Улс орон удирдагчаасаа, Уулын мод үндсээсээ хамаардаг
Хөгжил цэцэглэлтийн гараан дээр очсон Аргентин орныг гуйранчин болгосон удирдагчийн хар түүх бий. Гэтэл ядуу орныг төрийн оновчтой, алсын зөв бодлогоор удирдаж, хөгжүүлэн цэцэглүүлсэн гэгээн түүх ч үүнээс олон. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь хичнээн хэмжээтэй улс орныг хүлээж аваад хэд болгож чадсанаар нь улс орны удирдагчдын ажлыг хэмждэг хэмжүүр ч бас байна.
Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю
Малайн хойгт орших, манай нэг сумын дайтай газар нутагтай Сингапур хэмээх хот-улс тусгаар тогтнолоо олсон 50-иад жилийн өмнө ундны ус, барилгын элсээ импортолдог байсан гэдэг. Ийм ядуу дорой улсыг Ли Куан Ю Ерөнхийлөгч дэлхийн өндөр хөпжилтэй орны нэг болгож чадсан юм. Түүнийг дарангуйлагч хэмээдэг ч ард түмнийхээ амьжиргааны түвшинг дэлхийн тэргүүн арвын эгнээнд хүргэж, улс орноо цэгцтэй, хөгжлийн хурдтай бодлогоор удирдсан нь илүүтэй өндөр түүхэн гавьяа тул дэлхий нийт амьжиргааны түвшинг дэлхийн тэргүүн арвын эгнээнд хүргэж, улс орноо цэгцтэй, хөгжлийн хурдтай бодлогоор удирдсан нь илүүтэй өндөр түүхэн гавьяа тул дэлхий нийт эергээр хүлээж авдаг.
“Сингапурын гайхамшиг”-ийн эцэг Ерөнхий сайд Ли Куан Ю 1959-1990 онд Засгийн газрыг толгойлохдоо эдийн засгийг төрөөс зохицуулах аргыг гол бодлого болгосон хүн. Түүнийг засгийн эрхэнд гарахад Сингапурын үндэсний нийт үйлдвэрлэл 3.6 тэрбум ам.доллар байв. Албаа өгөх үед улсын үндэсний нийт үйлдвэрлэл 28 тэрбум ам.долларт хүрсэн байлаа. Ли Куан Югийн Засгийн газрын эдийн засгийн хөгжлийн стратеги нь Сингапурыг Зүүн-өмнөд Азийн санхүү худалдааны төв болгох, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилго байсан билээ.
Эдийн засгийн хурдан өсөлтийг хангасан тогтвортой байдал буй болгохын тулд улс төрийн харьцангуй хязгаарлалт тогтоосон байна. Ли Куан Ю дурьдатгалдаа “Бид хөрөнгө оруулагч болгоныг талархан хүлээж авч байлаа. Түүнийг бизнесээ манайд эхлүүлэхэд нь бид арьсаа хуулж өгөхөд ч бэлэн байсан” гэж нэгэнтээ бичжээ. Үүний үр дүнд Америкийн үндэстэн дамнасан корпорациуд өндөр технологийн үйлдвэрлэлийн суурийг өргөн далайцтай тавьсан нь тус орныг электроникийн том үйлдвэрлэгч болгож хувиргасан төдийгүй Сингапур улс дэлхийн санхүүгийн том төв болсон.
1960-1970-аад онд боловсролын системээ ч өөрчилсөн. Сургалтыг англи хэл дээр явуулдаг болж, оюутнуудыг дэлхийн шилдэг сургуульд суралцахад нь Засгийн газраас хөхиүлэн дэмжив. Үүний зэрэгцээ барилгын салбарыг эрчимтэй хөгжүүлж ипотекийн зээлийн системийг бий болгож, үр дүнд нь бүх хүн байртай болов. Эдүгээ Сингапур эдийн засгийн гурван чиглэлийг эрчимтэй хөгжүүлж байна. Тэр нь эрүүл мэнд, биоанагаах, боловсрол юм.
Ази тивдээ глобаль цараа бүхий боловсролын төв болох зорилгоор боловсролын хүчирхэг сүлжээ бий болгохын тулд хөрөнгө оруулах биш цутгадаг гэвэл илүү ононо. Тус улсын их сургуулиуд дэлхийд нэр хүндтэй Ж.Хопкинсын их сургуулийн салбарыг байгуулахдаа анагаахын чиглэлээр, Массачусетсийн технологийн их сургуультай компьютерийн электроник ба нанотехнологиор, Нидерландын Эйндхофены техникийн их сургуультай мехатроник ба үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр хамтарч байна. Дээд боловсролын 90 орчим хувийг төрөөс санхүүжүүлдэг.
Тайваний Ерөнхийлөгч Зян Зинго
Генералиссимус Чан Кайшигийн хүү Зян Зинго эцгийгээ нас барсны дараа 1978 онд албан тушаалыг нь залган авлаа. Тэр үед Тайваний үндэсний нийт үйлдвэрлэл 56 тэрбум ам.доллартай тэнцэж байв. Тэрээр эцгийнхээ нэгэн адил эх газрын Хятадыг дэмжигчид болон өөр бусад үзэл бодолтнуудыг шахан хашраагч нэгэн байлаа. Гэхдээ энэ нь Тайванийг гадны хөрөнгө оруулагчдын диваажин байлгахад саад болоогүй юм.
Тайваний Засгийн газар эрх баригчид эдийн засаг худалдааны бодлогодоо зохицуулалт хийсэн байна. Тухайн үеийн Засгийн газраас худалдаачид эх газрын Хятадад хөрөнгө оруулахаар цогц бодлого боловсруулж, компани үйлдвэр байгуулах, шинжлэх ухаан техникийн болон, банк санхүүгийн солилцоо хийх, ажилтны бэлтгэл сургалт зэрэг агуулгатай олон хэлбэрийн хөгжлийн байдлыг бий болгосон байна. ЗХУ-д сурч байсан орос эхнэртэй Зян 10 жил Ерөнхийлөгчийн алба хашаад нас барахад улсын үндэсний нийт үйлдвэрлэл 152.5 тэрбум ам.долларт хүрсэн байв.
Японы Ерөнхий сайд Ёшидо Шигэрү
Ёшидо Шигэрү Японы Засгийн газрын тэргүүнээр 1946 онд томилогджээ. Тэр үед Японы үндэсний нийт үйлдвэрлэл 10.3 тэрбум ам.доллартай тэнцэж байлаа. Ерөнхий сайд улсынхаа эдийн засгийг хурдацтай өсгөхийн тулд өөрийн Америкчуудтай тогтоосон сайн харилцаагаа юун түрүүнд ашиглав. “Ёшидогийн’ номлолоор” Япон улс өөрийн аюулгүй байдлын асуудлаа АНУ-д бүрэн даатгаж, цэрэг зэвсэгт үндэсний нийт үйлдвэрлэлийнхээ ердөө хоёр хувийг зарцуулан, хэмнэсэн мөнгөө “Америкийг гүйцэе” уриан дор үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд зарцуулав.
Дэлхийн II дайнд ялагдаж дайны хөлд нэрвэгдэж сүйдсэн Японы хувьд хүнсний хомсдол, эрчим хүчний тасалдал, мөнгөний ханшны бууралт хамгийн ноцтой нь байлаа. 1946 оны тавдугаар сараас 1947 оны мөн cap хүртэл Засгийн эрхэнд байсан Ёшидогийн Засгийн газар, үйлдвэрлэлийг зогсоочихгүйн тулд бүхий л төлбөрийг төлөх, зээллэг татаасыг олгохын төлөө шаргуу тэмцэж байв. Банкны зээллэг татаасыг зогсоосонтой холбогдуулан Японы эдийн засаг сүйрлийн ирмэгт тулжээ.
Ерөнхий сайд Ёшидо шилдэг хүмүүсээс бүрдсэн баг байгуулав. “Нүүрсний хороо” нэр авсан баг нь “Бүх нөөцөө төвлөрүүлсэн үйлдвэрлэл” хийх замаар хямралаас гарах санал дэвшүүлжээ. Эхний ээлжинд нүүрсний үйлдвэрлэлийг онцгой анхаарлын үйлдвэрлэл гэж тооцжээ. 1946 онд 22.8 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн тооцоог үндэслэн 1947 онд 30 сая тонн үйлдвэрлэх зорилт тавьж, зээл татаасаар дэмжих үүргийг Засгийн газраас хэрэгжүүлэв. Нүүрсний үйлдвэрлэл нь их хэмжээгээр хэрэглэдэг, гангийн үйлдвэрлэлийг оруулав. Дараа нь “хүнсний үйлдвэрлэл”.
Нэг жилийн дараа Эдийн засгийг тогтворжуулах Товчоо нь анхтаван тасаг, 316 хүнтэй байсан бол 10 тасаг, 2000 орчим хүнтэй болж өргөжжээ. Уг товчооноос хэрэгжүүлсэн бас нэг томоохон үйл ажиллагаа бол Парламентаар батлуулсан хуулийн дагуу Засгийн газрын корпориацуудыг олноор байгуулан, тэднээр дамжуулан үйлдвэрлэгчдээс бараа таваарыг өндөр үнэтэй худалдан авч түүнийгээ хэрэглэгчдэд хямд үнэтэй зарж байв.
Тухайн үеийн Японы Засгийн газрын “Аж үйлдвэрийн бодлого” гэдэг нь өрнөдийн эдийн засагт тэр болгон ойшоогддоггүй, харин Японы эдийн засагт их ач холбогдолтой нэр томьёо болов.
Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн хөгжпийн тухайн шатанд дотоодын аж үйлдвэрийг хамгаалж, стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх зорилтыг шийдвэрлэсэн төдийгүй дэлхийн хоёр дахь эдийн засаг болтлоо томорлоо. Ёшидо албан тушаалаа орхиход Японы үндэсний нийт үйлдвэрлэл 118.9 тэрбум ам.долларт хүрсэн аж.
Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дэн Сяопин
Мао даргын “Их үсрэлт”-ээр баллаад хаячихсан Хятадын эдийн засгийг коммунизмаас зугтаан гадаадад гарсан үндэсний баячуудын мөнгөөр босгох аргыг намынхандаа ойлгуулж чаджээ. Түүгээр барахгүй ард түмнээ “Баяжигтун” гэж уриалав. 1952 онд Хятадын коммунистууд засгийн эрхийг авсны дараа тэрээр Ерөнхий сайдаар томилогдож хоёр жилийн дараа Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
Гэвч улс орныхоо эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх асуудал дээр БНХАУ-ын удирдагч Мао Зэдунтай санал нийлдэггүй байжээ. Мао Зэдун орчин үеийн дэвшилтэт техникт төдийлөн ач холбогдол өгөлгүй, хөдөлмөрчин ангийн хүчээр улс орныхоо эдийн засгийг маш богино хугацаанд хөгжүүлнэ гэсэн зарчмыг баримталж байсан. Гэвч энэ нь олигтой үр дүнд хүргээгүй билээ. Ингээд Дэн Сяопинд эдийн засгийг хөл дээр нь босгох хариуцлагатай үүрэг ногдсон боловч соёлын хувьсгалын золиос болсон.
Дараа нь буюу 1973 онд түүнийг дахин Ерөнхий сайдаар томилон эдийн засагт өргөн хүрээг хамарсан шинэчлэл хийж амжилтад хүрсэн билээ. Дэнгийн засаглалын 1978-1997 онд Хятадын үндэсний нийт үйлдвэрлэл 446.7 тэрбумаас 882.4 тэрбум ам.доллар болтлоо өсчээ. Хятадын улстөрийн хог дээр хоёронтоо хаягдаж, үүнээсээ ч олон дэвшсэн. БНХАУ-д реформ шинэчлэлийг эхлүүлсэн ХКН-ын Төв хорооны 1978 оны алдарт III бүгд хурлыг сэдсэн гол хүн бол Дэн.
Түүнийг оролцоотойгоор нам улсын үй олон ажилтнуудыг цагаатган, эргүүлж дэвшүүлсний дотор реформыг хамтран хэрэгжүүлсэн гавьяатан Ху Яобан, Жао Зыян нар байсан. “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй, гол нь хулгана барьдаг байх хэрэгтэй” гэсэн томьёоллоороо Хятадад нийгмийн ямар байгуулал байх нь гол биш, хүмүүсийг идэх хоолтой, өмсөх хувцастай, орох оронтой байлгах нь чухал гэдэг асуудлыг шийдсэн билээ. Дэн Сяопин түүхэн тохироо бүрдсэн үед зөв тооцоолж хөдөлсөн хүн. Хожим Засгийн эрхийг найдвартай залгамжлагчдын гарт өгч, өөрөө далдаас залсаар байв.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хи
Энэ хүний БНСУ-ын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, зүтгэлийг ард түмэн нь гүнээ хүндэтгэдэг. 1961 онд БНСУ-ыг эх адгаа алдахын даваан дээр генерал Пак Жон Хи цэргийн хэсэг нөхдийн хамт төрийн эргэлт хийж, Засгийн бүх эрхийг авч Хувьсгалт цэргийн зөвлөлд шилжүүлэв. Тэд Засгийн эрхийг дарангуйллаар авалгүй, 1963 онд чөлөөт сонгууль явуулав.
Армийн генерал Пак Жон Хи өөрийн эмхлэн байгуулсан Ардчилсан бүгд найрамдах намаас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогджээ. 1967 онд мөн хоёр дахь сонгуулиар дахин сонгогдов. Энэ бол шударга ардчилсан сонгууль байсан гэдгийг дэлхий нийтээр зөвшөөрдөг. Пак энэ үед алдсан, бас оносон ч.Түүний ажлын арга барил “Зорилго нь аргаа зөвтгөнө” гэсэн үзэл баримтлал байв.
Энэ нь, зорилгодоо хүрэхийн тулд дарангуйлал хэрэгжүүлж болно гэсэн үг. Сонгуулийн өмнө Үндсэн хуулиа өөрчлүүлж, улиран сонгогдох эрх өөртөө олгосон нь ардчиллын эсрэг гэж сөрөг хүчний зүгээс шүүмжлэгдэх шалтаг болжээ. Вьетнамын дайны фронтод өмнөд Солонгосын цэргийн ангиудыг илгээсэн нь (3000 хүн алагдсан) тухайн үедээ тус орны нэр хүндийг унагасан томхон гэмт хэрэг мэт байлаа. Гэхдээ АНУ, Японы найдвартай дэмжлэгт орсноор Пакын үед тус орны эдийн засаг үлэмж амжилт олсон нь хамгийн том гавьяа мөн.
Тэгэхэд умард херш нь Азидаа хамгийн түрүүн аж үйлдвэрийн хувьсгал хийчихээд БНАСАУ өмнөд ах дүүсийнхээ эдийн засгийг сэргээн босгоно гэсэн бардам лоозон дэвшүүлдэг байлаа. Тийм учраас Пак энэ хоёр орны ялгаа зөрүүг арилгахыг урьтал болгосон юм. Эхлээд эдийн засгийн хараат байдлаас гарахыг чухалчилж, үүнтэй зэрэгцүүлэн хүнд үйлдвэрт тулгуурласан салбарууд байгуулахаар шийджээ. Импортыг орлох бодлогоо тунхаглав. Энэ нь импортоор авдаг бүтээгдэхүүнээ багасгаж, үйлдвэрлэх замаар эргүүлж экспортлоно гэсэн үг.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд дотоодод чиглэсэн үйлдвэрлэл явуулдаг компани пүүсүүдийг зориуд дампууруулж, харин экспортын чиглэлтэй үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж, эрхийг нь хязгааргүй тавив. Энэ бодлого хэрэгжмэгц “Шинэ тосгоны номлол”-оо хэрэгжүүлсэн. Улсын хатуу хяналтын дор газар тариалангийн бодлого явуулав. Солонгосын үсрэнгүй хөгжлийн нууц нь Пак Жон Хийн нөхцөл байдлыг зөв үнэлж, оновчтой томьёолсон төлөвлөлтөө 1962 оноос эхэлсэн нь Солонгосын түүхэнд анхдугаар таван жилийн төлөвлөгөө гэж тэмдэглэгддэг.
Пак Жон Хийн гол мөрөөдөл БНАСАУ-ыг гүйцэж түрүүлэх зорилго 70-аад оны эх гэхэд бүрэн биелжээ. Олон зуун жил түгжигдмэл, хоцронгүй явсан оронд ийм гэнэтийн үсрэлт хийсэн Пакыг “XX зууны туршид төрөөгүй улстөрч” гэж үнэлдэг юм. 1979 онд Пак Тагнуулын газрынхаа захиралд хорлогдон, нас барахад Солонгосын үндэсний нийт бүтээгдэхүүн 116.8 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болсон байв.
Чилийн генерал Аугусто Пиночет
Генерал Аугусто Пиночет 1973 онд Ерөнхийлөгч Сальвадор Альендег төрийн эргэлтээр түлхэн унагаж гарч ирсэн билээ. Тэрээр Апьендег элдвээр ялласны дотор Чилийн эдийн засгийг унагасан гэх ял том байр эзэлж байсан юм. Чилийн үндэсний нийт үйлдвэрлэл тэр үед 13.7 тэрбум ам.доллар байв. Пиночет түрүүний Засгийн газрын эдийн засгийн алдааг залруулж чадсан. 1989 онд тэрээр тэтгэвэрт гарах үед улсын үндэсний нийт үйлдвэрлэлийн хэмжээ 24.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байв.
1973-1990 он хүртэл цэргийн дэглэмээр улс орноо удирдсан Пиночет амьдралынхаа ихэнх хугацааг хүний эрх, авилга хээл хахуулийн эсрэг тэмцэхэд зориулсан гэж үздэг.
Пиночетийн дэглэмийн үед улстөрийн хүчирхийлэлд өртөж 3000 хүн хилсээр хэлмэгдэж байжээ. Түүнчлэн 28 мянга гаруй жирийн иргэнд эрүү шүүлт тулган, тамлан зовоож, хэдэн зуун хүнийг цөллөгт явуулсан. Гэхдээ Чиличүүд Пиночетэд хайртай байлаа. Түүнийг засгийн эрх барьж байх үед улс орон нь хамгийн зөв замаар явж байсан гэж үздэг ажээ.
“Тэр бусдын л адил алдаа гаргаа биз. Түүнийг буруутгах шаардлага байхгүй. Түүнд бид талархах ёстой” хэмээн Пиночетийг өмөөрдөг. Чили улсын Боловсролын үндэсний зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу сургуулийн сурах бичгүүдэд генерал Августо Пиночетийн захиргааны үеийг “дарангуйлал” гэхийн оронд “цэргийн дэглэм” гэж нэрлэхээр болжээ. Үүнээс үүдэн Чилид улстөрийн томоохон дуулиан дэгдэж байна.
И.Хангэрэлт
Эх сурвалж: “Ган зам”
URL: