ТҮРҮҮЛЖ ДУУГАРСАН ХӨХӨӨ
Цагдааг шүүхээр Монголын шүүх буруу ажилладаг, жирийн иргэнийг шүүхээр зөв ажилладаг, цагдаа нь шүүхээсээ давуу эрх эдэлдэг, эрхийг нь хангахын төлөө МАН-ын угшилтай гишүүд, сайд нар үхэн хатан тэмцдэг гажиг жишиг цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 14-нд болсноос хойш бий болоод байна.
Тодорхойгүй хугацаагаар хойшилсон энэхүү шүүх хурал шүүхийн буруутай үйл ажиллагаанаас бус МАН-ын эрх мэдэлтнүүдээс болж хойшилсон нь цаагуураа МАН-ын удирдлагуудын намаа төрөөс дээгүүр байлгах хүсэл эрмэлзэлийн илэрхийлэл болж байна.
1.
Аливаа хэргийг шүүх нь шийддэг, шаардлагатай бол прокурор тайлбар өгдөг нь аль ч улс орны шүүхийн үйл ажиллагааны тогтолцоо. Гэтэл ардчилсан гэх манай улсын хувьд шүүх хуралдаанаар шийдсэн асуудалд прокурар бус улс төржүүлсэн байдлаар намын эрх ашгийг өмгөөлсөн улс төрчид тайлбар өгч, шүүн таслах үйл ажиллагааны зарчимд нөлөөлөх, шүүхийн шийдвэрийг хэвлэл мэдээллээр хэтэрхий буруугаар тайлбарлах болов. Шүүгчдийн ар гэрийг сүрдүүлж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болтол дарамтлах нь ардчилсан нийгмийг булингартуулж байгааг онцлон хэлэх ёстой. Ардчилсан нийгэмд хүн өөрийгөө зөвтгөж, хуулийн хүрээнд үндэслэл нотолгоотойгоор эрхээ хамгаалуулах эрх нь нээлттэй. Үүнийг Үндсэн хууль болон бусад хуулиар зохицуулж өгсөн байдаг. Цагдаагийн генерал Ч.Амарболд ч, Дэнжийн мянгын Балдан ч шүүхийн өмнө адил тэгш эрхтэй. Генералыг шүүж болдоггүй, цагдаа нь ч, намын өмнөөс төрд зүтгэж буй улс төрчид нь ч хамгаалдаг, харин Балданг цагдаагаасаа эхлээд дарамталдаг байж болохгүй. Балдангийн эрх зөрчигдөхөд нүдээ аниад өнгөрдөг ард түмнээрээ овоглосон МАН ард түмнээ хөсөр хаяж чаддаг байтлаа цагдаагийн генералыг шүүх болохоор Хууль зүй, Дотоод хэргийн сайд нь ч бичиг барьж гоншигноод л, хаа хамаагүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь ч бичиг хийж өмгөөлөөд л…
2.
Ер нь ингэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам болон ЗГХЭГ нь шүүхийн шийдвэрт онц эрхтэйгээр нөлөөлөх гэж оролдож байгаа нь өөрөө хууль зөрчиж байгааг уг нь тэд мэдмээрсэн. Цагдаагийн генерал Ч.Амарболдын хэргийг буруу зүйл ангиар зүйчилсэн гэсэн тайлбар байх. Өөрөөр хэлбэл хар мягмар гариг буюу 2008 оны долдугаар сарын 1-нд Ч.Амарболд генерал дотоодын цэргийн командлагч биш байсан гээд байгаа. Байсан эсэхэд нь улс төрчид бус шүүх хариу өгөх ёстой.
Гэтэл Монгол Улсын УИХ-д хамгийн олон жил суусан, шударга имиж бүхий УИХ-ын гишүүд, ХЗДХЯ-ны зүгээс УИХ-аар баталсан хуулийг мушгиж тайлбарлан, өөрсдөө ч ойлгохгүй байгаа хуулийнхаа зүйл заалтаар, өөрөө ч мэдэлгүй эрхэм генералыг өмгөөлөөд байгаа нь хачирхалтай. Увайгаа алдсан улстөрчид шүүхийн нэрийн өмнөөс ард түмэнд тайлбар өгч, шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр оролдож байгаа нь маргааш тэд төрийн эргэлт, дарангуйлалыг ч бий болгохоор улайрч мэдэхээр байгааг харуулж байна.
3.
Генерал ч гэж генерал. Ямар үүрэг хүлээж, албан тушаал хашиж байснаа шүүх хурал болтол мэдээгүй явж л байдаг. Шүүх хурлаас та ийм албан тушаал хашиж байсан байна аа гэхээр ямар албан тушаал хашиж байснаа намаасаа асууж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь “Та ийм албан тушаал хашиж байжээ” гээд л бичиг хийгээд өгч байдаг.
Дунд сургуулийн сурагч ч багшаасаа тодорхойлолт авдаг үе өнгөрсөн гэдгийг генерал нь ч, генералаа өмгөөлж байгаа тэр ланжгар том дарга ч мэдэхгүй сууж байна. Бичиг үсэгт 99,9 хувь нь тайлагдсан хэмээн дэлхийд үнэлэгдсэн Монгол улсад цагаан цаасан дээр хараар Дотоодын цэргийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн дарга байна” гэсэн заалтыг өмгөөлсөн, өмгөөлүүлсэн хоёрт уншаад өгчих бичиг үсэгтэй хүн олдоогүй л юм байх даа.
4.
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 274 дүгээр зүйлийн дотор цэргийн гэмт хэргийн тухай ойлголт бий. Үүнд зэвсэгт хүчин, бусад цэрэг, алба хааж байгаа, үүрэг гүйцэтгэж байгаа, дайчилгаанд татагдсан хүмүүс энэ албан тушаалд байхдаа ийм ийм хэргийг үйлдсэн бол цэргийн гэмт хэрэгт хамааруулна гэж үзэж, ял шийтгэнэ гэсэн байдаг. Гэтэл хууль зүйн сайдаасаа эхлээд хууль зүйн байнгын хорооны дарга, цагдаагийн дарга нь хүртэл хүчингүй болгосон хуучин хуулиар шийтгэж байна гэж ярьж байгаа.
Хуучин хуулинд цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр биелүүлэх газар, дотоодын цэрэг, хилийн цэрэг гээд бүгдийг нь тоочсон байгаа. Эдгээрт хамаарах хүмүүс гэмт хэрэг үйлдвэл цэргийн гэмт хэрэгт хамааруулна гэж заасан байсан. Ц.Нямдоржийн яриад байгаа 2008 онд нэмэлт өөрчлөлт орсон хуулинд тэр бүхнийг аваад зэвсэгт хүчин, бусад гэж бичсэн нь бий. Энэ хуулийн хэлэлцүүлгийн явцад өрнөсөн тэмдэглэл ч байдаг. Энэ бол УИХын Тамгын газраас авсан лавлагаа.
Тэр үед Д.Лүндээжанцан дарга хурал удирдаж байж. Тэр “274.2 т бусад цэргийн бие бүрэлдэхүүн гэснийг тус тус хасах юм уу” гэж асуусан. Энэ асуултад Ц.Нямдорж сайд “Энэ ингэсэн байна. Эсрэгээр нь биччихсэн байна. Түрүүчийн нэгдүгээр хэлэлцүүлгээр 274 дүгээр зүйлд байсан “бусад цэрэг” гэдэг үгийг аваад хаячихсан юм. Энэнээс шалтгаалаад дотоодын цэрэг, хилийн цэрэг энэ цэргийн гэмт хэргийн субьект биш болж таарчихаад байгаа юм. Ийм байж болохгүй. Ажлын хэсэг дээр юу ярьсан бэ гэхээр 274.1, 274.2 т байгаа “бусад цэрэг” гэдгийг сэргээе гэж ойлголцсон юм. Энэ утгаар нь санал хураалгаад зарчим нь эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлийн хуучин заалтууд хэвээрээ үлдэнэ гэсэн утгаар нь санал хурааж өгөөчээ” гэсэн.
Ингээд санал хураагаад “бусад цэрэг” гэж хассан байснаа буцааж оруулсан. Ингээд санал хураагаад 41 гишүүнээс 30 нь зөвшөөрч, 11 нь татгалзлаа гэж байгаа. Өөрөөр хэлбэл хилийн цэрэг, дотоодын цэргийн алба хаагчид цэргийн гэмт хэргийн субьект болно гэдгийг хууль тогтоохдоо оруулсан. Хууль баталсан үзэл баримтлал нь ч тэр, санал хураасан байдал нь байж байна. Улаан цайм ийм хууль гаргаж, үүнийгээ тайлбарлаж баталчихаад одоо биш гэж байгаа нь зүйд нийцэхгүй.” гэж ярьсан байх юм.
5.
Шүүхийг үл хүндэтгэгсэд буюу МАН, нам, албан тушаал хоёроороо бамбай хийсэн ХЗДХ-ийн сайд, намын гишүүд, улс төрчид, найзаараа өмгөөлүүлсэн генерал Ч.Амарболд, генералаа өмгөөлсөн цагдаагийн хурандаанууд, жирийн албан үүргээ гүйцэтгэсэн цагдаа нарын нэр хүндийг унагаж, хэдэн даргадаа долдойдсон цагдаанцар нарыг ард түмний төлөө зүтгэдэг нам, хууль баталж, ард түмнийхээ төлөө үнэн үгээ хэлдэг улстөрчид, хууль баримталж, нийгмийн хэв журмыг сахиулагч цагдаа нар мөн үү гэж эргэлзэхэд хүрч байна.
Тэд хуулиас, шүүхээс давуу эрхтэйгээр амьдарч, оршин тогтнож ирсэн гэж үү. Цаашид ч тийм байхаар санаархаж байна гэж үү. Нийгэмд шударгаар үйлчилж, хуулийг дээдлэн сахиулах үүрэг бүхий шүүх байгууллага тэдний хувьд хуулийг өөрсдийн санаснаар тайлбарлуулах газар юм гэж үү. Долдугаар сарын 1-ны үймээний үеэр хүн буудуулсан хэрэгт цагдаагийн дарга нар буруугүй, бараг л буудуулсан иргэд өөрсдөө буруутай гэх нь холгүй аашилж байна.
6.
Хэрэв тухайн үед цагдаагийн газар нь дарга шиг даргатай байгаад тушаал, үүрэг даалгавараа товч, тодорхой өгч, хяналт тавьж, удирдан зохион байгуулж чадсан бол дөрвийн дөрвөн иргэн буудуулж амиа алдан, олон зуун иргэд бэртэж гэмтэхгүй байсан.
Хөөрсөн иргэдийн цөсийг хөөрүүлэн цагдаа нар нь иргэд рүүгээ дайрч, ганц нэгээр яваа иргэнийг чирч, гулдран нүдэж, онц байдал зарласан хойно жип хөлөглөн хүн буудан давхиж, учираа мэдэхгүй яваа иргэдийг бороохойдох байсан гэж үү.
7.
Энэ сарын 14-нд болсон Цагдаагийн хуучин удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал нь цагдаа хүн буудсан хэрэг бус цагдаа нараа зөв удирдан чиглүүлж, нийгмийн хэв журмыг хангах үүргээ биелүүлэхэд нь удирдлага болон зохион байгуулалтаар хангаж ажиллаж чадаагүй цагдаагийн тухайн үеийн удирдлагуудын хэргийг шүүж буй гэдгийг хэлэх ёстой. Тэд цагдаа нараа тухайн үед зөв удирдаж, тушаал заавраа товч, тодорхой, өгч ажиллаж чадсан бол цагдаа нар хүн буудах байсан гэж үү. Цагдаагийн дарга нар цагдаа нараа зөв удирдаж, тушаал заавар өгч, цагдаагаа хамгаалахын тулд ард иргэдээ ч хамгаалах бодлого баримталж, хүний амь эрсдэх аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байх ёстой байсан.
8.
Тэд хүмүүсээ зөв удирдаж чадаагүй нь өнөөдрийн эмгэнэлт байдалд хүргээд байгааг МАН ч, ХЗДХ-ийн сайд ч, ЗГХЭГ-ын дарга нь ч, хурандаа болон цагдаа нар ч сайн ойлгож байгаа. Дөрвөн иргэнээ буудуулсан ард түмэн ч, хүн буудсан хэрэгт холбогдож, сэжиглэгдэж байгаа цагдаа нар ч тухайн үед бидний эрхийг хамгаалах үүрэг хүлээгээд сууж байсан эрхэм генерал, хурандаа нараас та нар ямар тушаал, заавар өгч, зохион байгуулалтаар ажилласнаас энэ байдал үүсэв гэдгийг асуух эрхтэй.
9.
Ард түмний нэрийн өмнөөс шүүх байгууллага үйл ажиллагаа явуулж, үнэн зөвийг тогтоож, буруутай этгээдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, шударгаар шийтгэлийг нь хүлээлгэх ёстой. Хуулийн хүрээнд шүүх үйл ажиллагаа явагдаж, тухайн үеийн цагдаагийн удирдлагууд болон бусад хүмүүс буруутай юу, үгүй юу гэдгийг тогтоох болохоор л Монгол Улсын шүүх байгууллагын үйл ажиллагааг гацаахын төлөө МАН, улс төрчид нь бүгд улайран босдог нь хачирхалтай.
10.
Цагдаагийн хуучин удирдлагууд үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага алдснаас болж, хүний амь нас хохирсон уу гэдэг ард түмэн хариулт хүлээж байна.
11.
Нийгмийн хэв журмыг сахиулж, аюулгүй байдлыг хангах ёстой цагдаа нараа тухайн үеийн удирлагууд нь зөв удирдаж чадаагүйн улмаас хүний амь нас хохирч, олон зуун хүн гэмтэж, бэртсэн үү гэдэгт хар ба цагаан гэдэг шиг үнэн хариултыг шүүх л өгч чадна.
12.
Эрдэнэт хүмүүний амь насыг хөнөөсөн хэрэг хэзээ ч хуучирч, элж балрах ёсгүй. Ялангуяа үймээн, самууны үеэр ард түмнээ хамгаалах ёстой, миний цагдаа намайг хамгаална хэмээн итгэл үнэмшилээр нийгэм оршин тогтнож буй үед хамгаалах ёстойгоо цагдаагийнхаа гарт амь үрэгдсэн иргэний амь хамгийн үнэ цэнтэй байх ёстой. Итгэж, найдаж, цагдаа л одоо биднийг хамгаална гэж найдаж байхад нь иргэдээ буудан хөнөөнө гэдэг тухайн цагдаа үүргээ ухамсарлаагүй, удирдлага нь тушаал ягштал биелүүлэх хэмжээнд удирдаж чадаагүйн буруу биш гэж үү.
Дөрвийн дөрвөн хүний амь нас үрэгдэж, олон зуун хүн хоригдож, гэмтэж, бэртэж, эрх нь зөрчигдөж байхад дуугүй “инээмсэглэж” байсан МАН цагдаагийн экс удирдлагуудтай хариуцлага, бас дахин хариуцлага тооцох, асуудлыг нь шүүхээр шийдэх гэхээр нэг л уймраад байгаа нь хачин. Ингэж аашилж, аяглахыг монголчууд “хар хүний өмнөөс, шар хүн” гэдэг.
Эсвэл МОНГОЛ АРДЫН НАМ цагдаад үүрэг өгч байсан хэрэг нь илрэх гээд сандраад байна уу. Нэг л “но”-той л байна даа. Намыг буруутгах нэг ч үг хэлээгүй, хэвлэл мэдээллээр шүүмжлээгүй байхад “Шүүхийн нэрийн өмнөөс” тайлбар өгөөд л… Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдүү ч гэдэг. Юу л болоод байна даа, энхрий хайрт МАН минь.
13.
Монгол ардын нам уймарч өөрийгөө төрөөс, шүүхээс дээгүүр эрэмбэлж, эрхлэх нь дэндсэн генерал нараа ямар албанд томилж, ажилуулж байснаа мэдэхээ больж, шүүх байгууллагыг аргадаж, айлгаж, аргаа бараад сүрдүүлж, дарамтлах гэж оролдож байна. Хөөрхий нам өөрөө зөнөв үү, эсвэл шударга төрх, зангиа, хамар, духныхаа алийг нь зангидсан нь сайн мэдэгдэдгүй гишүүд, сайд, дарга нар нь зөнөөд будилаад байна уу ард түмэн нэг л ялгаж харахгүй байна.
Цаг хугацаа хэн нь будилсныг удахгүй харуулах байх. Ер нь хүний ч, нийгмийн ч, ямарваа нэгэн шинэлэг зүйлд ч насны хязгаар, оргил цаг үеийн нас гэж байдаг. Оргил цаг үе нь өнгөрөхөөр бүгд үнэгүй болж, шинэ үеийнхэнд түүхийн баримт, эсвэл ямар ч үнэ цэнгүй зүйл болон хувирдаг. МАН минь ч бас тэтгэвэрт гарах болчихсон юм биш биз дээ. Ингэж хэлэх бүрэн эрхийг дээрх уймарсан олон үйл явдал харуулаад байна юм шүү.
URL: