Ц.Нямдорж: Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих гэрээ байгуулсан

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Мягмар гаригийн орой Х.Баттулга МҮОНТ-ээр ярилцлага өгөхдөө Ц.Нямдорж сайдаас төмөр замын ажил урагшлаагүй хэмээн ярьснаас үүдэн сайд хэвлэлиинхэнд иин ханджээ. Тэрбээр “Би тэр үед хамтарч засагт ажиллаж байж дэмий яриагаар хөөцөлдөөд яахав гээд дуугүй өнгөрсөн. Засгаас гараад явсны дараа хойноос нь чулуу шидээд яах вэ гэж бодоод хичээсэн. Дөрвөн cap тэвчлээ, өнөөдөр бодит мэдээлэл өгье” хэмээн хэвлэлийн хурлын эхэнд онцолсон юм.

-УИХ-ын гишүүн Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа гадны компанитай нууц гэрээ байгуулсан гэсэн. Та тодорхой тайлбарлахгүй юу?

-Төмөр зам барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа хэлэлцээр хийж, Тавантолгойн ашиглалтын лицензийг Оросын талд өгч, энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барихаар тохирсон юм. Энэ үеэр ОХУ-ын “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч И.В.Якунин Монголд хэд хэдэн удаа ирж Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Ингээд “Монголын төмөр замын дэд бүтэц” компани байгуулсан юм.

Уг компанийн ТУЗ-ийн даргаар ОХУ-д Элчин сайдаар сууж байсан Л.Хангай, гуйцэтгэх захирлаар нь В.В.Морозов томилогдож, төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Үүний дараа Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй төмөр зам барих нууц гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнд “Монголын төмөр зам” компанийн захирал Б.Батзаяа оролцож гарын үсэг зурсан. Тэдний гар барьсан зургууд интернэтэд тавигдсан нь үүнийг батлана.
Х.Баттулга ийм гэрээ байгуулаагүй гэж хэлдэг ч 20 хуудас, англи хэл дээр хийсэн гэрээ бий. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 12-нд байгуулагдсан энэ гэрээг мэддэг хүн Монголд бараг байхгүй. Хариуцсан яам, төмөр замын хэрэг эрхлэх газар, Засгийн газар ч мэдээгүй байна. Оросуудтай Тавантолгойг барьцаалж гэрээ хийж байх үед БНХАУ-ын холбогдох яамны дэд сайд Монголд ирж, Х.Баттулгатай гарын үсэг зурсан ч энэ гэрээг маргааш нь БНХАУ-ын талаас цуцалсан.

Ийм гэрээ хэлэлцээрүүдийн улмаас Монгол Улс хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд сэв суусан. Одоо Тавантолгойн гэрээ  гацчихаад байгаа нь ийм. хууль бус үйл ажиллагаануудаас улбаатай гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэсэн мэдээлэл цацагдсан.

Энэ 20 хуудас гэрээнд Чойбалсан хүртэлх 1100 км төмөр зам барих ба км төмөр замыг 2.1 саяас 2.5 сая ам.доллар байна. Нийтдээ 2.5 орчим тэрбум ам.доллар зарцуулагдана гэж тооцсон байсан. Ийм том төслийг тендергүйгээр шилжүүлсэн нь ардчилсан Монголд байж болохгүй. Мөн энэ гэрээнд Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажлыг ч хийлгэхээр болсон байсан. Тэгэхээр бидний үед л лав гашуун сухайт, Нарийн сухайтаар төмөр зам явахгүй нь.

Минийхээр болдог бол эхний ээлжинд Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд нэн тэргүүнд төмөр зам барьж, осол аваар, байгаль экологийн асуудлыг шийдвэрлэмээр байна. Ийм их хэмжээний нүүрсийг машинаар зөөвөл ямар ч авто зам бариад нэмэргүй. Энэ онд Оюутолгой, Ухаа худаг ашиглалтад орно. Тэгэхээр ачаалал улам л нэмэгдэнэ. 2008 онд Гашуун сухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам барих ажил эхлэх гэж байхад таслан зогсоосон шалтгаан нь Тавантолгойн лицензийг бусадтай хамтарч ашиглах, нууц гэрээ байгуулах гэсэнтэй холбоотой юм.

-Таныг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт саад учруулсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулгын орон тооны бус зөвлөх Ц.Ууганбаяр урагшаа явж, 300 сая ам.долларын зээлд оролцсон байдаг. Сүүлд нь энэ мөнгөөр “Шинэ Яармаг” гэдэг хороолол барихдаа Монголын талын оролцогч нь Ц.Ууганбаярын хувийн “ЮП групп” компани болж таарсан. Түүнээс би Ухаа худгаас байр барилгын ажлыг зогсоогоод байгаа юм биш. Олон удаа би ЗТБХБЯ-ныханд хууль дүрмийн дагуу ажиллахыг сануулж, хулгайгаа болиорой гэж хэлсэн.
Шударга ажилла, би та нарыг дагаж шоронд орж чадахгүй гэсэн. Хөгжлийн банкнаас Сангийн сайдад өгсөн албан ёсны танилцуулгад “Шинэ Яармаг” хороололд бага үнэтэй 6500 айлын орон сууц барихаар яригдаж байсан. Гэтэл баталгаа гаргах болсон чинь “ЮП групп” компанийнхаа нэрийг өөрчилж “Нью Яармаг хаусинг прожект” ХХК болгон өөрчилж орон сууцны тоог 3995 болгож бууруулсан. Саяхан бүр 3660 орон сууц болж буурлаа. Би олон Засгийн газарт ажиллаж байгаа хүн. Ийм дайны луйвар гаргахгүй гэж л сайдаар ажилладаг.

-Өмнө нь та Ухаа худагт авто зам тавихыг эсэргүүцээд Х.Баттулга гишүүнтэй маргалдаж байсан удаатай. Гэтэл Гашуун сухайт, Нарийн сухайт уруу эхлээд төмөр зам тавих ёстой гэдэг юм яриад байгаа юм биш үү?

-Та нар эрүүл ухаанаар бодоод үз л дээ. Шороон замыг бужигнасан шороогоор нь буцааж булахад зам засагдана гэж юу байдаг юм. АН-ын хурал дээр ч яригдсан. “MCS” группэд Засгийн газар, түүний дотор МАН, АН-ынхан бүгдээрээ үйлчилдэг гэж Х.Баттулга яриад байна. Тийм юм байхгүй. Хэн нь баян байх вэ гэдэг компаниудын хоорондын өрсөлдөөн бол өөрсдийнх нь шийдэх асуудал. Асуудлын зовлон нь өрсөлдөгчөө өөрийн гарт байгаа эрх мэдлээр дарж    унагах оролдлогуудыг ил далд хийж байна. Асуудал үүнд л байгаа. Зам засаад зам сайжраагүй. Аваарыг илуү аюултай болгосон.

-Таны тухай мэдээлэлд дурдсанчлан 100 машинтай юм уу?

-Би 100 машинтай бол сайд болон УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэдэг мэдэгдэл хийгээд хагас жил болж байна. Надад нэг ч машин байхгүй.

-Б.Батзаяа нь Х.Баттулгын бие хамгаалагч байсан гэдэг үнэн үү? Л.Болд сайд Х.Баттулга хоёр “Боинг” онгоцыг 200 тэрбумаар зарсан асуудлыг яагаад хэлэхгүй байгаа юм бэ? Цаг нь болохоор гаргаж ирэх үү?

-Б.Батзаяа гэдэг хүн Х.Баттулгын хамгаалагч нь байсан нь үнэн. Сүүлд нь компанийнх нь захирал болсон юм билээ. “Боинг”-ийн асуудлыг Засгийн газарт жич оруулж ирнэ гэж ярьж байгаа юм билээ. Орж ирэх байх. Ямар ч байсан олон онгоц орж ирсэн. Тэр мөнгө хаанаас гарав. Хэн гаргав, яаж оруулж ирэв гэдэг асуудлыг ярьж байгаа. Өмчилж байгаа хүмүүс нь төр, ард түмэнд үнэнээ хэлэх цаг болсон. МИАТ компанийн англи нэрийг авсан. Ямар ч хүн харсан МИАТ гэж ойлгоно.

Ингэж МИАТ-ыг зохион байгуулалттайгаар дампууруулах гэж байгаа нь үнэн. Ямар яриа, хэний хооронд яригдаж байгааг Засгийн газар яамных нь чиглэлээр судалж байгаа удахгүй танилцуулга хийнэ гэсэн.

-Хятад, Солонгосын хамтарсан групптэй гэрээ хийсэн гэлээ. Энэ баталгаатай юм уу?

-Гэрээн дээр нь Х.Баттулга гээд гарын үсэг зурчихсан байна. Энэ гэрээ ЗТБХБЯ, Төмөр замын хэрэг эрхлэх газар дээр алга. “Монголын төмөр зам” компаниас нь “Ийм гэрээ хийгдсэн байна. Гэрээгээ өг” гэхээр өгөхгүй байна.

-Долдугаар сарын 1-ны хэрэгт холбогдуулан цагдаагийн дарга нарыг хорилоо. Уг асуудалд та сайдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Зарим сонин хэвлэлээр энэ хэрэгт Ц.Нямдорж оролцохгүй байна, Ц.Нямдоржоос ял, хариуцлага, дэг журам асуу гэдэг зүйл ярьж байгаа. Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаан дээр болсон асуудлаар өнөөдрийг хүртэл Улсын Ерөнхий прокурор, Улсын Дээд шүүх, хотын шүүх, дүүргийн шүүх, ХЗДХ-ийн сайд болон яаманд ямар нэгэн хүсэлт тавьж, харилцаа үүсгээгүй. Хэрэв албан ёсоор асуудал тавьсан бол тухайн асуудалд анхаарал хандуулах хууль зүйн үндэс бүрдэх байсан.

Мэдээллийн хэрэгслээр нэг юм харчихаад явган давхиж ороод байдаг нь би биш. Асуудал тавьсан л бол би ном журмаар нь хандах байсан. Төрийн ажилд ингэж хандаж болохгүй. Долдугаар сарын 1-ний хэргийн үеэр нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Өмгөөлөгч гаргаж өгч, зардлынх нь асуудлыг шийдсэн. Хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн хүрээнд нас барсан хүн бүрт 50 сая төгрөг, нийт 250 сая төгрөг ар гэрт нь олгосон. Надад цагдаагийн ар гэрийнхэн “Үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчдыг хэлмэгдүүлэх гээд байна” гэж өргөдөл гаргаж хандлаа.

Би тухайн өргөдөлд хуулийн дагуу хариу өгсөн. Ингэхдээ зөвхөн хуулийн асуудлаар хариу өгсөн. Прокурорыг шүүхэд шилжүүлэх эрхтэй Улсын Ерөнхий прокурор, Улсын мөрдөн байцаах алба, хотын прокурор гэсэн эрх бүхий субьектэд бичиг явуулсан.

Тус бичигт байгаа гол зүйл нь “Цагдаа, хорих, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдыг цэргийн гэмт хэргийн бүлгээр шийтгэдэг хууль 2008 оны хоёрдугаар сарын 1-нд хүчингүй болсон. Энэ асуудлаа хууль зүйн талаас нь авч үзэхийг хүсч байна” гэсэн. 1961 оны Эрүүгийн хууль, 1987 оны Эрүүгийн хууль, 2002 оны Эрүүгийн хууль гэж байдаг. Энэ хуулийн 274 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин бусад хэрэгт цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургалтын үед цэргийн апба хаах тапаар хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бол цэргийн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон.

Уг зүйлийн 3-т “Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллага нь офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын албан хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ” гэсэн заалт байсныг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, 1961 оноос хойш 2011 он хүртэл 50 жил цагдаагийнхныг цэргийн гэмт хэргийн субьект гэж үзэж байсан заалтыг 2008 онд хүчингүй болгож жирийн албан хаагч болгосон. 2009 онд Ерөнхийлөгч энгийн албан хаагчдын үйлдсэн албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулах хууль оруулж ирснийг нь УИХ баталсан. Ийм хуулийн асуудлыг эргэж хараач гэдэг асуудал тавьсан.

-Яагаад хуулийн энэ заалтыг авсан юм бэ? Зориуд юм биш үү?

-Яаж зориудаар байх юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль Хууль зүйн яамнаас намайг 2005 оны долдугаар сарын 1-нд явснаас хойш дараагийн сайд нарын үед боловсруулагдаж УИХ-д орж ирээд хоёр жил гацсан. Ажлын хэсэгт нь Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан нар орж ажилласан. Тэгээд 2008 оны хоёрдугаар сарын 1-нд Д.Лүндээжанцан УИХ-ын дарга байхад батлагдсан. Маргаан юунд байна вэ гэхээр цэргийн гэмт хэргийн субъектэд аль ч улсад зэвсэгт хүчний офицер, ахлагч нар ордог.

Энэ өнцгөөс харвал цагдаа, хорих, тагнуулынхан өөр өөр хууль дүрэмтэй. Ийм ялгаатай. Эдгээрийг хүчээр хамруулж байсан заалт нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 274.3 дахь заалт байсан. Үүнээс л өнөөгийн нөхцөл байдал үүдэлтэй. 2001 онд ийм улстөрийн хэрүүл болсон. Тэгэхэд “Би байгаа цагт Монгол орныг улстөрийн гяндан болгохгүй” гэж хэлж байсан. Одоо бас хэлчихье. Ялсан тап нь дийлдсэн талаа барьж шоронд хийдэг ёс хэзээ ч Монголд тогтоож болохгүй. Нэг л эргэх юм бол энэ хүрд зогсохгүй.

-Асуудлыг хэтэрхий улстөржүүлж байна. Үүнийг Та юу гэж бодож байгаа вэ?

-Уг асуудлыг хэтэрхий улстөржүүлсэн. Сүүлийн үед Үндсэн хуулийн агуулга, зарчим УИХ дээр их алдагдаж байгаа. Дэд хороо, байнгын хороо хуралдуулах нэрийдлээр мөрдөн байцаах байгууллага дээр шалгагдаж байгаа хэргийг авчирч урьдчилан шийдвэр гаргадаг ёс УИХ-д тогтлоо. Цагдаа буудсан гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин даргатай дэд хороо тогтоосон. Шүүх хурлаа хийчихсэн. Тэр дэд хорооны хурал шүүх хурал шиг л болсон.

Би тэр үед УИХ-ын удирдлагад “Хэрэг нь прокурор дээр шалгагдаж байхад энд ирж шүүх ёсгүй. Засаглал хуваах зарчим, Үндсэн хууль байхгүй боллоо. Хэргийн нууцлалтай холбоотой асуудал дотор нь байна” гэж хэлсэн. Одоо шүүх, прокурорт юу үлдэв гэхээр Х.Тэмүүжингийн даргалдаг дэд хорооны шийдвэрийг биелүүлэх л үлдсэн. Аймшигтай юм болж байна. Би гурван үеийн төрд зүтгэсэн хүн.

1981-1989 он хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн асуудалд хяналт тавьдаг прокурорын ажил хийж, цэргийн албан тушаалын гэмт хэрэг гэдгээр 10 жил Монголд шийдвэрлэгдсэн хэргийг уншсан. Хоёр удаа Прокурорын хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг санаачилж батлуулсан хүн. Социализмын үед Төв хороон дээр хэргийг ярьдаггүй байсан. Одоо ярьдаг болж. Зарим нь хонгио барьчихсан явж байна.

Энэ бол Үндсэн хуулийн агуулгатай асар их зөрчил явж байгаа гэдэг нь ойлгомжтой. Эрх биш горьдлого тасраагүй байна. Шүүх, хуулийн байгууллага энэ нарийн нөхцөл байдлыг авч хэлэлцэх байх.

-Ерөнхийлөгч цагдаа нарын асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Энэ талаар Та салбар хариуцдаг сайдын хувьд юу хэлэх вэ?

-Дүүргийн шүүх Ерөнхийлөгчид танилцуулга бичээд үүний дагуу Ерөнхийлөгч цагдаагийн даргатай уулзсан юм билээ. Энд институт хоорондын харилцаа гэдэг зүйл орхигдоод байна. Ямар ч байсан зохистой бус. Цагдаагийн ар гэрийнхэн Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг дахин сэргээж шалгаж байгаад бухимдаж байна. Энэ шийтгүүлэх гээд ачигдаж байгаа хүмүүс хуулийг олон жил хэрэглэсэн, хууль мэддэг хүмүүс.

Ар гэрийнхэн нь “Хэн гэдэг цагдаа, ямар маркийн буугаар ямар сумаар буудсан гэдгийг тогтоож өгөөч” гэж шаардлага тавьж байгаа юм билээ. Зөв шаардлага шүү дээ. Энэ хэргийг улстөрийн зорилгоор ашиглах гэж энэ бүх зүйлийг хийж байна. Ингэж болохгүй.

-Таныг сард таван сая төгрөгийн төлбөртэй байранд амьдардаг гэж Х.Баттулга гишүүн хэлж байсан. Энэ үнэн юм уу?

-Дөрөв, таван сая төгрөг төлдөг гэдэг худлаа. Би байрныхаа сарын ашиглалтын төлбөрт 300-аад мянган төгрөг төлдөг. Төлбөрийнх нь баримт байгаа. Муу нуухаар сайн илчил гэдэг. Би хэзээ ч нууц юм хийдэггүй. Бүх юм ил байдаг. Нууж яах юм. Ойлгомжтой асуудал. Дөрөв, таван саяар түрээс төлж баяжсан төрийн албан хаагч гэж хаана байдаг юм.

Ц.Жаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”


URL:

Сэтгэгдэл бичих