Хуучнаа сэргээсэн шинэ хөдөө
Хонь ид хургалж эхэллээ. Ямаа түрүүчээсээ ганц нэг ишиглэж байна. Мал төллөхөд байгаль цаг уур ямар байх нь онцын нөлөөгүй. Харин ч тэнгэр муу шуургатай өдөр төл олноор мэндэлж ажлын зүдгүүрийг түргэлж өгдөг сайн тал бий.
Цаг үеэс хоцрохгүйгээр амьдрах боломж хөдөө байгаа эсэх талаар энэ өдрийн сурвалжлагыг хийсэн юм. Өглөө эртхэн гараад өдөртөө буцах боломжтой нутаг хамгийн түрүүнд Төв аймгийн хот тойрсон хэдэн сум санаанд бууна. Түүний нэг болох Угтаалцайдам руугаа очлоо. Ширээгийн өврийн хэдэн гозгор дунд өвөлжөөгөө тухлуулсан Д.Амгаланбаатарынх буюу Лигдэнхорлоо гуайн гадаа шууд буув. Ноднин өвгөн нь ойчоод том хүүтэйгээ хамт хэдэн малтайгаа үлдсэн Дагва гэдэг айлын орон суурин аж.
Эдний мал мянгаар тоологдохгүй ч гурван ам бүлдээ ахдах тал руугаа.
Төвөөс ирэгсэд малчныд очоод эрээ цээргүй юм асууцгаадаг жишиг тогтчихсон юм. Сум аймгийн удирдлагууд гэхэд л хүнийх нь мэндийг хөсөр хаяж, зөвхөн малтай харьцаад явчихна. Бусад нөхдүүд бол “Танайх яг хэдэн малтай…” гэсэн байцаалтыг ёс юм шиг асуудаг. Хэрэв өөр газар гэрт нь юм уу , аж ахуйн нэгж дээр нь очоод эд хөрөнгийг нь бүртгээд унавал дургүйцдэг биз дээ. Малчнаас бол ноос, ноолуурын ашиг орлого, олсон мөнгөөрөө яг юу авсан гэхчилэн гөлөлзтөл нь мохоох зуураа айлыг эвгүй байдалд оруулж байгаагаа анзаардаггүй. Малчин А.Лигдэнхорлоо жилийн турш хийх ажлаа боломжийн төлөвлөсөн учраас хаврын энэ өдрүүдийн ажил “график зураг”-аар нь жигдхэн явагдаж байна. Дөнгөж урь орохтой зэрэгцээд тэсвэр сайтайгаас нь эхлээд хонио хургалуулна. Хурга асгараад дуусахын багцаанд ямаа эхэлнэ. Хаврын хавсрагыг өнгөрөөж ишиглүүлэхгүй бол хамаг төлөө алдаад дуусна. Ногоо цухуйхын багцаанд үнээгээ тугаллуулсан нь хамаагүй ашигтай. Эрт тугалласан үнээ нөөцөлсөн жаахан тэжээлийг маань хивээд хариуд нь литр сүү ч өгөхгүй. Тэрэнд орохноо тугал нь гэдсэндээ явж байсан нь дээр. Адууны хувьд угаасаа наадам өнгөрөөж айрагны исэлт жигдэрдэг хойно одоо энэ их ажлын хажуугаар гүү байдаснууд боос яваа. Урт хөлийн мал уул хаданд унагалах тул чоно нохойн хоол болох эрсдэлтэй. Шинэ төл авах төлөвлөлтийг аль халуун намраар няхуур тооцоолж, хуц ухнаа ялгах, хөг зүүх зэргээр малчны уламжлалт ажлууд амжилттай явагдсаны үр дүн юм. Ногоо ургаж амжаагүй үеэр том хөлийн малыг гадаа байн байн цуглуулахаар хавь ойрын борог өвс, дэрсэнд халгаатай. Барааг нь харсхийгээд толгодын тэрүүхэн тэртээд байсан нь дээр. Тэртэй тэргүй хэдийд гүү унагалахыг мэдэж байгаа.
Мал идээний энэхүү ажил нь борви бохис хийхгүй тамын хуурай мэт. Гэвч энэ бол жинхэнэ ажил, жинхэнээрээ нийгмийн баялаг үйлдвэрлэж байгаа явц юм. Мал аж ахуй дээр ажил байгаа учраас залхуучууд зугтаад байгаа байхгүй юу. Лигдэнхорлоо социализмын үеийн САА-н малчин юу хийдэг байсан талаар хуучилсан юм. Түүний хадам эцэг Туваанжав гээд аймгийн олон удаагийн аварга. Угтаалаас цорын ганцхан төрсөн “Улсын сайн малчин” хүн байжээ. Газар тариалангийн бүс нутагт сайн малчны болзол биелүүлэх их хэцүү байсан гэнэ. “Аав байнга л нүүж, нутаг сэлгэж явдаг байсан. Харин бусад малчид баян САА-н буянаар малынхаа хошууг эргүүлэх төдийхөн тааваараа амьдардаг байлаа” гэж хуучлав. Тэр үед мэргэжлийн зоотехникч, малын эмч нар шат шатандаа малын бүх нарийн ажлуудыг зохицуулаад өгчихнө. Малыг төллүүлэх, тэжээх, нядлах, малчдыг нүүлгэх зэрэг үндсэн ажлуудад сумын төвийн төсвийн байгууллагын ажилчдыг дайчлан хамруулна. Пин саравч, хадлан тэжээл, ноос, ноолуур хяргах ажлыг ч малчин өөрөө гардаж хийдэггүй байж.
Ийм нөхдүүд зах зээлд хувьдаа малтай болоод ороод явчихсан. Гэрийн сүүдрийг дагуулан гудас дэвсэж хэвтсэн шиг, айраг шимж ээ суутал мал нь өөрөө өсчих юм шиг л бодоцгоож. Тухайн үед арьс нэхий бараг үнэгүй, ноолуур арай гайгүй ч сонирхол татахуйц үнэ хүрдэггүй, амьд хонийг ганц шил архинаас тулчихдаг байсан болохоор айлуудын тав гурван мал зөнгөөрөө тоо толгой нь өсөөд байж. Ардчилал үүссэн цагаан морин жилийн дараагийн хэдэн зун, өвөл тэнгэр хангай их сайхан байж таарсан. Хүмүүс алт ухах юм уу, мод хулгай хийх мэтчилэнгээр үндсэн орлогоо бүрдүүлээд идэш бэлдэх төдий зориулалтаар гаднаа хэдэн мал тоолуулдаг байв. Монголд мал өссөн нэг шалтгаан бол их хэмжээгээр борлогдох газар байхгүй ч зардалгүйгээр өөрсдөө хоолоо олоод идчихдэг хагас тэжээвэр амьтан хэлбэртэй явж ирсэн. Мянган хониор машин авч хүчрэхгүй болохоор мал маллах нь явдлын гарз гэж олон хүн тооцоолсон байх.
Тэгж байтал төр засаг малчдыг харж үздэг боллоо. Сайндаа ч биш сонгуульд санал өгөх томоохон обьект хөдөөд байгааг анзаараад нэрийн хор төдий татваруудыг нь бүгдийг чөлөөлж гавьяа байгуулцгаав. Амины малаа маллаж яваа нэгнийг улсын ба төрийн шагналаар энгэрийг нь мялаадаг болов. Эдгээр жижиг сажиг арга хэмжээнүүд бүгдээрээ сум аймаг, хот руу дүрвэхээр зэхэж байсан малчдыг түр зууртаа торгоолоо. Гэтэл гайтай 2000 оны үеийн айхтар ган, зуд бүр хоёр жил дараалан үргэлжилж дэлхий сөнөх нь энэ үү гэмээр юм болсон. Байгалийн энэ шалгарлын дараа харин байх ёстой мал, малчин хоёр нь тунаад үлдсэн дээ. Зудны өөр нэг сургамж нь гэвэл “Зүгээр суухаар тэмээ хариул” гэдэг үг шал худлааг мэдрүүлж өгсөн юм. Нүүдлийн мал аж ахуй эрхлээд түүгээрээ дагнаад амьдаръя гэж байгаа бол уламжлал дээр суурилсан чамгүй мэдлэг хэрэгтэй. Мал маллах нь уйдсан хүний зугаа биш, монгол онцлог бүхий томоохон бизнес, ихээ ирээдүйтэй ашиг бүхий ажлын байр гэдгийг одооноос л ухаарч эхэлж байна. Зах зээлийн эхэн үед сургуулиа хаяад хөдөө гарсан жаалууд одоо эрийн цээнд хүрцгээсэн. Тэд уламжлал ч үгүй, орчин үеийн ном сонин ч унших дадалгүй авгай нөхөр болцгоон нэгэн харанхуй бүдүүлэг үеийг бий болгожээ. Тэднээс бусад нь малын ажлыг байгаль цаг уураас хамаарахгүй болтлоо таньж ашиг олж, хот хөдөөгийн ялгааг арилгалаа. Зогсоо зайгүй гар утсаар ярьцгааж, өөрт хэрэгтэй мэдээллийг бүх сувгаар авцгааж, шаардлагатай гэж үзвэл банк дүүрэн шатахуунтай төрөл зориулалтын техникүүд гаднаа сойчихсон, дөрвөн улиралд тохируулан хийгдэх расписсанаа ягштал биелүүлэн, холын ба ойрын төлөвлөгөөтэй амьдарч байна. Хэдийгээр бэлчээр өмчлөгдөөгүй ч одоо Монголд сул газар бараг байхгүй болчихсон юм билээ. Цаашид бэлчээр, өвөлжөөний асуудал улам нарийсан ямар нэгэн эрх зүйн зохицуулалтанд хүрч байж шийдэгдэх төлөв ажиглагдаж байна.
Шинэ хөдөөнийхөн суурин газрын байнгын орлоготой дундаж давхаргынхнаас дутахааргүй болжээ. Том болсон хүүхдүүдээ бусдын сурдаг сургууль номонд явуулж, бусдын хийдэг ажлыг хийлгэн мэдээж орон сууцны асуудлыг нь шийдэж өгсөн байна. Мөн өөртөө зав зай гарган эрүүл мэнддээ анхаарч рашаан сувилалд явах, гадаад дотоодод аялж жуулчлахаа ч мартсангүй.
Хөдөө хөхөрлөө гээд бүх юмнаас хоцордог байсан бол одоо хөдөөнөөс ч “улс төр” хийгээд байх боломжтой болчихсон. Монголын нүүдлийн мал аж ахуйд өөр орноос авах туршлага нэгэнт байхгүй тул чинээндээ тултал хөгжсөн нь энэ байх. Цаашид хониноосоо эцсийн бүтээгдэхүүн гаргана гээд гэртээ консерв буцалгаад сууна гэж байхгүй. Харин зочныг жуулчин болгож хувиргахгүй бол цаг үетэйгээ нэг л нийцэж өгөхгүй байна. Ирсэн болгоныг хөл алдаж дайлах яршиг төвөгтэй, жижиг сажиг зүйл дээр үнэрхэх бас хэцүү. “Шанаган тав” гэхчилэн баалж үнэгүй сүү аваад байх санаатай. Хөдөө баахан дайлуулчихаад хариуд нь хот орохоор хаалгаа дотроосоо түгжчихээд оруулдаггүй биз дээ. Тэгэхээр хэн хэндээ хал балгүй гадаад дотоодын хүн, ах дүү садангаа ирэхэд нь айл бүр сайхан илүү гэр эмээл хазаартай морь бэлдчихмээр юм билээ. Гэр зочид буудал маягтай. Мөн ус цасанд ордог хэрэгсэл, явуулын саун бассейн, ариун цэврийн өрөө, хог хаягдлаа зохицуулах хэрэгсэл, хүнсний аюулгүй байдлыг шалгадаг бичил тест, интернет зэрэг шинэ технологийг боловсрол эзэмшсэн хүүхдүүд нь удахгүй нэвтрүүлнэ биз. Нүүж суухад жаахан нүсэр ч унаагүйн зовлон байх биш дээ.
Нэг хүүхдээ мал дээр гаргаж “Мангар Дамдин” болгодог жишгийг их ярьж байна. Ашигтай нарийн ажиллагаатай энэ өвөрмөц бизнесийг эрхийн тэнэг бацаанд өвлүүлэх юм бол жилийн дотор будаа болгоод хаячихна. Туслах малчин авах ч лай. Тэгэхээр хүүхдийн хүүхдүүд өсчих юм бол хүүхдүүдийн маань хэн нь ч хүрээд ирэх магадлал байна. Ер нь ч монголчуудын цөөнгүй нь энэ л замыг сонгох болов уу. Тавь жар хүрээд үүдний жижүүр хийж сууснаас эцэг эхийнхээ голомтон дээр эргээд очсон нь илүү аз жаргалтай байх буй заа.
Лигдэнхорлоо гуайгаас морийг нь гуйж унаад хонийг нь жаал хариулж шувууд жиргэхээс өөр аниргүй орчинд суух зуур ийн бодсон юм. Үдээс өмнө хоёр хонь бэлчээр дээр хургалахаар нь хамар чих рүү нь нэг нэг сайн үлээж өгөөд хальс, салснаас нь салгаад өвсөөр арчаад ууталчихав. Ямар ч сайхан тогтуухан өдөр байв даа. Тэгсгээд пөг пөг шогшуулаад буцаад ирсэн юм.
-Ямар зүсмийн хонь хургалаав гэхэд нь тэрнийг нь ёстой анзаарсангүй.
-Ирэх замд чинь бяруу дагуулсан хоёр үнээ зөрөв үү?
-Мээ-дэхгүй
-Үдээс хойш гэхэд арав гаран хонь хургалахаар харагдсан даа гэлцэж байв.
-Монгол хонины хурга алзахгүй ээ. Орой эхийгээ өөрсдөө олчихно наадуул чинь гэхээр санаа амарлаа. Цэмбийтэл цэвэрлэсэн томоо дулаан пин дотор нөгөө хоёр хурга бусад сүрэгтэйгээ нийлэн тоглоод харвачихав. Хонь наашлах болоогүй болохоор төлийн дуу цангинахгүй, гадаа хөгшин банхар л хааяа пүн пүн хуцна. Гэрт зурагтаар Их хурд хэд гэнэв хурдан морины уралдаан гарч хойд айлын залуу дотор нь орчихоо алдан шимтэн үзнэ. Зурагтаар гарч байгаа тэр моринуудыг андахгүй юм. Бараг малчин болгон л морь уралдуулах сонирхолтой бололтой. Тэрбум төгрөгөөр худалдаж авсан морь тэр байна гэх мэтээр энэ талаар биднээс илүү мэдээлэлтэй. Аль диван галавын Жаргалантын “Морин завод” гэж байх үеийн угшил удмын үүлдэр одоо байдаг л юм байх даа. Нийтийг хамарсан үзвэрийн хийрхэл манайд үе үе давалгаалдаг. Энэ хорин жилийн дотор эхлээд “Халтар царайт” кино үздэг байлаа. Тэгээд нэг хэсэг бүгдээрээ “Сумод орчихсон”. Дараа нь үндэсний бөх, одоо морины уралдаан. Энэ ч бас өөрийн гэсэн цаг хугацаатай байж таараа.
Зурагт харж, дэмий ярингаа цай ууцгаан цаг нөхцөөх нь манай мөд засаршгүй дутагдлын нэг ээ. Тэгж байтал гадаа хонь хурга майлалдан хөнгөн уулга алдалт, хаая хүүе болоод явчихав. Оройны ажил ч ундрах нь бололтой. Нэг шалтаг хэлж хурдхан явахгүй бол уяа шилбүүр дөхүүлэхээс эхлээд зүгээр суулгахгүй янзтай.
Хот айлаас нэлээд холдсон хойноо “Ингээд л хүмүүс биеийн амрыг хайн зугтацгаадаг байх даа” гэж бодохоос инээд хүрч явав.
Ж.ГАНГАА
URL: