Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг цагдаагийнхантай нүүрэлдүүлье
-Шүүгдэгчид ээ, тушаал өгсөн хүнийхээ нэрийг л хэлчих- Монголд өнөөдөр ганцхан халуун сэдэв байна. Бүтэн гурван жил таг чиг байсан долдугаар сарын 1-ний үймээний хэрэг айсуй сонгуулийн хөзрийн тамга болж, шоу болон дэгдэж байна. Цагдаа, шүүхийнхэн талцаж, эцэстээ тэдний хэн нь дийлэх бол гэж хүмүүс сонирхож ч байх шиг. Нийгэмд цагдаа, шүүхийнхэнд үл итгэх, эргэлзэх байдал бий болчихлоо. Цагдаагийн дарга нарт сонсгосон шүүхийн шийдвэрийг улстөрийн захиалгатай байж болзошгүй гэсэн дүгнэлтийг хүртэл хийчихэж. Ингэж харагдуулах “концерт”-ыг хэн нэгэн тоглосон болохоор арга ч үгүй биз. Харамсалтай нь үзэгчид нь алга ташихгүйд л хамаг учир байгаа юм. Шүүгдэж буй цагдаагийн удирдлагууд нь ингэж мэдэгдээд ярилцлага өгөөд байгаа болохоор “найруулагчгүй” жүжгийн утгыг тэнэг хүн ч ойлгоно биз дээ. Юутай ч шүүхийнхэн цагдаа нараас айсан айгаагүй асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж таарна.
Гэхдээ нэг зарчмыг баримтлах нь зүй. Буруутай байж болзошгүй гэж үзэж байгаа хүмүүсийн гэм бурууг 100 хувь баталж байж шүүх шийдвэрээ гаргах ёстой. Энэ хэргийг ингэж шийдэх ёстой, масс ингэж үзэж байна гэсэн хөнгөн хуумгай шийдвэрийг хэзээ ч гаргаж болохгүй. Цагдаагийн удирдлагуудын гэм бурууг 99 хувь нотлоод нэг хувьд нь эргэлзэж буй бол шүүгдэгч тал заргалдах бүү хэл юм болно. Тиймийн тулд энэ хэрэгт холбоотой байж болзошгүй бүхий л субъектыг эрх мэдлийнхээ хүрээнд шүүх хуралд дуудах ёстой. Хаалттай үедээ хаалттай байж, нээлттэй үедээ нээлттэй шүүх хурал явагдах нь нийгэмд хар төрүүлэхгүй байж болох талтай. Хэрвээ хэргийг 100 хувь нотолж чадахгүй л бол хэрэг хэрэгсэхгүй болж таарна. Энэ хэрэг хэрэгсэхгүй болговол жинхэнэ иргэний дайн дэгдэх биз. Нийгэм тэр аяараа энэ хэргийн шийдвэрийг амьсгаа даран чагнаж, хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын шүүх, шүүгчдэд л итгэж байна. Харин шүүхийнхэн хэмжээлшгүй засаглал, халдашгүй эрхээ эдэлж, хөдөлшгүй баримтаар хэргийг бүрэн нотлох нь чухал. Хашраах, дарамтлах, айлгах, нэр хүндэд нь халдах ёсгүй. Улстөржиж бүр ч болохгүй. Шүүхэд улстөрийн байр суурь гэж хэзээ ч байж болохгүй. Тэр тусмаа ардчилсан Монгол Улсад. Нийгэм савлаж байна, энэ хэргээс болоод. Анх энэ хэргийг шалгаж байхдаа О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан болон одоо шүүгдэж байгаа цагдаагийн удирдлагуудыг гэм буруутай гэж үзээд шүүх “ял оноож” Өршөөлийн хуульд хамруулсан. Өршөөлийн хуульд хамрагдана гэдэг энэ хүмүүс хэрэг хийсэн, хэргээ хүлээсэн гэсэн үт биш гэж үү. Гэтэл Өршөөлийн хуульд хамрагдсан хүмүүсээс цагдаагийн удирдлагуудыг нь сугалж аваад дахин шүүж байгаа нь шүүхийнхнийг хөнгөн хуумгай, захиалгаар хөдөлж байна гэж хардахад хүргээд байна. Өршөөлийн тухай хуулийг УИХ баталсан. Түүгээр л асуудлыг шийдсэн байж таараа. Дөрвөн хүнийг сугалж авсан нь Өршөөлийн хуулийг хэн нэгэн хүн, тэр тусмаа прокурорын байгууллага хүчингүй болгочихсон юм шиг нөхцөл байдлыг үүсгэсэн. Учир нь энэ хэргийг сэргээн шалгах үүргийг Ерөнхий прокурорын газраас өгсөн. Өршөөлийн хуулиар шийдэгдсэн хэргийг сэргээн шалгахдаа шинэ нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан нь ч ойлгомжгүй байдлыг үүсгэсэн. Цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэргээр зүйлчилж шалгах болсон нь цагдаа нарыг цэргийн гэмт хэрэгтэн гэж үзсэнтэй адил сонсогдож байна. Цагдаа бол цэргийн гэмт хэргийн субъект биш гэдгийг албаны хүн хэлсэн. Прокурор, шүүхийнхэн үнэн чанартаа цагдаа нарын хэрэгт “янаглан хорлох” байдлаар хаңдаж байгааг ч хэлэх хүн байна.
Нэр хугарахаар яс хугар гэдэг. Шүүхийнхэнд нэр нүүрээ олж авах ганцхан гарц л байна. Энэ бол тухайн үеийн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил, Иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан гээд нэр холбогдох бүх хүнийг байцааж, нүүрэлдүүлэх явдал. Ёстой улаан нүүрийг нь улалзуулах хэрэгтэй. Тэд өчиг өгч л таарна. Тэртэй тэргүй тэд хоорондоо хонь, чоно шиг болчихсон яваа. Нэг нэгнийхээ булай, булхайг дэлгэхийн бөөн хүслэн яваа хүмүүс. Үүн дээр нь дөрөөлж, хэргийг илрүүлэх амархан мөртлөө хэцүү үйл ажиллагааг л явуулах хэрэгтэй.
Энэ хэрэг Монголын ард түмний нүдэн дээр ил болсон. Хэн эхлүүлсэн, зугтсан нь ч тодорхой. Тийм учраас л энэ хэргийг бүрэн гүйцэд нотлох, ингэхийн тулд холбогдогч бүх талыг шүүх ажиллагаанд оролцуулах ёстой. Нээлттэй, хаалттай шүүх хурлын тухайд аль нь ч байсан болно. Гагцхүү хуулийн дагуу бүх зүйл болох ёстой. Зарим улс оронд иймэрхүү асуудлыг парламентаараа нээлттэй сонсох тохиолдол ч бий гэдэг. Шүүх хурлыг ил тод явуулахын тулд хэрэгт холбогдогч талуудыг бүгдийг нь байлцуулах ёстой. Асуудлыг ингэж өргөн хүрээнд авч хэлэлцэхгүйгээр хэргийг 100 хувь нотолж чадахгүй. Нотолж чадахгүй учраас шүүх шийдвэр гаргаж болохгүй. Зөвхөн цагдаа нарт бурууг тохсоноор үнэн мөнийг олж чадахгүй гэдэг нь гарцаагүй үнэн.
Энэ бүхнээс гадна цагдаагийн дарга нарыг яллах тогтоолыг шүүх үйлдээгүй. 21147006 дугаар бүхий хавтаст хэрэгт прокуророос дүгнэлт ирүүлсэн. Тухайлбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн, 274 дүгээр зүйлийн 247.2 буюу Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэг, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж энэ бүлэгг заасан гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр буруутгасан. Гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэнэ гэж заасан. Шүүх хэргийг хэлэлцээд ял өгөх эрх байхгүй. Яагаад гэвэл прокурор 5-10 жилийн ял л өгөх ёстой гэж шүүхийг хуулиар далайлган тулгасан. Тэгээд тэр ялыг нь өгөх гэхээр цагдаа нар шүүхийг дарамтлаад байдаг. Харин шүүхийнхний энэ “зовлонгоор” даажигнаж прокурорууд болон цагдаагийн дарга нар “Энэ хэргийг одоо шүүх л мэднэ. Бид яаж мэдэх вэ. Энэ хэргийг шүүх эцэслэн шийдээгүй байна” гэж гэмгүй царайлж байна. Харин шүүхийнхэн болохоор цагдаа, прокурор хоёрын дарамтад яахаа мэдэхгүй бүлтэлзэж эхэллээ. Өнгөрөгч пүрэв гарагт болсон шүүх хурлын дараа шүүгчдэгчдийн өмгөөлөгчид “Анхан шатны шүүх хууль зөрчиж, цагдан хорих шийдвэр гаргалаа. Хууль зөрчиж гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж дээд шатны шүүхэд хүсэлтээ гаргачихаад байгаа. Шүүх шийдвэрээ 48 цагийн дотор гаргасан байх ёстой ч таг чиг. Дээд шатны шүүх нь анхан шатны шүүхийнхээ шийдвэрийг хэвээр үлдээвэл цагдаа, шүүхийнхэн улам л дайсагнана. Цагдаа, шүүхийнхэн шударга бус ажиллаж байна гэж ярих дуртай улстөрчдийн, эрх баригчдын увайгүй үйлдлээс болж Монголын хууль хүчний байгууллагынхан эвгүй байдалд орчихлоо. Одоо энэ хэргийг шүүхийнхэн л үнэн мөнөөр нь шийдвэрлэж чадна. Өөр хэн ч биш. Шүүхийн танхимд долдугаар сарын 1-ний хэрэгт нэр холбогдсон толгойтой бүхнийг дуудан авчирч, байцаан шийтгэ.
Шүүхийг үл хүндэтгэсэн хэнбугайд ч төрийн цааз хатуу гэдгийг үзүүл. Өнгөрөгч пүрэв гарагт бол сон шүүх хуралд дуудсан С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар яагаад шүүхийг үл хүндэтгэв. Хуулийн дээр ганцхан хөх тэнгэр л байдаг гэж ярих дуртай тэд яагаад хуулиас дээгүүр гишгэв гэдгийг нь сануул. Шүүх хуралд зарлан дуудахаар ирээгүй бол албадан ирүүлэх заалт ч хуульд бий.
Эцэст нь тэмдэглэхэд, цагдаагийн удирдлагууд үнэхээр л өөрсдийгөө буруугүй гэж үзэж байгаа бол буудах тушаал өгсөн хүнийхээ нэрийг л хэлчих. Дур мэдэн иргэдийнхээ өөдөөс гал нээж, таван хүний амиар тоглоогүй л юм бол цаад эзнийг нь ил болгочих. Тушаал биелүүлсэн тангарагтан гэдгээ баталчихвал ингэж зовохгүй л байхгүй юу. Эсвэл та нарын ар талыг даана гэсэн хатуу амлалтыг хэн нэгэн өгсөн юм уу. Үгүй байх гэж найдна. Нөгөөтэйгүүр, хэрэг гарах үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад ард түмнийхээ өөдөөс гал нээсэн хэрэг нэг их онц сонин биш харин МАН-ын байр шатсан нь хамгийн том хохирол байсан бололтой юм. Хэрэв тиймгүй бол С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар яагаад ганц үг ганхийхгүй байна вэ. Н.Энхбаяр ч тэр. Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой нууц баримт дэлгэнэ гэж сэтгүүлчдийн цаг завыг барахаас хэтрэхгүй нэлээд удаан “оршин тогтнолоо”. Хамгийн гол нь тухайн үед төрийн тэргүүн, ҮАБЗ-ийн дарга байсан хүн өөртөө хир халдаахгүйгээр “хулгайчийг бариарай” гээд хашгираад яваад байгаа нь хачирхалтай. Хэн ч түүнийг дуудья, асууя байцаая гэсэнгүй. Харин ч бүр нэр хүнд нь өсөөд, айсуй сонгуулийн пиараа хийгээд яваад байдаг. Жүжиг дуусах болоогүй л байна даа.
Б.Оюу
URL: