МАХН дахин төрлөө

Н.Энхбаяр, МАХН хоёр их улс төрд эргэж ирэв

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд МАХН-ын Онц их хурал болж Монголын улс төрийн 18 дахь нам мэндэллээ. Энэ нь дахин төрсөн МАХН бөгөөд тэргүүн нь хуучин МАХН-ын экс дарга Н.Энхбаяр болсон нь улам сонирхол татаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиас хойш хоёр жил арай хүрэхгүй хугацаанд их улс төрөөс түр хөндийрсөн Н.Энхбаяр, хоёр сар гаруй хугацаанд намын данснаас хасагдсан МАХН хоёр ийнхүү том улс төрд дахин хөл тавив. Н.Энхбаяр, МАХН хоёр дахин гарч ирэх вий хэмээн багагүй эмзэглэж, залуучуудаа жагсаал цуглаанд босгож сүржигнэсэн МАН-ын удирдлагад энэ үйл явдал чухам дуэльд дуудсанаас ялгаагүй байдал үүсгэв бололтой. МАХН-ыг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээс авахуулаад цааш цаашдын үйл явцын өрнөлд нь тавих “хавх”-аа МАН-ын дарга нар зэхээд эхэлсэн гэдэг нь ч тодорхой.

Хэдий МАН-ын зүгээс залуучуудын жагсаал цуглаан өрнүүлж, Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын муухайг дуудан, намынхаа эв нэгдлийг сахихыг зөвлөсөн захидлыг МАН-ын даргад илгээсэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нарыг элдвээр хэлэн Төрийн ордны гадна бөмбөр нүдүүлж, улаан хамгаалагч маягийн үйлдэл хийгээд ч МАХН байгуулах үйл явцыг хориглож дөнгөөгүйдээ тэд юм бодож л сууж таарна.

МАХН-ын Онц хуралд ирэх хүн байх болов уу гэсэн сонжооны хариу болгож 1080 хүнийг төлөөлөгчөөр урьснаас 900 шахам нь ирж хоёр өдөр чууллаа. Хамгийн олон, бас хамгийн залуу төлөөлөгчид Хөвсгөл аймгаас иржээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс бас олуулаа байлаа. Хоёрхон төлөөлөгчтэй аймаг байсан ч “Олуулаа болно оо, хө” хэмээн Н.Энхбаяр дарга зоригжуулав.

“АСА” циркт болсон МАХН-ын Онц их хурлын үеэр МАН-ынхан яаж зүгээр суухав, хэдэн “бөмбөг” дэлбэлээд амжсан. Төлөөлөгчдийн суудлын баруун, зүүн жигүүрээс, циркийн байрны гадна талаас, сүүлд нь тэргүүлэгчдийн индрээс “бөмбөг” тэслэв. Өнгөрсөн пүрэв гаригт болсон эхний өдрийн хуралдааны үеэр МОХ-ны төлөөлөгч гэх Д.Батчулуун, Ш.Батсайхан нар баруун, зүүн жигүүрээс босч ирэн “МАХН-ын Бага хурлын гишүүн Н.Энхбаяр энд юу хийж явна. Та МАН-аас гарсан уу, үгүй юү” гэж “үймүүлж” байгаад хөөгдөн гарч, тэр даруй хэвлэлийн бага хурал хийлгэн “МАХН-ын Онц их хурал их онцгүй хурал болж байна” хэмээн мэдэгдэцгээсэн. Мөн өдрийн орой Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинжийг “Улсын дээд шүүхэд 500 мянган төгрөгийн хахууль өгч байж МАН-ыг бүртгүүлсэн гэж хэллээ” хэмээн Улсын мөрдөн байцаах газрынхан баривчилж Ганц худагт хорив.

Баасан гаригт таван залуу ирж циркийн байрны гадуур баахан үймүүлээд явсан бол орой нь МАХН-ын Онц их хурлын тэргүүлэгчдийн ширээнд заларсан хамгийн залуу гишүүн болох Орхон аймгийн төлөөлөгч Ц.Алтаншагай тас хийтэл бөмбөг “дэлбэлж” орхиод хурал хаян гарч одсон юм. Хоёр өдөр хурал удирдалцсан Ц.Алтаншагай МАХН-ын даргад судлаач С.Молор-Эрдэнийн нэрийг дэвшүүлсэн ч С.Молор-Эрдэнэ “Надаас илүү туршлагатай, гадаад, дотоодод нэр хүндтэй хүн МАХН-ыг даргалах нь өнөөгийн нөхцөлд илүү тохиромжтой байна” хэмээн нэрээ татсан нь Ц.Алтаншагайд хурал орхих шалтгаан болжээ. Ц.Алтаншагай “МАХН миний урмыг хугаллаа. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар С.Молор-Эрдэнийг цааш дагуулж ороод зөндөө удаан алга болсон. Тэнд тэд С.Молор-Эрдэнийг дарамталсэн гэж бодож байна. Шинэ нам болно гээд байгаа атлаа шинэ хүнийг удирдлагадаа гаргахгүй хуучин хүнийг сонгож байгаа нь залуу хүний сэтгэлд нийцэхгүй байна. Би МАХН-ын түр штабыг анхнаас нь дэмжсэн. Цаашдаа ч МАХН-д байх болно. Гэхдээ өнөөдөр залуу хүн миний сэтгэл алдарч, итгэл найдвараа энэ танхимд үлдээгээд гарлаа. Манай Орхон аймгийн төлөөлөгчдийг хуралд оруулахгүй элдэв шалтаг гаргаж байсан нь цаанаа учиртай байж” хэмээн танхимаас гарахад араас нь хурлын тэргүүлэгч З.Баянсэлэнгэ нар гарч ирэн “Энэ анхнаасаа түр штабыг дэмжсэн гэдэг худлаа” гэхчлэн маргаан дэгдээсэн юм. Ц.Алтаншагайг гадагш гарахад мөнөөх өдөр үймүүлж байсан таван залуу машиндаа суулган авч явснаас үүдэн “Ц.Алтаншагай У.Хүрэлсүхийн хүн байсан байна” гэсэн яриа циркийн танхимд хэсэгтээ өрнөлөө. Үүнээс болоод сөрөгдүү үг хэлсэн төлөөлөгчдийг “Чи У.Хүрэлсүхийн хүн үү, МАН-ын батлах авсан нөхөр байна л даа” гэхчлэн хардах, энгэртээ улаан сарнайгүй хүмүүсийг сэрдэх, сэтгүүлчдийг “хаанахын хэн, хэний захиалгаар юу хийх гэж явна” хэмээн өдөж хоргоох үйлдлийг зохион байгуулагч залуус  хийцгээв. Иймэрхүү бужигнаан дунд МАХН дахин мэндэлж, Н.Энхбаяр эргэж сэргэсэн МАХН-ын дарга болов.

Дарга нарын бүрэлдэхүүн

МАХН-ын Онц их хурлаар намын даргаар Н.Энхбаярыг сонгосон бол Бага чуулганы хуралдаанаар дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Удвал нарыг сонгов. Тэд бол МАХН-ын даргын өрсөлдөөнд үзэлцсэн гурав юм. Тэд намын даргын өрсөлдөөнд төлөөлөгчдөөс авсан онооныхоо дэс дараагаар энэ гурван албан тушаалд очих шиг болсон. Анхлан намын даргад тэргүүлэгчдийн зүгээс Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нарын, танхимаас Н.Удвал, С.Молор-Эрдэнэ нарын нэрийг дэвшүүлсэн ч С.Молор-Эрдэнэ нэрээ татаж, түүнээс үүдэн бужигнаан гарсныг дээр дурдсан.

Харин МАХН-ын нарийн бичгийн даргаар С.Молор-Эрдэнэ, Ю.Атар, Д.Өрнөхбаяр, Л.Цог нарыг сонгов. Эхний гурав бол аль өнгөрсөн намар “Ухрах уу, урагшлах уу” хэлэлцүүлгээс эхлээд МАХН-ын төлөө явсан хүмүүс. Харин МАХН-ын ахмад гишүүдийн нэг, хожим 1992 онд К.Зардыхан нарын хамт МАХН-аас өрх тусгаарлаж МСМН байгуулан, улмаар Монголын үндэсний Ардчилсан намд нэгдсэн, тэндээсээ гарч ИЗН, ҮШН-аар дамжсан, өдгөө тэмцэгч болсон Логийн Цог шинэ МАХН-ын нарийн бичгийн дарга болсон нь сонин хэрэг болов. Үүний дараа Гүйцэтгэх товчоог таван хүнтэй байгуулахад З.Баянсэлэнгэ, Б.Бямбасүрэн, Т.Батдэлгэр, Б.Доёд нарын түр штабын зүтгэлтнүүд сонгогдож, ардчиллын анхдагчдын нэг, тухайн үедээ МАХН-ын эсрэг мятаршгүй тэмцэгч байснаа хожим ардчиллын нөхдөө  эсэргүүцэгч болсон Чимидийн Энхээ өөрөө өөрийнхөө нэрийг танхимаас дэвшүүлэн байж тэдний нэгийн тоонд багтав. Бас Хяналт, ёс зүйн хороотой боллоо.

Бага чуулган буюу Бага хурлын гишүүн болохын төлөө төлөөлөгчдийн дунд сүрхий өрсөлдөөн үүсэв. Анх 109 хүний нэр дэвшүүлсэн ч 150, бүр 300 гишүүнтэй байх тухай санал гарч, нэмж нэр дэвшүүлсээр эхний ээлжинд 149 хүнийг баталгаажууллаа. Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр тун нээлттэй, ардчилалтай хандсан юм.

Тэнгэр, газар, агаар

МАХН-ынхан МАН-тай бараг андуурагдам бэлгэдэлтэй боллоо. МАН-ынхан Францын төрийн далбаатай эгээ л төстэй улаан, цагаан, хөх өнгө хослуулж голдоо соёмботой сарнай шигтгэсэн туг зэхэж авсан бол МАХН-ынх түүнээс ганц ногоон өнгөөр зөрөх, голдоо хос загастай сарнай бүхий тугийг баталж бэлгэдлээ болгов. Гэхдээ туг нь босоо хийцтэй байх ёстой гэнэ. Хөх нь тэнгэр, цагаан нь агаар, ногоон нь газрыг бэлгэдсэн босоо Монголын туг гэж түүнийг тайлбарлана лээ. Төлөөлөгчид сарнайн оронд үхэшгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцэг, морьтой хүн зэргийг дүрсэлье гэсэн янз янзын санал дэвшүүлсэн ч энэ хувилбар дээр үлдсэн юм. Намын тунхаг бичиг, дүрэм, мөрийн хөтөлбөрт төлөөлөгчдөөс ирүүлсэн саналыг тусган оруулахаар болж үндсэн зарчмыг нь мөн баталцгаалаа.  Мөн “Шинэ нам”, “Шинэ төр”, “Шинэ хүн” гэсэн үндсэн гурван илтгэлээ сайшаан тогтоол гаргацгаав.

Шинэ нам уу, шинэчилсэн нам уу?

МАХН гэдэг шинэ нам төрөөд байна уу, МАН-д гологдсон МАХН гэдэг намыг шинэчилж бүрдүүлэх гээд байна уу гэсэн асуултад хариу олох гэж  ихэнх төлөөлөгч хоёр хоногийн турш толгойгоо гашилгав. Сүүлдээ олигархиудаас салж шударга ёсны төлөө тэмцэх уриатай шинэ намыг өмнөх МАХН-ын буурин дээр төрүүлж буйгаа ухаарцгаав. Ямар ч гэсэн төлөөлөгчид цээжний цаана хураад байсан үгээ цаг хязгааргүй хэлж санаагаа амраах шиг болсон. УИХ, Хамтарсан Засгийн газрыг зандарцгааж, бүр 1990 оноос өмнөх социализмаа мөрөөдөж, хамаг үйлдвэрийг устгасан хэмээн ардчилсан хувьсгалыг муушаацгааж, 1974 онд нохойн ялгадсад живээд байсан Нью-Йорк хотыг хоёрхон жилийн дотор хэрхэн цэвэр цэмцгэр болгосон тухай туршлагаас ярьж, чухам л санаанд орсон болгоноо олны өмнө уудлан хужирхайгаа тэнийлгэсэндээ төлөөлөгчид сэтгэл хагалуун үлдлээ. Голдуу өвгөд үг хэлэгсдийг бүрдүүлж байв. Цаг хязгаарлаад ч хүний үг авах биш дээ, тэд. Ямар сайндаа хэлэх үг хязгаараа алдсанаас болж баасан гаригийн орой өндөрлөх ёстой хурал бямба гаригийн өглөөний 08.00-д сая дуусав. Шөнө дөл дөхчихөөд байхад төлөөлөгчид тарах тухай бодох бүү хэл, хэвлэлийнхэн болоод нялх нойтон хүүхдээ дагуулсан циркийн ажилчдыг гаргахгүй хэмээн үүд хаалгыг дангинатал түгжин түлхүүр авч зугтаалган 23.00 цаг дөхтөл “хорьж” торгов.

Н.Энхбаяр дарга сэтгүүлчдэд ярилцлага өгсөнгүй. “Даваа гаригт хэвлэлийн бага хурал хийлгэнэ” хэмээн дам хүнээр хэлүүлээд таг болов. Бямба гаригийн үүрээр л “МАХН нэрийг авахад саадгүй юм билээ шүү. МАН-ынхан зүгээр жүжиг тоглосон байна” гэсэн үг унагажээ. Ийнхүү Монголын улс төрийн ертөнц төр, засгийн өөдөөс хатуухан үг дуугараад  байж мэдэх нэг шинэ бүлтэй боллоо. Сөрөг хүчингүй болсон өнөө цаг дор хуучинсаг л гэхээс биш шүүмж хэлээд байх нам төрсөн нь аятай хэрэг биш гэж үү дээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих