Дарга нарыг зүгээр л айлгасан байна

Төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд хууль бусаар томилогдсон 106 хүний нэр олонд ил болов. Хэн хэн гэгч дарга нар төрд хууль бусаар шургалсныг мэдэж авлаа. Эд нөхөд хэзээ албан тушаалаа өгөхийг олон хүн харж байв. Тэгсэн өнөөдрийг хүртэл сураггүй шүү. Яав ийв болтол эхнээсээ эргээд ажилдаа орцгоосон байх юм. Нэрсийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн Төрийн өмчийн хорооны төрийн өмчийн удирлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэн, тус газрын төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабал…  нараас эхлээд дараалангаараа ажилдаа үлдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр 106 албан хаагчийн лавтай 100 орчим нь албандаа үлдэж байгаа юм байна. Мөн ч олон хүн баярлаж байсан даа, ажилд орчихож мэдэх нь гэж. Тэдэнд горьдох хэрэггүй гэдгийг сануулж дараагийн дугаартаа ажилдаа үлдсэн хүмүүсийн нэрсийг нийтлэх болно оо. Бараг хүн үлдэхгүй юм шиг байна лээ дээ. Х.Хэрлэн, Б.Заяабал хоёрын хувь тавилан яаж шийдэгдэж байна гэхээр, ингэж. Төрийн өмчийн хорооноос Төрийн албаны зөвлөл рүү утасдсан байгаа юм. “Манайх хоёр даргынхаа шинэ тушаалыг гаргаж танайх руу явууллаа” гэж. Л.Зүмбэрэллхам дарга ажилтандаа “Цаад Төрийн өмчийн хороо чинь алдаагаа засжээ. Одоо Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээ гаргаад явуулчих” гэж. Энэ нь тэднийг ажилдаа эргэж орох нөхцөлийг бүрдүүлж өгч буй хэрэг. Термин хоёр институтийн хооронд болж буй энэхүү хэрэг явдал нь хулгай хийгээд баригдсан хүн хулгайлсан зүйлээ буцаагаад өгвөл хэргийг нь хэрэгсэхгүй болгож буйтай адил юм. Төрийн албаны тухай хууль, Удирдлага санхүүжилтийн тухай хууль гэсэн тодорхой хоёр хуулийн зүйл заалтыг зөрчиж байгаа нь энэ. Төрийн албаны зөвлөл дүгнэлтээ нөхөн гаргалаа дарга нар ажилдаа орлоо, ингээд бүх зүйл бандан пад. Ердөө хоёрхон хүн дээр жишээ авахад ийм. Бусад 131 хүнийг яг л дээрх хэлбэрээр эргүүлээд ажилд нь авч байгаа юм байна. Үнэн гэвэл тус зөвлөл ажил хийж олон түмэнд харагдсан уу, харагдсан. Эцсийн үр дүн нь энэ. Эндээс юу харагдаж байна гэхээр өнөөдөр яах аргагүй хүний амь хөнөөчихсөн гэмт хэрэгтэн хөнөөсөн хүнээ эргүүлж босгохгүй болохоор ялаа авч байх шиг. Харин хүн алаагүй бол хуулийг яаж ч гишгээд цааш явж болж буйн тод жишээ юм.

Ху нам хуваагдаж, биенээ алах шудах дээрээ тулж буй энэ цаг үед гаргаж ирсэн эдгээр нэрс янз бүрийн өнцгөөр сэтгүүлчид харагдаж байгаа юм. Хэсэг нөхөд төрийн албандаа ханаж цадаж дараагийн үе нь хоолондоо орох болж байгаа юм шиг. Нөгөө хэсэг нь эднийг ашиглаж дууслаа одоо зайлуулъя гэж байгаа ч юм шиг.

Бүүр нөгөө тал нь гэвэл , хэсэг хүнд айдас хүйдэс төрүүлэх, атгандаа багтаах гэж Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан дарамт үзүүлэв гэлтэй. Ингэж аагийг нь дараад эргүүлээд ажилд нь авч байгаагаар харагдаж байна. Энэ бүх гаргалгаа үнэнд ойртох аваас “Ц.Элбэгдорж чинь Төрийн албаны шалгалт өгөлгүй Ерөнхийлөгч болчихсон юм байна ш тээ” гэсэн дүгнэлтийг энэхүү Төрийн албаны салбар зөвлөл гаргаж мэдэх нь бололтой. Энэ цаг дор Н.Энхбаярыг барьж идэх гээд байна л даа, хуучин ху нар. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Зүмбэрэллхам нь хэдхэн жилийн өмнө Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хамгаалах олон нийтийн хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж үр дүнг нь үзээд түүний албан ёсны хуулийн зөвлөх болсон юм. Харин Ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг жилийн өмнө өнөөдрийн албандаа очсон юм.

Өнөөдөр Монголд юунд ч дийлдэхгүй, хөдлөхгүй хоёр хүн байгаа гэх. Нэг нь цагдаагийн хурандаа Ч.Сангарагчаа, хоёр дахь нь цагдаагийн хурандаа Л.Зүмбэрэллхам. Иргэдийн зүгээс төрд чөдөр тушаа болж буй гурван байгууллага байна гэж үзэж байгаа юм билээ. АТГ, Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүх гэж. Иргэд л ингэж үзэж байгаа юм шүү.

Хоёр хурандааг болохоор Н.Энхбаяртай холбож ойлгоод байх шиг. Арга байхгүй баталгаатай баримтыг АТГ-т өгөхөд экс Ерөнхийлөгчийн “юм” байна гээд эргүүлээд өгсөн хүнийг нь ноцох шахсан явдал гарсан гэнэ. Төрийн албаны зөвлөл гэдэг нь бас л экс Ерөнхийлөгчийн үед бий болгосон тогтолцоо гэнэ. Хэдийгээр энэ байгууллага томилдог, тушаадаг эрх үүрэгтэй газар биш ч гэсэн төрийн албанд хүмүүс шургуулахдаа айхавтар нөлөөтэй хэвээр. Манайхаас дүгнэлт гараагүй байхад энэ нөхрийг ажилд авсан байна гээд саяынх шиг гэдийхэд цаадуул нь намсхийнэ. Намсхийлгэх шалтаг шалтгаан нь их учир битүүлэг. Их сонин, дотооддоо дажинтай үеэр гараад ирчих жишээний. Захиргааны хэргийн шүүх гэдэг нь албан тушаалын ширээ сандлын хэргийг хэдэн жилээр ч уядаг, тэр хооронд нь их юм болдог баримт байх юм. Сонгууль болно. Шинээр сайд, дарга нар томилогдоно. Тэд чадварлаг хүмүүсийг дэргэдээ ажиллуулахыг хүснэ. Сайд, дарга бүхэн муу хүмүүс эрэлхийлсэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэх эрмэлзэлтэй, шударга ажиллах хүсэл тэмүүлэлтэй хүн бий. Тэдэнд өөрсөд шиг нь тийм боловсон хүчнүүд хэрэгтэй. Гэтэл очсон яам, агентлаг, газар, хэлтэст нь 20, 30 жил ажиллачихсан, муу бүхнийг яаж хийх нүх сүвээ гарын арван хуруу шигээ мэддэг нөхдүүд сууж байх. Тэд “Би төрийн албан хаагч, нам хамаагүй, намайг яах юм. Төрийн албаны зөвлөлөөс асуу…” гээд суучихна. Ингээд дарга, цэрэг хоёрын дунд “дайн” үүснэ. Цэргүүд шүүд Захиргааны хэргийн шүүхэд хандана. Бөөн ажил, нерв. Өнөө дарга, сайд нарыг ажил хийлгэхгүй. Захиргааны хэргийн шүүх нь дуудаад, элдэв бичиг цаас шидээд. Энэ байдал жил, хоёр жилээр үргэлжилнэ. Эцэстээ дарга цөхөрнө, сонгууль ойртоно. Төвөг цаашаа энэ нэг юм нь ажлаа хийж л байг гээд хаяна. Энэ бүхний эцэст төрийн ажил хийдэж, ард түмэн хохирно. Захиргааны хэргийн шүүхийг ард түмэн ингэж л үздэг юм билээ. Ер нь бол дарга, сайд нар байнга солигддог. Харин дунд, доод шатны албан тушаалтнууд солигдож өөрчлөгддөггүй юм даа.

Өнөөдөр их, дээд сургууль төгссөн бүх залуус 10 мянган төгрөг төлж төрийн албаны шалгалт өгч байна. Жилд хэдэн ч удаа шалгалт авдаг юм. Энэ хэрээр иргэн бүр 10 мянгыг төлдөг нь их мөнгө. Шалгалтаа өгч тэнцсэн хэдэн мянган иргэн нөөцөд бүртгэлтэй гэж байгаа. Тэгсэн хэрнээ нэмээд шалгалт аваад байх. Ямар ч учиртай юм. МИАТ-т нэг хурган даргын орон тоо гарчээ. Сонгон шалгаруулалт болоод сүрхий юм болж. Ингээд шалгалтын дүн гарч нэрсийг онооны дарааллаар жагсаажээ. Эхэнд орсон хүн баараггүй дарга болно гэж Жигмэд, Тогмидгүй үзсэн байгаа юм. Эцсийн мөчид наймдугаарт бичигдсэн нэг бандийг шууд суга татаад тэр албанд томилсон түүх бий. Түүх ч гэж дээ саяхан болсон хэрэг явдал шүү дээ. Уншигчид санаж байгаа бол нэг хэсэг МИАТ хэд хэдэн дэд даргын орон тоотой болж, тэдгээрт нь генерал Сүндэв, аудитор Жавзмаа… өөр хэн хэний ч билээ томчуудын хүүхдүүд очсон. Тэднийг гадаадад сургууль төгсөөд онгоцноос буунгуут өрөөнийх нь түлхүүрийг өгч байгаагүй юу. Өсөх насаа баруунд өнгөрөөсөн, монголоор зөв бичдэг эсэх нь эргэлзээтэй тэднээс Төрийн албаны зөвлөл яаж шуухан шалгалт авсан юм бол доо.

П.Хашчулуун


URL:

Сэтгэгдэл бичих