Зайсанг там болгосон “Бөхбат” гэгч компанид хууль үйлчилдэггүй бололтой
Богд хан уул дэлхийн хамгийн анхны дархлагдсан газар. Зайсангийн ам, Зайсан толгой ч энэ дархан цаазат бүсэд ордог. Гэтэл өдгөө тус аманд хэн нэгний эзэмшилд багтаагүй газар үгүй болсон бөгөөд Зайсан толгойг тал талаас нь хэмлээд эхэлжээ. Үнэндээ тус газарт хэдэн баячууд амьдардгаас гадна ойр хавийн их, дээд сургууль, түүнд суралцагч оюутнууд, нутгийн гэгдэх 400 гаруй оршин суугч бий.
Тусгай хамгаалалттай газрыг хамгаалах тухай журамд зааснаар эдгээр газарт барилга байгууламж босгох нь бүү хэл байнгын харуул ажиллаж, бүс рүү нэвтэрсэн хэнийг ч шалгах ёстой. Гэтэл тайван цагийн энэ үед хэдэн барилгын компанийн харгайгаар тэр хавийн газар сэндийчлэгдэн, Зайсан толгойгоос хэмлэн байж газар тэгшлэн, барилга босгож байна.
Ялангуяа, өвөл, зунгүй уул хадыг нураах болсон “Бөхбат” ХХК-ийн үйл ажиллагаанаас болж тэр хавийн баячууд ч тайван байхаа больжээ. Иймэрхүү гомдол зөвхөн зун гардаг байсан бол одоо дөрвөн улирал дамнасан хэрүүл нь дуусаагүй байна. Үнэндээ хууль бус үйл ажиллагаа явуулж, танил тал, ах дүү, хамаатан саднаараа иргэдийг ихэд хохироож буй талаар манай сонинд хандсан юм. Хуулийг гууль болгох гэж байгаа юм бол яах гэж хууль гаргадаг юм бол оо. Даварсан барилгын компаниудын үйл ажиллагааг хараад бүр гайхшаа барах юм.
Энэ компани 2004 оны тавдугаар сарын 21-нд Туул голын хамгаалалтын бүсэд нэг га газар авсан аж. Тэр газартаа 24 айлын зургаан давхар хоёр орон сууц барьжээ. Хамгийн гол нь Газрын албанаас энэ үйлдлийг нь хууль бус хэмээн үзэж, тухайн үед бөөн хэл ам таталсан гэдэг. Учир нь тус компанийн барьсан барилга чанарын шаардлага хангаагүй хэмээх дүгнэлт гарсан байна. Тиймээс МХЕГ-аас барилгыг нураах шаардлага тавьсан ч биелүүлээгүй. Тухайлбал, МХЕГ-аас тус компанийн гаргасан зөрчлийг тодорхойлж, албан тоот явуулсан боловч хэрэгжүүлэлгүй, барилгыг барьсан байна. Үүнд барилга угсралтын ажил эрхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлд аялал жуулчлалын зориулалтаар авсан. Гэтэл 8 айлын хоёр орон сууц, 16-н айлын нэг, 36 таун хаус гэж тусгасан байжээ. Харин Улаанбаатар хотын ерөнхий архитектор н.Хүрэлбаатарын баталсан ерөнхий төлөвлөгөөнд таун хаус 36, орон сууц гурав гэж тусгасныг мэргэжлийн байгууллага зөрчил гэж акт тогтоосон байдаг аж. Авагдах арга хэмжээ хуулийн үндэслэл нь бол ТХГН-ийн 43.2, гэтэл энэ нь хэрэгжиж байгаа зүйл огт байхгүй нь инээдтэй юм.
Тэр ч бүү хэл 2007 оны аравдугаар сарын 23-нд Н.Энхтуяагийн нэр дээр дахин газар авч, эзэмшлээ томруулжээ. Тэдний энэ даварсан үйлдэл газрын маргаанаар дуусаагүй. Иргэдийн амьдрах бүсэд уул овоо шиг их шороо асгасан бөгөөд тухай бүрт “Одоо тэгшиллээ” гэх хариултыг өгсөөр өнөөдрийг хүрчээ. Тэнд айл амьдрах байтугай ургамал ургах нөхцөлгүй болсон аж.
Дээр нэр нь дурдагдсан Н.Энхтуяа гэгч нь “Бөхбат” компанийн захирлын эхнэр юм билээ. Тус компанийн буруугаас болж иргэд хохирсон хэрэг 2007 онд гарч байсан. Энэ явдал Зайсанд болоогүй ч тэдний барилгын үйл ажиллагаатай шууд холбоотой. Тухайн үед Баянгол дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн орон сууцны 77-1 дүгээр байрны 60 тоот хоёр өрөө байрны эзэн орон сууцныхаа талбайг Улсын мэргэжлийн хяналтын газраас хэмжүүлсэн байна. Гэтэл худалдаж авсан хэмжээ бүхий талбайнаас таван ам метр талбай сох дутах нь тэр ээ. Таван ам метр талбай гэдэг бол хоёр сая гаруй төгрөг гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, “Бөхбат” компани худалдан авагчаасаа хоёр сая төгрөг залилжээ. Гэхдээ зөвхөн нэг худалдан авагчаасаа бус, 76 иргэнээс. Учир нь, тус орон сууцны барилга 76 айлынх аж.
Мэргэжлийн хяналтын газрын хот байгуулалтын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Нэргүй гарын үсэг зурсан баримт дээр тус хоёр өрөө байрны талбайг 65.72 ам метр гэж бичжээ. Гэтэл худалдан авагчийн мөнгө төлсөн гэрээнд тусгагдсанаар бол орон сууцны талбай 70.7 ам метр аж.
Улсын ахлах байцаагч Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2001 оны 190 дүгээр тушаалаар батлагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм”, мөн “Орон сууц, нийтийн байрны сууцны талбай, өрөө тасалгааны ашигтай талбай, барилгын эзлэхүүн, барилгажих талбай, барилгын давхрыг тооцох дүрэм”-ийн заалтын дагуу хэмжсэн гэж өөрийн дүгнэлтээ баталж. Харин “Бөхбат” компани болохоор орон сууцаа 70.7 ам метр талбайтай гээд ам метр тутмыг 420 ам.доллараар үнэлэн, 29.694 ам.доллар худалдан авагчаас авчихсан байх юм.
Ийм өөдгүй замналтай компанид барилгын эрх олгосоор байгаа нь бас л хачирхалтай. Яах аргагүй ардаа том татаастай нь илэрхий гэгддэг “Бөхбат” компанийн эзэд өдгөө булхай, луйвраасаа ичихээ байтлаа “цайсан” бололтой. Тухайлбал доорх хүснэгтээр хууль бус газар авч зориулалтыг нь өөрчилсөн барилгын компани болон иргэдэд экологийн хохирол тооцжээ.
“Өглөөний сонин”
URL: