Гэмт хэрэгт шалгуулж байгаа хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхээ больё

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж ардын сайхан үг бий. Ганц энэ үг л манай нийгмийн өнгө төрхийг бодитойгоор дүгнэчихэж байна. Төрийн өндөр, дээд албан тушаалд эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, эдийн засгийн бүлэглэлийн бизнесийг дэмждэг, далд бизнесээ хөгжүүлэх гэсэн увайгүй хүмүүс томилогддогоос болоод нийгмийн хөгжил урагшлахаасаа илүү ухардаг байдал газар авсан. Ийм хүмүүсийг УИХ-д оруулахгүйн тулд анхнаасаа томилгоо хийхдээ, нэр дэвшүүлэхдээ хууль бус асуудалд шалгагдаж байгаа эсэхийг нь нягтлан үздэг байх нь зүйтэй санагдана.  УИХ гэлтгүй орон нутгийн сонгуулиар ИТХ-д ч гэмт хэрэгт байнга нэр холбогддог хүмүүс нэр дэвшиж, сонгогддог болсон. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүйн тулд хууль хяналтын байгууллага, эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа явуулдаг мөрдөн байцаах албадын үүрэг, оролцоо туйлын чухал байна.

2008 оны сонгуульд нэр дэвшигчдээс АТГ-т цөөнгүй хүн шалгуулж байсан ч тэдний нэр дэвших эрхийг хязгаарлаагүйгээс болоод одоогийн УИХ-д эрүүгийн гэмт хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүс сууж байгаа. Тэднийг шалгаж, гэм буруутай эсэхийг тогтоох гэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болж, Ерөнхий прокурор хэд хэдэн удаа эрхийг нь түдгэлзүүлэхээр санал тавьсан ч амжилт олоогүй. Энэ байдлаас залхаж төвөгшөөсөн хуулийн байгууллагууд “Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар шалгана” гэдэг ч дараагийн сонгуульд дахиад л нэр дэвшиж, сонгогдоно. Ийм байдлаар эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн хамгийн найдвартай хоргодох газар нь УИХ болоод удаж байна.

Ийм байдлыг засан залруулах, таслан зогсоох арга зам бий. Энэ нь гэмт хэрэгт шалгуулж байгаа хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх явдал. Нэр дэвшүүлэхийг хязгаарласнаар гэм буруутай гэж үзсэн үг биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Харин хууль зөрчиж, хулгай хийдэг хэн нэгэн сонгуульд ялж, хуулийн хамгаалалтад орохоос сэргийлсэн арга хэмжээ болно. Нийгэмд шударга ёсыг тогтооход ч энэ нь маш чухал.

АТГ-аас 2008 оны сонгуулийн өмнө тус газарт шалгуулж байгаа хүмүүсийн талаар тухайн үед МАХН болон АН-ын даргаар ажиллаж байсан С.Баяр, Ц.Элбэгдорж нарт албан бичиг хүргүүлж байжээ. “Танай намаас нэр дэвшээд байгаа эдгээр хүмүүс манайд эрүүгийн хэргийн учир яллагдагчаар татагдаад байна. Та намын даргын хувь нэр дэвшигчээ татаж авна уу” гэсэн албан бичгийг хүргүүлж байсан гэнэ. С.Эрдэнэ, Л.Гүндалай, О.Чулуунбат гэхчлэн эрхмүүдийн нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд ч мөн мэдэгдэж байжээ. Гэвч тэдний нэрийг татаж аваагүйгээс болоод эдүгээ УИХ-д гэмт хэрэгтэн нь ч мэдэгдэхгүй, хууль тогтоогч нь ч мэдэгдэхгүй хүмүүс олон болсон. Хууль журмаараа бол нэр дэвшигч гэмт хэрэгт шалгуулж байгаа бол намын дарга нь тэдгээр хүмүүсийнхээ нэрийг татаж авах эрхтэй. Сонгуулийн ерөнхий хороо ч нэр дэвшигчийн жагсаалтаас хасах эрхтэй байдаг байна. Гэвч намын дарга нар нь ч, Сонгуулийн ерөнхий хороо ч энэ эрхээ эдэлж, үүргээ биелүүлээгүй. Тэгсэн хэрнээ намууд нь мөрийн хөтөлбөртөө авлигатай, гэмт хэрэгтэй тэмцэнэ энэ тэр гэсэн уран гоё үгсийг бичиж, сонгогчдод амлалт өгсөн. Цаашид үнэхээр л хууль бус зүйлтэй тэмцэх хүсэл эрмэлзлэлтэй бол анхнаасаа гэмт хэрэгтнүүдийг сонгуульд нэр дэвшүүлмээргүй байна.

Хэрвээ намууд нь хөрөнгө, хандив авснаасаа болоод тухайн хүнийг нэр дэвшүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг бол хуулийн байгууллагууд гэмт хэрэгт шалгуулж байгаа хүмүүсийн нэрийг нийтэд мэдээлж, нийгмийн хяналтад өгөхөд буруудах зүйлгүй. Сонгогчдод тэднийг төлөөлж УИХ-д сонгогдох хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг мэдэх эрх бий. Сонин хэвлэлээр тухайн намын нэр дэвшигч хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа талаар олон нийтэд мэдээлснээр нэр дэвшүүлэхгүй байхад үр дүн нь ч илүү гарах болов уу. Нийтэд нэрийг нь зарласнаараа тэднийг гэмт хэрэгтэн гэж үзсэн үг биш гэдэг нь мэдээж бас л ойлгомжтой. Шударга нийгэмд ажиллаж, амьдрахад, нийгмийг зөв зүйтэй гольдролоор нь хөгжүүлэхэд л энэ нь чухал юм.

Одоогийн байдлаар гэхэд ирэх сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн хэд хэдэн хүн гэмт хэрэгт шалгуулж байгаа нь нэгэнт тодорхой болсон. Сонгуульд нэр дэвшихээр ажлаа хүлээлгэн өгөөд буй Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Мөнхбаатар нар АТГ-т дуудагдаж байсан. Тэр асуудал нь ч эцэслэн шийдэгдээгүй байгаа. Тэдний араас Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар гэх мэт эрхмүүдийн нэр хөвөрнө. Орон нутгийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсээс Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Ховд аймгийн засаг дарга, Г.Нямдаваа, Говь-Алтай аймгийн засаг дарга Ш.Амгаланбаатар, Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн гэх мэт олон хүмүүс АТГ-д дуудагдчихаад байна. Хэрвээ тэд УИХ-д, орон нутгийн сонгуульд нэр дэвшээд, сонгогдчихвол манай улс, улстөрийн гол чухал албад дахиад л эрүүгийн гэмт хэрэгтнүүдээр бүл нэмнэ гэсэн үг. Энэ хэрээрээ нийгэмд дахиад л эмх замбараагүй байдал, эх адаггүй хэрүүл зарга үүсч, үүний хөлд гэмгүй ард иргэд л чирэгдэнэ.

Өнгөрөгч хоёрдугаар сард УЕПГ-аас төрийн албан хаагч холбогдсон 20 гэмт хэрэг тутмын нэгийг нь улс төрийн албан тушаалтан үйлдсэн гэсэн тоон мэдээг олон нийтэд танилцуулсан. Энэ тоо баримт л гэхэд хууль сахиулагч, хууль тогтоогчдын төвшинд гэмт хэрэгт холбогдож, тэр нь нотлогдож, тогтоогддог байдал бодит үнэн гэдгийг харуулж байна.Мөрдөж эхлээд удаагүй байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулинд гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх талаар заалт нэмж оруулж өгмөөр санагдана. Тэгж хуульчилж байж л энэ улсад гэмт хэрэгтэн хүмүүс төр барихгүй байх баталгаа нэмэгдэнэ. Тэгэхгүй бол хууль хяналтын байгууллагууд хэчнээн энэ хүн гэмт хэрэгт шалгуулж байгааа гэж мэдэгдээд ч намууд нь авч хэлэлцэхгүй шинжтэй. Өнгөрсөн цаг хугацаанаас харахад ч угаасаа л тийм байна.

Гэмт хэрэгтэн хүмүүс сонгуулиар гарч ирээд мэдээж улсын ажлыг хийхгүй. Өөрийнхөө хувийн бизнесийг цэцэглүүлж, эсвэл намдаа ашигтай ажлыг л гүйцэтгэнэ. Түүнийгээ хийхдээ хууль зөрчих нь тодорхой. Нийгмийг манлайлж, удирдан чиглүүлэгч байх ёстой төрийн түшээд нь гэмт хэрэгтнүүд байдгаас болоод нийгэмд маш их эмх замбараагүй, эх адаггүй бусармаг зүйл бий болж байгаа. Ийм байдлаас гарах гарц нь шударга нэр дэвшигч, шударга сонгууль, шударга төрийн түшээ, шударга төрийн алба. Төрийг удирдаж, төрийн эрхийг барьж буй УИХ-ыг эрүүгийн гэмт хэрэгтнүүдээр бүл нэмүүлэхгүйн тулд тийм хүмүүсийг анхнаасаа л нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй юм шиг ээ. Ингээд л болоо, намын дарга нараа. Сонгуулийн ерөнхий хорооны эрхэм гишүүдээ.

Ирэх сонгуулийн өмнө хууль хяналтын байгууллагууд гэмт хэрэгт шалгуулж байгаа хүмүүсийн нэрийг намын дарга нарт нь, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, болохгүй бол олон нийтэд зарлана гэж найдаж байна. Тэгж байж л төрийн эрхийг гэмт хэрэгтнүүд барихаас, улс эх орныг маань гэмт хэрэгтнүүд удирдан чиглүүлэхээс урьдчилан сэргийлж чадна.

Ц.Эрдэнэцэцэг
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих