“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг “аав”-ынд суугаад гарчээ

Сонгуулийн чимээ ойртсон энэ үед улсад хамгийн их орлого оруулдаг байгууллага гэж барддаг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлын сураг тасраад удав. Цагаан сарын үеэр ажилчид нь Ч.Ганзориг даргатайгаа золгох гээд “олоогүй” тухай мэдээлэл цацагдаж байсан. Зарим нь шинэлгээ нь дуусаагүй, бууз хуушуур эргүүлээд явж байгаа гэх бол зарим нь сонгуулийн сурталчилгаагаа хийгээд ажлаа “мартсан” гэж дор дороо таамаглаж байв.

Гэвч ингэж сураг алдарч, чимээ аниргүй болсон нь цаанаа учиртай байжээ. Ч.Ганзориг захирлыг АТГ-т шалгуулж байгаа гэсэн явган яриа гараад намжсан. Явган яриа намжсан ч Я.Ганзориг захирлын хэрэг намжаагүй аж. “Эрдэнэт үйлдвэр”-ийн “эрээд олддоггүй” захирлыг өнгөрсөн оны сүүлээр, тодруулбал 2011 оны 12-р сарын сүүлийн өдрүүдэд урьдчилан саатуулах төвд хэд хоног саатуулан шалгаад гаргажээ.
Түүнийг ган бөмбөлөгийн шахааны наймаа хууль бусаар хийсэн хэмээн шалгуулжээ. Гэхдээ улиран сонгогдсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн “ганц”-ыг АТГ-т шалгуулж, “аав”-ынд суулгаж чадсан хүн нь нэг намын нөхөр нь гэж баттай эх сурвалж хэлж байна. Аймгийн засаг дарга нарыг АТГ-т шалгуулах болохоор бөөн шуугиан дэгдэж, хэвлэлээр нэг бичдэг. Гэсэн хэрнээ улсын төсвийн ихэнхи хувийг бүрдүүлдэг том компаний захирал хууль бус үйлдлийнхээ төлөө шалгагдаад гарсан талаар нэг ч үг цухуйлгүй удав. Урьдчилсан саатуулах төвд хэд хоносон гэдгээ хэвлэлийнхнээс гурван сар нууж чадсан Ч.Ганзориг захирлыг шалгуулж дөнгөсөн гэхээр бас ч хүчтэй нэгэн байгаа аж. Тэр “хүчтэн” нь ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай гэж нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж баталж байна.

Т.Бадамжунай сайд Ч.Ганзоригт ингэж хүнийрхүү хандсаны шалтгаан нь зүгээр суугаа хүнд олддоггүй сонгуулийн тойрог юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэлээд хатуу заалтууд орсон, тойрог дахь нэр дэвших мандатын тоо нь цөөрсөн гээд багагүй асуудал УИХ-ын гишүүн болохыг хүсэгчдэд байгаа. Архангай аймгийн уугуул Ч.Ганзориг эс бөгөөс түүний хүү Г.Тэмүүлэн ирэх УИХ-ын сонгуулиар нутагтаа нэр дэвшихээр яригдаж байсан нь Т.Бадамжунай сайдад чөдөр, тушаа болж байсан тул замаасаа гаргахын тулд түүнийг шалгуулсан гэж дээрх эх сурвалж мэдээлсэн юм. Ч.Ганзориг уг нь уул уурхайн салбарт тоймгүй их хөрөнгө оруулалт цутгаж байгаа энэ үед өөрөө хувь, хишиг ихтэй “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар үлдэж, хүү Г.Тэмүүлэнгээ “Эрдэнэт МГЛ” компаний дэд захирал болгож чадсан. Харин Засгийн газрын эрх мэдэл дээр суугаа Т.Бадамжунай сайдын өмнө тэрбээр хүч дутаж, урьдчилан саатуулах төвөөр ороод, гарчээ.

Т.Цэнгэл

24tsag


URL:

Сэтгэгдэл бичих