ТӨР минь “ХИШИГ”-ээ ХАЙРЛА
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
\жижиг хэрнээ том асуудлууд\
…Хэн нэгэнд зүгээр л мөнгө өгвөл эхэндээ гайхаж баярлана. Дахиад өгвөл талархаж баярлана. Үргэлжлүүлээд өгвөл дасч эхэлнэ. Байнга өгөөд байвал чамлаж эхэлнэ. Огт өгөхөө байчихвал уурлана.
Хэн нэгний амьдралд элдэв асуудал тулгарах үед ээж аав нь байнга тусалж дэмжин, өрөвдөж хайрлаад , өмнөөс нь элдэв асуудлуудыг нь шийдээд байвал оюун санаа нь энэ байдалд дасч “залхуурал” -д автан амьдралд идэвхгүй хандаж эхэлдэг. Өмнөө тулгарах элдэв асуудлыг өөрийн толгойгоор бодож шийдэхийн оронд, хэн нэгэн зөвлөж туслан өмнөөс нь шийдвэр гарган асуудлыг шийдэхийг хүлээнэ. Ингэхгүй бол хэн нэгэнд гомдож тунин, өөрийгөө өрөвдүүлэхийн тулд хийж болох муу бүхнийг л хийж эхлэх. Архи ууж согтон, агсам тавин шогтоно. “Би
ядарсан дорой арчаагүй хүн, та нар намайг өрөвдөж хайрласангүй” хэмээн асгартал уйлж, арав таван төгрөг салгаж дөнгөнө. Мөнгө өгөхгүй бол элдэв аргаар залилан хийж нэр хүндээ “шаварт хутгаж” орхих. Яван явсаар энэ байдалдаа өөрөө ч дасч “нээрээ ч би арчаагүй дорой хүн” хэмээн өөрөө өөрийгөө өрөвдөх авч хайрлахгүй. Эцэст нь уураг тархи нь хатангиширч, “амьдрал ямар ч утгагүй” мэт санагдаж эхлэх авай. Өөрөөс нь илүү сайн яваа нэгнийг харах бүртээ хорсон бухимдаж, “унаж доройтон над шиг болоосой” хэмээн атгаг сэтгэлдээ тэчьяадан
гаслана.
Хэн нэгний амьдралд элдэв асуудал тулгарах нь олонтой. Ихэвчлэн мөнгө болон санхүүтэй холбоотой асуудлууд зонхилдог. Мөнгө олохын тулд ажил хийхэд эхэндээ амаргүй. Өглөө эрт босохоос авахуулаад, дарга нар болон хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ учраа олон зохицож ажиллах хэрэгтэй болно. Хамгийн гол нь хийх ёстой ажлаа хийж дадлагажин бусдын өмнө “нүүр улайн” зогсохгүй байхын тулд хичээнэ. Нуруу өвдөж, гар чилж, нүүр хорсож байвч өмнөөс нь хийгээд өгөх хэн ч үгүй болохоор гүрийхээс өөр аргагүй. Аажим аажмаар энэ байдалдаа
дасч авч буй цалингаа гар дээрээ авч тоолж, тооцон зарцуулж байхдаа урам орно. “Би чадаж байна шүү дээ” гэсэн хөөрүү бодол аажим аажмаар бахархал болон хувирдаг. Ажил хийж байгаа хүн улам улмаар дадлагажин туршлагажиж, энэ хэрээрээ бүтээмж өндөртэй болон, авч буй цалин хөлсөө ч нэмэгдүүлж чадна. Ажил хийнэ гэдэг, хүний далд байгаа олон чадваруудыг нээж, аажим аажмаар өөртөө итгэлтэй болгон хувиргадаг. Бас маш олон боломжуудыг олж харах билгийн нүдийг ч нээнэ.
Хүмүүс өөр өөрсдийн боломжоор амьдрах боловч “ХЭНЭЭС Ч ХАМААРАЛГҮЙ” өөрийнхөөрөө амьдрах гэдэг л аз жаргалын эхлэлийг авчирдаг. Амьдралын хэрэгцээгээ хэнгэхын тулд хүн болгон л ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлнэ. Ажил хөдөлмөр эрхлээд авч буй цалин хөлс нь амьдралд нь хүрэлцэж, хийж буй ажилдаа дуртай болохдоо хүмүүс сэтгэл тайван, бухимдалгүй амьдарч чаддаг. Эхэндээ өөрийнхөө төлөө зүтгэх боловч, аажимдаа бусдад тус болохыг хичээнэ. Өөрийн хэрэгцээндээ сэтгэл ханасан зарим нь олон нийт болон улс орныхоо төлөө санаа тавьж,
өөрийн чадах зүйлээрээ нэмэр болохыг зорьдог. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг хэлцийг ихэнх хүн эхнэр болон нөхөртэй болохтой холбож ойлгох нь бий. Өргөн утгаар нь харвал “Амьдралаа авч ухаан” гэлтэй. Амьдралаа авч явах ухаан болон туршлагыг хэн ч, бусдаас зүгээр л мөнгө авч суугаад олж авдаггүй юм. Амьдралд байгаа асар олон боломжуудаас өөрийн чадах зүйлээ сонгон авч уйгагүй хөдөлмөрлөж, шантралгүй зүтгэж, шаналж, зовж байж олж авдаг юм. Харин ийм боломжуудыг олгох үүргийг ТӨР олгодог юм шүү дээ.
ХАЛАМЖТАЙ ТӨР
Монгол оронд ардчилал ялснаас хойшхи 20 гаруй жилд муудалцахдаа салж, сайдалцахдаа эвсэн байж Төрийн эрхийг барьсан МАНАН-гууд сүүлийн 12 жилд нь ард олонд амлалт өгч бэлэн мөнгө тараан халамжлахыг оролдож буй. Гэхдээ тэд, ард олондоо учиргүй хайртайдаа бус, сонгуульд санал авахын тулд иймэрхүү дуудлага худалдаа маягийн зүйл сэдэн зохион байгуулав даа. “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг шиг “алаагүй баавгайн арьсыг хуваахаар “санаархсан санаархал нь бүтэхгүй болмогц “оргүйд орвол охинтой” байг хэмээн бага сага “ХИШИГ”
хайрлаж эхлэв.
-Иргэдэд сар болгон тарааж буй 21 ООО төгрөг.
Нийтээр нь хавтгайруулан тарааж буй энэ мөнгө амьдралын хэрэгцээг хангахад “аманд ч үгүй, хамарт ч үгүй” боловч тараах гэж хүмүүсийн уур бухимдлыг барж буй. Зарим хүмүүс “энэ мөнгө хэрэг болох хүндээ хэрэг болж л байгаа” гэж учирлах авч нэг хэсэгт нь нэгэн үдшийн цэнгээнд нэмэр болох төдий. Ихэнх хүмүүс “энэ бол буруу зүйл” гэж бодовч “нэгэнт л нийтээрээ авч байгаа болохоор авч л байя” гэж зөвтгөнө. Ямартай ч тарааж буй энэ мөнгөнд нийтээрээ дасал болов бололтой.
-Оюутнуудад сар болгон өгч буй 70 000 төгрөг.
Сурах зорилгыг эрхэм болгох аваас энэ залуу насандаа саад бэрхшээл бүхнийг давж, их зорилгын төлөө амьдралд тохиолдож болох бэрхшээл бүхнийг давж сурах ёстой Монголын залуус минь ийнхүү төрийн халамжийг хүртэж эхлэв бололтой. Сургуулиуд чанартай байх тусмаа үнэтэй байж, үнэтэй байх тусмаа өөрийгөө илүү ихээр дайчилж, амьдрал дунд байгаа олон боломжуудыг эрж хайж, судалж байж төлбрөө төлж сурдаг нь өндөр хөгжилтэй орнуудын туршлага. Харин 70 жилийн туршлагатай МУИС, 7 жилийн өмнө байгуулагдсан хувийн хэвшлийн сургуулиуд
адил түвшинд үнэлэгдэж байгаа болохоор Монголын оюутан залуус минь нэг их бэрхшээл үзэхгүй бололтой. Сайн муу алин болохыг цаг хугацаа харуулах буйз.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба өндөр настангуудад олгох гэж буй 1 сая төгрөг.
Олгож эхлээгүй боловч олгох сураг гарч буй энэ халамж нь хүмүүст их хүлээлтийг авчирч буй бололтой. Нийгмийн халамжийн сангаас авч буй тэтгэвэр, группын мөнгө нь амьдралд хүрэлцдэггүй болохоор тэд ийнхүү хүлээж буй хэрэг. Улсад хичнээн жил ажиллаж, бас хичнээн жил татвар төлсөн хэрнээ насны эцэст дутуу дулимагхан, сэтгэл санаа гундуухан амьдарч байгаа тэдэнд энэ мөнгө хэрэгтэй. Яг үнэндээ тэдний авч хүртэх ёстой мөнгөний дэргэд энэ мөнгө өчүүхэн боловч “оргүйд орвол…” хэмээн тэд хүлээж байгаа. Харин өгөх эсэх дээрээ
тулахад яахыг тэнгэр л мэдэх хэрэг.
-Нийт иргэдэд олгохоор амалж буй “Эх орны хишиг” нэртэй хувьцаа.
Оюутолгой, Тавантолгой зэрэг байгалийн ашигт малтмалын ордоос орох ашгаас нийт олонд хүртээхээр амалж буй хувьцаа. Үүний тулд “Иргэдийн шинэчилсэн бүртгэл” -ийг хийж “ухаалаг цахим үнэмлэх” гээчийг олгох юм гэсэн. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Баттулга саяхан ” энэ бүхэн худлаа заль мэх” байсан тухай баримттайгаар нотлон олон нийтийн сонорт хүргэлээ. Хариуд нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ тайлбрыг няцаалгүйгээр “Х.Баттулга нь худлаа ярьж байгаа төдийгүй залилан хийсэн тухай” зөндөө олон баримтуудыг дэлгэн заргалдав. Ямартай ч энэ
хувьцааны асуудал одоо хэр улам улмаар бүдгэрэх янзтай. Манай улстөрчид “тэмээ гэхээр ямаа “гэв гэдгийн үлгэрээр ярьж сэтгэж,”муу дээрээ муу, муухай дээрээ улцан” гэдэг болж байх шив.
Анх сонгуульд олны санал авахын тулд амалж эхэлсэн “1.5 сая төгрөгийг иргэн болгонд бэлнээр олгох” амлалтын биелэлт иймэрхүү. Ардчилал ялснаас хойш монголчууд ганзагын наймаанаас эхэлж, уурхайн нинжа, гадаад дахь “хар ажил” хүртэлх элдэв арга замыг хайж, арга эвээ олж ядан мунгинаж байтал “түүгээр явсан гайг үүгээр дуудсан” нь энэ. Хүн болгон өөрөө л хичээж, арга эвээ олж зүтгэхгүй бол хэн ч тусалж, халамжлахгүй юм гэдгийг ойлгож дор бүрнээ л ажил хийж, алсдаа бизнес болгон өргөжүүлэх санаатай л байгаа. Алдаж оноод ч болов
амьдралын хатуу хууль, энэрэнгүй нийгмийн хатуу жишгийг мэдэрч хичээж байгаа. Ганцаараа зүтгээд амжилтад хүрэхгүй гэдгийг ойлгож ах дүүс, анд нөхөд нэгдэн бага багаар ахиж л байгаа. Тэр тусмаа гадаадын олон оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд, өөрсдийн зардал болон хичээл зүтгэлээр үүнийг маш сайн ойлгоцгоосон.
Гэтэл ” зүгээр л сууж бай, бид мөнгө тарааж амар сайхнаар жаргаах болно” гэж амлахаар “хүний юм үнэгүй юманд нугасгүй дуртай” олон хүний магнай нь тэнийн хүлээж эхэлжээ. Өдгөө харах юм бол Монголын нийгэм даяар ХҮЛЭЭЛТ үүсчээ. Хэн энд буруутай вэ?
Халамжаас татгалзацгаая
Монголчууд бид МӨХЬЕ гэвэл бэлэн мөнгө тараахыг хүлээж, ХӨГЖЬЕ гэвэл ажиллацгаах сонголт дээр ирж байна. Уул уурхайгаас орж ирж байгаа их наяд мөнгөнүүдээс “аманд ч үгүй хамарт ч үгүй” тарааж байхаар хурдан хугацаанд шийдэж болох олон асуудлууд байгаа.
Иргэн болгонд тарааж байгаа болон тараах гэж гэж байгаа мөнгөнүүдээ нэгэн санд төвлөрүүлэн, олон нийтийн хяналт дор зарцуулан шийдэж болох зүйлүүд:
1. Энэ мөнгөнүүдээр Орон сууцны цогцолбруудыг барьж иргэддээ хямд үнээр орон сууцаар хангах боломж байна. Гэхдээ жил болгон тодорхой төлөвлөлт болон ээлж дараагаар.
2. Энэ мөнгөнүүдээр Эмчилгээ оношлогооны орчин үеийн төвүүдийг байгуулж болж байна. Гэхдээ энд ажиллах эмч, сувилагч, мэргэжилтнүүдийг хамтад нь бэлтгэх шаардлагатай.
3. Энэ мөнгөнүүдээр Дэлхийн жишигт хүрсэн хэд хэдэн сургуулиудыг байгуулж болно. Гэхдээ энд ажиллах удирдлага, багш, мэргэжилтнүүдийг хамтад нь бэлтгэх шаардлагатай.
Гэхдээ энэ нь Улсын төсөвт огт хамааралгүйгээр, хүмүүст олгох мөнгөөр хийгдэж болох юм. Хэрэв ингэж чадвал бид Улаанбаатар хотын утааг багасгаж чадна. Өвчтэй нэгнээ онош тодруулах гэж Хөх хот, Бээжин, Сөүл рүү өндөр зардлаар явахаа болино. Хүүхдүүдээ мундаг боловсролтой болгох гэж аль нэг орны ЭСЯ ны гадаа виз хүлээн түгшиж зогсохгүй болно. Яахав дээ Төр Засаг нь хийх зүйлээ хийж л байг л дээ. Бид тэдний амалсан мөнгөөр заавал Төр засгийг харж суулгүйгээр өөрсдийн хүсч байгаа асуудлаа шийдэж болно. Харин үүний тулд
өөрсдөө бэлэн мөнгөний халамжаас татгалзаж, итгэлт хүмүүсээ өөрсдөө сонгон санг удирдуулан өөрсдөө хяналт тавьж болно.
Ийм санааг санал болгохоор “өө тэр бүтэхгүй л дээ” гэж хэлэх гэж байгааг тань мэдэж байна. Хэрэв хүсэхгүй, бүтэхгүй бол ядаж бусдаас хамааралгүйгээр өөрөө амьдралаа авч явж сурах хэрэгтэй дээ. Улсаас өгөх мөнгийг хүлээгээд суувал та ч нэгэн цагт ХЭН Ч БИШ болно. Үгүй гэж үү? Хэрэв өнөөгийн Монголын улстөрчдийн хоосон амлалтад итгэсээр байх аваас утаатай Улаанбаатар, бухимдсан сэтгэл, хараал зүхэл, хорслоос салахгүй л болов уу? Харин энэ жилийн УИХ болон орон нутгийн сонгуульд ямар сонголт хийхээс бидний цаашдын боломжууд
хамаарх болно. Тэгэхээр бидний өмнө олон сонголтууд ирж байна.
Аливаа улс орны хөгжил иргэн бүрийн хөгжлөөс эхэлдэг. “Иргэн баян бол улс баян” гэдэг. Иргэд нь баян байхын тулд өөрсдийн боломж чадлаар хичээн ажиллах хэрэгтэй болдог. “Ажил хийвэл ам тосдоно” гэж бидний өвөг дээдэс зүгээр ч нэг хэлээгүй. Нэгэн цагт монголчууд “ТӨРИЙН МИНЬ СҮЛД ИВЭЭГ” хэмээн сүслэн залбирдаг байсан сан. Харин өдгөө цагт “ТӨР МИНЬ ХИШГЭЭ ХАЙРЛА” хэмээн хүлээж суудаг болох вий дээ. Тэр цагаас л Монголчууд бид мөхөж мэдэх юм.
e-mail: gala_mn@yahoo.com
2012-03-28
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ventre affame n’a point d’oreilles.
Il ne faut pas deshabiller Pierre pour habiller Paul.