ТҮЦ-ИЙН ДҮРЭМ БА ТӨӨРӨЛДСӨН ХУВЬЦАА

Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Грэйм Хэнкок “Монголын парламент Үнэт цаасны тухай хуулийг ойрын хугацаанд баталж чадахгүй бол IPO хийх ажил урагшлахгүй” гэж мэдэгдлээ. “Reuters”-ийн энэ мэдээ монголчуудад тохиосон боломжийг хууль эрх зүйн орчин нь хааж байна гэж дэлхий нийтэд зарлаж орхив.

Дүрэм нь тодорхой бус байтал “хил даван” алхаж, IPO-гоо хаана хийх тухай ярьж эхэлсэн нь гаднын биржийнхнийг гайхашруулсан байж болох талтай. Иргэддээ Тавантолгойн хувьцааг эзэмшүүлнэ гэж бид сүр дуулиантайхан зарлаад Хонконгийн хөрөнгийн биржийнхнийг үргээсэн сураг ч бий. Гэхдээ өөр нэг шалтгаан нь тус биржийн IPO хийх шаардлагад “Эрдэнэс Тавантолгой” компани эрх зүйн хувьд нийцэхгүй байгаа явдал юм.

Учир нь Хонконгийн хөрөнгийн биржийн хүлээн зөвшөөрдөггүй хуультай орнуудын тоонд Монгол багтаж буй. Тиймдээ ч манай компани тэнд хувьцаагаа арилжих гарцгүй болж мухардахад хүрчээ. Тус биржид Монголын уул уурхайн хоёр компанийн хувьцааг арилжиж байгаа гэдэг ч манай хуулийн дагуу байгуулаагүй юм билээ. Харин Үнэт цаасны тухай хуулиа шинэчилбэл асуудлыг нааштайгаар эргүүлж болно гэж тэндээс үг дайж байгаа.

Уул уурхайн компанийн хувьцаа илүүтэй арилждаг, бас Хятад руу орох хаалга гэгддэг, англи стандарттай Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах боломжийг бид алдах учиргүй баймаар. Харин Монголын хууль бирж үүдийн шалгуурт дэнжигнэж байх зуур Тавантолгойн хувьцааны үнэ цэнэ яах бол. Энэ нь зөвхөн аль нэг биржийг тойрсон зүйл төдий биш, Монголын хөрөнгийн зах зээлийг хааш нь ч хөдөлгөхгүй, хүлээс болж байгааг хууль тогтоогчид мэдмээрсэн.

Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай “Үнэт цаасны тухай хуульд өөрчлөлт оруулж байж Тавантолгойн IPO-г гадаад, дотоодын биржид гаргах эрх зүйн боломж бүрдэнэ” гэж ярьж байсан удаатай. Хүлээсийг хүлээн зөвшөөрч буй мэргэжилтний үг түүгээр хязгаарлагдахгүй. Тус биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд “Хөрөнгийн зах зээлийн шинэчлэлд Үнэт цаасны тухай хууль маш чухал. Хаврын чуулганаар уг хуулийг баталбал томоохон өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн явуулах боломжтой” гэж ярьж байна.

Хөрөнгийн зах зээлд тоглогчдын хариуцлагаас эхлээд шинэ тогтолцооны ухагдахуунуудыг хуульд тусгаж өгөхгүй бол гаднын хөрөнгө оруулагчид манайд орж ирэхгүй, дотоодын аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох боломжгүй гэсэн гомдол дайдгийг ч тэрбээр анхааруулж байлаа. Хамгийн наад зах нь хувьцааг цаасан хэлбэрээр өгөх хоцрогдсон заалт уг хуулийн төсөлд туссан яваа гэсэн. Эдүгээ дэлхий даяар хувьцааг электрон хэлбэрээр бүртгэдэг болчихсон энэ цагт ийм зүйлийг хуульд тусгах нь ичгэвтэр байлтай. Хэрэв энэ хууль батлагдахгүй бол Тавантолгойн IPO ч таг, англичуудын бий болгосон дэлхийн жишигт нийцсэн арилжааны систем ч ажиллахгүй.

ТҮЦ байсан Монголын хөрөнгийн биржийг англичууд супермаркетийн зэрэглэлд авааччихаад байгаа гэсэн. Супермаркет нь ТҮЦ-ийн дүрмээр тоглож болохгүй учраас тэдний суулгасан “Millennium IT” үзмэр төдий үлдэж мэдэх нь. Гэхдээ Үнэт цаасны тухай хуулийг яаравчлан баталж, бэлэн болсон системийг ажилд нь оруулах байх гэсэн найдлага бөхөөгүй л байна. “Үнэт цаасны тухай хуулийг энэ удаагийн чуулганаар шинэчлэн баталж чадахгүй бол намрын чуулган хүртэл хүлээх хэрэгтэй болно. Хэдийгээр тийм гэх баталгаа байхгүй ч энэ удаагийн чуулганаар батлагдана гэж найдаж байгаа” гэж шинжээч, хөрөнгө оруулагчид ярьж, хүлээж суугааг томоохон агентлагууд мэдээлсээр байгаа. Гэхдээ хууль батлагдсан тохиолдолд цаг хугацааг хойш татаж болзошгүй өөр хүчин зүйл нь баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт болоод төмөр зам барих талаарх яриа хэлэлцээ гэж онцолж байгаа юм. Эхлээд дүрэм нь тодорхой болж, дараа нь тоглогчид түүнийг мөрддөг нь зөвхөн хувьцааны зах зээлд хамаатай зүйл биш. Дүрэмгүй газарт муу муухай бүхэн бий болдгийг зах зээлийн шалгуураас илүүтэйгээр жирийн амьдрал нотолсон нь их.

Дэлхийд томд тооцогдох энэхүү ордын хувьцаанаас өгөөж хүртэх гэж мөрөөдөж суугаа иргэдийн өмнө тавигдсан Тавантолгойн хувьцаа хэзээ үр ашгаа өгөх вэ гэдэг эргэлзээтэй асуулт эрх баригчдаас хариулт нэхэж байна. Улстөрчид Тавантолгойн хувьцааг иргэдэд эзэмшүүлнэ гэсэн сэрүүн зүүднээсээ сэрж Үнэт цаасны тухай хуулийг энэ хаврын чуулганаар батлуулахын төлөө хүчин чармайлт гаргамаар санагдана. Гаднын биржийнхний анхаарлыг татаж, дотоодын зах зээлийг стандартын дагуу ажиллуулахад энэ хууль зайлшгүй хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүд ухамсарлах байх аа. Тэд алсын бодлого болсон энэ зах зээлийг хөгжүүлэх гэж зүтгэхээсээ илүү ирэх сонгуульд хэрхэн ялах вэ гэсэн нүүдэл хийхээ хамгийн түрүүнд тооцоолохгүй гэдэгт итгэж байна. Ирээдүйгээс их зүйл хүлээсэн иргэд өнөөгийн 21 мянган төгрөгтөө дугаарлангаа ирэх сонгуулийн чимээг чагнаж, эрх мэдэлтнүүдийн амыг харж сууна.

Г.ӨЛЗИЙСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих