Зөн билэгч Мехди, Нона нарт С. Зориг болон Б. Дангаасүрэн агсны ар гэр хандсанаа нууцалжээ

Монголчуудын эчнээ танил зөн билэгч Мехди Ибрагим, Нона Хидерян нар манайхныг чамгүй хуйлруулаад буцав. Телевизийн шоу гэгдэх ч угаас цусны сүсэгтэй ард түмэн болохоор нэртэй баячууд үнэ өртгөө төлөн байж хувь төөргөө тольдуулаад гарцгаасан аж.

ОХУ-ын “Зөн билэгийн тулаан”-ы Монгол хувилбар хөрш үзмэрчдээ урьж сүрийг үзүүлэхээр зэхсэн ч төдийлөн амжилттай болсонгүй.

Телевизийн шууд нэвтрүүлэг ч мэргэжлийн бус хөтлөгч, урагшгүй үзэгчдийн асуулт гээд гялайх ч юм байсангүй. Жирэмсэн бүсгүй ямар хүүхэдтэй болохоо асуух төдийхнөөр л зөнчдийг сорьж үзсэн.

Гэхдээ зохион байгуулагчдын зүгээс тусгайлан анхааруулга санамж өгснөөр нь ойлгож болох л юм. ОХУ-ын “Зөн билгийн тулаан” гарч эхлэх үеэс л өнөөг хүртэл учир битүүлэг байгаа зартай хэргүүдийн талаар асуух мэдэх гэсэн сониуч олны сонирхол байсан.

Зовлон үзсэн хүний цөхрөмжийн мөрөөр Авилгатай тэмцэх газрын экс даргын үхлийн шалтгааныг нэг мөр сонсохоор дүү Б.Дансал нь өмнө нь ам нээж байсан.

Тэрээр хойд хөршид зорьж очих тухайгаа ч жилийн өмнө ярьж байсныг манайхан санаж байгаа.

Монголын зөн билгийн академид албан ёсоор 12 сард хандсан боловч уулзалтын жагсаалтанд оруулаагүйд гоморхож багагүй хэл үг болсон.

Үүний эцэст ямартаа ч өнөөх дуулиант ханшийг төлөлгүй үзмэрчидтэй нүүр тулж тогтоосон квотод нь багтсан байна.

Үүнээс гадна С.Зориг агсны ар гэр, хамаатнууд нь ч очсон бөгөөд энэ талаар ихэд нууцалж буй. Угаас эдгээр “хэргүүдээр” зогсохгүй нөлөө бүхий хөрөнгө чинээтнүүд энэнээс дутуугүй дуулиан ярьж оржээ.

Гадуур тэнэж буй дэл сул яриагаар бол “Анод”-ын хохирогчид ч бөөн цөөнөөрөө хандаж хавтаст хэргийн хуудсыг атгуулж байгаад асуусан гэх.

Ямартаа ч зөн билэгчид олон жилийн сэжиг таамаг дагуулсан дуулиант хэргүүдийн ээдрээг өөрсдийн хэмжээнд тайлж зорьж очсон хохирогчдыг хоосонгүй буцаасан байна. Мэдээж тэдний хооронд чухам ямар яриа хөөрөө өрнөснийг дөрвөн хана л хэлэх биз.

Хөрөнгө хүч зарж авчирсан ноёнтнуудынхаар дээрх ноцтой хэргүүдийн
талаархи гаргалгааг аль нэг тийш эргүүлж өгөөд буцсан төдийгүй цаашид гарах ахицтай алхмуудыг ч барин тавим хэлснийг цаг хугацаа гэрчлэх бизээ.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”


URL:

Сэтгэгдэл бичих