Ц.Элбэгдоржийн халааснаас гарсан гэх хонгионы үлгэр үнэндээ ийм
Долдугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбоотойгоор шинэ шинэ гаргалгааг хэвлэл мэдээллүүд гаргаж байна. Ийм нөхцөлд хэвлэл мэдээллийн бид л аль болох үнэнийг нийгэмд хүргэж байхгүй бол төөрөгдөл бий болох вий гэсэн болгоомжлол төрж эхэллээ. Та бүхэнд танилцуулж буй энэхүү гэрэл зургийг уншигч та тогтож анзаар. Хэдүй бүдэг ч гэсэн сайн хар. Бууны ам цухуйж байгаа биз. Бууных нь оосор доошоо унжсан байна. Аа бүр буу авалцаж гал манарч, утаа уугиж байна. Энэ бууны буудсан хугацаа нь оройн 21 цаг 6 минут 39 секунд гэж авсан гэрэл зургийнх нь аппаратад үлджээ. Гэхдээ энэ буу бол хаймран сумтай буу. Хүний амь насанд шууд нөлөөлдөггүй резинин сумтай. Энэ буугаар тэр өдрийн 15.00 цагийн орчмоос эхлэн жагсагчид руу буудаж эхэлсэн юм. Хонгио нь цаасан хонгио байдаг. Юу хэлэх гээд байна гэхээр сүүлийн үед зарим мэдээллийн хэрэгслээр тухайн үед АН-ын дарга байсан Ц.Элбэгдорж тэр орой улс төрийн намын дарга нарыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр цуглуулж уулзах үед бууны,сумны хонгио авч орж танилцуулсан. Тэгэхээр хүн буудахыг мань нөхөр урьдчилан мэдэж байжээ.
гэсэн мэдээлэл юм. Энэ мэдээллээс болж зарим иргэн хүн буудаж хороосон галт зэвсгийн хонгиог Ц.Элбэгдорж аваад оржээ гэсэн ташаа ойлголт авч мэдэх нь. Улс төрийн намын дарга нарын уулзалт 22.00 цагийн орчим Н.Энхбаярын өрөөнд болсон. АН-ын дарга тэрхүү уулзалтад орохдоо 15.00 цагаас хойш иргэд рүү буудаж эхэлсэн резинин сумны цаасан хонгиог авч орсон юм. Иргэд рүү галт зэвсгээр галлаж, араас нь хөөн хороож эхэлсэн цаг хугацаа бол 22.00 цагаас хойш буюу шөнийн 24.00 цагт Онц байдал зарласнаас хойш юм. Хун хороосон галт зэвсгийн хонгионоос тэрхүү резинин сумны цаасан хонгио огт өөр. Энэхүү цаасан хонгиог Ц.Элбэгдоржид жагсагчдын хэн нэг нь Онц байдал зарлахаас хоёр цагийн өмнө авчирч өгсөн байдаг. Бодит байдал ийм байхад резинин сумны цаасан хонгиог хүн буудаж хороосон галт зэвсгийн хонгио болгон нийгмийн сэтгэл зүй рүү шидэж, ард түмнийг төөрөлдүүлж байгаа нь МАН-ын тухайн үеийн удирдлагууд өнөөдөр амиа авч гарахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон арчаагүй үйлдлийнх нь нэг хэлбэр болохыг иргэд ойлгож байна. Бодит үнэн ийм юм шүү гэдгийг тухайн үеийн үйл явдлыг газар дээр нь сурвалжилж байсан сэтгүүлчийн хувьд онцлон бичлээ.
Ц.Элбэгдорж иргэдийн авчирч өгсөн цаасан хонгиог бариад тэрхүү уулзалт дээр орохдоо “Иргэд рүү резинин сумаар буудаж эхэллээ, энэ нь галт сум болчих юм биш биз” гэсэн болгоомжлолоор баримттай орсон нь өнөөдөр ийнхуу улс төр, далд санаа, хэн нэгэн рүү буруугаа чихэхийг оролдсон тухайн үеийн төрийн томчуудын нэг муу үнэгэн залны оролдлого юм шүү дээ.
П.ЧУЛУУН
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: