Шүүх хурал өмгөөлөгчгүй болж шүүгчдийг мухардуулав

Уриа лоозон барьсан иргэд шүүхийн шийдвэрийг чих тавин хүлээнэ. Тэд “Амар амгалангийн төлөө үүрэг гүйцэтгэсэн цагдаа буруудах ёсгүй, шүүхийн шийдвэрт улстөрчид нөлөөлөх учиргүй, цагдаа шүүхийн золиос болох ёсгүй” гэсэн уриа барьжээ…

Энэ бол Цагдан хорих 461 дүгээр ангийн гадна цугласан иргэдийн дүр зураг. Тэд долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс удирдлагуудын ар гэрийнхэн болон журмын нөхөд нь юм.

Экс дарга нарт холбогдох хэргийн шүүх хурал эхнээсээ л сүр дуулиантай байсан. Үүнийг нь энэ сарын 14-нд болсон үйл явдал батална. Энэ удаад тэднийг шүүх ажиллагаанд саад учруулж болзошгүй хэмээн урьдчилан хорих төвд шүүхээр болсон. Шүүх хурал өчигдөр 10:00 цагт эхлэх байсан ч 20 минут хоцорч эхэлсэн юм. Учир нь гэрчээр дуудагдсан нэр бүхий хүмүүс цагаасаа хожимдож ирж шүүгдэгч нарыг чилээсэн.

Хорих 461 дүгээр ангийн хашааг тэр чигт нь хамгаалалтад авсан харагдсан. Учир нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд дайрч болзошгүй хэмээн сэргийлж буй нь тэр. Энэ үеэр шүүх хуралд оролцох Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, С.Баяр нар хар теньтэй машинаар хорих анги руу нэвтэрсэн. Эдгээр эрхмүүд 2008 оны долоодугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг толгойлж, байсан үнэнийг өчих гэрчүүд юм.

Харин төд удалгүй 11:20 цагийн орчимд Н.Энхбаяр шүүх хурлаас гарч ирсэн. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэр ярихдаа “Долоодугаар сарын 1-ний хэрэгт зөвхөн тэр үеийн цагдаагийн удирдлагуудыг буруутгаж шүүхээс яллах гэж байгаа нь буруу. Харин улстөрийн намууд, улстөрчдийг шүүх хуралд хамруулан үнэн мөнийг тогтоох ёстой. Би гэрчийн мэдүүлэг өгөхөөр энэ хуралд оролцохоор ирсэн. Хуралд гэрчээр мэдүүлэг өгөх боломжтой хэмээн шүүхийн баримтад гарын үсэг зурчихлаа. Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, С.Баяр нар ч миний адил гарын үсэг зурах шиг болсон” хэмээв.

Шүүх хуралдаан хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байсан. Гэхдээ тэд мэдээлэл олж авахаасаа илүү хэн нэгний хараа хяналтад байсан гэхэд болно. Учир нь шүүх хурлын нээлтийн үед гуравхан телевизийг оруулж бичлэг хийлгэсэн. Харин үлдсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд хорих ангийн үүдэнд чимээ чагнан зогсохоос өөр аргагүйд хүрсэн юм. Хэвлэлийнхэнд хүртэл хаалттай байсан энэ удаагийн шүүх хурлыг хэтэрхий улс төржиж байна гэх хүмүүсч байсан.

ӨМГӨӨЛӨГЧИД ТАТГАЛЗАЖ ӨӨРСДИЙН ХҮСЭЛТЭЭР ХУРЛЫГ “ХАЯЛАА”

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт 5-10 жилийн ял төлөвлөөд буй.

Тэгвэл энэ удаад тэд ялаа эдлэхгүй хэд хоног амсхийх бололтой. Учир нь сүр дуулиантай зарлагдсан шүүх хурал өдрийн 14:00 цагийн орчимд тодорхой хугацаагүйгээр хойшлогдов. Эх сурвалжуудын хэлж буйгаар өмгөөлөгчид нь шүүгдэгчдээсээ татгалзаж улмаар хурал цааш үргэлжлэх боломжгүй болсон байна.

Энэ үеэр өмгөөлөгч О.Алтангэрэл “Бид өөрсдийнхөө үйлчлүүлэгчийг өмгөөлөхөөс татгалзлаа. Бид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэтэл бидэнд хариу өгөөгүй. Бид үйлчлүүлэгчээ өмгөөлөх боломжгүй байх нь хууль зөрчсөн үйлдэл. Тэгэхээр цаашдаа өмгөөлөх ёстой хүнээ өмгөөлж чадахгүйд хүрлээ. Эд нар яах вэ өмгөөлөгчид нь хариуцлага тооцно гэх биз. Өмгөөлөгчийг шүдэнд орсон мах шиг үзэж байна. Гэхдээ би нэг зүйлийг бардам хэлж чадна. Энэ хэрэг дээр ажилласан өмгөөлөгчид ялна. Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлээр хүн яллаж ч байгаагүй. Би арав гаруй жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Ийм хууль бус юм үзээгүй. Шүүгдэгч нарыг өмгөөллөөр хангах үүрэгтэй. Өмгөөлөгч нарыг хорьж байгаад шүүх хурал явуулдаггүй. Шүүхэд хүсэлт гаргаж болдоггүй хэрэг үү. Цаашдаа бид энэ хэргээс татгалзаж байна. Эд нар улстөрийн жүжгээ тавих биз. Бид энд алиа салбадай болохыг хүсэхгүй. Энэ хэргийг бодитоор шийдэх цаг үе ирнэ гэдэгт итгэж байна” гэв.

Мөн шүүх хурлын үеэр өмгөөлөгч Ц.Итгэлийн биеийн байдал муудаж хуралдааныг орхиход хүрсэн. Тэрбээр шүүгдэгч Ш.Батсүхийн өмгөөлөгч юм. Ийнхүү эхнээсээ хаалттай байсан шүүх хурал өмгөөлөгчгүй болж шүүгч нарыг мухардуулсан гэхэд хилсдэхгүй. Ингээд өдрийн тал шахуу хуралдсан шүүх хурал эцэстээ үр дүнгүй болж дарга нар дараагийн шүүх хурал болтол дахин хоригдохоор болов.

ЭРХЭМ ГЭРЧҮҮД ИРЖ ЭКС ДАРГА НАРЫН САНААГ АМРААВ

Шүүх хуралд гэрчээр оролцсон С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан нар хуралдаан хойшилсон даруйд сэтгүүлчдийн тавьсан асуултад товчхон хариулт өгсөн юм.

Энэ үеэр С.Баяр “Гэрчээр оролцоход хүрэлцэн ирлээ. Шүүх хурал хойшлогдлоо гэж мэдэгдлээ. Нэгэнт үнэн бодит мэдээллийг шүүхийн танхимд хэлэх ёстой. Тэрнээс биш хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа өгөхгүй. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн зөвөөр хүлээж аваарай. Шүүхээс гэрчээр оролцооч гэсэн зарлан ирсэн тул иргэний үүргээ биелүүлэх ёстой. Энэ шүүх хурал шударга байгаасай. Амьдрал олон зүйлээр гачигдаж байна. Тэр нь шударга ёс. Монголын ард түмэн үүнийг мэднэ. Тэгэхээр цагдаа улс төрийн золиос биш байх ёстой гэж хүмүүс хэлж байна. Үүнтэй санал нэгдэж байна. Зөвхөн цагдаагийн ар гэр биш ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байх. Тиймээс шүүх хурлын үйл ажиллагаанд бэлэн ирлээ. Гуравдугаар сарын 14-ний өдөр болсон шүүх хуралд бид оролцоход бэлэн байсан. Хэвлэлээр зугтсан гэж бичиж байсныг санаж байна. Өмгөөлөгч нар ямар байр суурь барьж шүүхээс татгалзаж байгааг өмгөөлөгч нараас нь асуусан дээр л дээ. Үнэн зөвийг тогтоох гэж байгаа бол шүүх хурал ил тод байх хэрэгтэй. Энэ хэрэгт хэн буруутайг шүүх тогтоох байх” гэв.

Харин тухайн үеийн Хууль зүй дотоод хэргийн сайд байсан Ц.Мөнх-Оргил “Нэгдүгээрт шүүхээс зарлан дуудах ирсэн. Тэгэхээр гэрчээр оролцох ёстой. Миний баримталж буй байр суурь бол энэ хэргийг улс төржүүлэх хэрэггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр таамаг дэвшүүлж болохгүй. Тэгэхээр шүүх, хуульдаа хүндэтгэлтэй хандаж байна. Шүүх хурлын дараа дэлгэрэнгүй тайлбар өгөх болно. Цагдаа нарыг буруутай эсэхийг шүүх тогтооно. Тэгэхээр гэм буруутайг нь тогтоогдтол хэн нэгнийг буруутгаж болохгүй. Цагдааг буруутай гээд байгаа нь Үндсэн хуулийн зарчим зөрчиж буй хэрэг гэж бодож байна” хэмээлээ.

ӨМГӨӨЛӨГЧДӨД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЖЭЭ

Цагдаагийн экс удирдлагуудын өмгөөлөгч шүүх хурлыг хаяж гарч ирсэн нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн албаныхан үзэж байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр оройхон мэдээлэл өгөв. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл хариуцсан реферэнт Э.Эрдэнэбулга “өмгөөлөгч ЭБШХ-ийг зөрчиж, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан. Долоодугаар сарын 1-ний хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон нэр бүхий өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас авч, Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, төрөөс иргэддээ хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгдэгч нарыг өмгөөлөхөөс татгалзсан.

Мөн шүүх хуралдааныг орхиж гарсан үйлдэл нь үйлчлүүлэгч нарынхаа эрх ашгийг ноцтой зөрчихөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан шүүх шүүн таслах ажиллагааг хуульд заасан бүхэн эрхийн хүрээнд хэрэгжүүлж байхад үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хэргийн бодит үнэнийг тогтооход шүүхэд туслах чиг үүргээ хэрэгжүүлэхийг оронд шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийг илтэд үл хүндэтгэсэн гэж үзэхээр байна” хэмээлээ. Зөрчил гаргасан өмгөөлөгч нарт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар захиргааны хариуцлага тооцох аж.

Б.Чанцал

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих