Хурандаа нарыг эхнэрүүдээс нь өөр өмөөрөх хүн алга

Нөхрүүд нь асуудалд орвол гэр бүл, үр хүүхэд нь л санаа тавьж, хөөцөлддөг бичигдээгүй хууль дэлхий дээр бий. Тэр байтугай нөхрийнхөө өмнөөс хэрэг үүрсэн хүүхнүүд ч бий. Ийм хууль манайд ч үйлчилдэг. Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорыг шүүгдэж байхад намынх нь нөхөд, хамт олноос нь нэг ч хүн байгаагүй. Бүр хамт мөрийтэй тоглож явсан анд нөхөд нь хүртэл нүүрээ буруулж байсан. Зарим нь түүнийг “Огт танихгүй” гэж хэлж байсан шүү дээ. Гэтэл хань нь, гэр бүлийнхэн нь уйлаад сууж байсан. Улс төрд бүдэрсэн нэгнийхээ хойноос өшиглөнө үү гэхээс татаад босгодог хууль байдаггүй. Харин туг барьж, тугал хариулж явсан ч дэргэд нь эхнэр, хүүхдүүд нь байдаг. Ямар ч тохиолдолд гэр бүлийнхэн нь тэдний төлөө явдаг. Хар л даа, “Долдугаар сарын 1″-ний хэргээр шүүгдэх гэж буй хурандаа нарыг шорон руу ачиж явахаар цагдаа нар эмнэлгийн гадна бэлэн байдалд байхад эхнэрүүд нь л “Амьд байгаа цагтаа өгч явуулахгүй” гээд машиных нь өмнө хэвтэж байсан. Одоо хурандаа нарыг гэр бүлийнхнээс нь өөр өмөөрч, хамгаалж байгаа хүн алга. Тэднийг буруугүй мэтээр ярьж, өмгөөлсөн дүр үзүүлж байгаа нам хүчин, төрийн бус байгууллагынхан ердөө л арьсаа хамгаалж, улстөржиж байгаа хэрэг. Харин гэргий, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь л хурандаа нарын төлөө зовж, зүтгэж явна.

Тэд өчигдөр ч нөхрүүдээ өмөөрч хэвлэлийн бага хурал хийлээ. Дэслэгч генерал Ч.Амарболдын эхнэр Ш.Нарантуяа, хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг, хурандаа О.Зоригт, Г.Ганбаатар нарын гэр бүлийнхэн шүүх хуралд оролцохыг хүсч байгаагаа хэллээ. Мөн нөхөрт нь ял оноовол эхнэр, хүүхдүүд нь эцсээ хүртэл тэмцэнэ гэнэ. Тэд “Нөхрүүд нь шүүгдэх гэж байгаад улстөрчид буруутай, улс төрийн зорилгоор ял оноох гэж байна” гэдэг яриагаа давтлаа.

Ийм үгийг мандаж яваад бүдэрсэн, ноёрхлоо тогтоож байгаад унасан бүх эрчүүдийн эхнэр хэлдэг. Яагаад гэвэл охид, бүсгүйчүүд л эрчүүдэд үнэнч байдаг. Харин эрчүүд сайн яваа цагтаа эхнэртэйгээ тогооны хүн шиг л харьцдаг. Мөнгө, алдар нэр, албан тушаалд нь сайхан хүүхнүүд татагдаж байгааг анзаарах ч үгүй ар гэрийнхнээ ойшоолгүй ихэрхцгээдэг. Мандаж яваа эр эхнэрээ дагуулаад гадаад, дотоодод зугаалж яваа сураг гарахгүй. Харин гайгүй өнгө зүстэй хүүхнийг зугаалуулж яваа сонсогддог. Өнгөтэй, өөдтэй бүхний араас хөлөө хугалчих шахам гүйж, гэртээ өөрийг нь хүлээгээд сууж байгаа гэргийгээ юман чинээ боддоггүй. Гэтэл тэднийг ядарч, туйлдах цагт өнөөх тогооны хүн, үр хүүхэд нь хань болж үлддэг. Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн охин Аиша эцгийнхээ төлөө яаж тэмцсэн билээ. Тэр бүсгүй эх орноосоо хөөгдөхөөс айхгүйгээр түр Засгийн газар байгуулахыг уриалж, олон улсын шүүхэд үгээ хэлэхийн төлөө тэмцсэн. Эцгийнхээ төлөө тэр армийг хүртэл хөдөлгөж байсан түүх бий. Эхнэр нь хамгийн зоригтой мэдээллийг хийж байсан. Бүр Каддафийн хойноос эхнэр, хүүхэд шиг нь зоригтой мэдэгдэл хийсэн хүн байхгүй. Тэгвэл Иракийн дарамгуйлагч Саддам Хусейны охин Рагад Хусейн эцгийнхээ өмгөөллийн асуудлыг зохион байгуулж байсан билээ. Тэдний тэмцэл ердөө л нөхөр, эцгийнхээ төлөө байдаг. Хурандаа нарын эхнэр, хүүхдүүдийн хувьд ч тийм. Тэд нөхөр, аавынхаа төлөө хохирогчдын өөдөөс “хохь чинь” гэж хэлж зүрхэллээ. Цагдаа нарт хандаж “Та нар дарга нарыгаа барьж хорихоос ич. Намайг алчихаад аваад яв” гэж агсарлаа. Нөхөрт нь ял оноовол эцсийг хүртэл тэмцэхээр зэхэж байна. Эрчүүдийн ард эхнэрүүд нь байдаг, үр хүүхэд, ээж аав нь л байдаг. Цагаа тулбал тэд өөрийн чинь өмнөөс өөрийгөө золиход бэлэн юм шүү, эрчүүд ээ.

Ц.ӨРНӨХ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих