Цагдаа, шүүхийнхний хярамцаг
-Цэц цагдаагийн удирдлагуудын хэргийн зүйлчлэлийг түдгэлзүүллээ-
Ерөнхийлөгч маань юу юу гэчихэв ээ. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сандаг-Очир генералд хатуухан үүрэг даалгавар өгөхийнхөө хажуугаар долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн удирдлагууд тэднийг шүүхэд дарамт учруулсан талаар өөрт нь ирсэн танилцуулга бичиг дээрх “аймаар” баримтуудыг цухуйлгачихлаа. Дөнгөж цухуйлгаад л орхичихлоо. Шүүх хурал дээр цагдаагийн удирдлагуудын гаргасан авир, ааш аяг, хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь нэр устай нь Ерөнхийлөгчид хэн нэг нь матчихаж. Цагдаагийн даргыг дуудаж ирүүлэн, төр өөрийнхөө өгсөн генералын мөрдэсийг хуу татаад хаячихаж чадна шүү хэмээн хатуу анхааруулга, сануулга өглөө. Хууль хүчний байгууллагынхан хэл толгойгүй юм шиг аашилж цагдаа нь шvvгчээ дарамтлах явдал гарсан нь удирдлагуудынх нь үйл ажиллагааны доголдолтой холбоотойг сануулав. Шүүх хурлын үйл явцтай холбогдон гарч байгаа зүй бус үйл явдлуудад ЦЕГ-ын дарга нь ч, ХЗДХ-ийн сайд нь ч ганц үг ганхийхгүй байгаа нь хачирхмаар. Тэр байтугай шүүх хурлын явцын талаар Д.Сандаг-Очир генерал Ерөнхийлөгчид танилцуулахдаа “Бүх юм ОК” гэсэн байгаа юм. Шүүхийг үл хүңдэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан талаар Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ Ерөнхийлөгчид танилцуулсныг нь мэдээгүй байсан бололтой юм. Харин Ерөнхийлөгч аль хэдийнэ мэдээлэл авчихаад генералыг ийн гөлөлзүүлсэн хэрэг.Цагдаа, шүүхийнхний хоорондох үл ойлголцлыг хэн бий болгав. Цаад эзэд нь хэн бэ.
Шүүгдэгч цагдаагийн удирдлагууд тушаал өгсөн эздээ хэлэхгүй нууцлаад байгаа нь жинхэнэ “цаад эздээ” хамгаалаад байгаа хэрэг юм биш үү гэх харыг төрүүлж байна. Цагдаагийн генерал, хурандаа нарыг шүүхийн шийдвэрээр Цагдан хорих төв рүү бус Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн нь ч цаанаа нарийн учиртай юм шиг ээ. Тус эмнэлгийн дарга Чимгээ гэгч нь Ерөнхий сайд асан С.Баяртай хамт сонгуульд өрсөлдөж, ижилхэн уриатайгаар нэгэн тугийн дор жагссан нэг намын “журмын нөхөр”, “анд найз” нь хэмээн өчигдрийн нэгэн өдөр тутмын сонинд бичжээ. Хэргийн учиг ийм л байж. Цагдаагийн дарга нар МАН-ын томчуудын нөмөр нөөлөгт эрхэлдэг, тэдний гар хөл болдог гэдэг нь үнэний хувьтай байж мэднэ.
Тиймдээ ч арьсыг нь хамгаалах гэж өөрсдөө шар махтайгаа хатаж байгаа юм бил үү. Ямар сайндаа л Ш.Батсүх хурандаа “ардчилал гэгч” гэж хүнийрхүү ярьж, ардчилалд дургүйгээ илэрхийлж байхав. С.Зоригийн хэргийн бантанг хутгасан гэгддэг генерал Ч.Амарболдыг ЦЕГ-ын даргаар тавьсан хүн бол С.Баяр. С.Баяр өнөөдрийн байдлаар энэ хэрэгт буруутгагдах ёстой хүний нэгд тооцогддог. УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаярын хэлж яриад байдаг долдугаар сарын 1-ний хэргийг гаднаас зохион байгуулж хэрэгжүүлсэн гэдгийг баталж нотлох ганц хүн нь С.Баяр гэдгийг хэвлэлүүд хангалттай бичиж байна. Цагдаад насаараа ажилласан Ч.Амарболд генерал тэргүүтэй хурандаа нарын “бие бүрэлдэхүүн” бараг бүгдээрээ өнөөдрийн Монголын цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа болохоор л тэд ийм бөх зүрх гарган шүүхийг басамжилж байгаа хэрэг. Хуулиа мэддэг хэнбугайчшүүхийншийдвэрийг үг дуугүй дагах л ёстой.
Шүүхийн шийдвэр “туйлынх” байх эсэх нь хамаагүй ч хуулийн дор амьдарч байгаа хүн дүрстэй хэңд ч түүний үйлчлэл адил тэгш байх ёстой. Гэтэл цагдаа нарт, ялангуяа цагдаагийн дарга нарт хамаагүй бололтой. Бид Ерөнхийлөгчид ирсэн танилцуулгын мөрөөр Ч.Амарболд генералтай утсаар ярьж, эмнэлэгт байгаа гурван даргатай гадуур үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн дарга, цэргүүд чөлөөтэй орж гарч уулзаж, учирч байгаа эсэхийг нь лавлахад “Үүдэнд хүмүүс ирдэг ч сэхээн амьдруулах тасаг болохоор гадны хүн оруулдаггүй. Зөвхөн эхнэр, хүү хоёр маань л шөл дөхүүлж өгч байгаа” гэж дээрх мэдээллийг үгүйсгэсэн. Тэгэхээр хэн нь худлаа яриад байна аа. Ерөнхийлөгч хүн гүжирдэв үү, генерал гүрийв үү. Энэ бүх үйл явцын хажуугаар хуулийн салбарын сайд яагаад чимээгүй суугаад байна вэ. Ц.Нямдорж сайд Ц.Мөнх-Оргил, С.Баяр хоёр шигээ үгэн сумаар “алуулахаасаа” айгаад байна уу, аль эсвэл далдаас бүхнийг зохион байгуулаад, удирдаад байна уу.
Ойрын хэд хоногт үйл явдлууд ямар хурдацтай, шуурхай өрнөж байна аа. Шүүх хурал, эсэргүүцэл, жагсаалаас гадна Ерөнхийлөгч ЦЕГ-ын даргыг дуудаж уулзаж, үйл явддын учир начрыг хурдан түргэн олж, ажлаа хийсэн шиг хийхийг үүрэгдэж, Цэц энэ асуудлаар хуралдаж гээд юм юм л болж байна. Ёстой л юм юм нийлсэн хярамцаг болж байх шиг. Үйл явдал ингэж хурдан өрнөж байхад Ц.Нямдорж сайдтан хаана, юу хийж яваа юм бол. Монголд байхгүй бололтой. Энэ салбарынхан хуулийг биелүүлэх хэрэгжүүлэхийг олон нийтэд шаардах үүрэгтэй. Гэтэл өөрсдөө нэг нэгнээ сүрдүүлж, дарамталж байна гэхээр аймаар байгаа биз.
“Шүүгчийн хувцсыг чинь тайлуулж хаяна, чи охин хүүхэдтэй хүн шүү” гэж заналхийлсэн байна гэнэ. Би хаана, ямар нийгэмд амьдарч, хэңдээ итгэх болж байна аа. Миний цагдаа намайг хамгаална гэдэг үг чиний цагдаа намайг хүчирхийлнэ хэмээн солигдчихсон байх шив.
Хэнд бурууг тохох нь хамаагүй. Хамгийн гол нь удахгүй сонгууль болно. Сонгуульд ялагдсан нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа МАН-ынхан ялагдвал үймээн самуун ч биш цуст аллага бо-лох юм байна л даа. Олон хүн “нарсанд суух” учраас ялагдахгүйг хичээнэ. Одоогийн прогнозоор бараг ялагдах нь тодорхой болчихоод байгаа болохоор л ийн үхэн хатан тэмцэлдээд байгаа хэрэг.
Хэрэв МАН сонгуульд ялагдвал яана. Тэгвэл цагдаагийн байгууллага тэр чигээрээ МАН-ынхны гар хөлөөр дүүрчихсэн юм чинь. Цагдаа нар дарга нарынхаа тушаалаар иргэд рүү гал нээж, таван хүний амийг дор нь тасалж чадаж байна, нэг шүүхийн байгууллагыг хоромхон зуур бүсэлчихэж дөнгөж байна. Ирэх долдугаар сарын 1-нд энэ хэдэн цагдаа нараараа гул барьж юу ч хийж дөнгөх биз. Цагдаагийн байгууллагынхны ийм хууль бус, шударга бус үйлдлийг ил тод хэлж, чангахан “банга хүртээсэн” Ерөнхийлөгчид талархах хэрэгтэй.
Харин одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх мэдлийнхээ хүрээнд Хууль зүйн сайдыг дуудаж, асуудлыг шийдэх үүргийг нухацтайхан өгөх л хэрэгтэй байна.
Өчигдөр л гэхэд долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн удирдлагуудын хэргийг түдгэлзүүлэх саналыг Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлж ч байх шиг. Цэц энэ асууддыг өчигдөр авч хэлэлцээд цэргийн гэмт хэргээр зүйлчлэн цагдаагийн дарга нарыг шалгаж байгааг нь түдгэлзүүлчихлээ. Одоо Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр шийдвэрээ цуцлах уу, яах бол.
Өршөөлийн хуульд хамрагдчихаад байсан хэргийг сэргээн шалгаж цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэн шалгаж байсан нь Цэц дээр очоод уначихлаа. Үйл явдал ямар хурдан өрнөж байна аа. Одоо цаашид яах бол. Цагдаагийнхан санасандаа хүрчихлээ, одоо шүүхийнхэн ямар хариу үйлдэл хийх бол оо. Хамгийн том засаглал хэвээр ээ орших уу, эс орших уу.
Б.Оюу
URL: