Тавантолгойг хувааж идэх сайд нарын санаархал хэрээс хэтэрлээ
-Засгийн газар УИХ-ын 39 дүгээр тогтоол, Монгол Улсын Компанийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Ашигт малтмалын тухай хуулийг тус тус зөрчжээ-
Ойрын үед Тавантолгойн ордыг тойрсон хэрүүл толгой эргүүлж, чухам хэн нь зөв, хэн нь буруу яриад байгааг ухаж ойлгоход ч бэрх болов. Улстөрч болгоны ард хувийн эрх ашиг нуугдаж, эдийн засагчдийн тооцоо судлагаа байнга зөрж, Тавантолгойн төлөөх тэмцэл тив дэлхийгээр нэг хэрэн хэсүүчилж байна. Тавантолгойн орд 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, монголчууд 200 жил ашиглах боломжтой асар том баялаг. Гэвч асар их баялгийг өөр өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж хэдэн хэсэг болгон хувааж ухахыг хүсэгчид өнөөдөр Монгол Улсын хууль тогтоомжийг улаан цайм зөрчиж эхэллээ. Тавантолгойн ордыг ашиглах асуудлаар Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компаниас удаа дараа гаргаж буй шийдвэр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зарчмыг тогтоохоор УИХ-аас 2010 оны долдугаар сарын 7-нд гаргасан “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоол, Компанийн болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мөн Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа нь тодорхой болов. УИХ-ын 39 дүгээр тогтоолд зааснаар Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь эзэмших “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэд үнэ төлбөргүй, 10 хувийг үндэсний компаниуд нэрлэсэн үнээр эзэмших учраас энэхүү компанийн бүхий л үйл ажиллагаа нээлттэй, шударга байх учиртай. Гэвч Тавантолгойн ордыг тойрон талцаж хэрэлдэж суух хойгуур эрх баригчид хуулийг гууль болтол завхруулж, асар том баялгийг хувааж, дур зоргоороо авирлаж байна.
САЙД НАРЫ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,39-Р ТОГТООЛ
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан тогтоол шийдвэр өнөөдөр сохор зоосны ч үнэгүй болж. УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар нь уландаа гишгэж, дур зоргоороо авирладаг болчихоод удаж байна. Ялангуяа асар их мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр тэд Монгол Улсын хууль тогтоолыг анзаарч хардаг ч үгүй, анхаар ч үздэг ч үгүй бололтой. УИХ-аас 2010 оны долдугаар сарын 9-ний өдөр “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” 39 дүгээр тогтоол гэгчийг батлаж гаргасан. Энэхүү тогтоолын 1-д “Тавантолгойн нүүрсний ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс-Тавантолгой” компанийг байгуулж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлнэ” гээд цагаан цаасан дээр хараар биччихсэн байгаа. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулах ёстой аж. Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд Компанийг үүсгэн байгуулах тухай тодорхой дурьдсан байгаа.
Гэтэл Монгол улсын Засгийн газрын 2010 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар тогтоолоор Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр гаргасан ч дүрмийг нь батлаагүй, төлөөлөн удирдах зөвлөлийг ч, хянан шалгах зөвлөлийг ч сонгоогүй байна.
Үүнээс гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно” гэж заажээ. Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулах бүрэн эрхийг Засгийн газарт олгосон УИХ-ын 39 дүгээр тогтоол гараад таван сар өнгөрсний дараа, арванхоёрдугаар сарын 23-ны өдөр л Улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан бололтой. Хамгийн ноцтой нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг үүсгэн байгуулахдаа Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж, хувьцааных нь нэрлэсэн үнийг ч тогтоосонгүй. Хууль бусаар компани байгуулчихаад түүний нэрийг барин бас л хууль зөрчсөн үйлдлүүд хийсээр байна.
“Эрдэнэс-Тавантолгой”-н толгой компани болох “Эрдэнэс МГЛ”-ийн удирдлагууд өмнөөс нь операторыг сонгон шалгаруулах, Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, тэрч бүү хэл тусгай зөвшөөрөл бүхий талбайнх нь хамгийн “сор болсон” хэсгийг ашиглах эрхтэй хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах урилга зарлаж, дур зоргоороо авирласаар байна. Тэдний энэ бүх ажиллагаа нь Компанийн тухай хуулийн 6.8-д “…толгой компани нь хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааны саналын эрхээр оролцоно” гэж заасныг ч ноцтой зөрчиж байгаа аж. Дэлхий нийтийн анхаарлыг татаж, бас олон хүнийг шуналыг хөдөлгөөд байгаа Тавантолгойн ордын хувь заяа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гарт байгаа. Энэ ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваалгүй бүхэлд нь эзэмших төрийн өмч давамгайлсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Монголын төрийн өмчит компаниудаас анх удаа гадаадын нэр хүндтэй биржид бүртгэгдэх олон улсын хэмжээний компани. Үүнээс гадна Монголын бүх аж ахуйн нэгжүүд болон Монгол Улсын иргэн бүр хувьцааг нь эзэмших анхны компани болох юм. Гэвч энэ том компанийн үйл ажиллагаа эхнээсээ л хууль зөрчиж, хуудуутай замаар явж байгаа нь харамсалтай. Гэхдээ тэд хууль мэдэхгүй дээ энэ компанийг байгуулах гэж хөглөж байна гэж эндүүрэх хэрэггүй. Харин хуулийн цоорхойг тун овжин ашиглаж байгаа бололтой.
ХУУЛЬ ЗӨРЧСӨН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Хамгийн багадаа л 20-30 тэрбум долларын үнэ хүрэх энэхүү ордын хамгийн сайн судлагдсан, ашиглахад хамгийн хямд өртөгтэй хэсэгт олборлолт борлуулалт хийх буюу уг ордыг ашиглах эрхийг гадаадынханд өгөхөөр Засгийн газар Сонгон шалгаруулалт зарлаад байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж …ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн хуулийн 4.1.16-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж, 7.3-т “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглоно гэж, 7.4-т “Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг этгээдийн нэр дээр олгоно” гэж тус тус заасан байна.
Хуулийн эдгээр заалтаас харахад Сонгон шалгаруулах урилгад заасан олборлох борлуулах эрхийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч эдлэх ёстой гэдэг нь илэрхий байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд л олборлолт, борлуулалт хийх эрхтэй гэдгийг Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл нь монголын төрийн өмчит компанид үлдэнэ, харин олборлох борлуулах эрхийг нь гадаадын компанийг шалгаруулан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж өгнө гэж байгаа нь хууль болон УИХ-ын 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл гэдгийг Засгийн газар тун сайн мэдэж байгаа. Гэвч тэд улаан цагаандаа гарч хуулиа зөрчиж байна.
Ордод олборлолт хийгээд эхэлмэгц л эрчим хүчний нүүрсээ ашиглах дулааны цахилгаан станцыг барьчихсан барих хэрэгтэй гэдийг олон мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа боловч Засгийн газар үүнийг огтхон ч анхаарахгүй байна. Тавантолгой бүтнээрээ байвал илүү үнэ хүрнэ. Харин хувааж, гадныхнаар ухуулчихвбал үнэ цэнээ алдана. Үүнийг хүн болгон мэдэж байгаа. Харин яагаад Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй сайд нар Тавантолгойн хамгийн ашигтай хэсгийг гадныханд өгөх гэж зүтгэж байгаа юм бол?
ГАДНЫХАН МӨНГӨ БОСГОЖ, МОНГОЛЧУУД ХООСОН ХАЛААСАА ТЭМТЭРСЭЭР…
Оюутолгойн гэрээг байгуулах үед Засгийн газар мөнгөгүй хоосноо гайхаж, дэлхийн хэмжээний том ордыг ашиглахын тулд асар их хөрөнгө мөнгөтэй байх хэрэгтэй хэмээн суртал ухуулга явуулж байсан. “Айвехоу Майнз” шиг мөнгөтэй баян газар алга, хамтарч Оюутолгойг эзэмшээд ашигаа хуваана” гэж ярьцгааж байлаа. Оюутолгойн гэрээ байгуулагдаад бүтэн жил болж байна. Гэвч бид Айвехоугаас хэдэн төгрөг зээлснийг эс тооцвол ямар ч ашиг орлого олсонгүй. Айванхоу Майнзын хувьцааны үнэ хөрөнгийн биржид өссөж, түүнээс 10 тэрбум долларын орлого олсон Фрийдланд энэ мөнгөнөөсөө Монголын Засгийн газарт өндөр хүүтэй зээлж, буянтны дүр эсгээд сууж байна. Үүнээс гадна “Саут Гоби сэндс” компани гурван сая орчим доллар зарж, ордоо үнэлүүлээд, нөөцөө тогтоолгосны дараа Хятадын төрийн хөрөнгө оруулалтын сангаас 550.0 сая долларын хөрөнгө оруулалт татчихсан байх юм. Монголын уул уурхайн корпораци /Mongolian Mining Corporation буюу бидний мэддэгээр Энержи ресурс Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцааныхаа 20 хувийг худалдаж, 650.0 сая долларын хөрөнгө босгосон бөгөөд энэ компанийн зах зээлийн үнэ нь бараг 4 тэрбум доллар болчихоод байна. Гэтэл “Эрдэнэс МГЛ” юу ч үгүй хоосон сууж байна. Гэхдээ зүгээр суугаагүй дүр үзүүлэх гэж ямар ч бэлтгэлгүйгээр хөрс хуулаад эхэлчихсэн нь уг ордыг үнэ цэнэгүй болгох “гэмт хэрэг” болохоос биш ажил биш гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Хууль зөрчин дур зоргоороо авирлаж, УИХ-ын тогтоолыг ил цагаан зөрчиж байгаа эрхэм сайд нарын энэ үйлдэлд хариуцлага тооцох хүн алга байна.
URL: