”Талх судлаач” Ч.Ганхуяг сайд сонгуульд нэр дэвшихээ зарлаж, штабаа байгуулжээ

2012 оны сонгууль болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ. Улс төрийн намууд аль гишүүнээ хаана томилохоо нууцалж буй энэ цагт зарим нэг хүн өөрийгөө сонгуульд нэр дэвшинэ хэмээн гайхуулан зарлаж бүр цаашлаад сонгуулийн штабаа байгуулаад амжсан тухай ярьж яваа гэнэ. Энэ хүн бол Сангийн дэд сайд Ч.Ганхуяг. Түүнийг сангийн яамны дэд сайдаар ажиллаж эхэлсэны дараагаар л сонгуульд нэр дэвших эсэхийг нь хүмүүс сонирхож эхэлсэн. Та сонгуульд нэр дэвших үү гэсэн сэтгүүлчийн асуултанд тэрбээр “Манай намаас надад тодорхой чиглэл өгнө. Сонгуулийн тойргийн хувьд бол бодсон санасан зүйл байна. Журмын нөхөдтэйгээ ярьж тохирсон зүйл ч байгаа. УИХ-д нэр дэвшээд улс орныхоо төлөө бодлого гаргах хамгийн дээд шатны байгууллагад ажил гэсэн итгэл үзүүлбэл Улаанбаатар хотоос нэр дэвшээд өрсөлдөнө” гэж хариулж байсан удаатай. Үнэхээр тэр хүслээ биелүүлж сонгуульд нэр дэвших эрхээ олж авсан бол бусдын адил даруухан байхыг хүсэхгүй байгаа бололтой. Ч.Ганхуяг сайд 14 хоногийн өмнө өөрийн эзэмшдэг “I loft” клубт томоохон хүлээн авалт хийжээ.Тус хүлээн авалтан дээр тэрээр ирэх сонгуульд өөрийгөө МАН-аас намын дарга С.Батболдын хамтаар Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр болсон мөн сонгуулийн штабаа байгуулан ажиллаж байгаа талаараа зарласан гэнэ. Түүгээр зогсохгүй түүний сонгуулийн штабыг Батсүмбэр хэмээх залуу ахлаж ажиллахаар болжээ. Мөн ирэх сонгуульд сангийн дэд сайдад зүтгэх болсон зарим нэг залуус нь “Би Ганхуягийн сонгуулийн штабд ажиллахаар болсон” хэмээн гайхуулж яваа сурагтай.

Хэрвээ энэ яриа үнэн бол энэ жилийн сонгуулийн анхын штабыг Ч.Ганхуяг сайд эхлүүлж байна. Ямартай ч иргэд түүнтэй уулзаж талхны үнэ асуух үе гарах бололтой. Сонгууль болох болоогүй байхад сонгуулийн штабаа байгуулсан нь асуудлыг дэндүү эрт дэвэргэсэн зүйл болж байгаа мэт санагдахгүй байна гэж үү?

Монгол улс хэдэн онд Манжийн дарлалаас гарсан бэ? Ч.Ганхуяг сайдаа


Тэрээр саяханы нэг өдөр телевизийн шоунд оролцож байхдаа талхны үнийг 350 төгрөг хэмээн хэлж олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Талхны яриа намжаагүй байхад тэрээр өөрийнхөө мэдлэггүй гэдгээ харуулсан нэгэн үйлдлийг дахин хийжээ. Ч. Ганхуяг сайдыг монголын твитерчдийн эгнээнд нэлээд дээгүүр жагсдаг гэдгийг хүмүүс мэднэ. Гэхдээ тэрбээр англи хэл дээр мэдээллээ бичдэгээрээ бусдаас ялгарч чаддаг гээд магтчихьяа. Тэрээр энэ сарын 18-нд буюу Цэргийн баяраар “Монголыг 1921 онд Манжийн дарлалаас гарсан” гэсэн мэдээллийг твитрээрээ олон нийтэд түгээв. Энэ талаар нь твиттерчид өөрөөс нь лавлахад “Гадаадуудад зориулж мэдээлэл тавьсан” гэсэн байх юм.

Олон улсын төвшинд Монголыг төлөөлөх Төрийн томоохон албаны хүн ийм ташаа мэдээллийг Гадны улс оронд өгч байгаа нь монголын түүхийг гуйвуулах гэсэн санаатай үйлдэл үү эсвэл үнэхээр мэдлэггүйгээсээ юу гэдэг нь тодорхойгүй. Хамгийн гайхалтай нь өнөөдрийг хүртэл энэ твиттер мэдээлэл нь устгагдаагүй байсаар байгаа юм. Уг нь Монгол улс 1911 онд Манжийн дарлалаас гарсан. 1921 онд Манж гэдэг улс хэдийнээ байхгүй болчихсон байсан гэдгийг Ерөнхий боловсролын гуравдугаар ангийн хүүхэд хүртэл  мэдэж байгаа. Талхны үнийг захын хорооллын зургаан настнууд хэлнэ. Мэдээлэлгүй, мэдлэггүй сайдын ээлжит шуугиан ийнхүү үргэлжилсээр байна.


URL:

Сэтгэгдэл бичих