Н.Энхбаяр: Хамгийн их бөгс долоож байсан хүн хамгийн муухай үгээр сүүлд дайрдаг юм билээ шүү

МАХН-ын Онц их хуралд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Та албан ёсоор бол МАН-ын Бага хурлын гишүүн. Гэтэл яагаад МАХН-ын Онц их хуралд оролцох болов?
-Нийгэмд шударга бус явдал газар авсан байна. Энэ нь ард  түмэнд ч хортой гэж үзсэн учраас “Онц их хурлыг яаралтай хийж асуудлыг ний нуугүй ярья. Нэг, хоёр хүнийг доромжлох биш, нийт үзэгдлийг ярьж, болохгүй зүйлийг илрүүлж гаргая” гэсэн хурал болж байна. Намайг урьсан учраас энэ их хуралд оролцож, тодорхой сэдвээр үг хэллээ. Иргэд гэртээ хий бухимдах биш, үгээ хэлэх хэрэгтэй гэж үзсэн учраас дэмжиж, энэ хуралд оролцож байна.
-Таныг Онц их хурлаас МАХН-ын даргаар сонгоно гэсэн яриа гараад байгаа. Хэрэв сонгоно гэвэл та хүлээж авах уу?
-Би МАХН-ын ХХYI их хурлын өмнө ч МАХН-д үлдэнэ гэдгээ хэлж байсан. Тэр хэлсэн үгэндээ л байгаа. Миний нэрийг надаас асуулгүйгээр МАН-ын Бага хуралд оруулсан байна лээ. Нэг ёсондоо урхидаж авч байгаа ч юм уу, эсвэл айлгаж, эсвэл аргалж тогтоох гээд ч байгаа юм уу. Уг нь Бага хуралд оруулна гэсэн бол хүлээж авч уулздаг ч юм уу, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байсан. МАН-ынханд “Хамтран ажиллая, хажуунаас нь зөвлөе. Албан тушаал надад хэрэггүй. Наанаа ардчилсан нэртэй, цаанаа дарангуйллын тогтолцоог халъя. Хээл хахуулийг арилгая. Оюутолгойн гэрээг засъя. Сонгуулийг шударга явуулъя. Энэ талаар та бүхэнд зөвлөж, ярьж хэлэх зүйл их байна“ гэсэн саналыг удаа дараа тавиад байгаа. Гэтэл өмнөөс МАН-ынхан “Та дуугүй бол. Олонхиор асуудлыг шийдсэн. МАН гэдэг бүтэц бий болсон. Хээл хахууль, хүнд хэцүү амьдрал бараг байхгүй. Эдийн засаг өсөх гээд байгаа“ гэсэн тайлбар тавиад нийгэмд тулгамдсан асуудлыг ужигруулаад байгааг би хүлээж авч чадахгүй.
Гэхдээ МАХН-ын дарга болох тухайд надад санаж бодсон зүйл алга. ”Үнэхээр та хэрэгтэй. Таныг урдаа барьж, энэ муухай хана хэрмийг цөмлөе” гэвэл би биеэ отож суугаад хэрэггүй байх. Өөр сайхан хүмүүс байна гэвэл өөрсдийнхөөрөө л шийдэг. Шударга зүйл МАН-д байсан ч би дэмжинэ. МАХН-д байсан ч дэмжинэ.
-Таныг МАН-ын удирдлагатай уулзаад Бага хурлын гишүүн мөн гээд хэлэлцээр хийгээд явж байгаа тухай яриа гарч байсан?
-Аль нэг нам надад хэрэггүй. Зөв байр суурь л хэрэгтэй. Гэтэл МАН-ынхан зөв юм ярих биш айлган сүрдүүлэх, мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулах, хүнийг дайрч доромжлох бүдүүлэг алхам хийж байгаатай би санал нэгдэхгүй байгаа. Надад МАН-тай тохирсон зүйл байхгүй. Би шударга юмны төлөө тохирч болно. Шударга бус юмны төлөө тохирсон зүйлгүй. Албан тушаал надад өнөөдөр сонин биш. Зөв байр суурь, зөв үйл ажиллагаа л чухал.
-Таныг МАН-аас хөөнө гэж жагсаал цуглаан болсон. Үүнийг яаж хүлээж авав?
-Тэнэг залуучууд мөнгөөр жагсаал хийгээд, худлаа жүжиг тоглоод байгааг бүгдээрээ ойлгож байгаа шүү дээ. Тийм марзан үйлдлийг бүгдээрээ инээж угтая л даа. Ийм маягаар залуучууд минь битгий хүний бууны нохой болооч. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө харин цөмөөрөө нийлж зүтгэе. Хамтран ажиллая гэсэн санал тавьсан. Энэ саналыг хүлээж авсан хүмүүстэй нь хамтарч ажиллая гэж байгаа.
-Таныг МАХН-ын түр штабыг санхүүжүүлдэг. Өнөөдрийн ирсэн хүмүүсийг ч мөнгөөр авчирсан гэсэн яриа гараад байгааг юу гэж үзэж байгаа вэ?
-Монголд Н.Энхбаяр ард нь байдаггүй ажил гэж байдаг юм уу. Юу ч байсан ард нь Н.Энхбаяр байдаг гэж ярьдаг шүү дээ.  Онц их хурлын ард, МАХН-ын ард, Ардчилсан намын ард, М.Энхсайханы ард Н.Энхбаяр байгаа юм шиг байна. Тэгвэл тэр санхүүжүүлсэн баримтыг гаргаад ир л дээ. Ийм элий балай зүйлд хариулахгүй байх эрх надад бий. Над руу тэсэх аргагүй муу үг хэлж байгаа хүмүүс ч бий. Би тэднийг бүгдийг нь мэднэ. “Бөгс долоох, долигонох” гэсэн муухай үг байдаг даа. Хатуухан хэлэхэд тухайн үед хамгийн их бөгс долоож байсан хүн хамгийн муухай үгээр сүүлд дайрдаг юм билээ шүү. Түүнийг л ард түмэнд ойлгуулаарай. Мөрөөрөө хариуцсан ажлаа хийгээд явж байсан хүмүүс одоо ч хариуцсан ажлаа хийгээд, мэндийн зөрүүтэй, харилцан хүндэтгэлтэй явдаг юм шүү. Ийм ялгааг ойлгоорой.
-Та өөрөө эрх мэдэлтэй байхдаа шүүмжлээд байгаа энэ ажлуудаа хийхэд яасан юм бэ?
-Хийж байсан. Ганц жишээ дурдъя. Тавантолгойг хэн шаардлага тавьж байж ард түмэнд буцааж өгөх ажлыг хийсэн юм бэ. Н.Энхбаяр байхгүй юү. Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа Н.Энхбаяр Тавантолгойг ганц нэг хүний баяжих хэрэгсэл болголгүй 100 хувь нийт ард түмэнд буцааж өг гэсэн үүргийг Засгийн газарт өгч байж лиценз эзэмшигчдийг ятгаж, шахаж шаардаж байж шийдүүлсэн. Харамсалтай нь 100 хувь буцааж өг гэсэн Ерөнхийлөгчийн шаардлагыг тухайн үеийн Засгийн газар дутуу биелүүлж, тодорхой хэсгийг хувь хүмүүст үлдээсэн.
АТГ-ыг байгуулах ажлыг дэмжиж байгуулсан. Төрийн албан хаагчдыг намын харьяаллаас гаргасан. Тэнд намаар дамжиж төрийн албыг чанаргүйжүүлэх, худалдах  ажил яваад байсан. Би зүгээр хөшөө байгаагүй. Н.Багабанди гэдэг хүн бас найман жил Ерөнхийлөгч хийсэн. Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Батболд гээд Ерөнхий сайд нар байна. Олон хүн ажиллаж байсан. Тэр дотор Н.Энхбаяр гэдэг нь нэг л хүн. Бүгдээрээ хийх гэж оролдоод зарим нь бүтсэн, зарим нь бүтээгүй байна. Харамсалтай нь өнөөдөр ихэнх нь дуугүй болчихож. Эвлэрсэн үү, өөр ямар нэг харилцаанд орсон уу. Би бол өнөөдөр ч болоогүйг нь засах ёстой гээд дуугараад байна. Харин миний дуугарсныг битгий яллаач. Миний хийх гэж байгааг хэн нэг хүний явуулгаар битгий мухарлаач.
-“Ийст” худалдааны төв өчигдөр шатсан. Танай намынхан үүнийг бас таны эзэмшил байсан гэж яриад байгаа?
-Бас тэгж байгаа юм уу. За бүр баларлаа л даа. Тэнд миний өмч гэж ширхэг ч хадаас байхгүй. Ер нь энд тэндээс юмаа цуглуулж авбал яасан юм бэ. Орой “Ийст” төв шатсан гэдэг мэдээг хамгаалагчаасаа авсан. Хүмүүс өмч хөрөнгөө шатаалгасан нь харамсалтай байна. Шалтгааныг хууль, хяналтын байгууллагууд тогтоох байх.
-Та “Шинэ нам” гэсэн илтгэл тавьлаа. МАХН-ыг цоо шинээр болгоно гэсэн үг үү?
-Чи, би гэлгүй бүгдээрээ шинэ хүн болъё л гэсэн үг. Шинэ монгол хүн гэдэг бол ажилтай, боловсролтой, эх орондоо эзэн болсон, амьдралынхаа төлөө зүтгэх бололцоотой тийм хүн. Архинд орсон, хар тамхинд донтсон залууг шинэ хүн гэж хэлэхгүй. Хээл хахуульд автсан төрийн албан хаагч залуу ч байсан шинэ хүн биш. Тэднийг засч шинэ хүн болгоё. Монголд шинэ хүн хэрэгтэй.
-Та МАН-аас гарах уу?
-Намд орж гарах бол том асуудал биш. Ошо гэж ухаантай философичиос “Би нас бараад хаана очих бол” гэж хүн асуусан байдаг. Тэр ухаантай хүн дуугүй л байж. Дахиад хүн асуухад Ошо бодож байгаад “Та нар нас барсныхаа дараахад яасан их санаа зовдог юм бэ.
Нас барахынхаа өмнөхөд санаа зовооч дээ. Яаж боловсролтой болох, яаж амьдрахад санаа зовохгүй байж нас бараад яах вэ гээд байх юм” гэжээ. Түүн шиг МАН-д байх, байхгүй асуудал бол ерөөсөө асуудал биш. Аль нэг намд баригдалгүй зөв байр суурьтай л байх ёстой. Буруу зүйлээсээ л татгалзъя. МАН-д байлаа гээд худлаа ярьдаг хэвээрээ байвал хэнд хэрэгтэй юм бэ. Шударга ёсны хувьсгал хийе.
-МАХН-ын дарга байсан хүмүүс танд ил захидал илгээсэн. Тэр талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Би хариу ил захидалдаа хэлсэн. Зүгээр байхад зүгээр байлгахгүй есөн хүний гарын үсэгтэй захидал ирсэн. Хамтран ажиллах санал тавьсан юм болов уу гэтэл үг дуугүй олонхио дага гэсэн байсан.
Ажил хэрэгч биш, маш бүдүүлэг захидал гэж бодсон. Олонхи дандаа зөв байна гэж байхгүй. Тухайн үед олонхи байсан байж болно. Түүгээрээ далимдуулж олуулаа байсан ч хүний ам боох ёсгүй. Би Н.Багабандийн, С.Баярын амыг боохгүй. Ганц хүн ядуурал байна гэж хэлэх нь есүүлээ ядуурал байхгүй гэж хэлснээс зөв шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих