“MCS”-ийн утсан хүүхэлдэйнүүд улс төр хийж тоглож байна

ЭНЭ СОНГУУЛЬ “MCS” БА БУСАД НЬ-

УИХ-ын 2012 оны сонгууль МАН, АН ба бусад намууд гэж хуваагдахаасаа илүүтэй “MCS” ба бусад нь гэсэн байдлаар явагдана. Өнөөгийн УИХ-ын 76 гишүүн болон Засгийн газрын сайд нарын дийлэнх нь нэг компанийн төлөөлөл гэхэд хилсдэхгүй. Угтаа улс төрчид чинь улсаа төлөөлж ард түмний саналаар төрийн өндөрлөгт гарч ирсэн биз дээ. Гариг андуурав гэгчээр ард түмний төлөө ажиллах ёстойгоо умартаж “MCS”-ийн төлөө үхэн хатан зүтгэх болов. Сангийн сайд асан Ц.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил, одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрдэс, баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, БСШУ-ны сайд С.Отгонбаяр, Ерөнхий сайд С.Батболд гээд МАН, АН ялгалгүй бүгд “MCS” группийн төлөөлөл гэдгийг жирийн нэгэн битгий хэл эрх бүхий албан тушаалтан өнөөдөр ил ярьж байна. Монголын бүх тендерийг ногоон гэрлээр хуу хамаад байдаг нь эрийн сайнынх биш “MCS”-ийн тэжээдэг тэжээвэр эрхмүүдтэй нь шууд холбоотой юм. Бор зүрхээрээ шударга бизнес эрхэлдэг нөхдүүд дотроо зүхдэг ч наанаа “MCS”-ийг бараадасхийн явдаг нь улстөрчид ард нь байдгийг мэддэг учраас тэр. “MCS”-д ганц гол зэвсэг бий. Тэр нь компанийн эрх ашгийг нь хамгаалдаг бүхэл бүтэн УИХ, Засгийн газар. Өмнөөс нь дуугардаг “нохдууд” олон бий. Мөн Монголын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг хааж байгаа. УИХ-ын гишүүн Х.Баттулгын аргаа бардаг нь үнэн. Хэвлэлийг худалдан авч шударга үнэний дуу хоолойг боомилж иргэдээс бодит мэдээллийг нууж чадаж байна. Саяхан УИХ-ын гишүүн Х.Баттулга ярилцлагадаа “Том Таван толгойг ашиглалтад оруулахаас илүүтэй ” MCS “-ийн “Энержи ресурс”-ын Ухаа худагийн ажлыг эн тэргүүнд тавьж буй”-г шууд нэвтрүүлгээр яриадахсан чинь ” MCS “-ийн төлөөллүүд боож үхэх дээрээ тулж мань эрийг хэвлэлээр боорлов.

За яахав, “шударга” Ц.Нямдорж сайд хэвлэлийн бага хурал зарлаж түрээсийн байранд амьдардгаа ярьсан бол ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдорж нар дарга нарынхаа даалгаврын дагуу УИХ-ын гишүүн Х.Баттулгын эсрэг ярьж баахан дөвчигнөв. Тэд сэтгүүлчдийн асуусан асуултад дорвитой хариулчихаж чадахгүй мөртлөө Ерөнхий сайд С.Батболдын үүрэг даалгаврын дагуу Х.Баттулгыг хамгийн, хамгийн, хамгийн муу хүн нотлох гэж үйлээ үзэв. Нэг компани Монгол Улсын нөлөө бүхий албан тушаалтнуудыг хэн нь хэн болохыг харуулдаг юмсанжээ. Тийм сүрхий юм бол Монголын 2.7 сая хүн амын эрх ашиг хөндөгдөж буй том Таван толгойд ард түмний хувьцааны тухай хэн нь сандран дуугарч байгаа юм бэ. Дээрх нэр бүхий эрхмүүд цагтаа “MCS” группийн анхны тансаг харш болох “Орчлон” сургуулийн ард талын хаусанд амьдарч байсан. Өдгөө “MCS” группийн охин компани болох “MCS Property” компанийн барьсан “Bella Vista” хотхонд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатартай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “өрөө түрээслээд хөршлөн суудаг. Мөн УИХ-ын гишүүн, сайд нар бүгд сая долларын үнэтэй хаусанд амьдарч байна. Хэн ямар сууцанд амьдрахыг буруушаасангүй. Гагцхүү хувьдаа бизнес ч хийж үзээгүй цагаан гартан улстөрчид “MCS”-ийн хармаан дотор хоороороо гүйгээд орчихож байгаад гол учир байгаа юм. Үүнийг АТГ-аас шалгаж тогтооно биз. УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж үздэг. Тэгвэл “MCS” хэнбугайг ч ямарч сайдыг өмнөө дуудах эрхтэй. “MCS” дуудаж өмнөө суулгаж байгаад сахилгагүй хүүхдэд  банга өгдөг шиг загнаад гаргадаг нь нууц биш. “MCS” Монгол Улсыг гартаа атгаж байгаа газар. Өнөөдөр 20 гэр бүлийн эрх ашгийн төлөө Монгол Улсын хөгжлийг царцааж чадаж байна. Таван толгойг царцааж байна. Ерөнхий сайд С.Батболд Ухаахудагийг урагшлуулахын тулд ард түмний Таван толгойг шаврын хаалт гэж үзээд зогсоочихож чадаж байна. Оюу толгойтой хамт Таван толгойг эдийн засгийн эргэлтэд орох тогтоол шийдвэр өнөөг болтол хэрэгжихгүй байна. Өнөөдөр бүх тендерийг “MCS” авдаг. Захирал Ж.Оджаргал Монголын хамгийн баян хүн бөгөөд одоогоор 3.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж бүртгэгдсэн. Энэ хүн хэрхэн баяжсан бэ. Шударгаар бизнесээ эрхэлж үү. Эсвэл бүх тендерийг ногоон гэрлээр авч уу. Эдний гар хөл улстөрд улам шургалж байна. УИХ-ын 2012 оны сонгуульд “MCS”-ийн Энх-Амгалан Хөвсгөлд, Элдэв-Очир Баянхонгор аймагт нэр дэвшихээр горилж явна. УИХ, Засгийн газар цаашлаад Монгол Улсыг гартаа атгахаар зэхэж буй “MCS” жинхэнэ утгаараа улс төр, бизнесийн олигархи. Тус групп архины “Спирт бал бурам”, газар тариалан, уул уурхай, барилга, электрон бараа, үүрэн телефон, зочид буудал, утаагүй түлш гээд эхлэхгүй бизнес тэднийд байхгүй болсон. Шударга бизнесээр үзэхэд эднийд л хотын төвийн хамгийн үнэтэй газрууд олдоод байдаг. Сүхбаатарын талбай дахь “Шангрилла tower” өнөө л “MCS”-ийнх. Бизнесээ хэн нь ч өргөжүүлж болно оо болно. Гэхдээ тендер, газар бүр цаашлаад Монгол Улсын ард түмний баялагийг ганцаараа хүртээд байж болохгүй биз дээ. Мөнгөтэй нь хөгжмөө захиална гэдэг шиг УИХ-ын 76, Засгийн газрын гишүүдэд “MCS” хөгжим захиалдаг. Дандаа нэг хөгжим сонсох нь Монголын ард түмэнд таалагдана гэж үү. Тэгэхээр улстөрчид, эрх мэдэлтнүүд ердөө утсан хүүхэлдэй болж таарч байна. Улс төр хийж тоглож байна. Стратегийн ордод бүртгэлтэй “Энержи ресурс” хууль дүрмээрээ бол тэн хагас нь улсын өмчит байх учиртай. Улсынх гэдэг нь ард түмний, бидний өмч гэсэн үг. Бодит байдал дээр “MCS” группийн захирал Ж.Оджаргал тэргүүтэй хэдхэн гэр бүл хууль бус бизнесээрээ хэтэртлээ хөрөнгөжлөө. “Эрдэнэт” үйлдвэрийн Ш.Отгонбилэг агсан амралтаа авахад л Монголбанк зогсохдоо тулж байсан шиг хэдхэн жилийн дараа “MCS”-ийн, түншлэгч хятадууд крантаа  хаавал Монгол Улс цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх үү. “MCS” Монгол Улсын төмөр замыг хаашаа татахыг мэдэж хянаж байна. Дан нэг улсын хараат болох вий гэсэн улсын бодлогын болгоомжлолыг эсэргүүцэж, урагшаа төмөр зам тавих эхлэлээ тавьж байна.

“MCS” ба түнш хятадууд өнөөдөр Монгол Улсад хэмжээгүй эрхт хаан засаглалаа тогтоожээ. Харин Монгол Улс туранхай саалийн үнээ болчихож. Учир нь бүх шим шүүсийг нь “MCS” хуу сорчихоод байна. Өнөөдөр хүн болгонд хувьцаа өгнө гэж хуураад байсан Таван толгой яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ. Үүнийг “MCS”-ийн төлөөний улстөрчдөөс асууя. Манай улс энэ янзаараа Зимбаб улсын жишиг рүү дөхөж байна. Тэнд хэтэртлээ баяжсан хэдхэн компани ард түмнээ мөлжиж амьдардаг. Ерөнхийлөгч Мугамбийн уул уурхайгаас олсон хууль бус ашиг нь 250 тэрбум ам.доллар давж эх орондоо багтааж шингээхээ байгаад гадаадад гаргаад нуучихсан байна.

Зимбабд мөнхийн өлсгөлөн, мөнхийн ядуурал. Мөдхөн Монголд дан нэг компанид үйлчилдэг “MCS” шиг олигархиудаас болж мөнхийн өлсгөлөн, ядуурал ирэхгүй гэх баталгаа байна уу. Социализмын үед ил дарангуйллаар ноёлодог бол ардчилалын үед улстөрчдийг хармаандаа хийсээр эцэстээ хэмжээгүй эрхт ёсоо тогтоож болдог ажээ.

Б.НАРАН

logo-ubtimes


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих