МАХН-ын туг, сүлд сонгуульд МАН-тай санал хуваах зорилготой

МАХН-ын онц их хурлын ажиллагаа намынхаа туг, сүлдийг батлах ажилдаа оржээ. Хурлыг зохион байгуулагчдын зүгээс намынхаа тугийг босоо хэлбэртэй, дээрээ хөх, дундаа цагаан дээр улаан сарнай дүрсэлсэн, доороо ногоон өнгийг агуулсан байхаар танилцуулсан байна. Дээрээ засан хөх өнгө нь тэнгэрийг, цагаан нь шударга ёс ариун цагааныг, ногоон нь газар дэлхийг бэлгэдэж байгаа аж. Энэ загвар батлагдвал МАН-ын тугаас нэг их ялгагдахгүй байх нь.

Үүнээс гадна МАХН-ын сүлд мөн л МАН-ын сүлдтэй төстэй мөртлөө хуучин байдлаа хадгалсан аж. Хуучин бэлэг тэмдэг нь МАН-ын эзэмшилд байхаар хуулинд заасныг бодолцон яльгүй өөрчилсөн байна. Тухайлбал хуучин сүлд дээр хоср давхар 10 дэлбээтэй сарнайн дунд арга билэгийн загас дүрсэлсэн байдаг бол МАХН-ын шинэ сүлд гурван давхар 15 дэлбээтэй байх бөгөөд хуучны адил эвийн хоёр загас дүрсэлсэн байна. Хуралд оролцогчид ч МАН-ынхтай адил болоод байгааг анхааруулсан боловч ихэнх нь тийм байх ёстой хэмээж байгаа юм. Аливаа намын туг, сүлд бусдаас ялгагдах онцлогтой байж иргэдийг санал өгөхдөө төөрөлдөх санал хуваах авулаас сэргийлсэн байдаг. Гэтэл МАХН-ын шинэ туг сүлд зориуд МАН-ынхтай адил болгож сонгуулиар санал хуваах зорилготой гэж харагдаж байгаа юм. МАХН-ын онц их хурал туг сүлдний загвараа хараахан батлаагүй байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих