Д.Нинж: Намайг УМБГ-т саатуулсан нь МАН-аас МАХН-ын онц их хурал руу шидсэн чулуу

Ард түмний хянан шалгах хорооны тэргүүн Д.Нинжийг өнгөрсөн пүрэв гарагт МАХН-ын онц их хуралд сууж байх үеэр нь Улсын мөрдөн байцаах газар саатуулсан тухай яригдаж байсан. Харин түүнтэй баасан гарагийн хуралдааны үеэр таарч энэ тухай тодрууллаа.

-Тэгэхээр өнөөдрийн хуралд ирсэн гол зорилго тань юу юм бэ. Хурлыг хэрхэн дүгнэж байна?
-Би онц их хуралд урилгаар ирж байна. МАХН-ын олон удаагийн их хуралд оролцож байсан. Гэхдээ энэ удаагийн онц их хурал бусад хуралдаанаас эрс ялгаатай байна. Магадгүй МАХН анхны бие даасан хурал хийж байна.

-Тэгэхээр бусад үед нь бие даагаагүй хийдэг байсан хэрэг үү?
-Төрийн ордонд залраад Москвагийн заавраар ямар асуудал хэлэлцэж, хэнээр ямар үг хэлүүлэх нь тодорхой гадны зохион байгуулалттайгаар хуралддаг байсан. Оросын ноёрхлыг хамгаалсан бодлогыг ярьдаг нам байсан. XXVI хурлын хувьд саар муу зүйл хийсний хажуугаар нэг сайн үр дүн гарсан байна.

-Тэр нь юу гэж бодож байна?

-Өмнө нь ялгаж салгахад бэрх байсан хүмүүс МАН гэдэг нэг дээвэр дор бүх авилгачид олигархи нам болоод гарлаа. Ямар юмных нь Ардын нам бай хав дээ. Нэг ч ард байхгүй олигархиуд нэгдсэн.

-Тэгэхээр өчигдөр /пүрэв гариг/ бас таныг мөрдөн байцаах газар саатуулсан гэсэн. Яг ямар шалтгаанаар саатуулсан юм бэ?

-Өчигдөр намайг тус хуралд урилгаар оролцоод явж байхад улсын мөрдөн байцаах газраас ирж саатуулаад авч явсан асуудал ч гэсэн МАН-ын зүгээс хурал руу шидэж байгаа зүйл гэж бодож байна. Над руу шидсэн зүйл байхгүй байх. Ер нь өнөөдрийн хуралд ч гэсэн олон болох болохгүй зүйл гарч байна. Хурал үймүүлж байгаа залуусын тухайд МАН-аас МАХН-д анхнаас нь шургуулсан тагнуул байсан гэж бодож байна. У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс хурлыг мөнгөөр үймүүлж байгаагийн илрэл.

-Тэгэхээр дээд шүүхэд МАН хэмээх нэрийг хууль бусаар бүртгүүлсэн талаар ард түмэнд таныг дэлгэсэн болохоор байцаасан гэсэн зүйл ярьж байсан?

-Тийм зүйл байхгүй.

-Иргэний хөдөлгөөнийхний зүгээс МАХН-тай нэгдэх сураг байгаа. Мөн ард түмний хянан шалгах хороо ч гэсэн нэлээд дэмжиж байгаа хэрэг үү?

-Ард түмний хянан шалгах хороо улс төрийн хяналт тавьдаг дээд байгууллагын хувьд манай намынхан аль ч намын гишүүн байх дүрэмгүй. Гэхдээ энэ хурлыг анхны удаа зөв явж байгаа намынх нь хувьд дэмжиж байна. Өнөөдөр тулгарч байгаа асуудлыг анхны удаа сөхөн гар гаж байна. Өмнө нь болж бай сан хуралд хурц асуудлыг бөөрөнхийлж өнгөрүүлж бай сан. Хурал ямар болох нь уу гэдэг дээр хяналт тавиад байгаа юм биш. Хөндлөнгөөс ямар зүйл орж ирэх нь үү гэдгийг ажиглаж байна. МАН бол арай дэндүү байна. Өөрсдөө гараад л явсан бол дахин орж ирж бөөлжсөн бөөлжсөө долоогоод байх хэрэг байхгүй. Эрх мэдэл албан тушаалаа алдах нь тодорхой болчихсон хүмүүс юунаас ч буцахгүй болж байна. МАХН-ын онц их хурал хуралдаж байгаа нь МАН монголын улс төрийн тавцанд илүүдэл хорт хавдрын шинжтэйгээр мөхөхийн илрэл болж байгаа юм.

Б.Даваа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих