Хүүхдүүд стрессээ тайлах гэж PC тоглодог
“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр PC тоглоомонд донтсон залуус хүний санаанд оромгүй гэмт хэрэг үйлдсэнийг дараа хууль хяналтынхан ухаан орж байх шигбайна. Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсээс 311 тоглоомын газарт шалгалт хийж 103-ыг нь хаасан аж. Энэхүү цагдаагийн мэдээлэлд “Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв”-д (Шар хадны эмнэлэг) тоглоомонд донтсон хүүхдийн тасаг нээгдээд өнөөдрийн байдлаар 16 өвчтөн эмчлүүлж байгаа талаар дурьдсан байв. Ингээд тус эмнэлэг дээр очиж Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Н.Туяагаас тодруулахад “Одоогоор тоглоомонд донтсон гэх оноштойгоор хэвтэж байгаа нэг ч хүүхэд байхгүй. Тийм тасаг ч нээгдээгүй” гэсэн юм. Нэг талаар сайн мэдээ сонсов. Хүүхдүүд яагаад PC тоглоомонд донтдог вэ гэсэн асуултад эмч нар ийн ярьсан юм. Ар гэрийн тохь тухгүй орчин, аав ээжүүдийн хэрүүл тэмцэл хүүхдийг стресст оруулдаг. Хүүхдүүд дотроо их ганцаарддаг, шаналдаг гэнэ.
Сэтгэлийн тэр дарамт шахалтаа тайлахын тулд PC тоглоомын газар очдог байна. Томчуул стресст орохоороо архи уух, биллиард тоглох, хаа нэг тийшээ явах зэргээр тайвширдагтай адил.Хүүхдүүд сэтгэлийн дарамтаа тоглоом тоглож түр ч болов мартдаг хэдий ч сүүлдээ тэр дадал зуршлаасаа салж чадахаа байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, ар гэрийн хэрүүл тэмцлээс өөрийгөө чөлөөлөөд хийсвэр ертөнцөд амьдраад байх магадлалтай болдог бололтой. Энэ нь хар тамхи татсан хүн хэсэгхэн зуур өөр орчин, сэтгэл тайвшралыг бий болгож чаддагтай ойролцоо гэнэ. Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд тоглоомонд донтсон хүүхэд ирдэг байна. Уур уцаартай, ядаргаанд орсон, тураалтай, сульдаатай, нүд нь анивчсан ирдэг аж. Гэхдээ цагдаагийнхны мэдээлсэн шиг хэдэн арваараа дугаарлаад байдаггүй гэсэн. Тоглоомонд донтох өвчин эдгэрдэг аж. Ар гэрийн байдал, сэтгэл заслын эмчилгээ сайн үр нөлөөүзүүлдэг байна. Аав ээжүүд гурав дөрвөн настай хүүхдээ компьютерийн тоглоом тоглоход “Тоглоом тоглоод гар хуруу нь эвлэрч байг” гээд хэдэн цагаар ч хамаагүй тоглуулдаг. Энэ хамгийн буруу гэнэ. Хэмжээ, хязгаартай тоглуулж байхгүй бол алсан, хядсан тоглоом бодит амьдрал хоёртоо төөрөлдөх магадлалтай байдаг аж. Энэ эмнэлэгт хэвтэж байсан 12 настай хүү “Надад тоглоом дээр байдаг шиг буу байвал хотын гудамжаар хүн алаад гүйхгүй юу” гэж байсан гэнэ. Одоогийн хүүхдүүд айл гэр, адуу мал гэж тоглохын оронд алах, хядах, буудах л маягаар цагийг өнгөрөөдөг болжээ. PC тоглоомонд донтох нь гэмт хэрэг хийх ухамсарыг өөгшүүлж байдаг муу талтай гэнэ шүү.
Т.ЭРДЭНЭ
URL: