Ч.Хосбаяр шүүгчийг хоёр залуу цохисон гэв

-ХУРАНДАА НАРЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ САНААТАЙ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ, БИЕЛҮҮЛЭХЭД СААД УЧРУУЛСАН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ГЭЖ ҮЗЭХЭЭС АРГАГҮЙ-

Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгчийн Ерөнхийлөгчид хүргүүлсэн тайланд хурандаа нарыг шүүх хурлын үеэр цагдаагийнхан хэрхэн ажилласан, шүүх, шүүгчийн хараат бус байдал алдагдсан тухай ноцтой баримтууд яригдсан. Хурандаа нарыг шүүх хурлын эргэн тойронд болсон явдлын талаар Нийслэлийн шүүхийн Тамгын хэлтсийн мэргэжилтэн Д.Отгонбаатараас тодрууллаа.

-Генерал, хурандаа нарт шүүх бүрэлдэхүүн таслан сэргийлэх арга хэмжээ авсны дараа Ч.Хосбаяр шүүгчийг ажлаасаа гарахад цөөнгүй хүн бүчиж авсан. Сэтгүүлчид мэдээлэл авах гэж бүчсэнээс эрх чөлөөнд нь халдаагүй гэх тайлбарыг Цагдаагийн ерөнхий газрын удирдлага хэлсэн. Юу болсон юм бэ?

-Тухайн үед сэтгүүлчид мэдээлэл авах гэж бүчсэн. Цагдаагийн ар гэрийнхэн ч хэл амаар доромжлох зэргээр шүүгч рүү дайрч эхэлсэн. Хар савхин хүрэмтэй хоёр согтуу залуу Ч.Хосбаяр шүүгчийн цээж рүү 2-3 удаа цохиж, өшиглөж байсан.

-Шүүгчийн ойр хавьд маш олон цагдаа байсан. Уг нь тэд шүүгчийг хамгаалах, халдашгүй байдлыг нь хангах үүрэгтэй биз дээ.

-Уг нь тийм. Гэтэл цагдаа нар шүүгчийн аюулгүй байдлыг хангаагүй. Ямар ч хамгаалалт аваагүй. Арга ядахдаа Нийслэлийн шүүхийн мэргэжилтэн, нарийн бичгийн дарга нар шүүгчийг хамгаалж, шүүхийн байранд нь оруулсан.

-Нэг цагдаа шүүгчийг хамгаалж байгаа харагдсан. Тэр шүүхийн цагдаа юу?

-Нийслэлийн шүүхийн цагдаа Л.Өсөхбаяр бидэнд тусалж, шүүгчийг хамгаалсан. Гэтэл тэнд байсан цагдаа нар “Өсөхбаяр холдохгүй юугаа хийгээд байгаа юм бэ” гэх зэргээр хориглож байна лээ.

-Таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолыг шүүгдэгчдийг дүүргийн шүүхэд байхад өгөөгүй. Хэзээ нь өгсөн юм бэ?

-Би Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргад шүүхийн тогтоол гардуулахаар хурандаа нарыг авч явсан түргэн тусламжийн машиныг дагаж эмнэлэг дээр очсон. Гэтэл эмнэлгийн хаалган дээр зургаан цагдаа зогсчихоод “Дээрээс дарга нар хэнийг ч оруулж болохгүй гэсэн тушаал өгсөн” гээд халгаагаагүй. Би учраа хэлж хоёр ч удаа орох гээд чадаагүй. Тиймээс эмнэлгийн даргатай уулзана гэж байж арайхийн эмнэлэгт орсон. Тэгээд эмнэлгийн дарга Чимгээд шүүхийн тогтоолыг албан ёсоор гардуулж, өөр тасаг, эмнэлэг рүү хөдөлгөөн хийх бол шүүхэд мэдэгдэх талаар хариу албан бичиг авахыг шаардсан.

-Тухайн үед шүүгдэгчдийн биеийн байдал хэр байсан бэ?

-Шүүгдэгчдийн биеийн байдал ямар байгаа, аль тасагт хэвтэж байгааг нь шалгах, магадгүй үнэн эсэхийг нь тодруулахаар эмнэлгийн удирдлагад хүсэлт тавьсан.

Шүүгдэгчдийг сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна гэхээр нь очтол гадуур хувцастай, цагдаагийн 3-4 даргатай яриа өрнүүлээд сууж байсан.

-Шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх шийдвэр гаргачихаад байхад дүүргийн эмнэлэгт эмчилж байгаа нь хуульд нийцэж байна уу?

-Шүүхийн тогтоолоор цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн туслалцаа үзүүлэх асуудал хууль журмаар зохицуулагддаг. Тодруулбал, сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд болон хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журмаар зохицуулцаг. Гэтэл цагдан хоригдсон этгээдийг дүүргийн эмнэлэгт эмчилж байгаа нь дээрх хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл.

-Ер нь хурандаа нар эрчимт эмчилгээ хийлгэхдээ хүртэл бие нь муу байгаа юм болов уу. Сүхбаатар дүүргийн эмнэлгийн удирдлага бас хууль зөрчиж байна гэж ойлгож болох уу?

-Биеийн байдлыг эмч хэлнэ. Харин Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Чимгээ журам зөрчиж илтэд хууль бус ажиллагаа явуулж байна. Үүнийг албан тушаалтан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан гэж үзэж байгаа. Ер нь хууль, шүүхийн өмнө иргэд, албан тушаалтан эрх тэгш байх ёстой. Гэтэл албан тушаалтнууд, ялангуяа цагдаагийн өндөр албан тушаалтнууд шүүхийг үл хүндэтгэж байгаа нь шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, биелүүлэхэд нь саад учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.

Ц.ӨРЦӨХ М.МӨНХЗУЛ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL: http://www.fact.mn/47982.html

Сэтгэгдэл бичих