Төмөр Замын дарга Б.Батзаяа өөрийг нь гүтгэгчдийг “Үхэл ял”-аар шийтгэнэ гэнэ үү?
Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн хүрээнийхнийг халууцуулсан ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга солонгос, хятадуудтай нууц гэрээ хийсэн тухай мэдээлэл олон хүнийг “хатгасан”. Ерөнхий сайд С.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ХЗДХ-ийн сайд Д.Зоригтыг АТГ-т өгсний хариу “бэлэг” болох нууц гэрээ чухам үнэн эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. ЗТБХБ-ын дэд сайд болон газрын дарга нар ийм гэрээ байгааг өөрсдийн биеэр гэрчилсэн ч олон нийтийн дунд эргэлзээ, хар байсаар л байгаа юм. Үүний гогцоог тайлж чадах чухал хүмүүсийн нэг нь солонгос, хятадуудтай төмөр замын нууц гэрээ хийж, гарын үсэг зурсан гэх 100 хувь төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ний захирал Б.Батзаяа юм. Засгийн газар нотолж, Х.Баттулга гишүүн үгүйсгэж байгаа энэ гэрээний талаар тэрбээр албан ёсны хариу өгөөгүй байгаа ч өчигдөр өөрийн твиттер хуудасдаа “Үзээгүй, хараагүй хэрнээ үзсэн, харсан мэт үнэнийг урвуулагчдыг үхэх ялаар цээрлүүл. Их засаг хууль” гэж бичжээ. Албан бус ч гэсэн сүүлийн үед Х.Баттулга гишүүн болон түүний эсрэг хийж байгаа “дайралт”-ын эхний хариу нь энэ бололтой.
Өнгөрсөн долоо хоногт Х.Баттулга, Б.Батзаяа нар Засгийн газар, салбарын яамд мэдэгдэлгүй нууц гэрээ хийснийг одоогийн Засгийн газрын гшүүд өөрсдийн үгээр баталж байсан.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Х.Баттулга Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд “Монголын төмөр зам” компаний захирал Б.Батзаяа оролцож гарын үсэг зурсан.Тэдний гар барьсан зургууд интернэтэд тавигдсан нь үүнийг батлана. Х.Баттулга ийм гэрээ байгуулаагүй гэж хэлдэг ч 20 хуудас, англи хэл дээр хийсэн гэрээ бий.”
ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар: Тэр гэрээг би нүдээрээ үзсэн. Яах аргагүй Х.Баттулгын гарын үсэг зурсан гэрээ байна лээ.
ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж: “Эхлээд “Монголын төмөр зам” төрийн өмчит компаний гүйцэтгэх захирал Б.Батзаяа гарын үсэг зурсан байна. Дараа нь “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-ний Уилиам Ван гэсэн дарга зурсан байна. Мөн энэ компаний ахлах зөвлөх Ион Жу Ким гэсэн хүний гарын үсэг байна. Тэгээд доор нь зөвшөөрсөн гээд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга гэсэн гарын үсэг байна.”
“Женко” Х.Баттулга хууль зөрчсөн, үүнд нь Б.Батзаяа гэдэг эрхэм оролцсныг нотлохоор Засгийн газраас “зохион байгуулж” байгаа бүхэл бүтэн акци явагдаж буй энэ үед тэрбээр бухимдсандаа дээрх үгийг “Их засаг хууль”-аас эш татжээ. Түүний үг солонгос, хятадуудтай байгуулсан гэх нууц гэрээ нь үнэн эсэхэд дахин эргэлзээ төрүүлэв.
Тэрбээр Х.Баттулга гишүүний бие хамгаалагч, энэ чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн нэгэн. Гэхдээ бид энэ удаа хувь хүнийх нь талаар биш, “Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой мэдээлэл хүргэхийг илүүд үзлээ. “Монголын төмөр зам” ХК-ийг Засгийн газрын 2008 оны 3-р сарын тавны өдрийн 82-р тогтоолоор байгуулжээ. Харин Б.Батзаяа жилийн өмнө буюу 2011 оны 1-р сарын 20-нд тус компаний гүйцэтгэх захирлаар томилогдсон юм байна. Одоогоор “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Цагаан суварга-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Ухаахудаг-Гашуунсухайт, Нарийсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам тавихаар ажиллаж байгаа аж.
Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:
1. 2011 оны 4 дүгээр сард Шинэ төмөр замын төслийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхөөр Макинсей энд компани, Либерти партнерс ХХК, Пиллсбүри винтроп шаув питтман болон БНП Парибас нараас бүрдсэн олон улсын зөвлөхүүдээс бүрдсэн багийг сонгон ажиллуулсан. ТЭЗҮ-ээр “Шинэ төмөр зам төсөл” нь эдийн засгийн хувьд үр ашигтай гарсан ба уул уурхайн орд газруудыг БНХАУ болон “УБТЗ” ХНН-ийн сүлжээтэй холбосон 5.2 орчим тэрбум ам.долларын үндсэн хөрөнгө оруулалттай 1800 орчим км төмөр замын суурь бүтэц байхаар тооцоолсон болно. Уг төмөр замын тэнхлэгийн голын даацыг 25 тн, 125 орчим зүтгүүр, 4000 вагонтой байх ба 2020 он гэхэд жилд 65 орчим сая тн. угааж боловсруулсан бүтээгдэхүүн (ихэвчлэн нүүрс) тээвэрлэхээр тооцсон. Зөвлөх багийн боловсруулсан Таван толгойн ордоос урагшаа болон зүүн тийш замналаар хэд хэдэн зах зээлд хүрэх төлөвлөгөө бүхий Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын дагуу 1,2-р үе шатны төмөр замын төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж 2011 оны 8 дугаар сарын 31-ны 40 дүгээр тэмдэглэлээр Тавантолгой – Цагаан суварга – Сайншанд – Хөөт – Чойбалсан, Нарийнсухайт – Шивээхүрэн, Ухаа худаг – Гашуунсухайт, ба Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын барилгын ажлыг цогц байдлаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад үүрэг болгосон.
2. 2011 оны 4-р сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын “Хар тойром”-д шав тавих ёслол болж, Дорнод аймгийн Чойбалсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумдад “Халхын төмөр зам” ХХК, “УБТЗ” ХНН, “East Railway” ХХК, “ТрансКон” ХХК-ууд туршилтын хэлбэрээр нийт 100 гаруй км газарт хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн.
3. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын эхний үе шатанд барихаар заасан “Даланзадгад – Тавантолгой – Зүүн баян – Сайншанд – Баруун Урт – Хөөт – Чойбалсан” чиглэлийн трассын дагуу 1100 гаруй км-т геодези, геологи, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажлууд хийгдсэн.
4. Шинээр баригдах төмөр замын суурь бүтцийн “Техникийн зураг төсөл боловсруулах техникийн зөвлөхөөр Австралийн “СМЕК” компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулахад бэлэн болоод байна.
5. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 266 дугаар тогтоолоор төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөний дагуу тус банктай зээлийн гэрээ байгуулахаар ажиллаж байна.
6. Төслийн санхүүжилтийн стратеги боловсруулах, тээврийн тарифын тооцоолол, төсөлд оролцох боломжтой дотоодын болон олон улсын хөрөнгө оруулагчид, зээл олгох арилжааны банкуудыг тодорхойлох, зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын болон дотоодын санхүүгийн зах зээлийн бодит нөхцөл байдлыг харгалзан өрсөлдөхүйц санхүүжилтийг татах, компанийн үнэлгээг гаргах Санхүүгийн зөвлөхийг 2012 оны 2 дугаар сард багтаан сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаад байна. Өнөөдрийн байдлаар тендерт оролцох хүсэлтээ олон улсын 12 санхүүгийн байгууллагаас (банк) ирүүлээд байгаа ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу хураангуй жагсаалт гаргахаар ажиллаж байна.
7. Төслийн хуулийн зөвлөхийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороонд мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллах гишүүнийг томилуулах хүсэлтийг ЗТБХБЯ, ХЗДХЯ, ТӨХ-д албан бичгээр хүргүүлсэн ба “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэрийн дагуу тендерийн баримт бичгийг боловсруулж байна. Шинэ төмөр замын барилгын ажлыг 2012 оны 2 дугаар улиралд, үйл ажиллагааг нь 2015 онд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Б.Батзаяагийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл Засгийн газраас мөнгө, санхүүгийн дорвитой шийдэж өгөхгүй байгаагаас төмөр замын ажил урагшлахгүй байгаа гэнэ. Нүүрс тээвэрлэхээр хамгийн түрүүнд Тавантолгой-Цагаан суварга-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд төмөр зам тавихаар төлөвлөсөн ч Х.Баттулга, Б.Батзаяа нарын хийсэн гэх нууц гэрээний уршигаар гацаанд орсон гэж АТГ-т шалгуулахаар болсон сайд нар хэлж байгаа юм.
URL: