Оюутолгойг хуваах “нууц” гэрээгээр бид ойрын 10 жил ашиг хүртэхгүй
Оюутолгойн ордоос та бид ойрын үед ашиг хүртэхгүй гэдэг нь тодорхой болж байна. Үүнийг Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн П.Цагаан баталж, монголчуудын ногдол ашиг авах хугацааг 2021, 2022, 2023 он гэж хэллээ.
“Айвенхоу Майнз” (ийм толгойтой, энд тэнд бүртгэлтэй хэд хэдэн компани бий ч товчоор ингэж ойлгоё) компанитай байгуулсан Тогтвортой байдлын болон нууц байгаад саяхан ил болсон Хувь нийлүүлэгчийн гэрээ ёсоор Оюутолгойн ордоос орж ирэх орлогын ноогдох хэсгээрээ бид юуны түрүүнд “энгийн хувьцааны 34 хувиа” худалдаж авна. Мөн урьдчилгаа нэртэй зээлээ төлнө. Үүний дараа хувь хүртэж эхлэх бөгөөд ТУЗ-ийн гишүүний тооцоогоор үүнд арван нэг, арван хоёр жилийн хугацаа шаардах бололтой. Иймд “бидний санаа зовох асуудал бол төсөвт өртөг зардлыг нэмэгдүүлэлгүй төслийн хэмжээнд барих явдал” гэж П.Цагаан хэлсэн юм.
Оюутолгойн ордын ашиглалтанд оруулах төсөвт өртөг гэрээ ёсоор 4.0 тэрбум ам.доллар бөгөөд сүүлийн үед өссөөр 6.0 тэрбум долларт хүрнэ гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна. Үүнийг ТУЗ-ийн гишүүд үгүйсгэж байгаа ч хэрвээ үнэн бол бидний төлөх төлбөр нэмэгдэх бөгөөд ашиг хүртэх хугацаа улам л холдож арав биш хорин жилээр хэмжигдэнэ.
Нөгөө талаас “Айвенхоу Майнз” компани Оюутолгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаа гаргах замаар 4.0 тэрбум долларын санхүүжилт босгож байгаа нь бидний ашгийг бууруулж магадгүй юм.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, давуу эрхийн хувьцаа гаргаснаар Оюутолгой компанийн хөрөнгийн хэмжээ таван тэрбум долларт хүрэх бөгөөд өмнө нь компанийн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж байсан энгийн хувьцаа нийт хөрөнгийн 20 хувь болно. Энэ нөхцөлд энгийн хувьцааны 34 хувийг эзэмшигч монголын талын Оюутолгой дахь эзэмшил ердөө л 6.8 хувь болж буурах тооцоог олон нийтэд дэлгээд байна.
Төслийн санхүүжилтийг давуу эрхийн хувьцаа гаргах замаар шийдэх нь бидний хүртэх ашгийг багасгана гэдэг дээр ТУЗ-ийн гишүүн П.Цагаан толгой дохиод, санхүүжилтийн өөр, бусад хэлбэрийг ашиглах саналтай байгаагаа хэлэв. Харин Эрдэс баялгийн сайд Д.Зоригт болон “Оюутолгой” ХХК-ийн Олон нийттэй харилцах хэлтсийн мэдэгдэлд, хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх гэрээний заалт төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд үл өөрчлөгдөнө гэж байгаа ч давуу эрхийн хувьцаа гаргаснаар энгийн хувьцааны хувийн жин багасах эсэхэд тоймтой хариу өгөхгүй байна.
Энэ мэт ойлгомжгүй, тодорхойгүй байдал Оюутолгойн ордыг ашиглаж эхлээгүй байхад үүсч Хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харахыг шаардах хандлага Парламентын гадна ч, дотор ч илэрч байна.
УИХ гурван зуун сая доллараас дээшхи хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэх хуулиа умартан, Засгийн газарт хэтэрхий найдан үлдээсний гор гэж үзэх ажиглагчид ч байна. Тэр тусмаа Хувь нийлүүлэгчийн гэрээн дэхь Айвенхоугийн эрх ашигт үйлчилсэн заалтууд Засгийн газрын тэргүүн С.Баяр болон гэрээг үэзэглэсэн сайдуудыг тус компаниас их хэмжээний авлига авсан хэмээн таамаглахад хүргээд байна.
С.Мөнхжаргал
URL: