Иргэд үзэл бодлоо илэрхийлж жагсах эрхтэй. Харин эрх баригчдад иргэдээ буудах эрх бий юү?
“Долдугаар сарын 1″-ний гэх тодотголтой цагдаагийн генерал, хурандаа нарыг шүүх хурлын эргэн тойрон дахь үйл явц үргэлжилсээр байна. Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн хурандаа Г.Ганбаатарт холбогдох хэргийг тусгаарласан байснаа өчигдөр хэлэлцэх тов гаргасан. Сүхбаатар дүүргийн шүүхийг хашаатай нь таван цагдаа бүрэн хамгаалалтандаа авчээ. Тэд “Өмнөх шүүх хурлын үеэр шүүхийг хамгаалсангүй гэж буруудсан. Одоо шүүхийнхнээс өөр хэнийг ч оруулахгүй” гэж хөндөлсөнө. Шүүхийн хашааны гадна цагдаагийн ар гэрийнхэн “Цагдаа улс төрийн золиос биш” гэх мэт лоозонгуудаа барин зогсоцгооно. Бас шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн утгатай мэдэгдэл дээр гарын үсэг цуглуулж байна лээ.
Шүүх хурал эхэлснээс төд удалгүй хохирогчдын өмгөөлөгч гарч ирлээ. Г.Ганбаатарыг шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэнэ. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Туул хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцаж дуусаагүй гэх үндэслэлээр хурлыг хойшлуулсан аж. Мөн Г.Ганбаатарт холбогдох хэргийг Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарынхтай дахин нэгтгэж хэлэлцэхээр болжээ. Шүүх хурлыг хүртэл Г.Ганбаатарыг хорих шийдвэрийг шүүх гаргасан байна. Ингэснээр өөрсдийгөө буруугүй мэтээр ярьж, шүүхийг улстөржсөнийг гайхаж байсан генерал, хурандаа нар шүүх хурал болтол хоригдохоор болж байгаа юм.
Хурал хойшилдог, шүүгдэгчдэд албадан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг шүүхэд өдөр бүр тохиолддог хэвийн л үйл явц. Гэтэл цагдаагийн дарга нарт холбогдох хэрэг ямар учраас дуулиан тарьж, хурандаа нар хэний удирдлагаар ардын баатрын дүрд тоглож байна вэ.
ЦАГДАА НАР ДӨРВӨН ХҮНИЙГ БУУДАЖ ХӨНӨӨСӨН. ХУРАНДАА НАР ЦАГДААГАА ДАРГАЛСАН
Ерөөсөө л болж өнгөрсөн үйл явдал ийм. 2008 оны сонгуулийн дүнг эсэргүүцсэн иргэд үзэл бодлоо илэрхийлж МАХН (МАН)-ын байрны өмнө жагссан. Тухайн өдөр нь цагдаагийнхан шилэн бамбайгаараа өөрсдийгөө хамгаалж, буланд шигдэхээс өөрийг хийгээгүй. Харин үдэш жагсагчид тарж байх үеэс Онц байдал зарлах тухай яриа өрнөж, 00.00 цагт Ерөнхийлөгч зарлигаа уншсан. Үүний дараа байлдааны зэвсэгтэй этгээдүүд иргэдийг нохой шиг хөөж байгаад буудаж хөнөөсөн. Тэр зэвсэгтэй этгээдүүд нь цагдаа нар байсныг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан хөдлөшгүй баримтуудаар тогтоосон гэдэг. Цагдаа нар иргэдийг хөөж буудсан гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоосон гэдгийг Мөрдөн байцаах албаныхан удаа дараа хэлж буй.
Тэгэхээр үймээний үеэр иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон уу хохирсон. Цагдаа буудсан уу буудсан. Цагдааг генерал, хурандаа нар даргалсан уу даргалсан. Тиймээс л цагдаагийн дарга нарыг албан үүргээ хангалттай биелүүлээгүй, цагдаа нараа зөв удирдаагүй гэх үндэслэлээр яллаад байгаа юм. Хурандаа нар үүнийгээ ч хүлээн зөвшөөрч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хүсэлт гаргасны дагуу 2010 оны хоёрдугаар сард өршөөсөн билээ. Үймээнд оролцож, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх нэрийдлээр буюу “Долдугаар сарын 1″-ний хэргээр 350 гаруй залуус ял сонсож өршөөгдсөн шүү дээ. Хэрэг нь өөр болохоос хурандаа нар ч тэдний адилаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж ялгүй үлдээд байсан юм. Харин хохирогчдын ар гэрийнхэн гомдол гаргаснаар хэргийг сэргээн шалгаж, хурандаа нарыг цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүх гэж буй. Хурандаа нар, тэдний ар гэрийнхэн хилсээр хүн амины хэрэгт буруутгах гэж байгаа мэтээр ярьж, нийгэмд тийм ойлголт өгч байгаа. Тийм биш. Тэднийг зөвхөн цагдаагаа буруу удирдсан, захирагчийн эрх мэдэл, албан үүргээ хангалттай биелүүлээгүй гэх үндэслэлээр ялласан. Харин хэн гэдэг цагдаа, хэнийг буудсаныг Мөрдөн байцаах алба шалгаж байгаа. Хурандаа нар удирдлага доор нь ажилладаг цагдаадаа ямар тушаал өгснөө л шүүхийн өмнө ярьчих учиртай. Тэд мэдээж Онц байдлын штабыг удирдаж, өөрсдөө байдлыг гартаа авч ажиллаагүй нь тодорхой. Тиймээс дээрээс заавар, чиглэл өгч хүнээ хэлчихвэл л ялгүй үлдэх гээд байгаа юм. Гэтэл шүүгч энэ тухай асуух вий, дээд хүнээ хэлэх байдалд орох вий гэдгээс хурандаа нар цус харватал айж байна. Шүүх хурал эхлээгүй байхад элдвээр аяглаж, цагдаа нараа хуйгаар нь хөдөлгөж байгаагаас нь шууд харагдаж байгаа юм. Ерөөсөө л цагдаагийн амь, амьдрал тэр чигээрээ улс төрөөс, тэр дундаа МАН-аас шууд хамааралтай болжээ.
ЦАГДАА НАР ӨӨРСДӨӨ УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛСНЫГ ХАРУУЛЛАА
Цагдаагийн ар гэрийнхэн, тэднийг дэмжигчид “Цагдаа улс төрийн золиос биш”, “Шүүх улстөржихөө зогсоо”, “Төр, төрөөрөө тоглож байна” гэх мэт лоозон барин эсэргүүцлээ илэрхийлдэг. Ингэхэд улс төрийн золиос гэж юуг хэлээд байна вэ. Цагдаа хуулийн дагуу тушаалаар ажилладаг. Онц байдал зарласны дараа галт зэвсэг хэрэглэх тухай асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын үеэр ч гарсан гэх яриа ч байдаг. Хурандаа нарын нэг “Ерөнхийлөгчийн 194 тоот захирамжид зэвсэг хэрэгслээ бүрэн ашиглах тухай тодорхой заачихсан байгаа” гэж шивнэсэн ч удаатай. Тэгэхээр хурандаа нарт хэн нэгэн тушаал өгсөн нь тодорхой. Хурандаа нар тэднийг илчлэхээс үхтлээ айгаад байгаагийн учир юу байна вэ. Тэдний хувьд тушаал өгснийг хүнийг ил болгох нь шоронд орохоос аймаар байна. Энэ үед төр барьж буй МАН-ын дэмжлэгийг алдвал амь, амьдрал нь үгүй болох нь байна. Бүхий л албан тушаал, карьер (Одоо энэ ч өнгөрсөн хэрэг болох шив), үр хүүхэд, ах дүү нарынх нь ажил амьдрал, ирээдүй нь МАН-тай холбоотой гэсэн үг. Тийм ч учраас энэ намын удирдах албан албан тушаалтнуудын талаар “ган” ч хийж чадахгүй байна. Бүүр тэдний талаар хэлэх байдалд орчих вий гэхээс айсандаа цагдааг босгож байна. Энэ юу гэсэн үг вэ. Цагдаагийн дарга нар өөрсдөө хэт улстөр хийж байснаас түүнийхээ золиос болж дээлээ нөмрөх гээд байгаа юм биш үү.
МАН-аас угшилтай хэвлэл, мэдээлийн хэрэгслүүд буруу үзлийг нийгэмд тархаах ажил сүүлийн үед өрнөж байна. Жагссан О.Магнай, Ж.Батзандан нарыг барьж хорих ёстой гэнэ. Харин энэ үзэл ардчилсан улсад байх ёсгүй гэдгийг олонхи иргэн мэдэж байгаа. Ард түмэн үзэл бодлоо илэрхийлж жагсах эрх ардчилсан улсад байх ёстой. Хэн ч үгээ хэлээд жагсах, эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй. Харин жагссан ард түмнийг нохой шиг хөөж буудах эрх хэнд ч байхгүй. Тэр тусмаа эрх баригчдад байхгүй. Тиймээс л иргэнээ хөөж буудсан цагдаагийн даргыг шүүх гэж байгаа юм. Харин хурандаа нар тушаал өгсөн хүнээ ил болгож, өөрсдийгөө хамгаалах цаг болсон баймаар. Өөрсдийнх нь хэлснээр дөрвөн жил амаа таглаж тарчлах, одоо эмнэлэг, шорон, шүүх дамжаад ачигдах хүртэл тэднийг хэн айлгаж, удирдаад байна вэ. Хурандаа нарын хийсэн төрийн жижигхэн эргэлт, тэдний Орогнолын засгийн газрыг МАН-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дуу дуугаа авалцан магтан дуулж байна. Хурандаа нар, учраа мэдэхгүй ч тушаалаaар тэднийг өмөөрч байгаа цагдаагийнхныг тэдгээр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ардын баатар мэтээр бичиж, нэвтрүүлж байгаа. Гэвч иргэд МАН-ын ил, далд шударга бус үйлдэл дэндэж, шүүх засаглал үгүй болж байгааг ойлгож, мэдэж байна. Энэ нь эргээд МАН-ын нэр хүндэд хүндээр тусч эхэлсэн. Үүнийг ойлгосондоо ч хурандаа нарт “Шорон руугаа яв” гэсэн зааврыг өгчихлөө. Үхэхээс наана өндийхгүй шүү гэж эмнэлэгт шигдэн, хэдэн цагдаагийнхаа өөдөөс эхнэрүүдээ босгож байсан тэд маргааш нь сайн дураараа явах болчихож гэнэ. Шүүх хурлын танхимд “Ингэж амьд явахаар үхсэн нь дээр” гээд ширээ шаагаад босч байсан О.Зоригт өөрийн эрхгүй хөмхийгээ зуун эмнэлгийн машинд сууна билээ. Дүүгээрээ сугадуулаагүй бол дайваж унах гээд байсан Ш.Батсүх цагдаа нар руу хандаж “Миний хүүхдүүд буруугүй ээ. Та нар тушаалаар л ажилладаг шүү дээ. Бид буруутахгүй ээ” гэх мэтээр согтуурхана билээ. Зарим хэвлэл тэднийг “Сайн дураараа явлаа” гэж онцолжээ. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлдэг, дур хүрэхгүй бол гэдийчихдэг ёс цагдаа нарт л байдаг юм байна. Таалагдвал очдог, таалагдахгүй бол гарчихдаг шорон гэж цагдаад л зориулагдсан байдаг бололтой. Үндсэн хуулийн цэц хурандаа нарыг ялласан Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 1.2 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар шалгаж байгаа. Цэц дүгнэлтээ гаргатал ямар ч таслан сэргийлэх ажиллагаа, шүүх хурал байхгүй гэдгийг О.Алтангэрэл өмгөөлөгч онцолсон. Тэгэхээр хурандаа нар шоронд удахгүй биз ээ. Тэд нөөцөлж байсан аргуудынхаа нэгийг хэрэглэж Цэц дээр асуудлыг уячихлаа.
ЭМЧ ХҮН ИНГЭЖ УЛСТӨРЖИЖ БОЛОХ УУ
Шүүгчийг хоёр нөхөр бариад зодож байгааг хараад инээгээд зогсч байсан хэдэн арван цагдаа, өчигдөр гэнэт дүрээ өөрчлөөд шүүх рүү улаан хөлтөн гишгүүлэхгүй байна. Саяхан цагдаагаа шорон руу явуулахгүй гэж шүүхийг бүсэлж, яахад ч бэлэн байсан тэд.өөрсдийг нь цалинжуулж, хувцаслаж, ажиллуулж байгаа төрөө нураачих шахснаа мэдээгүй. Тэдний энэ үйлдэл хэрээс хэтрээд явчихсаныг бүх юм өнгөрсөн хойно сая л нэг бүдэг бадаг ухаарах шиг боллоо. Цагдааг дарга нь биш төр удирддаг. Төр цалин өгдөгийг мэдээгүй байсан бололтой. Энэ инээдтэй, эмгэнэлтэй үйл явдлууд цагдаагийн вант улсын нэр хүндийг нэг мөсөн унагачихлаа. Бүр тэднийг элдвээр өдөөн ийм вант улсын хэмжээнд хүргэсэн МАН-ынхаа үнэ хүндийг ч давхар аваад явчих шиг боллоо.
Намын заавраар хөдөлдөг Цагдаагийн улсаас гадна Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагыг ойлгохоо болилоо. Эмнэлгийн дарга Чимгээ гэдэг эмэгтэй ямар айхтар улстөржиж байна вэ. С.Баяртай намаасаа нэг тойрогт нэр дэвшиж, лидерээ ялуулж байснаар нь түүнийг иргэд хальт таних биз. Намынхаа төлөө улс төрд орсон нэр зүүж байсан тэр эмэгтэй хурандаа нарт ямар маягаар үйлчилчихэв ээ. Чимгээ даргын буянаар хурандаа нар эрчимт эмчилгээний тусгай тасагт гадуур хувцастайгаа тухлаж, цагдаагийн дарга нар дураараа орж гарч байв. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эмчлүүлэгчид үнэндээ цагдаагийн сүрд дарагдаж, ядарч туйлдах шиг боллоо. Эмнэлгийн ойролцоох дэлгүүрийн худалдагч хүртэл “Хурандаа нар ачигдсан биш архи зарагдахаа болилоо. Хэдхэн хоногт “Хар чингис” сайн зарагдлаа гэж ярьж байх билээ дээ. Хурандаа нар шорон руу ачигдахдаа согтуу байсан нь ч үүний нотолгоо. Жендер гэцгээгээд байдаг. Эмэгтэй хүн л төрд гарвал энэ улс орон цэл хийгээд, эврэлээд, хөгжөөд явчих юм шигээр сүүлийн үед яриад байгаа. Хэрэв энэ Чимгээ дарга шиг хатуу улстөржвөл юун эвтэй найртай болох. Манай нам, танай нам гэж улс орныг хуваагаад хойт эхийн гараар тарчлааж дуусах юм биш үү. Тэгээд энэ Чимгээ эмчийн аль үгэнд үнэмших болж байна. Саяхан сэхээн амьдрахад үхэх, сэхэх дээрээ тулж байна зарлаад байсан мөртлөө гэнэт зүгээр гээд гаргаад явуулчихаж байх юм.
Чимгээ эмч ямар өвчтөнөө ингэж дураар нь байлгаж чадаж байна вэ. Эмч хүн, эмэгтэй хүний хувьд яасан том зориг вэ. Цагдаагийн хэдэн дарга нарыг өдөр шөнөгүй эмнэлгээрээ хөлхүүлж, найр наадмын дайтай байлгаж байгаад Эрүүл мэндийн газар нь байг гэхэд нөхөр нь дургүйцдэггүй хэрэг үү. Нийслэлийн шүүхийн албан тушаалтан хүртэл түүнийг албан тушаалаа урвуулсан гэдгийг хэлсэн. Тэгсээр байхад айхгүйгээр хурандаа нарт үйлчилдэг ямар их зориг вэ. Чимгээ эмчийг хурандаа нарын нэгтэй найз нөхдийн дотно харьцаатай гэх яриа ч байдаг. Хууль дүрэм зөрчиж найз нөхөддөө үйлчилдэг сэтгэл үү. Эсвэл өөрийн МАН-даа үнэнч гэдгээ харуулж байгаа жишээ юү. Тийм бол АН-ын гишүүн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очвол яаж ч мэдэх бололтой.
Энэ бүгдийг эргээд багцлахад танд юу бодогдож байна вэ. Энэ улсад МАН-ын удирдах албаны гишүүд болон цагдаагийн дарга нар юу ч хийж, юу ч гэж хэлж болдог юм байна. Тэднийг хэн ч дийлэхгүй юм гэсэн ганц л бодол танд төрж байна уу. Засгийн газар, УИХ сая юу хийв ээ. Хууль ёс уланд дэвсэгдэж байхад юу ч хийсэнгүй. Зүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэл хийж байх ёстой биш үү.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: