Ц.Нямдорж сайдыг “100 000 айлын орон сууц хөтөлбөр”-т хамруулж байртай болгоё

Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газар “100 000 айлын орон сууц хөтөлбөр”-ийг зургаан хувийн хүүтэйгээр хэрэгжүүлнэ гэдгээ зарласан нь олон хүний анхаарлыг татаж эхэлсэн. Хорин жилийн хугацаатай, зургаан хувийн хүү гэдэг бол сайхан боломж. Тиймээс л иргэд хошуураад байна. Гэхдээ ерөнхий сайд С.Батболд 100 000 айлыг орон сууцжуулна гэж ярихаасаа өмнө Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржыгоо орон байртай болгох хэрэгтэй. Тэгвэл ард иргэд энэ хөтөлбөрийг үнэн, бодитой гэдэгт итгэж эхэлнэ. Засгийн газрынхаа ганц сайдыг орон сууцтай болгож чадаагүй байж 100 000 айлыг байртай болгоно гэж ярих нь нэг л үнэмшил муутай санагдана. Тиймээс эхлээд Ц.Нямдорж сайдаа тав тухай амьдарч, санаа амар ажлыг нь  хийлгэхийн тулд байртай болгох нь зөв юм.

Өмнө нь Ц.Нямдорж сайдыг “МCS”-ийн байранд сарын дөрвөн саяын ч билүү түрээс төлдөг гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдсэн нь бөөн дуулиан болж, “Женко” Х.Баттулга тэргүүтний олз болсон. Х.Баттулга “Засгийн газрын гишүүн хүн дөрвөн саяын байранд амьдардаг нь гайхал төрүүлж байна. Уг мөнгөө хаанаас олдогоо тайлбарлах хэрэгтэй” хэмээн дуулиан дэгдээсэн нь өнөө ч намдаагүй. Харин ч асуудал хүндэрч АТГ-т очлоо. Эцэст нь Ц.Нямдорж сайд Туул голын хөвөөн дэх хамгийн үнэтэй байрыг түрээсэлж суудаггүй, зөвхөн урсгал зардлыг нь төлж суудаг гэж учирласан. Энэ тухай нь Х.Баттулга “… өнөөдөр түрээсийн байранд байсан гэдгээ болиод зөвхөн урсгал зардлыг нь төлөөд суудаг нь 400 мянган төгрөг болж байгаа. Энэ чинь авлига. Ёстой гардуулах гэдэг юм болсон” хэмээн тайлбарласан. Гэхдээ Ц.Нямдорж сайдад хэн сайхан сэтгэл гаргаж зөвхөн ус, цахилгаан, дулааных нь мөнгийг буюу урсгал зардлыг нь төлүүлээд суулгадаг байна аа гэж олон хүн уг хэргийг шиншлэхэд хүргэсэн. Түрээсийн мөнгө гэж авдаггүй нь ч бас л асуудал болсон. Ц.Нямдорж сайд ингэж хэл аманд өртөж явахаар Засгийн газраас зарлаад байгаа “100 000 айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдаж ядаж 55 хүртэлх метртэй ганц өрөө байртай болох хэрэгтэй. Ард түмэн Ц.Нямдорж сайдтай барьцахгүй. Олон жил Монголынхоо төлөө зүтгэсэн төрийн хар хүн. Тиймээс “100 000 айлын орон сууц хөтөлбөр”-ийн эхний байрыг Ц.Нямдорж сайдад өгье. Мэдээж Туул голын хөвөөн дэх том цонхтой, олон өрөөтэй тансаг байрнаас ганц өрөө байранд шилжинэ гэдэг хэцүү л дээ. Гэхдээ хүний тансаг байрнаас өөрийн ганц өрөө сайхан.  “Хар гэртээ хаан бор гэртээ богд” гэж үг бий шүү дээ. Ганц өрөө ч гэсэн өөрийн юм болохоороо гоё. Энэ саналыг Засгийн газарт уламжилъя. Хэрэв Ц.Нямдорж сайдаа энэ хөтөлбөрийн эхний ээлжинд хамруулснаа зарлавал бид итгэе. Ц.Нямдорж сайд ч байртай болно. Ард түмний итгэл, дэмжлэг ч нэмэгдэнэ. Сайхан санаа биш гэж үү?


URL:

Сэтгэгдэл бичих