Төр махны ченжүүдийн гарт “оржээ”

Шуудхан хэлэхэд, Засгийн газрын тэргүүн, ХХААХҮ-ийн сайд хоёрыг худалч “новш” юм даа гэж хэн хүнгүй бухимдахад хүрээд байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн сайд хоёр мах бэлтгэгчдийг хүлээн авч уулзаад сайхан шийдэлд хүрсэн тухайгаа хэвлэл мэдээллээр зарласан. Үүнээс хамгийн сайхан үг нь “махны үнэ дахин өсөхгүй” гэсэн өгүүлбэр хүн бүрийн чихэнд таатай байсан нь дамжиггүй. Түүнчлэн Т.Бадамжунай сайд “Хамгийн сайн ууц л 200 мянгатай байгаа шүү дээ. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр 300 мянга хүрсэн хэмээн худлаа бичээд байх юм” гэсэн утгатай үгийг өөртөө итгэл төгс хэлж суусан юмдаг. Харин түүний хэлснээр тийм тарган ууцыг 200 мянгаар авъя гэж хэн ч хайж гүйгээгүй ч байж магад. Учир нь тэдний үгэнд итгэх итгэлээ бор хоногийг өнгөрөөж, бүүдгэр нартай золгох бүртээ ард түмэн гээж байгаа билээ. Ийм байхад тэд дахиад л худлаа хэлэх нь тэр.
Өнгөрсөн долоо хоногт өсгөхгүй байхаар шийдвэрлэсэн мах нь энэ долоо хоногт 0.3-1.1 хувиар, өнгөрсөн сартай харьцуулахад 13 хувиар нэмэгдсэн байх юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины ястай мах килограмм нь ойролцоогоор 4200, үхрийн мах 5360, ямааны мах 3160, адууны мах 3480, хонины цул мах 4450 орчим төгрөгийн үнээр иргэдийн гарт хүрч байгаа.
Зүүн гурван аймагт шүлхий гарсан нь махны үнэ өсөх шалтгаан болж байгаа ч бид санал бодлоо солилцсоны эцэст дахин үнэ нэмэхгүй байх талаар шийдэж чадлаа хэмээн иргэдийнхээ асуудлыг шийддэг дүр эсгэгчдээс нийслэлийнхэн “Махны үнэ өсөхгүй гэсэн яасан бэ” гэж дуу нэгтэйгээр асууж, улмаар улс төржүүлж ч чадахаар байхад ийм болчимгүй зүйлийг төрийн сайд хүн яахан ярьж болох билээ. Гэтэл энэ долоо хоногийн эхний хоёр өдөрт Хэнтий аймгийн гурван сумаас 100 орчим тонн мах нийслэлд оруулж ирсэн байна. Үүнд ирэх гуравдугаар сар хүртэл малын гаралтай бүтээгдэхүүн зөөвөрлөх эрхгүй болсон зүүн аймгуудын мах ч багтсаныг мэргэжлийн хяналтынхан илрүүлсэн байдаг. Ингэж нийлүүлэлт сайтай байхад яагаад сайдуудын хэлсэн шиг үнэ тогтворжихгүй байгаа юм бол. Нөгөөтэйгүүр, Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газар яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ. Өнөөдөр энэ агентлагийн ажлыг махны ченжүүд л хийж байна. Өөрөөр хэлбэл, кг хонь, үхрийн махыг хэдэн төгрөгөөр зарахыг тэд л мэдэж, зохицуулж байгаа нь нууц биш. Зүүн аймгуудаас ирэх гуравдугаар сар хүртэл нийслэл рүү мах оруулахгүй гэдэг төрийн шийдвэр гарсан байхад тэд энэ шийдвэрийг үл тоож байгаагаас үзэхэд төр ченж нарыг гарт орсон нь эндээс харагдаж байна. Ер нь наад зах нь мах, хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг зохицуулж чадахгүй юм бол ХХААХҮ-ийн яам гэж байгаад яах юм бэ. Татан буулгах хэрэгтэй.

Д.Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих