“Хонгор” сайдаа талх, махны үнэ өндөрөө авлаа

Сангийн сайд Д.Хаянхярваа танд хаяглах зүйл олон байна аа. Таныг сонин, телевизэд урт урт ярилцлага өгч байх зуур өргөн хэрэглээний барааны үнэ өндөрөө авч байна.  Та үүнийг мэдэв үү. Хэрэв эрхэм сайд та махны үнэ ямар үнэтэй байгааг анзаараагүй яваа бол танд дуулгах мэдээ байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард үхрийн мах 4400 төгрөг байжээ. Харин өнөөдөр үхрийн цул мах 8000 төгрөг болж өслөө. Хонины мах 6500-7000 төгрөг, ястай нь 6200-6500 болтлоо нэг жилийн дотор махны үнэ хоёр дахин өсөв. Ямаа, адууны мах ч мөн энэ хэрээр өссөн байх юм.

Дан ганц махны үнэ нэмэгдсэн биш, өргөн хэрэглээний зарим барааны үнэ нэмэгджээ. Бидний өдөр тутмын өргөн хэрэглээндээ хэрэглэдэг талхны үнэ 150-200 төгрөгөөр өсчээ. Махны үнэ нэмэгдэж буй шалтгаан нь Хятад ченжүүд нөөцийн махыг их хэмжээгээр авч хомсдол үүсгэсэнтэй холбон тайлбарлаж буй юм. Харин талхны үнэ нэмэгдсэн нь ямар нэгэн үндэслэл байхгүй байна. Үндсэн түүхий эд болох гурилын үнэ нэмэгдээгүй байхад талхны үнэ өсчээ. Өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг тогтвортой хэмжээнд барьж байх, үүрэг нь Засгийн газар хийгээд Сангийн яам хариуцаж ажиллах ёстой. Гэтэл Сангийн яамны сайд Д.Хаянхярваа энэ тал дээр юу бодож яваа бол.

Сонин хэвлэлээр өөрийгөө ПИАР-тсан ярилцлага өгч явах зуур махны үнэ 10 мянгад хүрэх гээд байна шүү сайд аа. Тэрээр сэтгэл зүрх нь шаналсан үедээ “Сайхан нөхөдтэйгөө суугаад сэтгэлээ онгойтол яриад, тавь байдаг юм уу, зуу байдаг юм уу, нөгөө хэцүү нэртийг татчихаад тарж одоход сэтгэл онгойсон байдаг. Зарим үед бол бүр навсайтал архидаад онгойно” гэж байгаа. Энэ тухай хэвлэлд ярилцлага өгч байжээ. Тэрээр ийнхүү мах, талхны үнэ нэмэгдсэнд сэтгэл нь гашуудан зовж яваа юм болов уу.

Монголчууд түүнийг Хонгор сумын хордлоготой холбоотойгоор нэлээн сайн таньдаг болсон. Харамсалтай нь мань эр одоо хүртэл Хонгор суманд ямар ч хордлого бий болоогүй гэж итгэдэг гэсэн. Тэрээр “Би өнөөдрийг хүртэл Хонгорт сэтгэцийн өвчтэй хүүхэд төрсөн гэж сонсоогүй. Хэдэн жилийн өмнө билээ, нэг эмгэгтэй хүүхэд гарлаа, уруул нь сэтэрхий хүүхэд гарлаа гээд шуугисан. Эрүүл мэндийнхэнтэй ярьж тодруулахад Монголд тохиолддог л өвчин гэж байсан” гэж одоо хүртэл ярьж яваа юм.

Хонгор суманд хоёр толгойтой тугал, үсгүй хурга гарч байсаныг мань эр байгалийн жам хэмээн ойлгодог гэнэ. Эдийн засагч хүн уг нь хариуцлагатай, үнэнч шударга байх ёстой талаар олон улсад мөрдлөгө болгодог. Тэр ч байтугай гадаадын зарим оронд эдийн засгийн мэргэжлээр суралцах сонирхолтой залуусаас ёс зүйн сорил авдаг гэж байгаа юм. Хэрэв тэрээр ёс зүйгүй, шуналтай нэгэн байх шинж илэрвэл түүнийг эдийн засгийн мэргэжлээр эслүүлэн суралцуулахаас татгалцдаг байна.

Энэ журам манай улсад ч мөрдлөгө болгож эхэлбэл зүгээр баймаар. Монгол Улсын эдийн засгийн бодлого барьж буй хүн өндөр хариуцлагатай байх учиртай. Гэвч Сангийн сайд Д.Хаянхярваагаас сонгуулийн шоунаас өөр зүйл харагддаггүй болсон бололтой. Хонгор суманд хордлого болоогүй хэмээн ярьж суугаа энэ эрхэмээс мах, талхны үнийг хазаарлана уу гэж хэлэх нь илүү ч юм шиг.

Тэр өдөр бүр л асаж, дүрэлцэж амьдардаг юм гэсэн. “Би энэ хорвоог үлбийж биш эрчилж буцалж туулахыг хүсдэг” гээд байгаа. Таныг асаж, дүрэлцэж байх зуур мах, талх, өргөн хэрэглээний барааны үнэ өндөрөө асч дүрэлцэж байна. Д.Хаянхярваа сайдаа таныг асаж дүрэлцэхийг чинь хармаар байна шүү. Мах, талхны үнэ өндөрөө асаад л байна.

Т.АМУР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих