Цэргийн баяраар Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч өөрийгөө буудсан байна
310 дугаар анги. Гэрэл зургийг Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Цэргийн баярын үдэш Зэвсэгт хүчний Жанжин штабын 310 дугаар ангийн ахлагч өөрийгөө бууджээ. Тодруулбал, энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө харуулд гарч байсан Б өөрийгөө буудаж, амиа хорложээ.
Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний материал хангалтын төв бааз буюу цэргийн 310 дугаар анги Баянзүрх дүүргийн XXII хорооны нутаг, Улаанхуаранд байрладаг. Ерөнхийдөө Зэвсэгт хүчний хэмжээнд буюу бүх цэргийн ангийн хувцас, хүнс, сэлбэг хэрэгслийг тус ангийнхан хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчний зэвсэг, хэрэгсэл тэр ангид төвлөрдөг гэсэн үг.
Тиймээс ч бусад ангитай харьцуулахад хариуцлагатай, ур чадвартай баг ажилладаг гэх яриа цэргийнхэн дунд бий. Тус ангийн захирагч, хурандаа М.Эрдэнэдалайг сүүлийн үед ангидаа залуучуудыг голчлон авсан гэх яриа ч байна. Саяхан авсан залуучуудынх нь нэг харуулд гарч байхдаа өөрийгөө буудсан нь тэр.
Биднийг өчигдөр 310 дугаар ангид очиход жижүүр нь сэжиглэнгүй харснаа, өмнөөс хаалгаа хаачихав. Цэргийн анги руу нэвтрэхгүй, ганц хоёрхон зүйл тодруулъя гэж учирлаж байж шалган нэвтрүүлэх байранд орлоо. Өчигдөр шалган нэвтрүүлэх байрны жижүүрээр ажиллаж байсан Б.Болдбаатар бидний зорьж яваа хэргийн талаар сонсоод цаашаа орж утсаар яриад буцаж ирэхдээ “Манайд нэг ч албан тушаалтан алга. Ямар ч мэдээлэл өгөхгүй. Та нарыг бушуухан гарга гэж байна” гэж хөөв. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Танайхан ангиа орхиод бүгд хааччихсан хэрэг вэ?
-Талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзах энэ тэр гээд ажил зөндөө байгаа. Ерөнхийдөө тэр ажлыг амжуулахаар явцгаасан.
-Та тэгээд сая хэнтэй яриад байсан бэ?
-Жижүүрт гарч байсан бүрэлдэхүүнтэй ярилаа. Тэд сонинд мэдээлэл өгөхгүй, та нарыг хурдан явуул гэж байна.
-Танай ангийнхан цэргийн баяр тэмдэглээд нэлээд ууцгаасан гэж байна. Талийгаач согтуу байсан уу?
-Баяр тэмдэглэсэн зүйл байхгүй ээ. Тэгээд ч амралтын өдөр байсан. Өчигдөр ээлжтэй байсан хүмүүс явчихсан учраас мэдэхгүй байна. Нэгэнт талийгаач амиа алдсан. Шалтгааныг нь шалгадаг газар шалгаж байгаа. Одоо явцгаа гэсээр түлхэж гаргаад шалганыхаа хаалгыг хаачихав.
Биднийг шалганы дэргэд зогсч байтал дүрэмт хувцастай хижээл насны эрэгтэй явж таарлаа. Тэрбээр жижүүрт гарч байгаа гэнэ. Нэрээ хэлээгүй ч өөрийгөө зэвсэг хариуцсан дарга гэж танилцуулсан юм. Тэрбээр болсон явдлын талаар “Манай ангид ямар ч маргаан, архидалт болоогүй. Талийгаач яагаад амиа хорлосон, юу болсныг шалгадаг газар нь шалгана биз. Түүнээс өмнө үйл явдлыг дүгнэх эрх бидэнд байхгүй” гэснээс өөрийг хэлсэнгүй. Цэргийн ангиудын гол зэвсэг хариуцдаг ангид буун дуу гарч, хүн амиа алдсан нь танай ангийн биш зэвсэгт хүчний хэмжээний том асуудал мөн биз дээ. Зэвсэг хариуцсан хүний хувьд танаас асуухад харуулуудынхаа зэвсэгтэй хэрхэн харьцаж байгаад хяналт тавьдаггүй юм уу гэж асуухад тэрбээр “Шалгадаг газар нь шалгана. Надад яриад байх зүйлгүй” гээд явж одлоо.
ТАЛИЙГААЧ ХАРУУЛД ГАРЧ БАЙЖЭЭ
310 дугаар ангид хугацаат цэрэг алба хаадаггүй онцлогтой. Алба хаагчид нь ерөөсөө л харьяа ангиуддаа хувцас, хэрэглэл, хоол хүнсийг нь тараах, агуулахаа харгалзах үүрэгтэй ажилладаг. Ангийн хашаанд агуулах, офиссын байр гээд цомхон хоёр, гурван л байшин байна. Нэг ээлжинд харуул, хамгаалагч, үүдний жижүүр гэсэн гурван хүн 24 цагаар гардаг гэнэ. Талийгаач ээлжийнхнийгээ ахлан ажиллаж байжээ. Тэндхийнхэн архи хэрэглээгүй гэж байгаа ч өөр эх сурвалж жижүүрт гарч байсан хүмүүс цэргийн баяр тэмдэглэж, ангидаа наргисан гэдгийг ярьж байсан юм. Харин баяр тэмдэглэхдээ алба хаагчид хоорондоо маргалдаагүй, амрахаар тус тусынхаа байр руу явцгаасан гэнэ. Талийгаач жижүүрт хамт гарч байсан нөхдөөсөө салаад төд удалгүй буун дуу гаргажээ.
АР ГЭРИЙНХЭН НЬ ХӨДӨӨНӨӨС ИРЖЭЭ
Талийгаач Б 23 настай. Тэрээр Батлан хамгаалахын сургуулийн ахлагчийн дамжааг төгсчээ. Түүнийг М.Эрдэнэдалай хурандаа жилийн өмнө цэргийн 310 дугаар ангид гэрээт харуулаар ажилд авсан байна. Түүнээс хойш ахлагч цолтойгоор жижүүрийн бүрэлдэхүүнд орж ажиллах болжээ.
Б-ийн аав ээж нь хөдөөнөөс өчигдөр иржээ. Батлан хамгаалах яамны зүгээс талийгаачийн ар гэрийнхнийг зочид буудалд байрлуулсан гэнэ. Хамт ажилладаг ахлагч нь талийгаачийн талаар “Их бүрэг, дуугүй нэгэн байсан. Лав л ажил дээрээ ямар нэг асуудал гаргаагүй. Харин найз бүсгүйтэйгээ маргалдсан байх талтай. Цэргийн баяраар баяр хүргэх хүн байхгүй гэж байсан. Сэтгэлээр унасан байж магадгүй” гэсэн юм.
Ямартай ч Зэвсэгт хүчний ангиудын зэвсэг, хэрэглэл хариуцан ажиллаж байсан ахлагч өөрийгөө буудаж, амиа хорлосон байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд тус ангид харуулд гарч байсан ахлагч нар архи ууж байгаад буу алдаж нэг нь нас барж байсан удаатай. Тухайн үед талийгаачийг амиа хорлосон гэх дүгнэлт гарснаар энэ хэрэг намжиж байсан юм.
Ц.ӨРНӨХ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: http://www.fact.mn/47986.html