Ц.Гэлэгжамц: Хүү минь дөрөв түрүүлсэн дархан аварга хүн шүү дээ
Монгол Улсын даян аварга Г.Өсөхбаярын аав Ц.Гэлэгжамц гуайтай ярилцлаа.
-Өсөхбаяр аваргын хүүхэд ахуйн сайхан дурсамжаар ярилцлагаа эхэлье?
-Аваргын бага насны тухай сонин хэвлэлүүд ч гарсан байх. Ах чинь (өөрийгөө хэлэв) ч ном бичсэн. Тэрүүнд ч орсон юм. Багадаа тайван томоотой, тийм хүүхэд байсан юм шүү дээ. Тэр байдлаар л өсч өндийж том хүн болж дээ. Ер нь багын байдал нь ямар байсан бэ гэвэл одоо байж байгаа байдлыг л нь сонирхоход бараг мэдэгдэнэ, буурьтай суурьтай. Хичээл сурлагадаа гайгүй, ноён нуруутай төлөв то¬моотой тэр л байдлаар яваа даа.
-”Буур” Н.Жамьян аваргын зээ хүү. Ээжийнхээ удмыг дагаад бөх болсон гэдэг. Харин таны удам бөхтэй юу?
-Ээжийнх нь аав Монгол Улсын анхны аварга хүн шүү дээ, даян аварга Жамьян. Анхны албан ёсны аварга хүн. Би сайн мэддэггүй юм аа, миний талд барилддаг хүмүүс байсан гэдэг юм. Нэг их том бөх байгаагүй юм шиг байна лээ.
Гол нь ээжийнхээ талаас өвлөж авсан, Жамьян аваргын удам гэдгээрээ хүмүүст ойлгогдох нь арай дээр юм даа.
-Өсөхөө аваргын бөх болох шинж нь хэзээ илэрсэн бэ. Бө¬хийн шинж бөхчүүдэд харилцан адилгүй илэрдэг гэдэг?
-Ерөөсөө хүмүүс тодорхойлсон байгаа ш дээ, “Аварга аваргаараа төрдөг юм аа” гэж. Андаш байхгүй шүү дээ. Таван килограмм шахуу жинтэй төрсөн гэж бодвол. Цэцэрлэг, сургуульд байхдаа үеийнхнээсээ овойсон том (инээв). Бие нь бадриун. Аяндаа мэдэгддэг юм. Хөл, гар, тохой, өвдөг, хэрлэг мэрлэг бол ер нь тэгээд жирийн хүүхдээс арай өөр байдаг юм аа.
-Хүүгээ үндэсний бөхөөр барилдаж эхлэхэд нь эцэг хүний зөнгөөр ирээдүйд аварга болохыг нь мэдэрч байв уу?
-Өвөө нь хүмүүст захисан байдаг, бидэнд ч гэсэн ярьж л байсан. “Хоёрын хооронд бяр чадал муутай бөх бол үе мөч, хуруу гар нь мойног болохоос эхлүүлээд түвэгтэй байдаг юм. Барилдаж болмоор бол хорин нас хүргэж байж барилдуулсан нь дээр шүү” гэж. 1993 онд манай Архангай аймгийн 70 жилийн ой болох гээд. Ууган аймгуудын нэг шүү дээ, Архангай чинь. Өвөөгийнх нь нэрэмжит барилдаан Спортын төв ордонд болсон юм билээ. Тэгэхэд хүү маань энд сургуульд, бид хөдөө байсан. Тэр барилдаанд л анх зодог шуудаг өмсч гарсан байдаг юм. Өөрөө ч хорин нас хүрсэн, өвөөгийнх нь ч нэрэмжит барилдаан болж байгаа юм гээд аймаг орон нутгийнхан барилдуулъя гэсэн биз дээ. Тэгж л барилдаж эхэлсэн юм шүү дээ. Тэр онд аймгийн 70 жилээр очиж барилдсан юм. Үндэсний бөхөөр нэг их хичээллээгүй байсан үе. Тэнд барилдчихаад, өвөөгийнхөө төрсөн нутаг Цахир сумын наадамд очсон. Цахир сум татан буугдчихаад дахин шинээр буцаж нэг юм байгуулагдаад, тэр жил. Тэгээд сумынхаа наадмыг хийсэн юм. Тэнд очиж барилдаж түрүүлээд сумын заан болсон. 1993 оноос үндэсний бөх рүү орж эхэлж дээ.
1990 онд аравдугаар ангиа төгсч ирээд чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багт орсон. Чөлөөт бөхөөр нэлээд түрүү эхэлсэн хүн дээ.
-Аваргыг өдөрт бага багаар олон хооллодог гэдэг юм билээ. Зарим бөхчүүд өдөрт ганц сайн цадчихаар болоод явчихдаг гэдэг юм?
-Ер нь хаашаа юм бэ дээ, би бас тийм хүн. Нэг дор арвин иддэггүй. Бага иддэг хүн чинь богино хугацаагаар олон дахиж хооллох шаард¬лагатай байдаг юм шиг байгаа юм.
-Өсөхбаяр аваргыг аварга болсон 2003 оны наадмын тэр агшин одоо ч санаанаас гардаггүй юм. Түүнийг бөхчүүд, бөх сонирхогчид мөрөн дээрээ өргөөд, үзэгчид нэгэн дуугаар “Өсөхөө, Өсөхөө” гэж хашгирцгаагаад л?
-1993 онд тэгж сумын заан болоод дараа жил нь цэргийн наадамд барилдаж цэргийн заан болсон юм. Түүний дараа аймгийн наадамд очиж түрүүлж аймгийн арслан цолтой болсон юм шүү дээ. 1995 онд улсын заан болохынхоо өмнө цэргийн наадамд дахин түрүүлж, одоогийнхоор хурц арслан болсон. Тэгээд наадмаар шууд улсын заан болсон нь тэр. Заан цолтой явсаар байгаад 2002 онд анх түрүүлээ биз дээ. 1995 оноос 2002 он хүртэл зургаа, долоон жилийн турш бид хүүгээ түрүүлнэ байх гэж бодоод нэлээд хүлээж байсан юм. Үе тэнгийн зургаан залуу заан гэж байсан. Наадамд тунадаг. Аль нэгэндээ унадаг. Тийм л яваад байсан юм билээ. 2002 онд түрүүлж арслан болоод дараа жил нь түрүүлж аварга цол хүртээд 2005 онд байх аа далай аварга болоод 2009 онд далай даян аварга болж байгаа юм. Уг нь бол манай монголын үндэсний бөхийн түрүүхэн мөрдөж байсан дүрмээр дөрөв түрүүлчихсэн дархан аварга хүн л дээ. Сүүлд нь дүрэмд нь өөрчлөлт орсон юм уу, яасан юм далай даян аварга гэж хамт өгдөг байсныг нь хоёр салгасан, тийм л юм билээ. Хүү минь дархан аваргын болзлоо хангачихсан юм. Хэвлэлүүдээр хүүг минь “Дархан аварга хүн” гэж бичиж л байдаг. Д.Цэрэнтогтох аварга дөрөв түрүүлчихсэн дархан аварга. Өөр, өмнө нь хоёр түрүүлчихсэн дархан аварга ч бий. За яах вэ, ер нь тэгээд дархан ч бай, даян ч бай одоо мөрдөж байгаа юмаараа л явж байгаа юм. Дөрвөн удаа долоо давсан, гурван удаа найм давсан байдаг юм. Тэгээд дөрвөн удаа түрүүлчихсэн. Зургаагийн даваанд нэг, долоогийн даваанд нэг унасан байх шив, дунд шөвөгт. Тийм л амжилттай яваа юм. Одоо тэгээд цаашдаа ч гэсэн болоогүй л дээ. Барилдах боломж байгаа.
-“Алдар” спорт хорооны дарга болсныхоо дараа “Бэлтгэл хийхэд бүр ч амар, ойрхон боллоо” гэж Г.Өсөхбаяр аварга ярьж байсан юм?
-Би ч тэгж бодож байгаа юм. Тэнд зааланд бөхчүүд бэлтгэл хийж байхад хараад суухгүй ш дээ. Ороод бүр далиманд нь, конторынх нь хажууд заал нь байж байгаа юм чинь. Аль нэг спорт заалыг түрээсээр авчихаад л Архангайн бөхчүүд бэлтгэлээ энэ жил энд хийж байгаа, тэнд хийж байгаа гээд л түрээсийн байртай зайлуул яваад л байдаг. Одоо бол боломжтой, “Алдар” нийгэмлэг бөхчүүд сайтай ш дээ. Тэдэнтэйгээ бэлтгэл хийж байхад бүр боломжтой. Өөрийнх нь ярьж байгаагаар бол ортой, үнэн л байгаа даа.
-Гэр нь ойр болохоор хүү тань аав ээж дээрээ байнга ирж очдог байл¬гүй?
-Ойрхоон, ойрхон. Байнга ирнэ. Заримдаа “Өдөр очиж хоол идмээр байна. Сайхан шөлтэй хоол хийчихээрэй” гэнэ. Тэгээд л ирж байгаа юм. Салахгүй ээ. Манай хоёр банди гэрсэг. Хоёр хөгшин нь байж байхлаар тэгдэг ч юм уу. Яваад л сураглаад л. Бид хоёр ч яахав дээ, өөр ажил хийх биш. Хоол унд хийхээс өөр ажилгүй улс чинь хүрээд ирэхэд нь халуун цай, аяга хоол¬той байж байдаг. Зүгээр байдаг байх даа.
-Аварга царай төрхөөрөө тантай адилхан. Барилдах авьяасыг ээжийнхээ талаас өвлөсөн бол харагдах төрхийг танаас авч дээ?
-Өсөхбаярын хүүхдүүд нь миний залуу үеийн зураг, аавынхаа зураг хоёрыг ялгахгүй шүү (инээв). Саяхан хүүхдүүд нь орж ирэхээр бага бандиас нь “Энэ хэн бэ” гээд өөрийнхөө залуу цагийн зургийг харуулсан чинь “Аав л байна” гэж байна лээ.
-Залуу зургаан зааны үед үндэсний бөхийг ард түмэн шимтэн үздэг байв. Тэдгээр заанууд нэг нэгээрээ дэвжээнээсээ холдоод барилдахаа больчих шиг боллоо. Г.Өсөхбаяр аварга л үлдэж. Гэтэл тэднийг залгаад залуу шинэ бөхчүүдийн үе гараад ирлээ?
-Би тавиад оны сүүл 57, 58 оноос л бөх нэлээд үзэж эхэлсэн. Манай аймгийн Ж.Чойжилсүрэн арслан бид хоёр чацуу юм. У.Мижиддорж арслан гээд л нэг үеийн айхавтар бөхчүүд Архангайгаас гарч ирсэн ш дээ. Улсад 1962 онд байна уу даа, дөрвөн бөх үлдэхэд гурав нь Архангайнх байсан. Д.Жамц арслан түрүүлсэн байгаа юм. Ж.Чойжилсүрэн арслан, Ч.Адьяа заан, Говь-Алтайн Пүрэв үлдсэн. Тэр үеэс л бөх их сонирхдог болсон доо. Ах чинь (өөрийгөө хэлэв) Хөдөө аж ахуйн яаманд ажилладаг. Ж.Чойжилсүрэн арслан Хөдөө аж ахуйн дээд сургуульд сурдаг. Бид хөдөө аж ахуйн шугамаараа, бас үе тэнгийнх. Тэр үеэс л бөхийг их сонирхож эхэлсэн. Хөдөөнөөс хотод орж ирж улсын наадам үздэг байлаа би, 58, 59 оны үед. Сонирхол юм л даа. Сүүлд бандийг (Г.Өсөхбаяр аваргыг хэлэв) барилдаж эхэлснээс хойш 1994 оноос хойш 17, 18 жил наадмын талбайгаас салахаа байсан шүү дээ. Наадмын хоёр өдөр бол яаж ийж байгаад л суучихна.
Бөхийн тухайд бол нэг хэсэг, эхэндээ сонирхож л байж дээ. Сүүлд хараад байхад үзэж байх ёстой. Үзээд өөртөө бас дүгнэлт хиймээр монголын мундаг өв соёл юм аа. Мундаг өв соёл гэдэг тэр талаас нь харж байгаа юм.
Бөхийн номууд зөндөө гарсан л даа. Нэлээд дээхнэ үед Дугар аварга, Гэлэгсэнгээ аварга энэ тэр гээд Даншигийн мундаг аваргууд зүүн талд голдуу байсан байдаг юм. Сэцэн хан аймгийнхан гэж. Бөх судлаач Ц.Бат-Очир “Бөх зүүн талаасаа нүүж байгаа юм” гэж бичсэн байсан. Булган, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл рүү нүүсэн. Гэтэл одоо ажиглаад байхад баруун тийшлээд байна. Увс, Говь-Алтай чигээс сайн бөхчүүд гарч ирээд байна. Хүмүүс баримжаатай, айхавтар судалжээ, нарийн эд юм шиг байгаа юм. Тэгэхээр бөх нүүж байж магадгүй.
Ар¬ваад жилээр зааглаад ярихад үе үеэрээ төрж байгаа. Өсөхбаярын үеийн зургаан заан. Зургаан заанд ороогүй болохоос И.Доржсамбуу, Д.Бумбаяр, Ч.Батзориг, О.Одгэрэл гэж дөрвөн заан нэг жил гарч ирсэн. Нэг л үеийнхэн. Одоо бол эд нарын дараахь үе гарчихаад байх шиг байна.
-Шинэ залуу бөхчүүдээс барилдааныг нь шимтэн үздэг, уран гоё барилдаантай гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Ийм асуултад онцолж хэлэхээр хүмүүсийг орхино. Үндэсний бөх сүүлийн үед айхавтар хөгжиж байна. Бөхийн олон сургуулиуд бий болсон. Залуучууд дээхнэ үеийнх шиг мал маллана гэх тиймэрхүү ажил хийнэ гэхгүй, хот руу ихээр төвлөрөөд ороод ирсэн. Тэгэхээр тэр нь гэхээр түвэгтэй болчихсон байна. Зургаан залуу заан гэж ялгаад авчихад хүртэл хэцүү болсон байна. Одоо зургааг биш арвыг бүр хорь, гучийг авч байж нэг үеийнхэн гэж хэлмээр юм уу. Тийм болчихсон харагдаад. Тийм учраас наадах асуултад чинь ах нь тодорхой хариулт өгөхөд түвэгтэй (инээв).
-Бөх хүний ар гэрийнхэн наадам дөхөхөөр сэтгэл нь гэгэлзэж, санаа зовомтгой болчихдог гэдэг. Таны хувьд?
-Гайгүй ээ. Би тайван хүн. Яаж байгаа бол, чилж байгаа болов уу, сэтгэл нь хөдлөөд юу болж байгаа бол гэж зарим нь эмээдэг л юм шиг байгаа юм. Сүүлдээ сурчихсан гайгүй байна. Гайгүй талдаа.
Бөх үзнэ гэдэг хэцүү. Нэг удаа бөх үзэх гээд ээжтэй нь хамт орсон юм. Тэгтэл М.Мөнгөн арслан “Ээж нь хүүхдийнхээ барилдааныг тулж үзмээргүй байгаа юм. Эхийнх нь харц хүүд нь хүндэддэг юм шүү” гэсэн. Тэгээд манай хөгшин чинь тэрнээс хойш зааланд нэг их очиж үзэхээ больчихсон.
-Бөхчүүд бай шагналыг нь голоод баргийн барилдаанд зодоглохоо байсан гэж шүүмжлэгддэг болоод байгаа?
-Монголд төрөл бүрийн спорт хөгжиж байх шиг байна. 2008 оны олимпод амжилт гаргаад гурван алт, хоёр мөнгөн медаль авсан билүү. Тэрнээс хойш төр засаг, ард түмэн монголчууд ямар ч спортоор амжилт гаргаж болох юм байна гэдгийг ойлгоцгоосон. Энэ рүү их анхаардаг болжээ. Анхаарлын төвд байх ёстой спортын төрлүүд дундаас үндэсний бөхийг сүрхий анхаарч байх ёстой юм. Би ингэж бодоод байгаа. Хурдан морины уралдаан өвөл зунгүй болж байна. Засгийн газрын шийдвэрээр гэж ярих юм. За яахав, наадмын барилдааныг Засгийн газар, УИХ нь шийдвэр гаргадаг юм уу ямар ч байлаа гэсэн уламжлалт наадам болохоор дээрээсээ анхаардаг. Бусад үед нь яагаад хурдан морины уралдаан шиг Засгийн газар шийдвэр гаргаад, төрөөс зарим санхүүгийн асуудлыг нь шийдээд барилдаан зохион байгуулж болдоггүй юм. Одоо зайлуул үндэсний бөхийн холбоо хуруу хумсаа хуйхлаад бай шагнал урамшууллыг нь өгөөд яваад байна. Үндэсний бөхөд ийм л юм жаахан дутаад байх шиг санагддаг юм.
Д.ГАНСАРУУЛ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: