Л.Гүндалайгаар нэг, Н.Энхбаяраар хоёр давсан Ц.Нямдорж Х.Баттулгаар гурав давах уу?

Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг зүүгээр хатгах хүмүүс ихэсчээ. “Зүүгээр хатгавал зөрүүлээд тэвэнгээр” гэдэг шиг Ц.Нямдорж сайд олон жил улс төрийн тогоонд чанагдсан болоод ч тэр үү дор дор нь хариу хатгалт хийсээр байх юм. Хуулийг нэвт шувт судалсан гэдэг олны яриа оргүй бололтой. Ямар нэг үндэслэл, баримт гаргаж ирээд л дорно мэдээлэл өгчихнө. Хүмүүсийн мэдэхээр гурван том дайрлагыг ажралгүй давсан нь түүний мэдлэг үү, мэх үү бүү мэд.

Эхний хатгалт Л.Гүндалайгаас.

Л.Гүндалай Ц.Нямдорж нарыг хэзээний харш хүмүүс гэдгийг түмэн мэдэх биз. Одоогоос хэдэн жилийн өмнө Л.Гүндалай Ц.Нямдоржийг “Хятадын тагнуул” хэмээн 45 хуудас материалыг дэлгэж бөөн сенсааци тарьсан. Түүнийх нь хариуд Ц.Нямдорж “чиний архи, спиртийн хэргийг” дэлгэнэ гээд бас л нэлээд шуугианыг дэгдээсэн билээ. Тэдний зөрчил одоо хүртэл үргэлжилсээр байгаа бололтой.
УИХ-ын ээлжит бус чуулганаар шинэхэн томилогдсон Батлан хамгаалахын сайдыг огцруулах тухай хэлэлцэх үеэр АН, МАН-ын гишүүд талцаж, улмаар өмнөх баримтуудыг сөхөхөд хүргэсэн. Хөвсгөлийн хүчтэй хүү “цахим иргэний үнэмлэхийг хугацаанд нь гаргахгүй гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд зүтгэж байна. Та өнөөдөр өөрөө өөгүй юм шиг ярьж байна. Хууль зүйн сайд байж өрөөндөө хүн боогоод унагаасныг чинь хоёр жилийн өмнө нуугаад өнгөрсөн” гэв.
Харин хариу барьж сураагүй юм биш Ц.Нямдорж сайд “Цахим иргэний үнэмлэхийг тендергүйгээр авсан нь “Бодь интернэйшнл” /Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшилд байдаг/. Н.Алтанхуяг энэ ажлыг хариуцаж байхдаа 5 сарын хугацаа алдсан. Бас “Бодь интернэйшнл”-тэй бэлдэц нийлүүлэх гэрээ хийсэн ч бэлдэцийн загвараа өөрчлөхгүй бол хэвлэж чадахгүй гэж дахин хойшлуулсан. Ямар ч ажил хийгээгүй байж сайд нь огцорсон байгаа шүү дээ. Ийм юм хийчихээд хүн рүү дайрахаа больцгоо. Хариуцаж байсан сайд, УБЕГ-ын дарга байсан хүмүүс, “Бодь” гээд хувийн эзэмшлийн компаний хариуцлагагүй байдлаас болж ажил хойшилж байна” гээд хардмаар бөгөөд хачин, сонин мэдээ дуулгав. Энэ хэрэг мөн л энэ хавьдаа ингэсгээд намжчихсан.

Хоёр дахь хатгалт экс ерөнхийлөгч Н.Энхбаяраас.

Хуучны нэг намын журмын андууд, орчин үед дайснууд болоод буй. Нэг нэгнийхээ идсэн, уусан, бохир хөрөнгө, олон тэрбумын хаус, булхай луйврыг ээлжлэн дэлгэж нэлээд шуугианыг дэгдээсэн хэрэг саяхан гарсан. “Би ажлаа өгчихсөн. Ц.Нямдорж ажлаа өг. Хамтдаа шалгуулъя” гэж тулаанд дуудсан Н.Энхбаяр Ц.Нямдоржийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэ ханштай нь мэдэгдэж эхний хатгалтаа дорвитойхон хийж орхилоо.
“Эхнэр нь насаараа төрийн албан хаагч хийсэн, хүүхэд нь ч мөн төрийн албан хаагч. Ямар орлогоороо дараах өмчтэй болсноо олон нийтэд тайлбарлахыг шаардаж байна” гэж хэлээд Туул голын эрэгт байрлах нэг сая ам.долларын үнэтэй байр, Чингэлтэй дүүрэг дэх Билгүүн уулын энгэрт байдаг 600 мянган ам.долларын гурван давхар хаус, хоёр хүүдээ бариулж буй тус бүр нэг сая ам.долларын хоёр хаус гэх мэтчилэн зүйлүүдийг нь олонд дэлгэсэн.
Гэтэл “ямааны мах халуун дээрээ” гэсэн шиг нөгөө мэдлэгээрээ юу, мэхээрээ юу Ц.Нямдорж тэр дорно тэвэндэх нь тэр. Тэрбээр “Н.Энхбаяр “артай” олон зүйлүүд бий. Зах зухаас нь дурдвал төрийн ордны зүүн талд байсан хуучнаар Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийг газартай нь хамт хууль бусаар хувьчилж авсан. Мөн Богинын аман дахь “Дүнжингарав өргөө” амралтын газар, талбайн урд талын “Сэлмэн” гэгддэг барилга, “Өргөө” зочид буудал түүний ээжийнх” гэх мэтээр хариу өгсөн.
Түүний дараа энэ хэрэг энүүхэн эндээ намжчихсан. Мэргэжлийн дайчинд мэргэжлийн дайчин л хариу өгдөг нь харагдах шиг. “Гүзээ хагаравч тогоон дотроо” гэдэг ч тэгсэнгүй. Бие биенийхээ идэж уусныг зах зухаас нь дэлгэсэн нь олонд огтхонч таалагдсангүй. Харамсалтай нь энэ их хэрэг нь илчлэгдэж, баригдаж, нотлогдохгүй нь аймшигтай. Ёстой л нөгөө мэргэжлийн гэдэг нь л энэ байх нь.

Гурав дахь хатгалт Х.Баттулгаас.

Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг. Гурван хоногийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулга МҮОНРТ-ээр “Таван толгой” хэмээх вант улсын болон, олон жил харшилдаж байгаа “Энержи ресурс” компанитай Засгийн газрын гишүүдийн 50 орчим хувь нь холбоотой байдаг тухай ноцтой мэдээллийг дэлгэсэн. Тэрээр “Ухаа худагийн орд газрын ашиглалтыг төрийн мэдлийн Таван толгойн урдуур оруулсан нь буруу. “Энержи ресурс”-ын таалалд нийцүүлж бодлогоо тодорхойлдог төр гэж байх ёсгүй. Ц.Нямдорж сайд “Энержи ресурс”-ын өгсөн байранд амьдардаг. Хэдэн саяын байранд амьдардгаа тэрээр өөрөө ч мэдэхгүй байгаа. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Энержи ресурс” болон холбогдох хүмүүсийн мэдээллийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АТГ, прокурорт өгч шалгуулна” гэж мэдэгдсэн.
Харин үүний хариу болгож Ц.Нямдорж сайд мөн л тэр дор нь сэтгүүлчдэд хардмаар, хачин сонин, урд нь дуулаагүй нууц гэрээний талаар мэдэгдэв. Тэрээр “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй.  Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ мэт хууль бус ажлаас нь болж Таван толгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” гэсэн юм. Уг 20 хуудас гэрээ нь Чойбалсан хүртэлх 1100 км төмөр зам барих тухай аж. Гэрээнд  төмөр замыг 2.1 саяас 2.5 сая ам.доллар, нийтдээ 2.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцсон байжээ. Хэрэв энэ ажил нь амжилттай болвол Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажлыг ч хийлгэхээр тусгасан байсан гэнэ. Харин байрны талаар тийм юм байгүй ээ гэж мэдэгдсэн.
Энэ хэрэг харин ингэсгээд намжчихгүй нь ойлгомжтой болж байх шиг. АТГ, прокуророос гадна ерөнхийлөгчийн байр суурь тун сонирхолтой. Юутай ч мэргэжлийн болоод мундагуудын дунд гарсан оч гал болон дүрэлзэхдээ энгийн ард түмний мэдээгүй, сонсоогүй хачирхалтай, хардмаар сонин зүйлүүдийг дэлгэдэг байх нь. “Нохойн дуу ойртсоор” гэдэг шиг сонгууль ойртсоор. Харин дараагийн хатгалтаа хэн нь хэн дээрээ тоочиглон суугаа нь таахын аргагүй ч үр дүнг нь хараад байхад дахин нэгэн нууцыг гаргаж ирэх нь лавтай. Магадгүй дараагийн мэргэжилтэн нь Ц.Нямдорж сайдыг хатгах гээд дарааллаа хүлээж байж ч мэдэх юм. Хатгаад байвал хачин сонин нууцууд хариулт болон гараад л байх нь байна шүү. “Шархадсан чоно” гэж цоллогддог Ц.Нямдорж Л.Гүндалай, Н.Энхбаяр, Х.Баттулга гээд олон хүнтэй ард түмний өмнө зөрчилдлөө. Л.Гүндалайгаар нэг, Н.Энхбаяраар хоёр давсан Ц.Нямдорж гурвын давааны учраа Х.Баттулгыг яах бол?

24цаг


URL:

Сэтгэгдэл бичих