Ард нь биш дэргэд нь Н. Энхбаяр байгаа болохоор тэд итгэлтэй байгаа бололтой
Дарга” гэсэн байнгын гуншин дор бараг л нэрээ марттал 20 шахам жил амьдарч, энэ хэрээр эрх ямба нь зузаарч улсын нэгдүгээр хүн болтлоо дэвшсэн Н.Энхбаяр гуайг өнөөдөр “дарга аа” гэж гүйх хүн ховордсоныг ойлгож байна аа. Гутлыг нь үдэж, хүрэмнийх нь хялгасыг түүж, хүнийг хүн шиг байх аргагүй болтол эвдсэн бялдуучдын араншинг сөрж биш, дагаж, бүр дагуулж явснаараа эрхэм экс Ерөнхийлөгч өнөөдөр өөрийгөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй байдалд хүрсэн бололтой. Мөнхөд хэн нэгнээр тал засуулж, мөнх бусын амьдралыг туулна гэж байдаггүй аж. Ёстой нөгөө “хааны алба халаатай, эзний алба” ээлжтэй гэгчээр нэг л өдөр эрх мэдлийн сэнтийгээс буухын цагт бүх зүйл өөрчлөгдөн хувирдгийг бэлхнээ харж байна. Эрх мэдлийн сэнтий болгон зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнд заяагаагүй болохоор, бусад хүмүүс зөвхөн түүнд талархан бялдуучлах албагүй учраас болдог юм болдгоороо л болж,тэрбээр эксийн байранд шилжсэн хэрэг.
Гэвч экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр албан тушаалын эрх мэдэлгүй байгаатайгаа өнөө хэр эвлэрч чадахгүй байгаад асуудлын гол оршиж байгаа юм. Н.Энхбаяр л биш учраас эрх мэдэлтэй хэнбугай ч намын нэр сольж болохгүй, Оюу-толгой, Тавантолгойн гэрээг бай-гуулж таарахгүй гэсэн сэтгэхүй л тархи, оюунд нь эргэлдээд байна уу гэж бодогдмоор. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр эргээд албан тушаалтай болохыг хүссэн, харин намынх нь өнөөгийн удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. Соёлын яамны сайдаас төрийн тэргүүн болтол дэвшиж, Монголын төрд байж болох бүх л албан тушаалыг хашсан түүнд дахиад ямар албан тушаал хэрэгтэй гэж? Нэр сүрийг нь бодсон ч, нэгэн удаа бүх ард түмний сонгуульд ялагдсан нэр хүндийг нь харгалзсан ч…
Гэхдээ тэрбээр эргэж эрх мэдэлтэй болохын тулд зөвхөн намынхаа удирдлага гэх хэдхэн хүнд биш, Монгол Ардын Намд бүхэлд нь шантааж хийсээр байна.
Хамгийн сүүлийн мэдэгдлийг нь уншвал магадгүй Монголын төрд шантааж хийж буй бололтой. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг МАХН-ын түр штаб гэгчтэй холбоогүй гэж Ц.Шинэбаяр нар гүрийсээр, нуусаар байсан. Гэтэл зүтгэл, зорилго нэгт С.Молор-Эрдэнэ нь экс Ерөнхийлөгчийг дэргэдээ байгаад зогсохгүй өдөр бүр уулзаж, учран штаб энэ тэрийн асуудлаар санал бодол солилцдогоо нуулгүй ярьжээ. Угаасаа хүүхэд хуурч байгаа мэт “МАХН-ын түр штаб”-тай холбоогүй гэж мянга хэлээд яах билээ. Бүх зүйл илэрхий, тодорхой байхад. Штабынхан тэгвэл өнөөдөр АСА циркт МАХН гэсэн товчлолтой намаа байгуулахаар хуралдана гэсэн.
Тэр хуралд нэгэнт “холбоогүй” учраас Н.Энхбаяр оролцохгүй бололтой. Мэдээж далдаас чиглүүлэх ажлаа хийж таарах байлгүй. Ц.Шинэбаярын ярьснаар хуралд аймаг бүрээс төлөөлөгч ирэх гэнэ. Гэхдээ “төлөөлөгч” гэдэг тэр аймгийн нийт хүний биш юмаа гэхэд ядаж нэг хэсгийн төлөөлөл болж чадахуйц хүн байх хэрэгтэй. МАХН-ын штабынхан өөрсдийн ах, дүү, хамаатан саднаас эхлээд өөрт талтай янз бүрийн л хүн цуглуулж байгаа гэнэ. Ц.Шинэбаяр Дорнодоос олон хүн ирүүлсэн юм байх. Ардын намын XXVI их хуралд жишээ нь, төлөөлөгч сонгохдоо анхан шатны байгууллагын тэгш төлөөллийг хангах зарчмаар сонгосон. Гэтэл зөвхөн Ц.Шинэбаярынхан Дорнодын ард олны төлөөлөл болж чадахгүй.
Энэ мэтчилэн МАХН гэдэг нэрийг л авч байвал юу хийх, яах ийх нь хамаагүй болсон “штаб”-ынхны Онц их хурал гэх шоу эхлэх нь. Ц.Шинэбаяр намын дарга болох дуртайдаа, Н.Энхбаяр энэ намаар дамжин эрх мэдэлд хүрэх гэсэндээ ийм зүйл хийгээгүйг эрхбиш улстөр гадарладаг хүн бүхэн мэдэж байгаа. Эрх мэдлийн өндөрлөгөөс бууснаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа Н.Энхбаяр Ц.Шинэбаяр нараар дамжуулан Монгол Ардын Намын удирдлагыг, цаашлаад намыг бүхэлд нь шантаажилж байгаа арга хэлбэр гэж ойлгоход болно. Тиймдээ ч Ардын намын генсек У.Хүрэлсүх шантаажинд автахгүй гэдгээ удаа дараа илэрхийлж, шантааж хийж эрх мэдэлд хүрдэг улстөрчдийн армийг шахахаа мэдэгдсэн. Шантааж хийхээр оролдоод бүтээгүй тул уурссан улстөрчдийн захын жишээг нэрлэж, залуучууд эсэргүүцлээ илэрхийлэв. Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарт сонголт байгаа учраас шантааж хийхээс айхгүй байна гэж таамаглах хүмүүс ч байна.
Тэд Ардын намаас илүү боломж, өндөр албан тушаал хүсээд бүтэхгүй бол “МАХН-даа үлдэх” сонголт хийхэд бэлэн гэнэ. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн эрс хатуу ярилцлага, мэдэгдлийн учир ч үүнтэй холбоотой.
Түүнээс бус зарим хүний хэлж, бичээд байгаачлан Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарыг ердөө л үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хавчин гадуурхаагүй. Тэд магадгүй сонголтдоо эрдэн, нэрээр нь Их хурлын гишүүн гэх эрхэм алдрын эзэн болсон намаа шантаажилсан хэрэг. Экс Н.Энхбаяр өнөө хэр Ардын намаас гаръя гэж ам ангайгаагүй. Тэгсэн атлаа цаагуураа Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ нартай нам нийлэн, сэм хуйвалдаж, наагуураа Ардын нам болон засаг, төрийг ердөө шүүмжилсэн дүр эсгэж сууна. Хэрвээ Ардын нам түүнд албан тушаал, эрх мэдэл амлавал Ц.Шинэбаяр МАХН гэх хаа ч, хэзээ ч байж болохгүй хууль бус намтайгаа хэн ч биш болоод л үлдэж таарах нь.
Угаасаа Ц.Шинэбаяр Н.Энхбаяргүйгээр хэн ч биш. Н.Энхбаяр өөрийгөө харин МАН болоод МАХН-д аль алинд нь хэрэгтэй хүн гэж үзээд, улстөрийн увайгүй тоглолт дэглэж сууна. Улстөрийн соёл, улстөрчийн жудаг хударгын тухай ам халаагүй улстөрчийг олоходхэцүү. Учир нь манай улстөрчид бүгдээрээ хэрэгтэй цагтаа соёлтой царайлахыг хичээж, хэний ч өмнө жудгаа гээдэггүй хүн чанараа харуулахыг хичээдэг.
Гэхдээ эрх мэдлмйн төлөөх хоронд нэг л найрагдчихвал эхнэрээ худалдахаас ч сийхгүй нь олон гэлцдэг юм билээ. Гэсэн хэдий ч эрхэм экс шиг улайран шунаж, тийм өндөрлөгөөс ийм нам дор ортлоо шалдаа буусан тохиолдол өнөө хэр гараагүй байх. Түүнийг эрх мэдэлд хүргэхийм төлөө энэ намынхан нь хэдэн үеэрээ зүтгэсэн түүх хуучраагүй байна. Эрх мэдэл, албан тушаалын шат гишгүүр бүрээр бат гишгэн, өндөрлөг өөд өгссөнийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Тэрбээр эрх мэдэлтэй байхдаа хийсэн алдаагаа ухамсарласан учир засах боломжолгохыгхүссэн байдаг.
Сүүлийн үед түүнтэй хамтран зүттэгч хэмээн нэрлэгдэх болсон МУНН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батболд ч алдаагаа ухамсарласан Н.Энхбаярт боломж олгохыг хүссэн өгүүлэл бичжээ. Гэхдээ монголын ард түмэн түүндболомж олгоогүй учир… гэх тайлбарыг намынх нь хамт олон дагалдуулдаг. Үнэхээр монголын ард түмэн эцсийн цэгт боломж олгоогүй атал нам нь хүчээр боломж олгож таарах уу.
Улстөрийн ёс зүйд магадгүй харшлах байх. Залуус Н.Энхбаярыг намдаа шантааж хийсэн учир Монгол Ардын Намаас гарсанд тооцох тухай шаардлагыг намынхаа удирдлагад хүргүүлсэн. Удирдлага харин тэвчээртэй хүлээсээр байгаа бололтой. Тэд тийм том өндөрлөгт хүртлээ энэ намын хайр, хишгийг хүртсэн Н.Энхбаяр даргыгаа шантааж хийхээ болих ч юм бил үү гэж бодож байж магадгүй.
Юутай ч МАХН-ын штаб Монгол Ардын Намыг хагалан бутаргах хорт үйлдлээ биежүүлэхээр Онц их хурал гэсэн сүржин нэртэй, даржин шоугаа эхлүүллээ. Ард нь биш, дэргэд нь Н.Энхбаяр дарга нь байгаа болохоор тэд итгэлтэй, бас зоригтой байх шиг. Мэдээж МАХН гэсэн нам байгуулах боломжгүй, хуулиар хориотой. Тэд цаашид хэрхэн, ямар шоу дэглэхийг харж л сууя.
Т. Буд
Монголын мэдээ
URL: