Монголын Оюутны талбай энд “булшлагджээ”

МУИС-ийн II байрны замын урд талд “Оюутны талбай” гэж нэрлэгдсэн нэгэн талбай байдаг.

Оюутнууд тэндээ цугладаг, элдэв арга хэмжээ зохиодог, юм юм л болдог талбай байв. Энэ талбайн зүүхэн талд эртхэндээ “Оскар” сүүлхэндээ “Tse” нэртэй паб болж өөрчлөгдөн, оюутны бар болсон билээ.
Уг нь энэ пабын барилгыг буулгаж байхад ашгүйдээ гэж бодож байлаа. Манайхаас өөр их дээд сургуулийнхаа хажууд цэнгээний газартай орон байхгүй байх.

Гэвч энэхүү нийтийн эзэмшлийн талбайд барилга барьж талбайг нь ямх ямхаар сэмлэсээр гуравны нэгд нь арван хэдэн давхар офис хэдийнэ босч үлдсэн зайд машинаа тавиад талбайг 100 хувь эзлэн авч өөрийн болгож чаджээ.

2002 онд Оюутны жил болгон зарлаж, дурсгалын хөшөө босгож байсан түүх энэ талбайд бий. Харин  монголын Оюутны холбоог өмчилж авсан хэдэн нөхөд сэм нам дагаж, улмаар төрд шургалахдаа нэгэн компанид “Бид дуугарахгүй” гэж амалчихаад арилаад өгсөн нь өнөөдөр оюутнуудыг үгээ хэлэх индэргүй болгожээ.


Оюутнуудын ганц индэр болсон энэ талбайг ингэж “булшлагдана” чинээ хэн ч санаагүй биз. Дурсгал болгож сүндэрлүүлсэн хөшөө нь хаягджээ. Анх зоосон газарт өндөр барилгын шугам сүлжээний худгийг гаргасан тул самбарыг цааш зайлуулан шороонд булж тогтоосон аяджээ. Оршуулган дээрх гантиг адил харагдана.


URL:

Сэтгэгдэл бичих