Моконами Базарсад: Анандыгаа сумогийн их аварга болно гэдэгт итгэл дүүрэн байна

Моконами Ганболдын Базарсадтай ярилцлаа. Тэрээр “Тацунами” дэвжээнд харьяалагддаг, сумогийн дээд зиндаа буюу макүчид Маэгаширагийн зургаад эрэмбэлэгдэж байсан бөх билээ.

-Сумогийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан бэ. Яриагаа эндээс эхлэх үү?

-Би чинь багаасаа л спортоор хичээллэж эхэлсэн. Ялангуяа сагсан бөмбөгийн спортод бүр илүү сонирхолтой байлаа. Манай аав аймгийн заан цолтой, улсын засуулч хүн бий. Намайг үндэсний бөхөөр барилдахыг их зөвлөдөг, бөхийн дугуйланд ч явуулж байсан. Гэвч миний бие үндэсний бөхийг орхиод Японы сумод хөл тавьсан даа. Хоёр мянган оны намар долоон хүүхэд Осака хотод очиж байлаа. Хакухо Даваажаргал, даян аварга А.Сүхбатын төрсөн ахын хүүхэд болох Баярбат, Шаравнямбуу бид дөрөв тэнцэж нөгөө гурав маань тэнцэлгүй Монгол руугаа буцаж байсан. Гурван сарын хугацаанд Осака хотод бэлтгэл хийгээд тус тусын дэвжээнд харьяалагдаж байв. Ингэж л сумогийн ертөнцтэй холбогдсон нэгэн насны амьдрал минь эхэлсэн түүхтэй.

-11 жил сумогийн дэвжээнд хүч үзсэн байх аа?

-Тэгсээн. 2001 оноос сумод барилдаж эхэлсэн. Түүнээс хойш таван жил хүч үзсэний эцэст 21 насандаа жүрёо зиндаанд харьяалагдсан. Дээд зиндаанд дэвшиж чадалгүй жүрёод дөрөв, таван жил болчихсон юм аа. Бэртэл гэмтэл ч нөлөөлсөн тал бий. Би чинь нуруундаа хүнд гэмтэл авч байсан шүү дээ. Макүүчи буюу дээд зиндаанд Маэгаширагийн зургаагаас босч байсан минь хамгийн өндөр амжилт юм даа. Сонирхолтой нь, жүрёо болоод дээд зиндаанд Хакухо аваргатай нэг ч таарч байгаагүй. Шинэхэн озэки М.Анандтай бол хоёр таарч байсан. Эхлээд таарахдаа даваад дараа нь унаж байсан.

-Сая гуравдугаар сарын Хару башё болж өндөрлөлөө. Монголын хүчтэн Мангалжавын Ананд озэки цол хүртлээ. Сумод хамт хүч үзэж явсан бөхийн хувьд ямархан бодолтой байна даа?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-оор дамжуулж Ананддаа баяр хүргэе. Сэтгэл ихэд тааламжтай сайхан байна. Найзыгаа маш их дэмжиж байлаа. Түрүүлчих байх гэж итгэж байлаа. Озэки бол өндөр цол шүү дээ. Монгол үндэсний бөхтэй харьцуулбал арслан цол юм. Ананд маань арслан боллоо. Аварга болоход ойрхон байгаа. Манай хүн чинь надаас хоёр жилийн дараа сумод хөл тавьсан. Анх танилцаж байхад их дөлгөөн тайван залуу санагдаж байсан. Манай дэвжээ Анандын дэвжээ хоёр хоорондоо их ойрхон. Түүнтэй очиж уулзахад барагтай бол үг дуугарахгүй, нүдээрээ инээчихээд л байж байна. Яваандаа хамт бэлтгэл хийж эхлэхдээ ямар дайчин юм бэ гэдэг нь шууд мэдрэгдээд ирсэн л дээ. Би бол хааяа зугаа цэнгэл хөөх юм уу, гадуур дотуур гарна. Анандад бол тийм зүйл байхгүй. Дэвжээн дээрээ яс л байна. Цаг цагаар бэлтгэлээ хийгээд л. Орой эрт унтаж амраад л. Үнэхээр хөдөлмөрч дөө.

-Барилдааных нь арга барилын талаар ярихгүй юу?

-Маш эвсэлтэй, барилдааны мэдрэмж өндөртэй. Дохё буюу дэвжээний захад тун мэдрэмжтэй барилдаан үзүүлдэг. Бас толгой сайн ажилладаг. Гүйлгээ ухаан сайтай тийм л бөх шүү дээ. “Бөхийн удам байхгүй хэрнээ ийм нягт барилдаантай, цаанаасаа төрчихсөн хүн хол явна даа” гэж олон хүн хэлж байхыг нь мэдэх юм. Сумогийн луугарууд ч Анандыг их үнэлдэг. Сая цагаан сараар Ганболд бид хоёр Анандын аав ээжтэй очиж уулзсан. Үндсэндээ золгох гэж очсон. Тэгэхэд их сайхан хүлээж авсан. Анандын тухай багагүй хуучилсан. Хүний эх, эцэг л болсон хойно Анандад санаа зовж байсан нь мэдрэгдсэн. Ганболд бид хоёр сумод хамт барилдаж явсны хувьд сэтгэл зүйн дэмжлэг өгсөн дөө. “Арслан болох нь тодорхой. Магадгүй гуравдугаар сарын Хару башёд ч болохыг үгүйсгэхгүй. Гол нь цаг хугацааны асуудал л байгаа. Та хоёр хүүгийнхээ өмнөөс нэг их санаа зовоод байх хэрэггүй дээ” гэж хэлж байлаа. Үнэхээр бид хоёрын хэлснээр Ананд маань аав ээжийнхээ, ард түмнийхээ итгэлийг алдалгүй урамтай сайхан барилдаж 13 давж озэки боллоо.

-Сүүлийн өдөр Гойдод өвдөг шороодож их аваргатай нэмэлт барилдаан хийсэн. Хэрвээ Гойдог давсан бол эзэн хааны цомыг хүртэх байлаа. Уг барилдааны тухайд юу хэлэх вэ?

-Сэтгэл зүйн хувьд амаргүй байсан нь мэдээж. Дэвжээний багшаасаа аваад хүн бүр яриад л. Заавал давна шүү, түрүүлнэ гээд л. Тийм их итгэл хүлээлгэчихээр, дээрээс нь “Хэрвээ би энэ сумочийг давбал эзэн хааны цомыг хүртлээ. Хару башёд түрүүллээ, тийм өндөр цолонд хүрлээ шүү” гээд бодчихоор бас хэцүү. Бодож байснаасаа огт өөр барилдаан гаргадаг. Үндсэндээ барилдаан гарахаа байгаад хамаг бие нь хөшчих шиг болдог. Гойдотой барилдсан барилдааныг харахад тийм л зүйл анзаарагдсан. Огт барилдаан гаргаагүй шүү дээ. Гойдогийн л барилдааны урсгалд ороод уначихаж байгаа юм. Уг нь манай хүн барилдаан эхлэхэд доогуур мөргөж ороод мавашины барьц авдаг. Тэр нь байхгүй. Хамаг хүчээ гаргаад урагшаа дайрдаг, тэр нь бас ажиглагдаагүй. Тэр шөнөө бараг унтаж чадаагүй байх. Түүнээс Гойдог бол ер нь давдаг. Найм барилдахад гурав л унасан. Тэрхүү сэтгэл зүй Хакухо аваргатай барилдахад ч нөлөөлсөн. Ес дэх өдрийн барилдаанд байна уу даа, их аваргыг өвдөглүүлсэн хүн чинь нэмэлт барилдаанд уначихаж байгаа юм. Ерөөсөө л сэтгэл зүй шүү дээ.

-Шинэхэн озэкиг цаашдаа ёкозүна буюу аварга цолонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-Өө, итгэл дүүрэн байгаа. Бүх л нөхцөл боломж өмнө нь нээлттэй байна шүү дээ. Бэлтгэл сургуулилт сайн хийгээд, өмнөө зорилго тавиад зүтгэхэд аварга цол ойрхон байгаа. Хамгийн гол нь бэртэл гэмтэлгүй байгаасай гэж залбирах минь. Бэртэл гэмтэл авах шиг хэцүү юм байхгүй дээ.

-Харумафүжи Бямбадорж Хару башёд арваннэг давлаа. Түүнийг бас л аварга болно хэмээн манайхан итгэн хүлээж байгаа даа?

-Маш дайчин барилдаантай, оргилж буцалсан халуун сэтгэлтэй, бусдад их тусархуу сайхан залуу даа. Барилдааныг нь надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Саяны башёд арван нэг давлаа. Сүүлийн хэдэн башёгийн барилдаануудаас гайгүй амжилт үзүүлсэн башё нь энэ болчихов уу даа. Бас жаахан бэртэл байгаа нь ажиглагдсан. Намайг барилдаж байх үед Харумафүжи хөлөндөө бэртэлтэй байсан. Гэхдээ бэртэл гэмтлийг огт тоодоггүй өвдөж байна гэж нэг ч удаа хэлж үзээгүй, дотоод хүчээ маш сайн бэлддэг тийм өвөрмөц бөх. Өмнөөс нь халширмаар бэлтгэл хийнэ. Би ялна, дийлнэ л гэж үргэлж боддог эрэмгий бөх шүү дээ. Энд бас нэг бөхийн онцлоход манай Баярбат байна. Арав гаруй жил зүтгээд сая жүрёод орлоо. Залуучууддаа их л том үлгэр дуурайлал боллоо. Хоёр өвдгөндөө хоёуланд нь хүнд бэртэлтэй байсан ч тэрээр ялж дийллээ гэж хэлэх байна. Макүшитагаас жүрёо руу ороход маш хэцүү. Хүн бүр л зүтгэж байгаа. Сумочдын хэлдгээр тэнд нэг том хана байдаг. Тэр ханыг нэвтэлж чадах аваас тухайн бөх цаашаагаа явна. Өндөр цолонд хүрнэ.

-З.Дүвчин зааны хүү Лхагвааг дээд зиндаанд ороод ирчих болов уу гэж хүмүүс хүлээж байсан. Гэтэл шуугиулаад гараад ирж чадахгүй л байх шиг?

-Манай Лхагваа аав шигээ уян хатан барилдаантай тун эвгүй бөх. Цаашдаа сайн барилдах байх аа. Санасандаа хүртэл, чинээндээ тултал хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй байна уу даа гэж бодогддог. Гол нь дотоод сэтгэл зүйгээрээ л бусдыг ялж байх ёстой. Тэгж гэмээнэ санасандаа хүрнэ. Хэдий хөнгөн жинтэй ч өөрийгөө ирлэж, хурцалж бүрэн дайчилж, хамаг хүчээ шавхаж барилддаг бөхчүүд байна. Тухайлбал, Харумафүжи озэки байна. Лхагвааг Харумафүжи озэки шиг гараад ирэхийг үгүйсгэх аргагүй.

-Сумод нэгэн өдөр хамт орж байсан Хакухо аваргын тухай ярихгүй юу. Мань хүнд дахиад хэдэн түрүү байна вэ?

-Одоо таван жил лав сайн барилдах байх. Сая 22 дахь түрүүгээ хүртлээ. Сумогийн түүхэнд нэгэн шинэ амжилт тогтооход байг гэх газаргүй. Гэхдээ шинэ амжилт тогтоох, өмнөх аваргуудын түүхэн амжилтыг эвдэх гэдэг хэцүү юм билээ. Хоёр жилийн өмнө аварга нэг ч унаагүй 61 даваатай байж байгаад 62 дахь өдрөө Кэсинасатод унасан. Сумогийн түүхэнд одоогоор нэг ч унаагүй 69 даваатай аварга бий. Түүнийг япончууд бурхан шиг сайхан хүн гэж хүндэтгэдэг. Хакухо Кэсинасатод уначихаад хэлж байсан. “Бурхныг давна гэдэг амаргүй юм байна. Ер нь бурхныг давж болдоггүй юм байна” гэж байсан. Энэ нь 69 даваатай бурхан аваргын амжилтыг эвдэнэ гэдэг байж боломгүй зүйл юм байна гэсэн үг л дээ.

-Сумогийн дээд зиндаанд хүч үзэж байсан бөхийн хувьд асуухад, хамгийн эвгүй барилдаантай сумоч гэвэл хэнийг нэрлэх үү. Баруто эвгүй дээ. Түүнтэй та барилдаж байсан нь мэдээж?

-Барутотой анх хүч үзэхэд нэг их том хана мөргөж байгаа юм шиг санагдаж билээ. Үнэхээр аварга биетэй, хүчтэй бөх. Мавашины барьцыг бүтэн атгана гэж байдаггүй. Зузаан болохоор атгах боломж байдаггүй. Харин Баруто бол миний мавашиг хоёр, гурав давхарлаад атгачихаж байгаа юм. Тийм том гартай. Намайг бол ганц хүчтэй өргөөд л дэвжээнээс гаргах жишээний. Дээд зиндаанд хүч үзэхдээ яг барилдаан дээр аварга арслангуудтай таараагүй. Бэлтгэл дээр таарч байсан. Тэдэнтэй хамт бэлтгэл хийнэ. Том цолтой бөхчүүдийн дэвжээнд очиж бэлтгэл хийдэг байв. Харумафүжигийн дэвжээнд очоод бэлтгэл хийгээд гэртээ ирэхэд хамаг бие шалбарчихсан байдагсан. Хакухо аваргын дэвжээнд очиж  бэлтгэл хийгээд ирэхэд бие зүв зүгээр. Ямар ч шалбархай байхгүй. Ямар сайндаа манай эхнэр “Чи Даваагийн дэвжээнд очихдоо бэлтгэл хийдэг юм уу, үгүй юм уу. Зүв зүгээр л орж ирэх юм” гэж асууж байхав дээ. Аварга бол бэлтгэлийг зөөлөн хийдэг. Д.Бямбадорж бол тухайн бөхийн уурыг хүргээд, хана руу мөргүүлээд, савуулаад, алгадаад баллана шүү дээ. Уур чинь хүрэхгүй байна уу, уйлахгүй байна уу гээд л үзэж тардаг.

-Сумогоос гарсан тухайг чинь сонирхох гэсэн юм. Тухайн үедээ бөөн шуугиан болж байсан. Ер нь яагаад гарсан юм бэ. Найраанд орсон гэдэг чинь үнэн юм уу?

-Найраа хийдэг нь мессежээр батлагдсан гэх яриа гарсан шүү дээ. Тэр бол биднээс ямар ч хамаагүй асуудал. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 оны долдугаар сарын башёгийн үеэр озэки Котомицүки гэсэн бөхчүүд мөрийтэй тоглоомын хэрэгт орсныг манайхан мэдэж байгаа. Якуза буюу мафийнхантай холбогдоод, мөрийтэй тоглоод баригдсан. Тэд бол дандаа япон бөхчүүд байсан. Цагдаа нар барьж хориод утаснуудыг нь хураагаад шалгасан юм билээ. Тэгэхэд Касуганишики гэсэн бөхийн утаснаас “Тэр бөхтэй тэгж барилдана шүү. Түүнд даваа өгнө шүү” гэсэн утга бүхий мессеж илэрсэн байдаг. Ингэж л тэр асуудал эхэлсэн шүү дээ. Их аваргаас авахуулаад жүрёо зиндаанд хүч сорьдог бөх бөхчүүдээс “Даваа наймаалцдаг асуудал бий юу. Та хэд тийм мессеж бичдэг үү” гэх зэргээр асуусан. Тийм зүйл байхгүй юм чинь “Үгүй ээ, мэдэхгүй” л гэж хэлсэн. Гэтэл найраа хийдэг мессежид холбоотой гэсэн арван хэдэн бөхийн нэр дотор миний нэр байсан л даа. Үүнийг би шахалт дарамт л гэж хэлэхээр байна. Түүнээс найраа хийсэн зүйл огт байхгүй. Би ямар ч бөх рүү тийм мессеж бичиж байгаагүй. Хэрвээ тийм зүйл байгаа бол та бүхэн баримтаар нотлооч гэж Сумогийн холбоонд хэлж байсан.

-Хүлээж аваагүй юу?

-Огт хүлээж аваагүй. Бүгд доошоо хараад л. Юу ч асууж лавлаагүй. Гурав хоногийн дараа өөрийн хүсэлтээр өргөдлөө өгнө үү гэсэн. Өргөдлөө өгөхийг үндсэндээ шаардсан. Гурав хоногийн хугацаанд хүн чинь юм, юм л боддог юм билээ. Шүүхэд ханддаг ч юм билүү гэж үзсэн. Хэрвээ шүүхэд хандвал бидэнд Сумогийн холбоо мөнгө өгөхгүй. Сумогийн дэвжээнд үзүүлсэн амжилтыг нь үнэлж тухайн бөх зодог тайлахад Сумогийн холбоо мөнгө өгдөг. Багагүй хэмжээний мөнгө л дөө. Хэний ч гэсэн амьдралд мөнгө хэрэгтэй нь ойлгомжтой. Түүнийгээ бодсон ч, мөн Сумогийн холбоотой шүүхдэлцээд дийлж байсан тохиолдол өмнө нь байгаагүйг бодсон ч өргөдлөө өгөх нь дээр юм байна гэдгээ ойлгосон. Гэхдээ би өргөдлөө өгөөгүй. Дэвжээнийхээ багшид дуулгаад багш цааш нь дамжуулсан. Сумог орхисон минь ийм учиртай. Дарамт шахалтад л орсон. Өөр юм байхгүй. Сумод хүч үзэж буй бөхчүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байдаг. Үе, үе Японд очно. Хакухо аваргатай уулзана. Хоолонд орно. Залуу насныхаа арван жилийг тэнд үдсэн болохоор сумогийн ертөнц сэтгэлд ойрхон байдаг шүү.

-Монголдоо ирээд юу хийж байна. Үндэсний бөхөөр барилдах бодол байна уу?

-”Аварга” дээд сургуульд Б.Адъяахүү начны удирдлагад бэлтгэл хийж эхлээд байгаа. Үндэсний бөхийн хэрэглэл болох зодог, шуудаг, монгол гутлаа бэлдчихсэн. Өнөө жил сумын наадамд зодоглоно доо. Тэгээд дараа нь аймгийн наадамд хүч үзнэ. Багаас эхлэх нь дээр байх аа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА


URL:

Сэтгэгдэл бичих