Урагшгүй ноёны ухаангүй албат гэдгийн үлгэр болох вий дээ, сайд аа
Энэ оны 3- р сарын эхээр Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс БҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байсан Ц. Цэрэндуламд нэгэн хүсэлт гаргажээ. БҮТ- ээс Чингэлтэй дүүргийн ЕБС-иудад ЭЕШ-ын сорилго шалгалтыг зохион байгуулж болох эсэх тухай хүсэлт байсан байна. Хүсэлтийг хэрэгжүүлэх үүднээс Ц. Цэрэндулам нь зарим сургуулиуд дээр сорилго шалгалт зохион байгуулах ба 1 хичээлийн шалгалтын хөлсөнд 2000 төгрөгийг сурагчдаас бэлнээр хураая гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ шийдвэрийнх нь дагуу БҮТ-ийн зарим нэг мэргэжилтэн 50-р сургуулийн захиргаатай уулзаж, сорилго шалгалт авахаар тохирсон ба мэргэжилтнүүд нь тестийн сангаас сорилго шалгалтын тестүүдийг түүвэрлэн авах ажлыг гүйцэтгэж эхэлжээ.
Гэвч энэ үйл явдлын талаар иргэдээс гомдол ирсний улмаас ийм үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагагүй, хууль бус үйдлээ зогсоох хэрэгтэй гэсэн зааврыг даргын үүрэг гүйцэтгэгч Ц. Цэрэндуламд БСШУЯ-ны холбогдох газраас өгч, сорилго шалгалтыг болиулжээ. Ц. Цэрэндулам энэхүү үйлдлээ зөвтгөхийн тулд “ЦАХИМ СОРИЛГО” ХХК гэх байгууллага руу мэлзээд явж байна. Учир юу гэвэл, “ЦАХИМ СОРИЛГО” гэх байгууллага нь 2009 оноос эхлэн ЭЕШ-ын өмнөх жилүүдийн тестийг хичээл тус бүрээр эмхэтгээд, хөдөө орон нутаг, нийслэлд онлайн болон шууд шалгалт гэсэн хэлбэрээр шалгалт зохион байгуулж байсан байдаг юм байна. Үнэ өртгийн хувьд ч яг ижил 1 хичээл 2000 төгрөг бөгөөд зарим тохиолдолд БҮТ-ийн нэрийг ашиглаж байсан нь тогтоогдсон. Энэ талаар БҮТ-ийн удирдлага “ЦАХИМ СОРИЛГО” ХХК болон хөдөө орон нутаг,нийслэлийн Боловсрол, соёлын газрууд зэрэг холбогдох байгууллагуудад албан тоот бичгээр мэдэгдэл хүргүүлж ажилласны үр дүнд 2011 оноос дээрх сорилго шалгалтын үйл ажиллагааг зогсоож чадсан байдаг.
Ц. Цэрэндулам ажлаа хүлээж авангуутаа л БҮТ-ийг ашиг олох зорилготой “ЦАХИМ СОРИЛГО” ХХК шиг болгох дөхсөнийг харуулж байна. Эцэс сүүлд нь дээрх байгууллага руу өөрийн хийх гэж байсан үйлдлээ чихээд мэлзэж суугаа Ц. Цэрэндуламд хариуцлага тооцох хэрэгтэй. Түүнд бэлнээр хураагдах мөнгөний ашиг, түүгээр дамжсан ашиг сонирхолын зөрчил байсан болохоор ийм үйл ажиллагаа зохион байгуулах гэж байсан гэдэг дүгнэлтийг хийж болохоор байна шүү дээ.
БҮТ гэдэг байгууллагын үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийн эсрэг ажлуудыг томилогдоод удаагүй мөртлөө удаа дараа хийж байгаа Ц.Цэрэндуламд хариуцлага гэдэг үг хамаагүй мэт болжээ. БСШУЯ-ны сайд Ё. Отгонбаяр, ЭМШУИС-ийн захирал Ц. Лхагвасүрэн нартай хамаатан ах дүүс, танил тал болохоороо олон мянган хүүхдүүдийн хувь заяа, хүсэл мөрөөдлийг шийдэх ЭЕШ дөхсөн энэ үед шалгалтыг яаж ч зохион байгуулж болно гэж боддог бололтой. Сонгуулийн жилийн ЭЕШ гэж улс төржиж яваа Ц. Цэрэндулам сайд Ё. Отгонбаярынхаа сөрөг PR-ыг хийх төлөвтэй байгааг нам олон сайд нь эргэн харж, томилгоогоо нягтлан сайжруулах хэрэгтэй байна. Урагшгүй ноёны ухаангүй албат гэдэг шиг болох вий дээ. Иймэрхүү ажил гүйцэтгэхдээ, юм хийхдээ дандаа зоосны нүхээр харж байдаг хүнээсээ эртхэн салбал улс орны хөгжил, боловсролын чанарын үнэлгээ зэрэг нийгэмд хэрэгтэй олон ажлуудын явцад саадгүй байхсан.
URL: