Төрийн нарийн бичгийн дарга нарын эзгүй суудалд хэн суух бол?

Төрийн албаны зөвлөл өнөөдөр хуралдаж Эрүүл мэндийн болон Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүнг гаргах гэж байна. АН хамтарсан Засгийн газрыг орхисон тэр дуулианы буянаар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажил хийж явсан Н.Хүрэлбаатарт дээшээ дэвших боломж олдсон билээ. Хэзээнээсээ МАН-ын генсек У.Хүрэлсүхийн талынх, зүүний хүчний холбооны хүн гэгддэг түүнд нам нь сайдын суудал “бэлэглэсэн”. Тэгээд ч энэ үйл явц МАН-ын залуучууд яамдын төрийн нарийн, бичгийн даргын суудлыг улс төрийн албан тушаалд хүрэх гишгүүр болгон ашигладаг тэдгийг тод харуулаад өгсөн юм.

Гадаад харилцааны яам ч ялгаагүй. Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан Д.Цогтбаатар ирэх сонгуульд нэр дэвшихээр шийдсэн учраас ажлаа өгсөн байдаг. Гэвч удалгүй нам нь түүнд ажиллаж байсан яамыг нь хариуцуулж өгөөд сайдын албаар шагнаж, хэд хэдэн яамны төрийн нарийн бичгийн даргын ор гарсан билээ.

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад нийт таван хүн орж, шалгалт өгсөн байна. Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Баярт, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал болон Хавдар судлалын үндэсний төвийн захирал Л.Төмөрбаатар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга А.Эрдэнэтуяа нар Өгсөн шалгалтынхаа хариуг авч, хэн нь тунаж үлдээд Засгийн газрын хуралдаанаар орохоо өнөөдөр сонсох нь ээ.

Хэдийгээр сонгон, шалгаруулалтын дүн гараагүй байгаа ч энэхүү албан тушаалд хэн очих нь тодорхой болсон тухай яриа гарчээ. Мэдээж МАН яамдын төрийн нарийн бичгийн даргын томилгооны бодлогоо алдагдуулахгүй байх зарчмыг баримталж байгаа нь гарцаагүй биз. Цаашид улс төрийн карьер хөөх, намынхаа төлөө юугаа ч золиосолж чадах, итгэлтэй хүмүүсээ энэ албан тушаалд аваачдаг уламжлалтай. Тиймээс Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргад МАН-ын генсек У.Хүрэлсүх өөрийн хүнээ зүтгүүлж байгаа гэсэн яриа байна. Түүний сонгосон хүн нь Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж буй Н.Түмэндэмбэрэл юм байх. Тэрээр 1998-2000 оны хооронд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм байна. Тухайн үедээ тендер будилуулсан хэргээр балрах дөхөхөд нь Ардын нам аварч, Буриад руу консул болгон илгээсэн гэдэг юм билээ. Хэргээ намжсан хойно Монголдоо буцаж, Эрүүл мэндийн яаманд даамлаар суусан эрх дархтай нэгэн хэмээн яамныхан нь ярьдаг.

Сүүлийн үед энэ хүний гараар Эрүүл мэндийн яамны элдэв тендерүүд дамждаг болсон гэх. Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг “Мед Монгол”, Буриадын оролцоотой “Туул киль” зэрэг компаниуд яамны ихэнх тендерийг хамдаг болсон. Түүний ард Н.Түмэндэмбэрэл өөрөө байдаг тухай ч салбарынхан нь ярьдаг болжээ. Засгийн газраас зарласан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг үр дүнгүй болгоход түүний оролцоо их байсан гэдэг шүүмжлэл ч түүнийг дагадаг юм байна.

Дээрээс нь МАН доторх Зүүний хүчний холбооны гол хандивлагчдын нэг нь Н.Түмэндэмбэрэлийг гэх хардлага бий. Тийм учраас МАН-ын генсек У.Хүрэлсүх түүнтэй уулзаад төрийн нарийн бичгийн дарга болгож өгнө хэмээн хэлсэн сурагтай. Мөн Н.Хүрэлбаатар дарга сайд болохдоо Н.Түмэндэмбэрэлийг төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр шууд томилсон байна. Уг нь ийм шийдвэрийг Н.Хүрэлбаатар сайд дур мэдэж гаргах ёсгүй. Хуулиараа бол Төрийн удирдлага захиргааны газраас асуудлыг шийдээд явдаг ёстой юм байна. Гэтэл асуудалд ингэж хандаж байгаагаас нь харахад яах аргагүй Н.Түмэндэмбэрэл МАН-ын бодлогоор томилогдох гэж байгаа нь үнэний ортой бололтой. Харин түүнтэй өрсөлдөж байгаа бусад хүмүүсийн хувьд эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай учраас салбарынхан нь ам сайтай байгаа гэнэ лээ.

Тэгвэл Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг, консулын газрын дарга Д.Ганхуяг нар өрсөлдөж байгаа аж. Б.Батхишигийн хувьд Ерөнхийлөгч Н.Багабандийн үед Тамгын газрын даргаар нь ажиллаж явсан, Болгарт Элчин сайдаар сууж байсан нэгэн. Түүнийн угшил нь Ху намынх. Тиймээс ардчилсан үзэлтэй Консулын газрын дарга Д.Ганхуягаас илүү намаасаа дэмжлэг авах магадлалтайд тооцож байгаа юм. Ямартай ч өнөөдөр энэ хүмүүсээс хоёр яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдох хүний нэр тодрох нь ээ.

Түүнчлэн энэ өдөр Төрийн албаны зөвлөлийнхөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад нэр дэвщигчдийн сонгон шалгаруулалтын дүнг гаргана. Одоогийн байдлаар тус газрын дэд даргаар ажиллаж байгаа Л.Амарсанаа, Монголын харилцаа холбооны ассоциаци төрийн бус байгууллагын захирал Л.Баяраа, Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн нарын гурван хүн уг суудалд суухаар шалгалт өгсөн байна. Харин Авто тээврийн газрын даргын албан тушаалд тус газрын дэд даргаар ажиллаж байгаа П.Дэлгэрнаран, нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Юнитед бара” хоршооны захирал Ю.Цэвэгжав, Төр засгийн үйлчилгээний авто баазын дарга С.Нацагдорж нар зүтгэж байгаа юм байна.

Я.ЦЭЦЭГ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих