Монголын хөгжлийн түлхүүр гадаадад суугаа Монголчуудаас маш их хамааралтай!
Манай гэрээс иймэрхүү л утаатай харагдаж байна даа 3 сарын 20-нд)
Вашингтон ДС хотоос гараад 30 гаран цаг аялсаны эцэст төрөлх нутагт Улаанбаатар хотын хуучнаар Буянт Ухаа нисэх онгоцны буудал дээр буулаа. Буусан цагаасаа л соёлын шоконд орж байлаа. Хөгжлөөс буцахаар шоконд ордог гэдэг нь яах аргагүй үнэн үг. Би бага байхдаа л энэ соёлын шок гэдгийг мэдэрч байсан нэгэн болохоор урьдаас өөрийгөө бэлтгэж байсан л даа.
Гэхдээ л миний толгойнд буусан анхны сэтгэдэл маань гэвэл их том асуудлуудтай жижигхэн улс юм бид гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Орчин тойрны заваан замбараагүй байдал, машин тэрэг иргэдийн авирлаж байгаа төрх хөдөлгөөн, гамшгийн байдалд орсоноо мэдэхгүй амьдарч яваа залуу хүүхдүүдийг харахад үнэхээр сэтгэл шимширч өөрийн эрхгүй сэтгэл өвдөнө. Тэгэхдээ тэнд ирээдүйнхээ төлөө сэтгэл өөдрөг явж байгаа нь олзуурхууштай.
Үнэхээр бид амьдарч буй орчноо нэн түрүүнд сайжруулах хэрэгтэй юм байна, бас иргэдийн ухамсар соёлоо дээшлүүлэх, ухааруулах ажлууд хийх нь чухал бөгөөд гадаадад буй нүд тайлсан залуусын тусламжтайгаар бид эх орноо ирээдүйдээ сайн сайхан хойч ирээдүй бэлэглэх хэрэгтэй байна.
Орлоо дээр бид Монголд болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудын талаар үнэн зөв мэдээ мэдээлэл бэлтгэж та бүхний санал сэтгэдлийн тусламжтай бага багаар их зүйлийг бүтээж өөрчлөхийн төлөө зүтгэх хэрэгтэй гэдгээ мэдэрч байна.
Гадаадад суугаа Монголчууд маш их хүч, мэдлэг боловсрол, гадаад орнуудын хөгжлийг нүд биеэрээ мэдэрч амьдарч байгаа хүмүүс учраас одоо л бид сэтгэл санаа дуу хоолойгоо хүргэж ажиллахгүй бол хэтэрхий оройтох гээд байна. Заавал улс төржүүлэх албагүй бага багаар чимэх чимэхээр жижиг төслүүд хэрэгжүүлж болохоор санагдаж байна. Бид хамтдаа одооноос санаа тавин хийж эхлэхгүй бол дахин хэлье оройтохоор байна шүү хүмүүсээ!
Засаг төр их том зүйл ярисан зээл аван хойд хормойгоороо урдахаа нөхсөн зүйл хийж байгаа мэт санагдлаа. Бидний хөгжлийн түлхүүр орчин тойрон амьдрах нөхцлөөс, эрүүл мэнд хойч үедээ санаа тавихаас л эхлэх учиртай.
Хамгийн гол нь мянга сонсохоор нэг үз гэдэг олон жил ямар байгаа гэдгийг нь сонсон өнөөдөр би нүдээрээ үзээд арай болохгүй хэтэрсэн байдалтай, ихэнх маань оюуны болон мөнгөний хоосролтой амьдарч байна гэдгийг харж байна. Гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг үг эсрэгээрээ харагдаж байна. Гэр машин унаа өөрийнхөө амиа аргалсан л зүйлээ засаад бусад хүнийх хамаагүй гэсэн үзэлтэй яваад байна нэг үгээр гэрийнхээ үүднээс гараад л бусад нь хамаагүй мэт. Хүмүүс өөрсдийн л эрх ашиг сонирхолд нь зүйлс нийцэж байвал бусдын сонирхол хэрэггүй гэсэн өчүүхэн бодолтой байх шиг байна.
Энэ их бохир дотор тэр их мөнгөний ганган чамин машин байгаад яанаа, бид нэг нэгнийгээ хайрлаж сурахгүй бол эх орноо хэрхэн яаж хайрлах билээ.
Би энэ байгаа орчинтой дасан зохицмооргүй байна, бид бусдын адил уусаж болохгүй гэдгээ маш ихээр мэдэрч байна. Би ганцаараа биш гэдгээ мэдэрч байгаа учраас сайн сайхан ирээдүйн төлөө, урагшаа та бүхэнтэйгээ тэмүүлмээр байна.
Бид сурсан мэдсэнээ одоо л гаргахгүй бол хэзээ гаргах вэ залуусаа!
Орлоогоо дагаад дэмжээрэй!
Ирээдүйн хөгжлийг бага багаар өнөөдрөөс хамтдаа эхлүүлцгээе!
Бичсэн Тайван Бадрах
URL: