Хартай, харгүйчүүдийн тэмцэл /Хошин өгүүллэг/

Бие биенийгээ ойлгож, дэмждэг, нүүр амандаа эм “барс”-ын хумсны сорвитой бидний хэдэн нөхөд нэгэн санаагаар “Хардалтын эсрэг хамтдаа” гэдэг төрийн бус байгууллага байгуулав. Хардалтын улмаас нийгэмд учирч байгаа хор хөнөөлийг багасгах зорилгоор бид энэ байгууллагыг үүсгэж, дэвшүүлсэн зорилтоо
биелүүлэхийн тулд гэр орноосоо эхлэн, үйл ажиллагаагаа явуулахаар тогтлоо.

Хардлага сэрдлэгэ үүсгэж байгаа гол эх үүсгэвэр бол хүмүүсийн болон нийгмийн сэтгэлзүй эрүүл бус байгаад хамаг учир оршино. Төр нь ард түмнээ “харддаг”, ард түмэн нь төрөө “харддаг” сэтгэхүй нийгмийг бүрдуүлдэгч бүх нэгжид амь бөхтэй байгаагийн улмаас үл ойлголцох явдал бүх шатыг хамран, хэлмэгдүүлэлтийн “бараан” үеийг өөрийн эрхгүй санагдуулж байна гэж байгууллагын илтгэлд дурьдсан нь ортой битгий хэл ончтой дүгнэлт юм.

Ерөнхий сайд арван сайдаа хардана. Арван сайд нь ерөнхий сайдаа хардана. Тэргүүн сайдаа дэд сайд нь хардана. Дэд сайдаа төрийн нарийн бичгийн дарга нь хардана. Цагдаа нь иргэдээ хардана. Шүүх нь цагдаагаа хардана. Шүүхээ өмгөөлөгч хардана. Өмгөөлөгчийг яллагдагчын гэр бүл хардана. Түүнийг сэтгүүлчид хардана. Сэтгүүлчийг ольгархиуд хардана. Олыархиудыг татварын газар хардана. Татварын газрыг авилгалтай тэмцэх газар хардана.

Хардалтын гинжин сүлжээнд хувь хүн, байгууллага, нам бүлгэм, хөдөлгөөн, хөрш улс орнууд ч хамаарна. Сарыг яагаад бүдэг туяатай байна гэж арай хардаагүй байна. Африкт нар илүү шараад байна гэсэн нэхэмжлэл нэгдсэн үндэстний байгууллагад    хараахан явуулаагүй байна… Гэр бүлд эмэгтэй хүн “хардалт”-аар “өвчлөх” нь нэн түгээмэл үзэгдэл юм.

Эхнэрээрээ жишээ авъя. Ажлаасаа эрт ирвэл намайг ” өнөөдөр чи “болзоо”-гүй байсан юмуу?” гээд эхэлнэ. Оройтож ирвэл буудалд “унтаад” ирэв үү? гэж гөрдөнө. Үнэн учиртаа би амьсгал дээр ажлаасаа эртхэн ирдэг нь хүүхэд шуухад сургууль цэцэрлэгээсээ ирэхээс өмнө “ээмэг”-тэй хүнтэйгээ “учраа олох” санаатай яаран ирсэн хэрэг. Гэтэл эзэгтэй иймэрхүү бүдүүлэг ёс бус харьцахад юун түүний хацар дээр үнсэх битгий хэл харахаас ой гутаж байгаа юм чинь.
Ажил ихтэй үед оройтоод ирнэ. Юун ор хөнжлийн явдал бушуухан лавшаагаа идээд сунаж унахаар хирдээ гүйх шахам ирнэ. Тэгтэл эхнэрийн минь бодож байгаа “бодол”, хэлж байгаа “үг” нэг л биш ээ… Хардана гэдэг эдгэшгүй өвчин аж. Өрөөндөө ганцаараа зурагг үзээд сууж байтал эхнэр гэнэт орж ирсэнээ үзэж байсан нэвтрүүлэг, гарч байгаа “дүрс”-тэй нь “холбоод” хардчихна. Нэг удаа “Нандиагийн ток шоу” гэдэг нэвтрүүлэг үзээд сууж байтал орж ирээд:

-Нандиа та хоёр ямар “учиртай” юм бэ? Дандаа л “уулзаж” байх юм. Яасан уйддаггүй эр эм бэ? гээд нүүрээ улалзуулж, нүдээ эргэлдүүллээ… Бас нэгэн удаа “мэдээ” үзэж суутал Францын ерөнхийлөгч Саркозигийн эхнэр францын тэргүүн хадагтай Бруни гэгч “гарч” байлаа. Тэгтэл эхнэр гаднаас орж ирээд нөгөө хүүхнийг надтай зэрэгцүүлэн харсанаа,

-Чи бүр унаж “тусах” нь ээ. Нэртэйд нь хоёр нүдээ “ухаад” өгчихөөч. Энүүнтэй чи ямар холбоотой юм бэ гээд шилбэлзлээ. Эгдүүцсэндээ сувгаа сольтол газрын теннисний Австралийн цомын тэмцээн гарав. Оросын алдарт теннисчин Мария Шарапова, Бельгийн нэрт теннисчин Ким Клестр хоёр шувтарган тоглолтонд аваргын төлөө тоглож байлаа.

-Монголоосоо уйдаад гадаадын шар хүүхнүүд сонирхдог болоо юу? Барагтайхан байгаарай гэж эхнэр заналхийлэлтэй хэлнэ. Байсаар байгаад зурагт ч үзэж болохгүй болох нь ээ… Энэ хартай хүүхнийг “мэдсээр” байж Федрер, Надаль хоёроо “гаргахад” яадаг байна? Дэлхийн теннисний холбоотой “заргалдалтай” биш, тэгээд “таарсан” юмыг чинь телевизээ хага цохих уу… Дахиад сувгаа сольтол Мэриэн Керри гэгч нүцгэн шахам дуучин хүүхэн гарч ирээд зурагтын дэлгэцээр нэг том хөх, бөгсөө “гайхуулан” дуулан бүжиглэж гарав.

-Аяга хоол хийчихгүй байж шалдан хүүхэнд нүдээ өгчих гээд зурагт гөлийгөөд суудагаа болиоч. Намайг орж ирээгүй бол өмдөндөө гараа хийгээд сууж байгаа даа чи гэж эхнэр ээлжит харын үгээ чихний нүх рүү шүлсээрээ дамжуулан шидлээ… Ийм хүнтэй чинь юу гэж яриад ч нэмэргүй. Чимээгүй өнгөрөөж байгаад, тайвшрахыг нь хүлээх чухал. Харгүй хүн гэж байдаггүй байх. Их бага хэмжээгээр хүн бүрт “хар” гэгч “хар бодол” тархи толгойд “өндөглөх” юм даа.

Тэр тусмаа манай эхнэрт бол тэнгэрийн тааллаар хэтэрхий “тун” ихдэж заяажээ. Биен дээр ялаа хүртэл суухад эр ялаа юу эм ялаа юу гэж өнгийж хардаг хүн. Бодвол том бандгар нь эр, “гоолиг” жижигхэн нь эм ялаа юм шиг байгаа юм. Ялаатай хардаад байхдаа яах вэ гэж сонссон хүн дооглох газар. Тэгвэл үнэн байдалд ялаатай хардана. Зуслан дээр шумуулд хазуултал эхнэр:

-Эмэгтэй хүний цус сорсон шумуул чамайг хазлаа даа гэж санаа алдан хэлэх нь өрөвдөлтэй ч юм шиг. Намайг хатгасан шумуул ДОХ-ын халдвар тараагч уу, хайр сэтгэлийн донор уу… Хардахдаа бас учиртай хардмаар юм. Хаа хамаагүй хорхой шавьжтай хардана гэж юу гэсэн үг вэ? Тэрний оронд нүцгэн хүүхний зурагтай сэтгүүлтэй хардсан нь үнэнд ойртоно. Хүүхдийнхээ төрсөн өдрөөр бөмбөлөг үлээж байгаад мартаад нэгийг хармаалжээ. Эхнэр хувцас угаахдаа өнөөхийг олоод,

-Чамд бэлгэвчний мөнгө олдохгүй байна уу? Шаариг халааслаад их ариг хямгач амьтан байх нь ээ гэж гүггэлээ. Заримдаа нээрээ дэндүү шүү. Бурханд хүртэл мөргөхдөө санаа зовох юм. Бурхан тэгээд эмэгтэй хүн шиг хөхтэй байхыг яах вэ. Эхнэртэйгээ хамт Мигжиджансрайсэг бурханд мөргөлөө. Тэр том бурхнаас сүрдсэн би хир өндрийг нь харах гээд дээш өлийхөд эхнэр ханцуйнаас татан,

-Юундаа    олийгоод байгаа юм бэ? Чи бол дэндүү “жижигдэнэ” дээ гэж “хийгээд” авлаа. Ийм цагаандаа гарсан хүнтэй юу ярих вэ дээ. Буддаг шүтэхээ болиод Ээсүс шүтэх үү? Гэгээн Мариятай нь хардаад “сүм шатаах” хэрэг болох бол уу? Аллах л шүтвэл таарах юм шиг байна. Эх дагина магина гээд эмэгтэйчүүдийн байгууллагатай холбоотой зүйл хараахан сонсоогүй сэн. Исламын шашинтай байсан бол хар гивлүүрийн цаанаас хамаг эмэгтэй хүн болгоныг “овчарк” шиг “сэжигтэй” харах байсан буйзаа.

За, тэгээд ямар нэг “ханд” авбал ажлын газрын хүүхнүүдтэй хардаж “террорист” халдлага үйлдэхээсээ буцахгүй… Энэ гэрийн хаалгаар орж ирсэн эм хүйстэн бүхнийг надтай “холбож” бодно.

Бодно гэдэг чинь хардана гэсэн үг л дээ. Яг одоогоор ээжтэйгээл “хардаа”-гүй байна. “Өвчин” нь хөдөлвөл тэгэхгүй гэх баталгаагүй… Нэгэн эрхэм дүүгийн эхнэрийнх нь төрсөн өдрийн баярт эхнэр бид хоёрыг урив аа. Янхан хүүхнүүдийн дунд очиж, хов ярьж, хоточ банхар шиг соотолзох гэлээ гээд өөрөө ч явсангүй намайг ч явуулсангүй. Чи бид хоёрыг ах эгч гэж хүндэтгээд урьж байхад чиний хэлж ярьж байгааг.

Мөнгөө “харамлаад” ирсэнгүй гэж муу хэлэх вий дээ дараа нь… гэвэл хамраа байдагаар нь шантайлгаж, очиж очиж тэрний төрсөн өдөр амралтын ганц өдөр таараад байхдаа ч яах вэ. Муусайн юмнууд төрсөн өдөр гэж “архидалт” зохион байгуулж байгаа байхгүй юү гээд тэс хөндлөн зөрлөө.

Юунд чи ийм дэмий балай юм ярьж байдаг юм бэ? гэхэд нүүрний хамаг арьсаа үрчийлгэн, тэнэг хүн хүнийг харддаггүй юм, харин “тэнэг”-тээд хамт группен секс хийх биз гэж донгиотов… Хардалт бол ерөөсөө гэр бүлийн “хэлмэгдүүлэлт” юм. Хэрэвзээ “ногоон малгайтнууд”-ын үед эхнэр маань дотоодыг хамгаалахад ажиллаж байсан бол олон хүний хувь заяаг сүйтгэж, “бодий нь хөтлөх” байсан биз. Яахаараа ийм гоц хардах мэдрэхүйтэй болсон юм бол гээд сураглахад тэдний удамд цагдаа битгий хэл, цахилгаан станцын хамгаалалтын газар ажиллаж байсан хүн ч байдаггүй сэн.

Хориннэгдүгээр зуун гарчихаад байхад хорьдугаар зууны эхэн дунд үе рүү хөл “хальтирч”, хэл “ороогоод” байна гэдэг гуунд тахиагүй, гэртээ тахиулсан гэрийн “бурхад” маань хэт “зүүнтэн” буюу эрх ямба нь гэр бүлд “хэт даврагч” болсонтой холбоотой юм бол уу… Гэртээ очоод би хэсэг нөхөдтэйгээ нийлж, хардалтын эсрэг тэмцэх байгууллага байгуулсанаа эхнэртээ ярилаа.

-Гэмгүй улсууд ийм юм сэдэхгүй. Та нар тэгэхээр нилээн “но”-той улсууд байна. Аргагүй ч юм даа, манай “хүүхний тэнгэр” нийлчихсэн байхыг бодоход цаадуул нь ямар улс нь ойлгомжтой гээд эхнэр “сэжигтэй” шалтгаануудыг нь тоочиж гарав… Эсрэг хүйсийн хүмүүсийг хардахаас гадна ижил хүйсээр нь ч “хардах” хандлага сүүлийн үед ихэд ажиглагдаж байна. Олон жил уулзаагүй “цэргийн” найз маань алс баруун аймгаас ирж, ганц шил юм “нухан”-гаа бид хоёр зочны өрөөний буйдан дээр хамт “унтсан” юм. Түүнийг явсаны дараа эхнэр намайг сонжин ширтсэнээ,

-Цэрэгт та хоёр “учиртай” байсан уу? гэж мангартлаа. Эмэгтэй хүн бүрийг “явдалтай”, эрэгтэй хүн бүрийг “уудаг” гэж боддог хөөрхий эхнэрт минь “хар” гэдэг аймшигг “өвчин” хэзээ ч эдгэрэхгүйгээр оюун ухаанд нь “шүглэжээ”. Жорлонд удаан “суувал” хэрэгт “орж” балрах нь. Бохирын босоо шугамтай “хардаж” мэдэх тэнэг шүү. Эхнэртээ би “хар”-ын тухай, “хар”-аас болж нийгэм болон гэр бүлд учирч байгаа сөрөг “үзэгдлүүд”-ийг бүгэн гурван цаг тайлбарласан боловч эхнэр юу ч ойлгосонгүй…

Гэрт орж ирэхэд хардана, гадагшаа гарахад хардана. Хэрэв ажлаасаа гараад гэртээ “хэвтэхэд” Чи гэрт хүүхэн авчраагүй биз? гэж өдөрт мянга утастдаад амар заяа үзүүлэхгүй хүн.

Энэ хүнийг “засна” гэвэл төрийн бус байгууллага байгуулж “гишүүн”-ээр элсүүлж, “тархий нь угаагаад” “аврах” арга бий юү? Эсвэл хойд мөсөн туйлд хорин жил “цөлөөд” “сэнхрүүлэх” аз таарах уу?… Энэ бүхний эцэст эхнэр өөрийнхөөрөө муйхарласаар найз нөхөдтэйгээ нийлж, “Хайртай бол хартай” гэдэг ТББ байгуулав. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нэрээр би эхнэрийнхээ тавьсан лекцэнд суух “завшаан” таарсан юм.

Зах зухаас нь товчлон дурьдвал: Хайр гэдэг байгаа учраас эр эм хоёр хамтран амьдарч, гэр бүлийн харилцааг үүсгэдэг. Хар гэдэг үг өөрөө хайр гэдэг үгээс гаралтай. Хагас и-гий нь хасаад хар гэдэг үг үүсэнэ.

Тэгэхээр хар байж хайраа хамгаална. Харгүй хайр бол худлаа хайр. Эр нөхрөө өөр хүүхэнтэй “зугаацаад” ирэхэд “Миний хайр ажилдаа ядрав уу?” гээд аль аятай хоолоо барин, ам руу нь аягалж өгнө гэдэг бол цэвэр доромжлол мөн. Иймэрхүү эхнэр хүүхдээ араар нь “тавьдаг” муусайн “бөгсний хорхойтой” эрчүүдэд “хар” гэдэг хайрын шийтгэлээ үзүүлэхгүй бол хоёр эхнэртэй байх хуулийг их хурлын “завхай” гишүүд баталсан мэт тэлээ хурга шиг хоёр тал руу гүйгээд амьдрал амьдрал биш болно.

Эрчүүдэд хэзээ ч итгэж болохгүй. Хань минь, хайр минь гэж байгаад бөгсөн дээр бүлээн жин тавих хүмүүс…” гээд “галлаж” өгч байнаа… Ерөөсөө өөрийнхөө надтай “харьцдаг” хандлагаа бүрэн тодорхойлж байгаа нь энэ.

Манай эхнэр шиг ийм “хоцорсон” хуучинсаг үзэл бодолтой эмэгтэйчүүд тэр лекцэнд ирсэн байх бөгөөд үг хэлэх болгонд нь нижигнэтэл алга ташиж, “Хормой султангуудын хоолыг хэмж” гэж нэгэн дуугаар хашгиралдах нь неофашистуудын цугларалтыг санагдуулна. Эр хүн эхнэрээсээ өөр хүний царай харахгүй, эрэгнээсээ өөр хоолны хольц үзэхгүй бол энэ хорвоо “дампуурна” биз дээ.

Бурхны авралаар би яруу найрагч болсонгүй. Хэрэв болсон бол үүдэн хоймроо залдаг Янжинлхам бурхныг минь надтай хардаад хэдийнэ цонхоор гаргаад шидэх байсан даа…

Даваажавын Эрдэнэмөнх
Эх сурвалж: “Булганы мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих