Боолын Сэтгэлгээ ба Монголчууд

Яана даа яана даа Монголчууд минь. Тамын тогооны үлгэр дуусаагүй байхад боолын сэтгэлгээ Монголчуудын маань оюуныг баллах нь. Ард түмнийх нь оюуныг мэдлэг эзэмших боломжгүй болгож хошин шогоор инээлддэг, хов живээр хөөцөлддөг, бие биенээ матдаг, ховолдог, хэн нэгэнд долгинодог болгочихвол тэр улс мөхдөг жамтай. Амьдралынхаа утга учрыг хошин шог, шоу цэнгээн, бие биенийхээ дээр гарах гэсэн хоосон атаа чөтөө, бусдынхаа зовлонгоор жаргах гэсэн хувийн өчүүхэн хүсэлээр тодорхойлно гэдэг юутай эмгэнэл.

Нэг баяраас нөгөө баярт, нэг сонгуулиас нөгөө сонгуульд ард иргэдийнхээ амьдралын мөчлөгийг тааруулна. Үүнийгээ дэмжиж жилээс жилд баяр наадмыг олшруулж, сонгуулиас сонгуульд хоосон амлалт, тараах мөнгөө ихэсгэнэ. Таньд тараасан мөнгө үнэндээ таны татварын мөнгө шүү дээ, тараасан мөнгөө 1000 нугалаад авахад таны амьдрал яах билээ ухаараач. Нэг гишүүн УИХ-д гарах гэж 1 тэрбумыг цацдаг гэсэн харин 4 жил суухдаа хэдийг идэж уудаг бол. Тэд дэндүү шунахай учраас ашиггүй бизнест хөрөнгө оруулахгүй нь лавтай.

Ард түмний тархийг нь угаах, хүлцэнгүй болгох тэдэнд тун амархан. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудаар дамжуулан Монголын залуучуудыг цаашлаад Монголын ард түмнийг боолын сэтгэлгээтэй болгох даалгавраа тэд хэнээс хэдэн төгрөгөөр авсан бол. Эх орноо сүйтгэн худалдаж, элэг нэгтнүүдийнхээ тэнгэрлэг болон зөвийг гутаан доромжилхоо та хэзээ дуусгах вэ гэж асуумаар байна.

Яасан ч хууртаж ханадаггүй ард түмэн юм бэ Монголчууд бид. Монголын маргааш дуусдаггүй гэдэг шиг Монгол хүний итгэл, хүлээлт дэндүү агуу юм. Уг нь бид ингэж гутамшигтай амьдрах ёсгүй л ард түмэн юмсан.

Монголчууд бид агуу түүхтэй түүгээрээ ч бахархдаг харин өнөөдөр бид агуу түүхийн шаралсан хуудас болжээ. Үнэнийг хэлсэн хүнийг гадуурхана, хавчина үнэнээр явсан хүнийг үхэр тэргээр туулай гүйцнэ гэж тавлана. Сайны сайхны төлөө, ард түмнийхээ төлөө зүтгэж, тэмцэж яваа нэгнийгээ адлана, шоолно. Мэдлэгээс зугтана айна, мэдлэгтэй хүнийг хархаараа гүтгэнэ, шаралхана. Мөнгө улаан нүд цагаан хэмээх үгийг амьдралынхаа философи болгосон, хүчтэний өмнө хүчгүй нь буруу гэсэн ганцхан уриатай. Товчхондоо Монголын төлөө хүн Монголд ганцаардана.

Монгол хүнээ доромжилно басамжилна, харин гадны хүнийг хархаараа бөхөлзөнө, тонголзоно. Монгол хүн өөрийгөө дээд тэнгэрээс заяатай, тэнгэрлэг гэж нүүрэн дээрээ яриж нүднээс далд арчаагүй амьдралтайгаа зөрчилдөнө. Зөрчилдсөн амьдралдаа утга учир олох гэж архичин, тамхичин, мансуурагч, тоглоомын донтон болно.

Боол хүн эзэндээ үнэнч, тэр мэдлэггүй, ёс суртахуунгүй учраас хэнийг ч хайрлахгүй бас өрөвдөхгүй. Өөрөөсөө илүү гарсан хүнд хамгаас дургүй. Өөрөө болжил байвал бусад зовох нь түүнд огт хамаагүй. Амьдрал нь матаас, бялдуучлалаар, хувийн жижиг хүслүүдээр, ханаж цадахгүй шуналаар, хайргүй сэтгэлгүй зүрхээр хэмжигдэнэ. Хүйтэн сэтгэлтэй, хүнлэг чанаргүй учраас тэр хэзээ ч аз жаргалыг мэдрэхгүй, хэзээ ч аз жаргалыг мэдрэхгүй учраас бусдын аз жаргалыг үргэлж хулгайлна. Муу зүйлийг хийж бусдын зовооно гэдэг нүгэл гэдгийг та мэдэх үү.

Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг адлаж доромжилхоо болъё гэж Монголчууддаа уриалмаар байна. Гэрэл гаргахгүй байж битгий сүүдэрлээч гэдэг шиг Монголын сайн сайхны төлөө зүтгэж яваа нэгэндээ хонзогнохоо болиоч. Тэр таны л хүүхдийн ирээдүйн төлөө, Монголын ард түмнийг аз жаргалд хүргэх гэж тэмцэж яваа гэдгийг ухаараач.

Монгол төрийн түшээд гадныхны боол, харин Монголын ард түмэн хувь заяаныхаа боол нь болжээ. Хувь заяа ингэж л зурсан байх гэж, миний амьдрал ийм л тавилантай байх гэж дэндүү хүлцэнгүйгээр амьдралаа зөвтгөнө. Амьдралыг нь там болгочихоод, үр хүүхдийнх нь амьдралыг хулгайлчихаад байхад хүртэл хүлцэнгүй зан нь хэвээрээ. Монголын ард түмэн минь одоо ухаараач дээ. Биднийг дэндүү хүлцэнгүй байх хооронд эх орныг минь худалдаад дууслаа, ирээдүйн сайн сайхныг харанхуй нөмрөөд авлаа.

Яг одоо гэж би Монголчууддаа уриалмаар байна. Оройтох гээд байгаа учраас яг одоо гэж мянга мянган удаа хашгирмаар байна. Хамуг Монголчууд бүгдээрээ хүлцэнгүй боолын сэтгэлгээг таягдан хаяж өөртэй итгэлтэйгээр тэнгэрлэг амьдрахыг хүсэж байна.

Аз жаргал таны яг хажууд байна. Та жоохон л гараа сунгаач.

М. Хошууд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих