн засгийн “буруу”төрөл
Тэгэхлээр эдийн засгийн ташаа тооцоо дан эдийн засагчдын буруугаас болдоггүй. Харин итгэхийг хүссэн тооцоо тайлангаа хүмүүс онцолдогт хамаг учир байдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Дэлхийн банкны ахлах эдийн засагч, Нобелийн шагналтан, Колумбын их сургуулийн мэргэжилтэн Жо Стиглицийн хэлснээр сүүлийн жилүүдэд болсон санхүүгийн хямрал одоогийн эдийн засгийн тогтолцооны талаар ихэнх хүн ташаа ойлголттой явдгийг нотолжээ.
Учир нь санхүүгийн таагүй үзүүлэлтүүдийг ихэнх хүн тун эмзэгээр хулээж авч, болоогүй зүйлсийг хэдийнэ болчихсон мэт өөдрөг үзлээ гээсэн нь санхүүгийн хямрал даамжрахад хамгийн их нөлөөлдгийг өнгөрөгч хямралууд харуулсан.
Ихэвчлэн буруу байдгийг нь мэдсээр байж бараг хүн бүр эдийн засгийн урьдчилсан тооцоог чухалчилдаг. Мөн ихэнх тоймч, шинжээч бусдаасаа гоц ялгарахыг хүсдэггүй, “группын сэтгэхүй”-д бага ч атугай хөтлөгдөхийг илүүд үздэг нь эдийн засгийн “буруу” төрлийг олон нийтэд илүүтэй таниулж орхидог байна.
Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагчаар ажиллаж байсан Саймон Жонсоны хэлснээр бусдаасаа дэндүү өөр тооцоо судалгаа гаргасан эдийн засагч карьераа дэнчинд тавьж мэдэх гэнэ. Хүмүүсийг төөрөгдүүлэх нь мөн аюултай. Өөр хоорондоо ялгаатай тооцоо, таамаглалууд эдийн засгийн бодит үзүүлэлтэд хамгийн сөргөөр нөлөөлдөг байна.
Тиймээс эдийн засагчдын хэлсэн бүхэнд итгэх аргагүй. Эдийн засгийн тооцоо, судалгааны асуудлаар анх удаа мэргэжилтнүүдийн хүрээнд хэлэлцсэн дээрх уулзалтын үеэр “Тоймчдын таамаглал тэгэхлээр хэр үнэний ортой байдаг вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад С.Жонсон “Аравны 3-4 нь л юм уу даа” гэж хариулжээ.
Г. Лхагва
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: