Хаяа дэрлэх Сэлбэ, Халиан дундах амьдрал
Сэлбийн гол цагтаа хальж байсан түүхтэй. Монголын их хатдын нэг Дондогдулам Чандагатын харзнаас хүртэж, Уужийн бургасанд очиж далий ягаан цэцгэнд сууж эрхэмсэглэдэг байсан гэдэг. Иймээс Чандагатын харз Дондогдуламын рашаан алдрыг хүртсэн түүхтэй аж.
“Нэг, хоёрын, гурав аа гээд л эрэг дээрээс үсрэхэд чулуу нь тулдаггүй байсан Сэлбийн гол өдгөө шагай ч норгох туниагүй болж зарим хэсгээрээ тасарч, эрэг цохилох нь битгий хэл хөрсөө норгох усгүй болжээ” гэж шүүрс алдах нэгэн цөөнгүй. Яагаад учир зүггүй юу бичих нь мэдэгдэхгүй гол ус яриад эхлэв ээ гэж та гайхах хэрэггүй. Уулын усны үер, шар усны үер хэлж ирдэггүй хийсч ирдэг цаг хэдийнэ хаяанд иржээ.
Сэлбэ гол дээр очлоо. Уг голын эхтэй хаяа зэрэгцэн оршдог Дондогдуламын рашааныг хэн хүнгүй л мэдэх байх. Ерөнхий сайдын санаачилсан “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг нь тохижуулах төсөл” ажил эхлээд ид дундаа өрнөж байгаа харагдана. Энэ их ажлыг яагаад голынхоо дундаас эхлүүлсэн юм бол гэж гайхаж харсаар Дарь-Эхийн замаар өгсөн гудамж орон Сэлбийн хөвөөнд туллаа. Голын халиа гүйсэн бололтой энд тэндгүй мэлийсэн ус. Суудлын тэрэгтэй яваа бидэнд голын цамхраа мөсөнд суучих гээд цааш явахад амаргүй аж.
Энэхэн зуур хөдөө нутгийн энхэл донхолтой зам л санаанд буулаа. Нэгэнт Дондогдуламын рашаан хүртэл унаагаараа явах боломжгүй учир цааш явганаар явлаа. Машин байтугай явган хүн явахад хүртэл бэрхшээлтэй юм. Энд гишгэвэл мөс цөмөрчих болов уу, тэнд гишгэвэл яачих бол гэж голоо өгссөөр нэлээд дээшиллээ. Эргэн тойронд том том хүлэмжүүд. Мөн юуны зориулалтаар хэрэглэх нь мэдэгдэхгүй нэлээд том газрыг төмөр утас татан хашаалсан харагдана. Төмөр хайстай том хашаан дотор нэг айл буужээ.
Энэ ямар учиртай ийм том хашаа юм бол гэсээр тэр айл руу очлоо. Цоожтой бор гэр түгжээтэй хаалга биднийг угтав. Сэлбэ голтой бараг зэрэгцэн хашаатай, хашаагүй нэлээд хэдэн айл буусан харагдлаа. Харин тэдгээр айлуудад ороход тун бэрхшээлтэй. Хашааны гадна дотногүй битүү мөс. Урин дулаан болоод гол мөс нь хайлаад эхэлвэл тэнд хүн амьдарна гэхэд хэцүү юм. Дүнхийсэн сайхан хоёр давхар сууцтай айл руу орох гэж алсаас тойрч хараад ч орох нөхцөл алга. Байшинд хүн байгаа бололтой яндангаас нь утаа гарч харагдсан.
Мөс нь жаахан даахаар болов уу гэмээр газраар чулуу дамжин явсаар нэг айлд орлоо. Гэрийн эзэн бололтой нэг ах их л уриалагхан биднийг “Дотогш ор” гэсээр нохой хорьж өглөө. “Далай шиг том мөсөн дунд танайх чинь яаж амьдарч байна даа” гэсээр яриагаа өрнүүллээ. “Манайх энд буугаад найман жил болж байна. Гаднах энэ мөс чинь Сэлбэ голын цамхраа биш, харин Дондогдуламын рашааны халиа ингээд хөлдчихсөн юм. Тэрнээс ийм их усан дунд амьдрах юу нь сайхан байх вэ. Бид айл өрхөөрөө нийлээд 20 гаруй машин шороо асгаж далан босгосон. Гэсэн ч далан нэмэр болохгүй л байна. Аргаа бараад эндээс нүүе гээд дүүргийнхээ газрын албанд хандлаа. Хаана буу гэсэн гээ ч. Шувуун фабрикаас цааш дэд бүтэц юу ч байхгүй алс хязгаарт. Манайхтай айл зэргэлдээ байсан хэдэн айл тэр зааж өгсөн газарт нь нүүж очоод буцаад л хүрээд ирсэн. Сонгууль дөхөхөөр л бидний энэ газар жинхэнэ эрэлт хэрэгцээ болдог гэхэд хилсдэхгүй. Энэ жилийн сонгуулиар газраа өмчлөөд авах боломж байна уу гээд л хүлээгээд сууна” гэж гэрийн эзэгтэй ярилаа.
Онцгой байдал бусад холбогдох газраас танайхыг нүү гэж шаардах хуудас ирүүлдэггүй юм уу гэхэд “Тийм бичиг сэлт бид хүлээж аваагүй. Авсан байлаа ч хаашаа нүүх вэ дээ. Хүүхдүүд бүгдээрээ эндээ сургууль соёлтой. Хэцүү шүү дээ. Уг нь манай энэ газар чинь 2004 онд газрын кадастр зурганд орсон юм. Өнгөрсөн сонгуулиар Болормаа тэргүүтэй хүмүүс манай энэ хавийн айлуудад албан ёсоор шугам татаж цахилгаантай болгосон. Тэгээд 14 хоногийн дараа ирж газрын зөвшөөрлийг нь олгоно гэсэн юм.
Гэтэл одоо бүтсэн юм алга. Тэр үедээ биднийг сонгуулийн шоу болгож байсан бололтой. Хотын хөдөө гэдэг орчноосоо бага ч болов салсан ч өөрийн гэх газраа өмчилж авч чадахгүй байгаадаа бухимдаж л сууна. Бидний хажууханд байгаа Сэлбэ хүртэл тасарчихдагийг та нар мэдэх байх. Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлье гээд ажил хийгээд л байгаа гэсэн. Гэхдээ голынхоо эхэнд ийм сайхан цэвэр усны нөөцтэй байж үүнийгээ ашиглаж болдоггүй юм байх даа. Рашааны урсгалыг эх гол руугаа татчихад л болчих юм шиг санагдаад байгаа юм. Тэгвэл хэн хэндээ хэрэгтэй шүү дээ. Дэлхийд цэвэр усны нөөц хомсдолд ороод байна гэж зөндөө л ярих юм. Савандаа багтахаа байгаад хальсан энэ рашаан их цэнгэг устай.
Энэ их цэнгэг усыг дэмий үрмээргүй л байгаа юм. Бахь байдгаараа үрэн таран хийгээд байвал удахгүй уух ус литр нь 1000 төгрөг хүрнэ. Өвөл хүртэл загас жараахай барих гээд мөс цоолж цооног гаргаад хүмүүс суучихсан байдаг гээч. Хоёр гурван жилийн өмнө Япон улсын хөрөнгө оруулалтаар рашааныг ашиглан цэвэр усны үйлдвэр нээх гэж байна гэсэн чимээ байсан. Гадны улс чинь их айхтар хүмүүс. Тэд нэг л өдөр сайхан рашааныг минь худалдаад авчихна биз. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг биз дээ. Дулаараад ирвэл зүлэг ногоо жигдрээд наадам болох гэж байгаа мэт л бужигнадаг газар” гэсээр гэрийн эзэгтэй Ч.Отгонцэцэг биднийг гаргаж өглөө.
Цаг ч гэж хурдан өнгөрөв. Тэдэнд ч ярих зүйл их байгаа бололтой. Энэ орчмын зургийг авах гэсэн юм. Энэ мөсний хаагуур нь явбал зүгээр вэ гэхэд гэрийн эзэгтэй “Би заагаад өгье” гэсээр дагуулаад явлаа. Жаахан явж байснаа одоо цааш явах хэрэггүй. Мөс нимгэн байна гэлээ. Хэдэн зураг дараад машин руугаа явлаа. Бид ч яах вэ заалгаад яваад байна. Мэдэхгүй нэг нь, тэр тусмаа хүүхдүүд усанд унаад бэртэж гэмтэхгүй гэх баталгаа тэнд алга. Харин уулзсан тэр орчмын хүн бүр “Газраа л авчих юмсан” гэж захисаар үлдэв.
Л.Болорцэцэг
URL: