Х.Баттулга, Ц.Нямдорж хоёрын хэрүүлийн цаад хар зураг
ЗТБХБ-ын сайд асан, АН-ын гишүүн, МоАХ-ын дарга УИХ-ын гишүүн Х.Баттулгынгуравдугаар сарын 23-ны орой МҮОНТ-ийн “Цаг үе үйл явдал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн үгс, гаргаж тавьсан баримтууднийгэмд ихээхэн шуугиан тарьж, улс төрчдийг сандаргахад хүргэлээ. Түүний ярьсан зүйлтэй холбогдуулан ХЗДХ-ийнсайд Ц.Нямдорж 23-ны өдөр хариу мэдэгдэл хийж, 24-нд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатар мөн мэдэгдэл хийсэн юм. Үүнтэй зэрэгцээд ЗТБХБ-ын дэд сайд Т. Пүрэвдорж тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийсэн. Мөн MCS компани хэвлэлээр дамжуулан мэдэгдэл гаргалаа.
Х. Баттулга гишүүн гуравдугаар сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Сү. Батболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатар, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д. Зоригт нарын хүмүүсийг АТГ-т шалгуулахаар баримт материалын хамт өглөө.
Х. Баттулга гишүүний гаргаж тавьсан асуудлууд гэвэл нэгдүгээрт: Таван Толгой 2,7 сая монголчуудад ашгаа өгнө гэдэг бол худлаа шүү. Ерөнхий сайд Сү. Батболд болон түүнийг тойрон хүрээлэгчид, MCS-ийн Ж. Оджаргал нарын хүмүүстэй хуйвалдаад идэж байна. Таван Толгой бол Монголын ард түмэнд наалдахгүй. Хоёрдугаарт: Монголд төмөр зам барихыг ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж санаатайгаар зогсоож “чамайг төмөр зам барихыг чинь харна аа” гэж заналхийлж, саад болсон. Гуравдугаарт: Энэ засгийн газрын сайдуудын тал хувь нь MCS компанийн байранд амьдардаг. Эрдэс баялаг эрчим хүчний яамны сайд Д. Зоригт, Мөн ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж гэх мэт. Монголын засгийн газар MCS компанийнажлыг бэлдэж өгдөг. Дөрөвдүгээрт: Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс худалдаж авсан, тархи угаасан мэдээллийг цацаж байна хэмээн хэлсэн юм.
Үүний хариуд 23-ны өдөр ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж: “Би сарын 300 мянган төгрөгны түрээстэй хауст амьдардаг гээд мөн Х. Баттулга сайд байхдаа “ХятадСолонгосын хамтарсан групптэй Төмөр зам байгуулах гэрээ гэсэн нууц гэрээ байгуулсан” хэмээн хариу мэдэгдлийг хийв.
Ц.Нямдорж сайдын мэдэгдлийг Х. Баттулга гишүүн үгүйсгэж “тийм юм байхгүй” хэмээн мэдэгдсэн бол засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч. Хүрэлбаатар “гэрээг нь харсан” гэсэн бол ЗТБХБ-ын дэд сайд Т. Пүрэвдорж тэргүүтэй хүмүүс “жинхэнэ, жинхэнэ бишийг мэдэхгүй ХЗДХЯ-аас нэг гэрээ авсан” гэж мэдэгдлээ.
Х. Баттулга гишүүний мэдэгдэл юуны учир улс төрчдийг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнахад хүргэв. Энэхүү Х.Баттулгын эхлүүлсэн энэхүү улс төрийн хувьд маш ноцтой мэдэгдлийг гаргаж тавьсны цаад зорилго нь юу вэ гэдэг дээр хариултгүй бүрхэг хэвээр байна.
Энэ бол хоёр хүний хоорондын маргаан биш харин нэг нь сайд байсан, нөгөө нь одоо сайд байгаа төрийн өндөр албан тушаалтай хоёр хүний баримтан дээр тулгуурлаж гаргаж ирсэн ноцтой асуудал учраас “хөнгөхөн маргаан” гэж ойлгож болохгүй юм. Энэ бол Х. Баттулга сайд үүний хувь хүнийхээ хувьд асуудлыг гаргаж тавьсан уу? эсвэл УИХ-ын гишүүнийхээ хувьд уу, Засгийн газрын гишүүн байсныхаа хувьд уу? эсвэл бизнесийн хүний хувьд асуудлыг гаргаж тавьсан уу гэдгийг тодорхойлох нь ач холбогдолтой.
Х. Баттулга УИХ-ын гишүүний хувьд асуудлыг гаргаж ирсэн үү?
Х. Баттулга, Ц. Нямдорж сайд хоёулаа ард түмний итгэлийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа хүмүүс. Хоёулаа өөр өөрсдийн нам дотроо нөлөөтэй гишүүд.
Х. Баттулга гишүүн УИХ-ын гишүүнийхээ хувьд энэхүү асуудлыг гаргаж ирсэн үү. Энэхүү маргаан УИХ-аас Засгийн газрыг шүүмжилж байгаа гэж ойлгож болох уу? Энэ асуудлыг УИХ-ын төвшинд шийдэх ёстой юу?
Ц. Нямдорж гишүүнийг үргэлж л хүмүүстэй хэрэлдэж, маргалдаж явдаг хүн. Л. Гүндалай энэ хоёрын маргааныг Монголын ард түмэн сайн мэднэ. Мэдээж идсэн уусан, зассан, янзалснаа илчилцгээдэг. Гэхдээ хэзээ ч хууль хяналтынхан шалгадаггүй.
Ц. Нямдоржгишүүн өнгөрсөн намар журмын анд байсан Н. Энхбаяртайгаа хэвлэлээр маргалдаж бүхий л идсэн уусныг нь илчилсэн. Гэхдээ АТГ-т шалгуулна гээд сүр дуулиантай байж байгаад л мөн л таг болсон.
Харин энэ удаа Ц. Нямдоржын шинэ өрсөлдөгч нь Х. Баттулга болжээ. Телевизийн нэвтрүүлэгт орохдоо Х. Баттулга гишүүн зөвхөн Ц. Нямдорж сайдын нэрийг дурдаагүй бөгөөд ЭБЭХ-ний сайд Д. Зоригт, MCS компанийн ерөнхийлөгч Ж. Оджаргал, Ерөнхий сайд Сү. Батболд гээд олон хүнийг нэрийг дурдсан Гэхдээ яагаад Ц. Нямдорж сайд яаран хариу мэдэгдэл хийв. Энэ хүн бусдад гүтгүүлэх тийм дургүй хүн үү? аль эсвэл тийм их ноотой хүн үү?
Эсвэл MCS-ыг хамгаалж байна уу?
Засгийн газраа хамгаалж байна уу?
Энэхүү асуудлыг Х. Баттулга УИХ-ын гишүүн хүнийхээ хувьд гаргаж тавьсан бол ганцаараа энэ бүхнийг задлахгүй байх байсан. Яагаад гэвэл өнөөгийн засгийн газарт таагүй ханддаг олон гишүүд байгаа. Тэдэнтэй хамтарч болох байсан. Тэгвэл энэ Х. Баттулга гэдэг “УИХ-ын гишүүн”-ий байр суурьнаас илүү өргөн хүрээтэй ажээ.
Х. Баттулга Засгийн газрын сайд байсныхаа хувьд асуудлыг гаргаж ирсэн үү?
Х. Баттулга гишүүн хамтарсан засгийн газрын үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан гэдгийг бүгд мэднэ. Гурван жил гаруй хамтарсан засгийн газраас нэг л өглөө “уучлаарай хамт байж тэгэхгүй нь” гэж хэлээд АН-ынхан орхиж МАН-ынхан бууриа сахиж үлдсэн.
Гурван жил болоход хийсэн бүтээснээр багахан бөгөөд Монголын гадаад өрийг 9,1 тэрбумд хүргэж, ядуурлыг 4 хувиар өсгөчихсөн. Үүнийгээ АН-ынхан “бид түүхэн үүргээ гүйцэтгэсэн” хэмээн мэдэгдсэн юм. Ингээд хамтарсан засгийн газарт сайдын алба хашиж байсан сайдууд “сайд асан” болсон юм.
Хамтарсан засгийн газрын гурван жил гарангийн хугацаанд Ц. Нямдорж, Х. Баттулга хоёр нэг танхимд сууж байсан. Энэ хооронд энэ хоёр хүний хооронд янз бүрийн маргаан, өшөөрхсөн зүйлс байсан уу? Нэг нэгнийхээ хууль бус үйлдлийг мэдэж байсан уу? Сүүлийн үед Ц. Нямдорж сайд ярилцагууддаа “та нарыг дагаж шоронд суумааргүй байна”, “Одоо ард түмнээ хуурч улс төр хийдгээ зогсооё” гэх мэт үгийг нөхдүүддээ хэлэх болсон. Энэ нэг талаар хоёр нам яаж ард түмнийхээ эсрэг хуйвалдаж ажилладгийн илэрхийлэл юм.
Магадгүй Х. Баттулга гишүүн гурван жил хагасын хугацаанд хамтарсан засгийн газарт ажиллахдаа муу муухай бүхнийг нь хараад засагт байхдаа илчлэх боломжгүй байж байгаад засгаас гарсны дараа л бүх нууцыг нь дэлгэн тавив уу? Х. Баттулга гишүүний хэлж байгаагаар бол энэ засгийн газар бол MCS компанийнажлыг бэлддэг ажээ.
Бизнес-Улс төр дамнасан бүлэглэл монгол орныг бүхэлд бүрхэн авсныг илчилж чадав уу? Сү. Батболд засгийн газрын сайдуудын тал хувь нь тус компанийн байранд амьдардаг бөгөөд мөн тус компаниас санхүүждэг байна. Сү. Батболд Ж. Оджаргал хоёр бол бизнесийн хамтрагчид ажээ. Засгийн газар бол өөрөө гүйцэтгэх засаглал боловч бүх ажлаа MCS компаниар хийлгэдэг бөгөөд тус компани Монголын бүхий л салбарт монополи тогтоожээ. Улаанбаатарын утаа бууруулах бүх ажил талаар болж олон монгол ураг эхийнхээ хэвлийд эндэж байгааг Х. Баттулга сайд хэлсэн. Зууханд гал түлж л байвал утаа гармаар юм. Гэхдээ “утаагүй зуух” төслийг MCS компани хэрэгжүүлсэн. Харин утаагүй зуух биш харин дэлбэрдэг зуух байж олон айл дүн өвлийн хүйтнээр орон гэргүй болж олон хүн эндсэн. Гэхдээ л тухай бүрд нь энэ асуудлыг нам дарж байсан юм. Яагаад гэвэл бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийг тус компани худалдаад авчихсан учраас ард түмэн юу ч мэдсэнгүй. Утааны мөнгө Ж.Оджаргалын халаасанд орж Монголын 1 сая 200 мянган хүн утаан дундаа хордсоор л… Үүнийг Х. Баттулга гишүүн хэлсэн.
Х. Баттулга гишүүн хамтарсан засгийн газраас гарсныхаа дараанаас эхлээд “энэ засгийн газрынхан миний төмөр зам барих ажлыг саатуулсан, мөнгө гаргаж өгөөгүй” хэмээн гомдлоо хэвлэлээр илэрхийлж байсан юм. АН-ын сайдуудаас ганцаараа хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Хамтарсан засгийн газар үнэндээ жинхэнэ хуйвалдааны засгийн газар байгаад түүнд өшөөрхсөн өширхлөө одоо илэрхийлж байна уу? Аль эсвэл бялуу хүртэж чадаагүй дээ гомдсон гомдлоо тайлж байна уу?
Яагаад заавал Ц. Нямдорж сайд бүгдийг үгүйсгэж, яаран мэдэгдэл хийв. Магадгүй Х. Баттулга гишүүний хэлсэн бүгд үнэн байж болох юм. Ц. Нямдорж ерөнхий сайд асан Сү. Батболд тойрон хүрээлэгчдийн нэг бөгөөд MCS компанийнбайранд амьдарч, санхүүгийн дэмжлэг авч хариуд нь тус компанид үйлчилдэг. Өнөөдөр тус компани Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд тэргүүтэй цөөн хэдэн бүлэглэлүүдтэй хуйвалдан Таван Толгойг хувьдаа ашиглаж байгаа хэмээн мэдээлсэн.
Х. Баттулга ямар ч ашиг харалгүй зүгээр л ард түмнийхээ төлөө бүх булхай луйврыг дэлгэсэн хэрэг үү? Энэ бол өөрт нь ямар аюул тарьж мэдэхийг тэр мэдэхийн сайнаар мэдэж байгаа. Х. Баттулга үүнийг дэлгэснийхээ төлөө нам дотроо ч гадуурхагдана.
Тэгэхээр Засгийн Газрын сайд байсныхаа хувьд энэхүү асуудлыг гаргаж тавьсан гэхээр энэ нь хангалттай шалтгаан биш байна. Цаана нь өөр зүйл байж л таараа даа.
Х. Баттулга АН-ын гишүүний хувьд асуудлыг гаргаж ирсэн үү?
Х. Баттулга гишүүн АН-ын гишүүн, МоАХ-ын даргын байр суурьнаасаа асуудлыг гаргаж тавив уу? Х. Баттулга гишүүн хамтарсан засгийн газраас гарсныхаа дараанаас эхэлж намынхаа даргыг шүүмжилж, ҮЗХ-ы хурал дээр даргаа солих гэж оролдоод бүтэлгүйтсэн. Тус хурал дээр намаа, намынхаа даргыг, засгийн газрыг шүүмжилсэн юм.
Х. Баттулга гишүүний хувьд АН-ын дарга болох зорилготой байгаа боловч дэмжлэг дутаад байгаа гэж хэвлэлүүдээр бичдэг. Намын дарга болж сонгуульд ялалт байгуулбал Ерөнхий сайд болно гэсэн албан тушаалын төлөөх хязгааргүй хүсэл түүнийг зүгээр суулгахгүй байгаа гэх таамгууд ч хэвлэлээр бичигдэж байна.
Тэрээр АН дахь хамгийн нөлөөтэй фракц болох МоАХ-ы дарга бөгөөд саяхан тус холбооныхоо их хурлыг хийж улмаар эмэгтэйчүүд, залуучуудын хурлыг хийсэн. Энэ нь бусдадаа өөрийн хүч, нөлөөтэйг харуулсан гэсэн үйл ажиллагаанууд юм.
Ирэх сонгуулиар АН-ынхан МАН-ыг ард түмэн дэмжихгүй юм чинь тэгэхээр биднийг л сонгож таараа гэсэн энгийн логикоор бодоод байгаа юм. Хэн сонгох гээд байгаа юм бүү мэд. Нэр нь өөр болохоос үнэндээ ялгаагүй л хүмүүс сууж байгаа шүү дээ хоёр намд.
Тиймээс сайд, дарга болно гээд сэрүүн зүүдэлсэн хүмүүс АН-аар дүүрэн байгаа гэдэг нь тодорхой. Тэр тусмаа намын даргын төлөө өрсөлдөөн ч ширүүсэх нь тодорхой.
АН-ын зарим гишүүд нь манай нам сонгуульд ялбал сайд болно гэдгээ хүртэл нуулгүй илэрхийлж байгаа. Албан тушаалын төлөөх улс төр монгол орныг сүйрүүлнэ гэдэг нэгэнт тодорхой.
Х. Баттулга гишүүний энэхүү мэдэгдэл зөвхөн гишүүний хувиар хийсэн мэдэгдэл үү эсвэл АН-ын байр сууриу гэдгийг асуух хэрэгтэй. АН-ынхан үүнийг дэмжиж байгаа юу? МАН-ын дарга, сайдууд руу дайрсан энэ дайралтаар ямар ашиг хонжоо харж, ямар зорилготой байгаа юм бол. Үүгээрээ АН-ын нэр хүндийг өсгөнө гэж найдсан юм болов уу?
АН дотор ч гэсэн МСS-тэй холбоотой, санхүүгийн дэмжлэг авдаг, тэдэнд үйлчилдэг олон хүмүүс байгаа гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Тэд Х. Баттулга гишүүн рүү дайрах ёстой. Хэрэв дайрахгүй бол АН-ыг төлөөлж Х. Баттулга гишүүн ажиллаж байна гэсэн үг. Магадгүй ингэснээрээ намынхаа нэр хүндийг өсгөж чадна гэж төлөвлөсөн байх. Улмаар сонгуульд АН-ыг ялуулж өөрөө ерөнхий сайд болно гэсэн төлөвлөгөөтэй ч байж болно. Хэрэв энэ таамаг зөв бол том л хөзрөөр тоглож байна даа. Амьдралаа мөрий болгож тоглож байгаагаас ялгаагүй. Юунд найдсан юм бол.
Хэрэв одоо энэхүү мэдэгдлээс үүдэж АН дотор зөрчил явагдах эсэхээс бүх зүйлийг харах хэрэгтэй. Нам өөр ч халаас нэгтэй хүмүүс төрд олон байгаа. Энэ мэдэгдлийн хариуд МАН-аас АН-руу дайралт хийнэ. Хариуд нь АН-ынхан дотроо байгаа бүтэхгүй нөхдүүдээ шахаж гаргана. Нөгөө л MCS-ийн хүмүүсийг. Өөрөөр хэлбэл АН-д хоёр том фракц үүснэ гэсэн үг. Нэг нь МCS-ээс хамааралтай, тэдний эрх ашигт үйлчилдэг АН-ын дарга, сайд, гишүүд, нөгөө талд Х.Баттулгын талын хүмүүсийн фракц. Энэ хоёрын тэмцэл хүчтэй өрнөж болох юм. Товчоор хэлбэл энэ мэдэгдэл МАН, Ерөнхий сайд, MCS руу чиглэсэн мэт боловч үнэндээ МАН-тай сүлбэлдэж, Ерөнхий сайдтай холбоотой, MCS-ийн хүмүүс рүү чиглэсэн байж болох юм. Энэ нь хамгийн гол зорилго нь АН дотор байгаа гол өрсөлдөгчдөө зайлуулах зорилготой байж болно.
Хэрэв энэ таамаг зөв бол Х.Баттулгын олигархи, луйварчдаас нь салгаж, АН-ыг цэвэрлэх ажлыг хийх нь. Гэхдээ бүхий л зүйлээ тавиад тоглож эхэлж дээ. Эсвэл хоёр намын сонгууль хүртэлх ээлжит жүжиг үү? Иймэрхүү төрлийн жүжгийн тэд найруулаад тавьчхаж мэдэх л хүмүүс. Өмнө нь иймэрхүү жүжгийн үзэгдлүүд явагдаж байсан. Хэрэв дахин ард түмнийг хуурах гэж байгаа бол үхэн хулгана муурын бөгсийг үнэрлэнэ л гэдэг болно доо.
Бизнес хийдэг хүнийхээ хувьд асуудлыг гаргаж ирсэн үү?
Дараагийн нэг хувилбар нь Х. Баттулга бизнес хийдэг хүнийхээ хувьд өрсөлдөг ч компанийнхаа бүх нууцыг дэлгэж байна уу? МСS компани бол Монголын хамгийн том компани бөгөөд Ж. Оджаргал Монголын хамгийн баян хүн гэгддэг. Гэхдээ хэрхэн баяжсан түүхийг нь хүмүүс сайн мэдэхгүй. Шуудхан хэлэхэд төрөөс төрсөн хамгийн том тэрбумтан.
Мэдээж энэ хүн өөрөө төрд ороогүй бөгөөд ард нь нууц ноёнтны үүргийг гүйцэтгэж ажиллаж байсан юм. Түүнээс санхүүгийн дэмжлэг авч УИХ-д сонгогдон улмаар эргээд тус компанид ашигтай тендер авч өгч мөн хууль батлуулдаг ажээ. Ийм л замаар энэ компани босож ирсэн. Ийм л аргаар баяжсан. Одоо ерөнхий сайд Сү. Батболдтой нийлэн Таван Толгойг ашиглаж, тэндээс олон тэрбум долларын ашиг хүртэж байгаа гэдэг. Магадгүй үүнд Х. Баттулга дургүйцсэн байх.
Нөгөө талаар Х. Баттулга анх бизнес эхлээд зүтгэж байгаад сүүлд төрд орж ирсэн. Бор зүрхээрээ зүтгэж зүтгэж байгаад төрд ороод ирсэн чинь дэндүү амар санагдсан байх. Ж. Оджаргал шиг УИХ-ын гишүүдийг хахуульдаад өөрт ашигтай шийдвэрүүдийг гаргуулаад л мөнгө олдог амархан аргыг олж харсан. Ингээд маш хурдан баяжиж болдгийг мэдэрсэн.
Ийм шударга бус явдлыг тэвчилгүй бүгдийг илчилсэн байж мэдэх юм. Хэрэв энэ үнэн бол Х.Баттулгад талархах ёстой. Эсвэл өрсөлдөгчөө унагааж, түүнийг унагаахын тулд энэ бүх мэдээллийг цацаж байна уу? Хэрэв бизнесийн хүнийхээ хувьд асуудлыг гаргаж тавьж байгаа бол намын гишүүн, парламентын гишүүнээс тусдаа асуудал болж хувирна. Хэт их улс төржүүлэх ч хэрэггүй. Зохих хуулийн байгууллага шийднэ.
Эсвэл зориуд эдгээр мэдээллийг дэвэргэж, улмаар ерөнхий сайд болон MCS-тэй тохиролцож бялуу хүртэх гэж байна уу?
Эцэст нь
Х. Баттулга, Ц. Нямдорж хоёрын тэмцэл ямар ч байсан эхэллээ. Хэзээ ч шалгуулдаггүй Ц. Нямдорж, Л. Гүндалай хоёрын маргаан шиг сунжирах уу? эсвэл шалгуулна шалгуулна гээд таг болсон Ц. Нямдорж, Н.Энхбаяр хоёрын маргаан шиг өндөрлөх үү?
Ямартаа АТГ-т очлоо. Одоо АТГ-ыг хэр шударга шалгаж, хараат бус шийддэгийг харъя. Ард түмэн аль нэгнийх нь талд орохгүй харин шударга үнэнийг л хүсэж байна. Одоо ирэх долоо хоногт “Төмөр замын нууц гэрээ хийсэн талаар” тайлбарыг ирэх долоо хоногт Х. Баттулга сайд мэдэгдэл хийж, бүх баримтыг дэлгэнэ гэдгээ илэрхийлсэн.
Энэ бүхэн магадгүй ерөөсөө өнөөдрийн Монголын улс төрийн нам нэртэй нам биш болчихоод байгаа байгууллагын олон жилийн дарсан муу муухай зүйлс нь одоо сэдэрч, ил гарч байгаа ч юм бил үү? Ард түмэн сайн сайхан амьдралыг хүсэж байна.
Эх сурвалж: Б.Гансүх
URL: